Матай 1:21
Католик шашны цуврал хичээл. Эвэр бүрээдэлтийн жил 2025. Есүс Христ бидний найдвар. I. Есүсийн балчир нас. 3. «Чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд» (Матай 1:21). Иосефт хэл мэдээ хүргэсэн нь
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр бид бидний найдвар болсон Есүсийн гарал үүслийн нууцыг Сайн мэдээний айлдлуудад бичигдсэний дагуу эргэцүүлэн бодох болно.
Түүний гарал үүслийг Лук Түүний Эх Мариагийн талаас харуулсан. Харин Матай Есүсийг хуулийн дагуу өөрийн хүү болгон хүлээн авч, Түүнийг Иессигийн удамд залгаж, Давидын гэр бүлд холбосон хүн буюу Иосефийн талаас гарал үүслийг нь харуулдаг.
Үнэхээр Есүс бол Израилын найдварын биелэл юм. Тэр бол Давидын гэрийг үүрд адислахаар (2 Самуэл 7:29) амлагдсан үр удам юм (2 Самуэл 7:12; 1 Хаад 17:11). Тэр мөн Иессигийн үндсээс гарсан мөчир (Исаиа 11:1) буюу хаан мэт захирч мэргэн ухаанаар үйлдэж, газар дээр шударга ёс болон зөв шударгыг үйлдэх "зөвт мөчир" (Иеремиа 23:5; 33:15) билээ.
Матайн Сайн мэдээний айлдалд анх Иосеф Мариагийн сүйт залуу хэмээн гардаг. Еврейчүүдийн хувьд сүй тавилт нь хуулийн дагуу бүрэн хүчин төгөлдөр холбоо байсан бөгөөд нэг жилийн дараах гэрлэлтэд бэлтгэх ёслол байлаа. Энэ үед эмэгтэй эцгийнхээ ивээлээс нөхрийнхөө халамжид шилжиж, гэрт нь нүүн орж, эхийн үүргийг хүлээн авахад бэлэн болдог байжээ.
Гэтэл энэ үеэр Иосеф Мариаг жирэмсэн болсныг мэдэж, түүний хайр асар их сорилттой тулгарсан. Ийм нөхцөлд сүй тавилтыг цуцлах нь зайлшгүй байв. Хуулийн дагуу Иосефт нийтийн өмнө эмэгтэйг шүүхэд дуудах, эсвэл хувийн журмаар "татгалзах захидал" өгч салах хоёр сонголт байв.
Матай Иосефийг "зөвт" (zaddiq) хүн хэмээн тодорхойлдог. Тэрээр Тэнгэрбурханы Хуулийг даган, амьдралынхаа бүхий л мөчид түүнийг мөрдлөг болгодог байж. Иймээс тэрээр сэтгэлийн хөөрөл, айдсаа дагахын оронд Тэнгэрбурханы мэргэн ухаанаар удирдуулжээ. Иосеф Мариагаас чимээгүйхэн, нууцаар салахаар шийддэг (Матай 1:19). Иосефийн мэргэн ухаан түүнийг Тэнгэрбурханы үгэнд нээлттэй байлгаж, дуу хоолойг нь дуулгавартай дагах боломжийг олгодог.
Ийнхүү Назарын Иосеф бидэнд бас нэгэн Иосефийг санагдуулах аж. Тэр нь Иаковын хүү "зүүдний эзэн" хэмээх Иосеф (Эхлэл 37:19). Тэр эцгийнхээ хайртай хүү байсан бөгөөд ах нарынхаа атаархлыг төрүүлсэн. Эцэст нь Тэнгэрбурхан түүнийг Фараоны ордонд өргөмжилсөн билээ.
Тэгвэл Назарын Иосеф юуны тухай зүүдэлсэн бэ? Тэр Тэнгэрбурхан Мариагийн амьдралд бүтээсэн гайхамшгийг, мөн өөрийнх нь амьдралд үйлдэх гайхамшгийг зүүдэлсэн. Тэр нь Тэнгэрбурханы Хүүг харгалзан хамгаалж, түүнд биет болон сүнслэг өв үлдээх эцгийн үүргийг хүлээн авахын гайхамшиг байлаа. Түүний сүйт бүсгүйн хэвлийд Тэнгэрбурханы амлалт биелж байсан бөгөөд энэ амлалт нь бүх хүнд авралын баталгааг өгсөн нэрийг агуулж байв (Үйлс 4:12).
Иосеф нойрсож байхдаа “Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд” гэх үгсийг сонсдог (Матай 1:20-21). Энэ илчлэлтийг сонссон Иосеф нэмэлт баталгаа шаардалгүй итгэсэн юм. Иосеф Тэнгэрбурханд итгэж, Тэнгэрбурханы өөрт нь болон сүйт бүсгүйд нь зориулсан зүүдийг хүлээн авсан. Ийнхүү тэр Тэнгэрбурханы амлалтыг итгэл, найдвар, хайраар биелүүлдэг хүмүүсийн хишиг ивээл бүхий амьдралд хөл тавьсан билээ.
Иосеф ганц ч үг хэлэлгүй итгэж, найдаж, хайрласан. Тэрээр “хоосон үгээр” бус, харин бодит үйлсээр өөрийгөө илэрхийлжээ. Тэр элч Иаковын хэлснээр “Үгийг хэрэгжүүлж” (Иаков 1:22) үйлдэл, махбод, амьдрал болгон хувиргасан юм. Иосеф Тэнгэрбурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагасан. “Иосеф Тэнгэрбурханд сонор сэргэг байсан нь … зөнгөөрөө дуулгавартай байдлыг төрүүлжээ” (XVI Бенедикт, The Infancy Narratives, Милан-Ватикан хот, 2012, 57).
Ахан дүүс ээ, бүгдээрээ ч мөн ярихаасаа илүү бусдыг сонсох ивээлийг Тэнгэрбурханаас гуйцгаая. Түүнчлэн, Тэнгэрбурханаас өгөх зүүдийг зүүдлэх хишиг ивээлийг гуйцгаая. Мөн баптисм хүртсэн мөчөөс эхлэн бидний амьдралд оршиж, өсөж буй Христийг хариуцлагатайгаар хүлээн авах ивээлийг ч Түүнээс гуйцгаая. Баярлалаа!
Тусгай мэндчилгээ
Би Австрали, Америкийн Нэгдсэн Улс, Хонг Конгоос ирсэн англи хэлтэй мөргөлчид, зочдыг халуун дотноор угтан мэндчилж байна. Тэр дундаа Австралийн Католик Их Сургууль, Стюбенвиллийн Францискан Их Сургуулийн багш, оюутнуудад мэндчилгээ дэвшүүлье. Энэхүү Найдварын жил нь та бүхэн болон гэр бүлийнхнийх нь хувьд ивээл, сүнслэг шинэчлэлийн цаг болохын ерөөлийг дэвшүүлье. Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан та бүхэнд байх болтугай!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эвэр бүрээдэлтийн энэ жилд зориулсан “Есүс Христ бидний найдвар” сэдэвт шашны цуврал хичээлээ үргэлжлүүлэн, өнөөдөр бид Гэгээн Иосефийн туршлагыг эргэцүүлэн бодох болно. Давидын хааны удмын Гэгээн Иосеф бол амласан Мессиагийн хууль ёсны эцэг болохоор дуудагдсан хүн билээ. Судар түүнийг Тэнгэрбурханы хуулийг дагаж, Түүний хүслийг хүлцэнгүйгээр хүлээн авдаг "зөвт хүн" гэж онцолдог. Иосефт Тэнгэрбурханы авралын төлөвлөгөөнд гүйцэтгэх үүргийг нь зүүдэнд нь мэдүүлсэн. Иосеф их итгэл, найдвараар Мариаг эхнэрээ болгон авч, махбод болсон Тэнгэрбурханы Хүүд гэр орон бэлдэв. Гэгээн Иосеф бол Тэнгэрбурханы үгэнд нээлттэй, дуулгавартай байдлаас урган гардаг нам гүм итгэлийн үлгэр жишээ юм. Түүн шиг бид ч бас Тэнгэрбурханы бидэнд зориулсан төлөвлөгөөнд өгөөмрөөр хариулж, найдвар, хайрыг үйлдлээр хэрэгжүүлэн Есүсийг зүрхэндээ, гэртээ угтан авцгаая!