Матай 25:31-46 (Орчлон ертөнцийн Хаан Есүс Христийн баярын өдөр)

2023-11-26

Эрхэм ахан дүүс ээ, адислагдсан Ням гарагийн мэндийг хүргэе!

Өнөөдөр би уушгины үрэвслийн асуудлаасаа шалтгаалж цонхны индэр дээр гарч чадахгүй болсон тул Монсиньор Брайда та бүхэнд эргэцүүллийг уншиж өгөх болно. Эдгээр эргэцүүллүүдийг тэр өөрөө бичдэг учраас сайн мэдэх бөгөөд тэр энэ ажлаа үргэлж онц сайн гүйцэтгэдэг юм. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа.

Өнөөдөр бол литургийн жилийн сүүлчийн ням гараг, бидний Эзэн, Орчлон ертөнцийн Хаан Есүс Христийн баярын өдөр. Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд эцсийн шүүлтийн талаар өгүүлсэн (Матай 25:31-46) бөгөөд шүүлт өгөөмөр сэтгэл дээр тулгуурлана хэмээжээ.

Айлдал бидэнд ёслолын танхимд сүр жавхлант сэнтийдээ заларч буй “Хүний Хүү” Есүсийг (иш. 31) дүрслэн харуулсан. Бүх ард түмэн Түүний хөлд цугласан байх бөгөөд тэдний дотроос Хааны анд нөхөд болох “ерөөгдөгсөд” (иш. 34) тодхон харагдана. Гэвч ерөөгдөгсөд гэж хэн бэ? Эзэний мэлмийд тэдгээр найзууд нь юугаараа онцгой вэ? Энэ дэлхийн шалгуураар бол хаанд эд баялаг, эрх мэдлийг өгсөн, газар нутгийг эзлэн түрэмгийлж, тулалдаанд ялахад нь тусалсан, бусад эрх баригчдын дунд өөрийгөө агуу болгоход нь тусалсан, магадгүй сонины нүүр эсвэл олон нийтийн сүлжээгээр од болон харагдахад нь тусалсан хүмүүс түүний найзууд байх ёстой. Энэ дэлхийн шалгуураар бол хаан тийм хүмүүст "Намайг баян, алдартай, бусдын атаархал, айдсыг төрүүлсэн нэгэн болгосонд тань баярлалаа" гэж хэлэх ёстой.

Гэвч Есүс өөр хүмүүсийг буюу хамгийн сул дорой хүмүүст үйлчилсэн хүмүүсийг Өөрийн найзууд хэмээсэн. Учир нь Хүний Хүү бол ядуусыг "ах дүүс" гэж дууддаг, өлссөн, цангасан, харь, өвчтэй, хоригдсон хүмүүстэй өөрийгөө адилтгаж, "Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг" гэж хэлдэг огт өөр Хаан билээ (иш. 40). Тэр бол өлсгөлөн, гэр оронгүй байдал, өвчин эмгэг, шоронгийн асуудалд мэдрэг Хаан (иш. 35-36). Энэ бүх асуудал одоо ч бидний дунд бодитой байгаа нь харамсалтай. Өлсгөлөн, орон гэргүй, ихэвчлэн байгаа зүйлсээрээ л хувцасласан хүмүүс гудамжаар дүүрэн бий. Бид тэдэнтэй өдөр бүр таардаг. Мөн түүнчлэн сул дорой байдал, шоронгийн тухайд бид бүгд өвчтэй байх болон алдаа гаргаад үр дагаврыг нь амсах ямар байдгийг мэднэ.

Ядуу хомс байдлын эдгээр хэлбэрүүдэд нүүр буруулах замаар биш, харин хоол унд, хувцас хунар өгөх, гэртээ оруулах, эргэж очих замаар; нэг үгээр тусламж хэрэгтэй хүмүүст ойр байж хайраар, үйлчлэлээр хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс бол "ерөөгдөгсөд" гэдгийг өнөөдрийн Сайн мэдээ бидэнд хэлж өглөө. Учир нь өөрийгөө хүний Хүү хэмээн нэрлэсэн бидний Хаан Есүс хамгийн эмзэг эмэгтэй эрэгтэй хүмүүсээс хайрт ах эгч дүүсээ олж хардаг юм. Түүний "хааны шүүх хурал" зовж шаналж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс байгаа газарт өрнөдөг. Энэ бол манай Хааны "шүүх" юм. Есүсийг Эзэн гэж үздэг, Түүний найзууд болох хүмүүс Түүний энэрэл, нигүүлсэл, өр зөөлөн сэтгэлээр өөрсдийгөө ялгаруулах учиртай. Эдгээр нь зүрх сэтгэлийг өөд татдаг бөгөөд амьдралд шархадсан хүмүүсийн шархнууд дээр анагаах тос мэт үйлчилдэг юм.

Тиймээс ахан дүүс ээ, өөрсдөөсөө ингэж асууцгаая. Жинхэнэ хаанчлал нигүүлсэлд оршдог гэдэгт бид итгэдэг үү? Бид хайрын хүч чадалд итгэдэг үү? Өгөөмөр сэтгэл хүнийг хаан мэт болгодог гэдэгт, энэ нь Христэд итгэгч байхын зайлшгүй шаардлага гэдэгт бид итгэдэг билүү? Эцэст нь “би Хааны найз мөн үү, өөрөөр хэлбэл замдаа тааралдсан зовлон зүдүүртэй хүмүүсийн хэрэгцээг хангахад биечлэн оролцдог уу?” хэмээх асуултыг асууцгаая.

Тэнгэр, газрын хатан хаан Мариа эх бидэнд ах дүүсийнхээ дорд нэгнээс Хаан Есүсийг олж харж, хайрлахад туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үг

Эрхэм ахан дүүс ээ,

Өнөөдөр бид "Итгэл найдвараар баясахуй" сэдэвтэй 38 дахь Дэлхийн залуучуудын өдрийг тодорхой сүмүүдэд тэмдэглэж байна. Лиссабонд болсон Дэлхийн залуучуудын өдрийг үргэлжлүүлэн шашны хүрээнийхний зохион байгуулж буй санаачилгуудад оролцож буй хүмүүсийг би адисалъя. Би дэлхийн одоо ба ирээдүй болсон залуучуудыг дэмжиж, тэднийг Сүмийн амьдралын баяр баясгалантай гол дүрүүд байхыг уриалж байна.

Тарчлан зовж буй Украин өчигдөр 90 жилийн өмнө олон сая хүнийг өлсөж үхэхэд хүргэсэн Зөвлөлтийн дэглэмийн геноцид болох Холодоморыг дурсан санасан. Эрхэм Украин үндэстэн маань дайны харгислалд шаналж, тэдний гүн шарх эдгэхийн оронд улам бүр хөндөгдөн өвдсөөр байна. Зөрчилдөөний улмаас хагаралдсан бүх ард түмний төлөө бүгдээрээ уйгагүй залбирцгаая. Учир нь залбирал бол үзэн ядалтын эргүүлгийг зогсоож, өшөө авалтын мөчлөгийг эвдэж, эвлэрлийн төсөөлөөгүй арга замыг нээж өгдөг энх тайвны хүч билээ. Израил, Палестины хоорондын байлдаан түр зогсож, зарим барьцааны хүмүүсийг сулласанд Тэнгэрбурхандаа талархацгаая. Барьцааны хүмүүсийн гэр бүлийнхнийг бодож тэднийг бүгдийг нь аль болох хурдан суллахын төлөө залбирцгаая! Мөн Газад илүү их хүмүүнлэгийн тусламж очихын төлөө, энх тайванд хүрэх цорын ганц арга зам болох яриа хэлэлцээрийг эрхэмлэхийн төлөө залбирцгаая. Яриа хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа хүмүүс энх тайвныг хүсэхгүй байна гэсэн үг.

Дайнаас гадна манай дэлхийд бас нэг том аюул заналхийлж байна. Энэ нь дэлхий дээрх амьдралыг, ялангуяа хойч үеийнхний амьдралыг эрсдэлд оруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн аюул юм. Энэ нь бүх зүйлийг амьдралын төлөө бүтээсэн Тэнгэрбурханы төлөвлөгөөнд харшилсан зүйл билээ. Тиймээс ирэх амралтын өдөр би Арабын Нэгдсэн Эмират улсад очиж бямба гарагт Дубайд болох COP 28 хуралд үг хэлэх болно. Бүх нийтийн гэр орноо хамгаалахын төлөө сэтгэл шулуудан залбирлаараа энэ аялалд надтай хамт байх бүх хүнд би талархлаа илэрхийлье.

Итали болон дэлхийн бусад улс орны, ялангуяа Пакистан, Польш, Португалийн мөргөлчид та бүхэнтэй халуун дотноор мэндчилье. Би мөн Чивитавеккиа, Таркиниа, Пиаченза хотуудын сүсэгтнүүд болон Лече мужийн Лекил хотын Deputazione San Vito Martire-гийн сүсэгтнүүдтэй мэндчилж байна. Римини хотын Висербагийн бататгал сакрамент хүртэх гэж буй хүмүүстэй болон “Assisi nel vento” групп, Вьесте хотын “Дон Жоржио Тротта” найрал дууны бүлгийнхэнтэй мэндчилье.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!