ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АПОСТОЛИК АЙЛЧЛАЛ, Талархал Магтаалын Ариун Мөргөл, Степпe Арена, Улаанбаатар

2023-09-03

«Тэнгэрбурхан минь, ... усгүй, хуурай, ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, бие махбод минь Тан руу тэмүүлж байна» (Дуулал 63:2) хэмээх Дууллын үгсээр бид залбирлаа. Тэнгэрбурханыг эрэн дуудсан энэ гайхалтай залбирал нь та бидний амьдрал хэмээх аялалдаа туулж гэтлэхээр дуудагдсан цөлийн дунд хамт явсаар байдаг. Харин яг тэрхүү ангамал хуурай газарт байхад бидэнд нэгэн сайн мэдээ ирдэг. Үүгээр бид аян замдаа ганцаараа биш бөгөөд бидний хуурай ангамал нөхцөл байдлууд амьдралыг маань үүрд үржил шимгүй болгож чадахгүй. Цангасан сэтгэлийн хашхираан сонсогдохгүй үлдэнэ гэж үгүй болохыг илтгэнэ. Тэнгэрбурхан Эцэг бидний зүрх сэтгэлийн цангааг тайлахын тулд Ариун Сүнсний амьд усыг бидэнд хайрлахаар Хүүгээ илгээсэн юм. (Иохан 4:10). Сая бидний сонссон айлдлаас үзэхэд Есүс сэтгэлийн цангааг тайлах энэрэл хайрын зам мөрийг бидэнд тольдон харуулжээ. Энэ бол Есүс Эзэний эцсээ хүртэл буюу модон загалмайд цовдлогдох хүртлээ даган мөрдсөн энэрэл хайрын зам мөр бөгөөд Тэрээр «хэн амиа алдана, тэр түүнийгээ (шинээр) олно» хэмээн номлохдоо биднийг тэрхүү замаар өөрийг нь дагахыг уриалсан билээ (харьц. Матай 16:24-25).

Сэтгэл зүрхэн дэх цангаа болон цангааг тайлагч энэрэл хайр гэсэн хоёр ойлголтын тухай хамт тунгаацгаая.

Юуны түрүүнд бид сэтгэлийнхээ цангааг ухамсарлахад дуудагдсан билээ. Энэхүү дууллыг дуулсан хүний амьдрал нь элсэн цөл адил байсан тул тэрээр өөрийн усгүй хуурай байдлыг Тэнгэрбурханд хашхиран дуулгажээ. Дуулалчийн энэхүү үгс асар уудам нутаг, баялаг түүх соёлтой мөн түүнчлэн хээр тал ба говь цөлийн хуурай байдлыг тодотгосон Монгол шиг ийм газар нутагт онцгой танил санагдана. Та бүхний ихэнх нь аян замд явахын гоё сайхан, алжаал ядралын аль алиныг сайн мэдэх буй заа. Аян замд явах гэдэг нь Библид өгүүлсэн сүнслэг амьдралын үндсэн шинж чанарыг эргэн сануулсан үйлдэл бөгөөд уг шинж чанарыг Абрахам, бүүр том дүр зургаар Израилийн ард түмэн ба Эзэний элч нэг бүрээр илэрхийлж харуулсан юм. Үнэндээ та бид бүгд “Тэнгэрбурханы нүүдэлчид”, аз жаргалыг эрэлхийлсэн эргэл мөргөлчид, энэрэл хайраар цанган ундаассан хэрмэл аянчид гэлтэй. Эл тохиолдолд дуулалчийн дурдсан элсэн цөл нь бидний амьдралтай холбогдох бөгөөд цангааг гүн тайлах тунгалаг усаар ангасан хуурай газар бол хүмүүн бид өөрсдөө билээ. Бидний зүрх жинхэнэ баяр баясгалангийн нууцыг олж мэдэхийг хүсдэг бөгөөд тэрхүү баяр баясгалан нь амьдралын ангамал хуурай нөхцөлд ч бидэнтэй хамт байж, дэмжин тэтгэх чадалтай. Тийм ээ, бид аз жаргалын төлөөх үргэлжийн цангааг дотроо тээн явж байдаг. Бид амьдралынхаа утга учир, чиг баримжаа, өдөр бүр үйлддэг тэр бүх зүйлийнхээ шалтгааныг эрэн бэдэрдэг. Ялангуяа бид хайраар цангасан хүмүүс, учир нь зөвхөн хайр л биднийг үнэхээр сэтгэл хангалуун, сайн сайхан байлгаж, амьдралын гоо сайханг мэдрүүлэн найдлага төрүүлдэг. Хайрт ахан дүүс нар минь, Христэд итгэх итгэл бишрэл энд дурдан буй цангаанд хариу өгдөг. Итгэл бишрэл энэ цангаанд нухацтай ханддаг. Үгүй хийх юм уу эм тан эсвэл орлуулах зүйлсээр тайвшруулахыг оролддоггүй. Учир нь энэ цангаанд хүмүүн бидний агуу нууц оршдог. Энэ цангаа бидний сэтгэлийг амьд Тэнгэрбурханд буюу биднийг өөрийн хүүхдүүдээ болгож өөр хооронд маань ах дүүс байлгахаар биднийг зорин ирсэн Энэрэл хайрын Тэнгэрбурханд нээж өгдөг билээ.

Ингээд хоёр дахь ойлголтын тухай ярья: бидний цангааг тайлагч энэрэл хайр. Энэ бол Христийн шашны итгэл бишрэлийн утга агуулга юм. Тэнгэрбурхан хайр бөгөөд Тэрээр өөрийн Хүү Есүсээр дамжуулан тантай ойр болж таны ажил амьдрал, алжаал ядрал, хүсэл мөрөөдөл, аз жаргалын цангааг хуваалцахыг хүсдэг. Тийм ээ, заримдаа бид өөрсдийгөө усгүй, хуурай, цөлжсөн газар мэт мэдэрдэг нь үнэн. Гэхдээ Тэнгэрбурхан биднийг халамжилж, цангааг тайлагч тунгалаг усыг өгдөг нь ч мөн үнэн билээ. Ариун Сүнсний амьд ус бид бүгдийн дотроос оргилж, биднийг сэргээн, цангах ган гачгийн аюулаас авардаг. Энэ усыг Есүс бидэнд бэлэглэдэг. Үүнийг гэгээн Августин айлдахдаа «Хэрэв бид цангасан нэгний дотор өөрсдийгөө олж таньдаг юм бол цангаагаа тайлсаны дотор ч мөн өөрсдийгөө олж таних болно» (Дуулал 63:1-ийн тухай) гэсэн байдаг. Үнэндээ, бид энэ амьдралд ганцаардал цөхрөл, алжаал, хоосныг мэдрүүлсэн хуурай цөлийг олонтаа туулж амсдаг. Гэсэн хэдий ч Августины дараах үгсийг мартаж болохгүй юм. «Биднийг энэ хуурай цөлд ухаан балартаж унагахгүйн тулд Тэнгэрбурхан биднийг Үгийнхээ шүүдрээр сэргээдэг. ... Тийм ээ, Тэр биднийг цангааг мэдрэхэд хүргэдэг ч дараа нь цангааг тайлахаар ирдэг. ... Тэнгэрбурхан биднийг өрөвдөн энэрч, цөл дунд нэгэн замыг нээн өгсөн. Тэр бол бидний Эзэн Есүс Христ. Мөн түүнчлэн цөлд нэгэн тайтгарлыг өгсөн юм. Тэр бол түүний Үгийг номлогчид юм. Тэрээр номлогчдынхоо дотор мөнх амь өөд оргилох булгийн усыг бий болгохын тулд тэднийг Ариун Сүнсээр дүүргэн бялхааж бидэнд цөл дунд ус хайрласан» (ижил., 3.8). Хүндэт ах дүүс минь, эдгээр үгс та бүхний туулсан түүхийг санагдуулж байна. Амьдралын ангамал цөл дунд хийгээд шашны цомхон бүл байх амаргүй нөхцөлд Эзэн та бүхнийг Үгийнхээ усаар гачигдуулалгүй, ялангуяа Ариун Сүнсээр тослогдсон санваартнууд ба шашин дэлгэрүүлэгч нараар дамжуулан та бүхний дунд Үгийнхээ гоо үзэсгэлэнт байдлын үрийг суулгадаг. Мөн Тэнгэрбурханы Үг та биднийг үргэлж итгэл бишрэлийн гол мөн чанар луу буцаан авчирдаг. Тэр нь амьдралаа хайрын өргөл болгохын тулд өөрийгөө Тэнгэрбурханаар хайрлуулахыг зөвшөөрөх явдал юм. Учир нь хайр л бидний цангааг үнэхээр тайлдаг.

Өнөөдрийн айлдалд Есүс өөрийн элч Петрт өндөр дуугаар яг энэ тухай хэлжээ. Учир нь Есүс ард түмний удирдагчдад буруутгагдаж, зовж шаналан, тарчлагдан дараа нь загалмай дээр үхэх ёстой гэдгийг Петр хүлээн зөвшөөрөөгүй. Тэр хариу үйлдэл үзүүлэн эсэргүүцэж, Есүсийг буруу бодож байна хэмээн итгүүлэхийг ятгадаг, яагаад гэвэл түүний хувьд Мессиа Аврагч ялагдаж болохгүй, Тэнгэрбурханд хөсөр хаягдсан гэмт хэрэгтэн шиг загалмай дээр үхэж болохгүй нэгэн билээ. Бид ч бас заримдаа түүнтэй адилхан боддог. Гэхдээ Эзэн Петрийг Тэнгэрбурханы дагуу бус харин “дэлхийн дагуу” бодож байна гэж зэмлэдэг (харьц. Матай 16:21-23). Ололт амжилт, эрх мэдэл, материаллаг зүйлс бидний амьдралын цангааг тайлахад хангалттай гэж бодвол энэ нь ямар ч сайн зүйл авчрахгүй. Харин ч өмнөхөөсөө илүү “цангаадаг” дэлхийн сэтгэлгээ юм. Харин Есүс бидэнд замыг зааж өгч байна. «Хэрэв хэн нэгэн Миний араас ирэхийг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрч, Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно» (Матай 16:24-25).

Ахан дүүс нар аа, хамгийн сайн зам бол Христийн загалмайг бүрэн дүүрэн хүлээн авах юм. Христийн шашны гол зүрхэнд энэхүү гайхшруулсан, ер бусын мэдээ оршдог: Та амьдралаа үрэх буюу үйлчлэлд өгөөмрөөр зориулах үед, хайрын үүднээс эрсдэлд оруулах үед, өрөөл бусдын төлөө үнэгүй бэлэг болгох үед амьдрал тан руу бялхам буцан ирээд таны дотор цаглашгүй баяр баясгалан, сэтгэлийн амар амгалан, таныг дэмжих дотоод хүч чадлыг урсган оруулах болно. Юу хэмээвээс бидэнд дотоод амар амгалан хэрэгтэй.

Aз жаргалтай байхын тулд хүн агуу их, баян чинээлэг ч юм уу эсвэл эрх мэдэлтэй хүн байх шаардлагагүй. Энэ бол биднийг олж мэдэхийг урьсан Есүсийн үнэн, энэ бол Есүсийн та бүхэнд болон энэ Монголын газар шороонд сэрээмээр байгаа үнэн. Зөвхөн хайр л бидний зүрх сэтгэлийн цангааг тайлагч, зөвхөн хайр л бидний шархыг эдгээдэг, зөвхөн хайр л бидэнд жинхэнэ баяр баясгаланг өгдөг. Энэ бол Есүсийн бидэнд зааж, бидэнд нээж өгсөн зам мөр юм.

Тиймээс бид ч гэсэн Эзэний Петрт хариулж хэлсэн үгийг сонсож авцгаая: «Миний араас яв» (Библид: Миний араас зайл, Сатан аа!) (Матай 16:23). Үүнийг өөр үгээр хэлбэл миний шавь бол, миний алхсан замаар яв, цаашид дэлхийн дагуу бүү бод гэсэн үг юм. Тэгвэл Христ ба Ариун Сүнсний ачаар бид хайрын замаар алхаж чадна. Түүнчлэн хайрлах нь өөрийгөө үгүйсгэж, хувь хүний ба энэ ертөнцийн хувиа бодсон үзэл санаатай тэмцэж, жинхэнэ ах дүү шиг амьдрахад учрах эрсдлийг хүлээн авах гэсэн утгатай үед ч бид хайрын замаар алхаж чадна. Учир нь энэ бүхэн золиослол, хүчин чармайлт шаардаж заримдаа загалмай өөд гарах ёстой болдог нь үнэн боловч Сайн мэдээний төлөө амьдралаа үрэх үед Эзэн бидэнд хайр ба баяр баясгалангаар дүүрэн амьдралыг бялхсан хэмжээгээр үүрд мөнх хайрладаг нь бүр ч үнэн юм.

Талархал-магтаалын мөргөлийн төгсгөлд илэрхийлсэн талархлын үг

Эрхэмсэг Кардинал таны хэлсэн үг, барьсан бэлэгт тань талархлаа илэрхийлье! Та эдгээр өдрүүдэд Монгол Улс дахь Тэнгэрбурханы ард түмэн миний зүрх сэтгэлд ямар эрхэм болохыг өөрийн биеэр үзэж мэдэрлээ гэж хэлсэн. Энэ үнэн юм. Үнэхээр миний бие та бүхэнтэй уулзан учрах, таньж мэдэх хүсэл эрмэлзэл, их хүлээлттэйгээр энэхүү эргэл мөргөлийн аянд гарсан. Одоо би та бүхний төлөө Тэнгэрбурхандаа талархаж байна. Учир нь Тэнгэрбурхан та бүхнээр дамжуулан өчүүхэн зүйлээр агуу зүйлсийг бүтээхийг таалдаг. Та бүхэн Христийн сайн сүсэгтнүүд, шударга иргэд учраас баярлалаа. Бүх нийтийн Католик шашны халуун дотно дэмжлэг туслалцаа, урам зоригийг, түүнчлэн хамаг бүхнээс түрүүнд, хэнийг ч хэзээ ч мартдаггүй, өөрийн хүүхэд бүр рүү чин зүрхний хайраар хардаг Эзэний эелдэг зөөлөн харцыг мэдэрч, даруу төлөв, айдас хүйдэсгүйгээр үргэлжлүүлэн урагшаа тэмүүлэгтүн.

Хамба лам нар, лам санваартнууд, сахил хүртсэн ах эгч дүү нар болон олон улс орнуудаас, ялангуяа энэхүү асар том Ази тивийн бүхий л бүс нутгаас энд хуран чуулсан бүх найз нартаа халуун мэндийг хүргэн, халуун дотноор тэврэн, мэндчлэн суугаа нь нэр төрийн хэрэг билээ. Монгол Улс дахь Католик шашинд сүнслэг болон материаллаг талын дэмжлэг туслалцааг үзүүлж буй бүх хүмүүст онцгойлон талархаж байгаагаа илэрхийлье.

Энэ өдрүүдэд зориулан бэлтгэл ажилд оролцсон бүх хүмүүст, арга хэмжээ бүрт хүрэлцэн ирсэн Монгол Улсын Төр, Засгийн томоохон төлөөлөгчдөд, Эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон Төр, засгийн удирдагчдад найрсаг зочломтгой хандсанд тань гүн талархлаа илэрхийлье.

Христийн шашны бусад чуулгануудын болон өөр бусад шашны ахан дүүс нартаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна: тасралтгүй болж байгаа дайн ба зэвсэгт мөргөлдөөнд автсан энэ дэлхийд энх тайвны үрийг тарьж, ахан дүүсийн харилцаа холбоогоор дамжуулан хамтдаа улам өсөн хөгжицгөөе.

Энэхүү айлчлалыг бодит биеллээ олоход гар бие хүчин зүтгэж, сэтгэл зүрхээ зориулан оролцож, сайн болгохын тулд урт удаан хугацаанд ажилласан бүх хүмүүст, даатгал залбирлаа зориулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархлаа “grazie” илэрхийлэн, баярласан сэтгэлээ хэлье.

Монгол хэлний “баярлалаа” гэдэг үг “баярлах” гэдэг үйл үгээс гаралтай гэдгийг Эрхэмсэг Кардинал бид бүхэнд хэлсэн. Монгол хэлний энэ гайхалтай ойлголттой баяр хөөрөөр дүүрэн байгаа миний талархал нийцэн зохицож байна. Энэ өдрүүдэд та бүхний надад барьсан нөхөрлөлийн бэлэгт тань, мөн амьдралын хамгийн энгийн юмсад ч үнэ цэнэ өгч, мэргэн ухаанаар харилцаа холбоо ба ёс уламжлалаа нандигнан хадгалж, өдөр тутмын амьдралдаа нямбай шингээн, хөгжүүлж чадсан Монголын ард түмэн та бүхэндээ чин сэтгэлээсээ машид талархаж байна.

Талархал-магтаалын мөргөл буюу грекээр "Евхарист" гэдэг нь талархал илэрхийлэх гэсэн утгатай. Энэ газар оронд энэхүү Талархал-магтаалын мөргөлийг тэмдэглэх нь одоогоос яг 100 жилийн өмнө эндээс холгүй орших Ордос нутгийн элсэн цөлд Иезуит санваартан Пьер Теяр де Шардины тэнгэрт өргөсөн залбирлыг санагдуулж байна. Тэр “Аяа Эзэн минь, нарт ертөнц дэх таны Оршихуйн өмнө би сөгдөн мөргөж байна, энэ өдөр надтай уулзах уулзалт бүрээр, надад тохиох учрал бүрээр, өөрийн бүтээх бүх үйлсээр дамжуулан Таныг хүсэж, Таныг хүлээмүй” гэж залбирсан билээ. Теяр эцэг ламтан геологийн судалгаа хийдэг хүн байв. Тэр Талархал-магтаалын мөргөлийг тэмдэглэхийг маш их хүсэж байсан боловч түүнд талх ч, дарс ч байсангүй. Тэр "Дэлхий дээрх Талархал-магтаалын мөргөл" хэмээх залбирлыг бичсэн бөгөөд өөрийн өргөлийг ийн илэрхийлсэн юм: «Аяа Эзэн минь, хүлээн авагтун. Тан руу татагдан хөдлөх хамаг Бүтээл тань бүхнийг агуулсан мөргөлийн талх юугаан энэ шинэ өдрийн үүр хяраалахуйд Танд өргөн барьж байна». Дэлхийн нэгдүгээр дайны үед фронтод дамнуурга зөөгчөөр ажиллаж байх үед нь үүнтэй ижил төстэй залбирал түүнд аль хэдийн төрсөн байв. Ойлгож, хүлээн авахад бэрхтэй энэ санваартан "Талархал-магтаалын мөргөлийг сүнслэг утгаар нь дэлхийн тахилын ширээнээ үргэлж тэмдэглэдэг" ба одоогийн дайн тулаантай хурцадмал байдал бүхий энэ цаг үед ч гэсэн тэрхүү мөргөл нь "орчлон ертөнцийн шимт төв, энэрэл хайр дүүрэн үл шавхагдах, үл төгсөх амьдралын бялхам төв" (Laudato Si буюу “Таныг магтан дуулья!” хэмээх Түгмэл захидал, 236) гэж ойлгогддог. Тиймээс өнөөдөр Теяр санваартны үгээр залбирцгаая: «Аяа, гялбам Үг, бадрангуй Хүч, Төрөл бүрээр биежүүлж амь амьдралаа хайрлагч Та өөрийн хүчит Мутар, асралт Мутар, төгс билигт Мутраа бидний дээр сунгана уу». 

Монгол ахан дүүс ээ, та бүхнийг итгэлийн гэрчлэлээ өгсөнд “баярлалаа”! [grazie!] Тэнгэрбурхан та бүхнийг ивээх болтугай. Та бүхэн миний зүрх сэтгэлд байдаг бөгөөд миний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно. Даатгал залбирал хийгээд санаа бодолдоо намайг багтаан, санан дурсаж байхыг та бүхнээс хүсье.