Лук 1:26-38
Католик шашны цуврал хичээл. Эвэр бүрээдэлтийн жил 2025. Есүс Христ бидний найдвар. I. Есүсийн балчир нас. 2. Мариад хэл мэдээ хүргэсэн нь. Мариа сонсож, бэлэн байлаа (Лук 1:26-38)
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр бид "Есүс Христ бидний найдвар" сэдэвт Эвэр бүрээдэлтийн жилийн сургаал номлолоо үргэлжлүүлнэ.
Лук сайн мэдээнийхээ эхэнд, Тэнгэрбурханы Үг хүнийг өөрчлөн хувиргах хүчтэй болохыг харуулдаг. Тэрхүү хүч зөвхөн сүмийн танхимд бус, залуу бүсгүй Мариагийн эгэл сууцанд ч хүрчээ. Мариа тэр үед Иосефтэй сүй тавьсан боловч гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан.
Агуу Тэнгэрбурханы илчлэлтүүдийг тунхагладаг Габриел тэнгэрэлч Иерусалимд очсоныхоо дараа Еврейн сударт өмнө огт дурдагдаагүй нэгэн тосгон руу илгээгдэв. Тэр нь Назар тосгон байлаа. Тухайн үед Назар нь Израилын алслагдсан нутаг болох Галилын жижиг тосгон байсан бөгөөд харь үндэстнүүдтэй хиллэдэг, тэдний соёлын нөлөөнд автаж болзошгүй бүс нутаг байв.
Назарт тэнгэрэлч урьд хожид дуулдаж байгаагүй содон мэндчилгээтэй хэл мэдээг хүргэсэн. Түүнийг сонссон Мариа ихэд цочжээ. Еврейн уламжлалт мэндчилгээ "Амар амгалан тантай хамт байх болтугай" гэх үгийн оронд Габриел түүнтэй "Баярлагтун!" хэмээн мэндчилсэн. Сударт Мессиа ирэхийг зарлахдаа эш үзүүлэгчид энэ илэрхийллийг ашигладаг байсан юм (Зефаниа 3:14; Иоел 2:21-23; Зехариа 9:9). Энэ бол цөллөг дуусаж, Тэнгэрбурхан ард түмэндээ өөрийн амьд, идэвхтэй оршихуйг мэдрүүлэх үеийн баяр хөөрт мэндчилгээ байв.
Түүнчлэн, Тэнгэрбурхан Мариаг урьд өмнө сударт гарч байгаагүй kecharitoméne гэх энэрэл хайраар дүүрэн нэрээр дуудсан билээ. Энэ нь "Тэнгэрбурханы хишиг ивээлээр бялхам" гэсэн утгатай. Тэнгэрбурханы хайр аль хэдийн Мариагийн зүрхэнд нэвтэрч, дотор нь оршсоор буйг энэ нэр илтгэнэ. Мариа "хишиг ивээлээр бялхам" бөгөөд Тэнгэрбурханы хишиг ивээл түүнийг дотроос нь өөрчлөн, эрхэмсэг бүтээл болгон хувиргасан юм.
Тэнгэрбурханы зөвхөн Мариад өгсөн энэ хайр дүүрэн нэрийг "Бүү ай!" гэх тайвшрал дагалдсан. "Бүү ай!" Эзэний оршихуй бидэнд үргэлж айж эмээхгүй байх хишиг ивээлийг өгдөг билээ. Тэр Мариад хандан "Бүү ай!" гэсэн. Тэнгэрбурхан Абраам, Исаак, Мосе нарт хандан мөн адил "Бүү ай!" (Эхлэл 15:1; 26:24; Дэд хууль 31:8; Иошуа 8:1) хэмээсэн байдаг. Тэр бидэнд ч бас "Бүү ай, урагшлаад бай!" гэж хэлдэг.
"Эцэг минь, би айж байна..."
"Яагаад?"
"Эцэг минь, үнэнээ хэлье, би мэргэч төлөгч дээр очдог..."
"Юу? Чи мэргэч төлөгч дээр очдог гэж үү!"
"Тийм ээ, би гарынхаа алгыг уншуулдаг..."
Бүү ай! Тэнгэрбурхан "Би чамтай хамт" хэмээн бидэнд батлан хэлдэг. “Төгсхүчит” “боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) Тэнгэрбурхан Мариатай хамт байж, түүний хамгийн гол холбоотон болсон. Тэр мөнхөд "Би чамтай хамт байна" (Эхлэл 28:15; Гэтлэл 3:12; Шүүгч 6:12) гэж Мариад амласан билээ.
Тэнгэрэлч Габриел Мариад оноогдсон даалгаврыг нь зарлахад эртний сударт гардаг хаанчлал болон Мессиагийн тухай эшлэлүүд Мариагийн зүрхэнд эгшиглэжээ. Төрөх хүүхэд нь эртний зөнчдийн зөгнөлийг биелүүлэх нэгэн болохыг тэдгээр эшлэлүүд илтгэж байв. Дээрээс ирсэн Үг Мариаг удаан хүлээгдсэн Давидын удамт Мессиагийн эх болохыг дуудсан юм. Тэр Хүү хаан боловч Түүний хаанчлал хүний, махбодынх бус, харин сүнслэг, тэнгэрлэг байх болно. Түүний нэрийг "Есүс" хэмээх агаад энэ нь "Тэнгэрбурхан авардаг" гэсэн утгатай (Лук 1:31; Матай 1:21). Аварч чадах нь хүн бус, зөвхөн Тэнгэрбурхан гэдгийг үеийн үед энэ нэр бидэнд сануулна. Есүс бол зөнч Исаиагийн айлдсан “Түүний оршихуй тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив" хэмээх үгийг биелүүлэх Нэгэн байв (Исаиа 63:9).
Ээж болох энэхүү дуудлага Мариаг тэр чигт нь доргиожээ. Гэвч тэр болсон үйл явдлыг тунгаан бодох чадвартай ухаалаг эмэгтэй (Лук 2:19,51). Тэр өөрт нь болж буй зүйлийг тунгааж ойлгохыг хичээнэ. Мариа гадна ертөнцийг харалгүй, дотогшоо өнгийх аж. Нээлттэй, мэдрэг зүрхнийхээ гүнд тэр Тэнгэрбурханд итгэх урилгыг сонордов. Тэнгэрбурхан өөрт нь зориулж онцгой "Пентекост" бэлдсэн байлаа. Эхлэл номд гардаг шиг (Эхлэл 1:2), Тэнгэрбурхан Мариаг Өөрийн Сүнсээр тэтгэхийг хүсжээ. Ариун Сүнс бол хүний эрх чөлөөг хөндөж албадахгүйгээр хаагдсан бүхнийг нээх чадалтай хүч. Тэрхүү хүч Мариаг Тэнгэрбурханы оршихуйн "үүлэн дор" бүрхэж (1 Коринт 10:1-2), Түүний Хүү эмэгтэйн дотор амьдрах ба эмэгтэй өөрөө Тэнгэрбурхан дотор амьдрах болно.
Ингээд Мариа итгэлээр гэрэлтэж, олон гэрэлтэй дэнлүү мэт боллоо. Тэрээр Тэнгэрбурханы Үгийг өөрийн махбодод хүлээн авч, хүнд хэзээ ч оногдож байгаагүй хамгийн агуу даалгаврыг биелүүлэхээр болов. Тэр боол биш, харин Тэнгэрбурханы хамтран зүтгэгч, Тэнгэрбурханы сан хөмрөгийг удирдах эрхтэй нэгэн болж, Канаа дахь хуримд үйлдсэн шиг Тэнгэрбурханы эрдэнэсийг бусдад хүртээх үйлчлэлд орсон юм.
Ахан дүүс ээ, Аврагчийн Эх бөгөөд бидний Эх болсон Мариагаас суралцацгаая. Түүн шиг Тэнгэрбурханы Үгийг хүлээн аваад нандигнан хадгалцгаая. Ингэснээр бидний зүрх Тэнгэрбурханы оршихуйн асар, найдвар дэлгэрэх зочломтгой гэр болох болтугай. Баярлалаа!
Тусгай мэндчилгээ
Англи хэлтэй мөргөлчид, ялангуяа Швейцар, АНУ, Англиас ирсэн та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Эвэр бүрээдэлтийн жил та бүхэнд сүнслэг шинэчлэл, Сайн мэдээний баяр баясгалангаар дүүрэн өсөлтийн үе болох болтугай. Христэд итгэгчдийн эв нэгдлийн төлөө залбирах 7 хоног эхэлж байгаатай холбогдуулан Папын Умард Америкийн Коллежийн төлөөлөгчид болон эв нэгдлийн төлөө ажилладаг хүмүүст онцгой мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн болон гэр бүлийнхнийх нь дээр би Тэнгэрбурханы мэргэн ухаан, хүч чадал, амар тайвныг баяртайгаар дуудан залбиръя!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Бид "Есүс Христ бидний найдвар" сэдвийн дор Эвэр бүрээдэлтийн жилийн сургаал номлолоо үргэлжлүүлж байна. Тэнгэрэлч Габриел ертөнцийн Аврагчийг төрүүлэхээр сонгогдсоныг нь Цэвэр Охин Мариад тунхаглах үед түүний өгсөн итгэл дүүрэн хариуг эргэцүүлэн бодоцгооё. "Хишиг ивээлээр бялхам" Мариа Тэнгэрбурхан өөрт нь хосгүй их үүрэг даалгасныг ойлгон, түүнийг чөлөөтэй хүлээн авсан. Ингэснээр тэр Израилын найдварын биелэл, бүх үндэстний Аврагчийг төрүүлэх үйл хэрэгт Тэнгэрбурхантай хамтран зүтгэсэн юм. Ариун Сүнсээр бялхсан тэрээр амьдралынхаа турш Тэнгэрбурханы авралын төлөвлөгөөнд тусалсаар байсан. Канаад болсон хуримын үеэр тэр хүмүүсийн хэрэгцээний төлөө эхийн сэтгэлээр гуйсны үр дүнд Эзэн анхны гайхамшгаа үйлдсэн билээ. Мариагаас бид Тэнгэрбурханы амлалтад бат итгэхийг, Сайн мэдээнээс төрсөн найдварыг амьдралаараа гэрчлэхийг, мөн сорилт бэрхшээлтэй тулгарч буй цөхрөлд автсан ахан дүүстээ найдварын гэрлийг түгээхийг сурах болтугай