Католик шашны сургаал номлол. Эцэгийн хамгийн хайрт нэгэн 2

2025-01-15

Өнгөрсөн удаа бид хүүхдүүдийн талаар ярьсан. Өнөөдөр ч тэр сэдвээ үргэлжлүүлэн авч үзнэ. Есүс үйлчлэлийнхээ үеэр багачуудыг хамгаалж, хүлээн авч, хайрлахын чухлыг онцолж байсныг бид өнгөрсөн долоо хоногт авч үзсэн билээ.

Гэвч өнөөдөр ч дэлхий даяар хэдэн зуун сая хүүхэд насанд хүрээгүй атлаа насанд хүрэгчийн хариуцлага үүрэхэд хүрч байна. Тэдний олонх нь эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй хүнд хүчир ажил эрхэлж байна. Үүнээс гадна охид хөвгүүд бэлгийн мөлжлөг, садар самуун, албадан гэрлүүлэлтэд өртөж байгаа нь гашуун үнэн. Манай нийгэмд хүүхдүүдийг дарамтлан мөлжих олон арга байсаар байна. Хүүхдийн эсрэг ямар ч төрлийн хүчирхийлэл жигшүүртэй, бузар булай үйлдэл мөн. Энэ бол нийгмийн ёс суртахууны толбо төдий зүйл биш, харин гэмт хэрэг. Тэнгэрбурханы бошгуудыг ноцтой зөрчсөн явдал! Ямар ч хүүхэд хүчирхийлэлд өртөх ёсгүй. Ганц ч тийм хэрэг гарах ёсгүй. Тиймээс бид ухамсраа сэргээж, дарамтад өртсөн хүүхэд залуустай нэг сэтгэлээр ойр байж, тэдэнд аюулгүй орчин, боломж олгохоор чармайж буй хүмүүстэй хамтран ажиллах шаардлагатай байна. Латин Америкийн нэгэн улсад маш онцгой нэгэн жимс ургадаг. Тэр жимсийг "arándano" (цангис жимсний нэг төрөл) гэж нэрлэдэг бөгөөд түүнийг хураахдаа маш зөөлөн байх хэрэгтэй тул хүүхдүүдийг боолчилж албадан ажиллуулах нь түгээмэл.

Хүүхдийн мөлжлөг газар авахад хүргэдэг гол хүчин зүйлс нь тархмал ядуурал, гэр бүлүүдэд зориулсан нийгмийн халамжийн дутагдал, ажилгүйдэл, байнгын бус хөдөлмөр зэрэг юм. Нийгмийн ялгаа, ёс суртахууны доройтол ихтэй томоохон хотуудад хүүхдүүд хар тамхины наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаанд татагдан орж байна. Хэчнээн олон хүүхэд тэдгээр гэмт хэргийн золиос болж байна вэ! Зарим тохиолдолд тэд үеийнхэндээ хор хөнөөл учруулж байгаа ба тэгэх явцдаа өөрсдийн нэр төр, хүн чанараа гээж байна. Гэтэл ийм амьдралд унасан хүүхдүүдийг гудамж, сүм, эргэн тойрондоо харсан бид ихэвчлэн нүдээ буруулаад өнгөрдөг.

Миний эх оронд Лоан гэх нэртэй нэгэн хүү хулгайлагдсан бөгөөд одоо хүртэл сураггүй байна. Түүнийг хүний наймаанд, эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор хулгайлсан байж магадгүй гэж зарим хүн үзэж байгаа. Тийм зүйл тохиолддогийг та бүхэн сайн мэдэж байгаа. Үүнд өртсөн зарим нь эрхтнээ авхуулчхаад эргэж ирдэг, харин бусад нь амь насаа алддаг. Иймээс өнөөдөр би Лоан хүүг санан дурсахыг хүслээ.

Нэг хотхонд, эсвэл нэг байрны өөр давхарт амьдардаг хоёр хүүхэд ямар гэр бүлд төрснөөсөө шалтгаалан тэс өөр зам, хувь тавиланг туулдгийг харах хэцүү. Нийгмийн ялгаанаас болоод мөрөөдлөө дагах боломжтой нэг нь байхад, тийм боломжгүйгээс мөрөөдлөө хаясан хүүхдүүд бий. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Есүс бид бүгдийг эрх чөлөөтэй, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэр хүн бүрийг өөрийн хүү, охин хэмээн хайрладаг бөгөөд хамгийн балчруудыг хамгийн өр зөөлөн хайраар энэрч хайрладаг. Иймээс Тэр биднийг боловсролгүй, чимээгүй зовж шаналж буй хүүхдүүдийн хажуугаар зүгээр өнгөрөлгүй, тэднийг сонсож, анхаарч үзэхийг хүсдэг. Ялангуяа хүүхдийн мөлжлөгийг таслан зогсоох нь бүхий л нийгмийн ирээдүйг сайжруулах чухал алхам мөн. Зарим улсууд хүүхдийн эрхийг хуульчлан баталгаажуулах ухаалаг бодлого хэрэгжүүлсэн байдаг. Хүүхдүүдэд эрх бий. Та бүхэн өөрсдөө интернэтээс хүүхдийн эрхийн талаар судалж үзээрэй.

Одоо бид өөрсдөөсөө “би юу хийж чадах вэ?” гэж асуух хэрэгтэй. Юуны түрүүнд, хэрэв бид хүүхдийн хөдөлмөрийг бүрмөсөн устгахыг хүсэж байгаа бол ямар нэгэн байдлаар түүнд оролцож болохгүй гэдгийг ухамсарлах ёстой. Бид ямар үед энэ буруутай үйлдэлд гар бие оролцдог вэ? Жишээлбэл, хүүхдийн хөдөлмөр ашигласан бүтээгдэхүүн худалдан авах үед. Идэж ууж, өмсөж зүүж буй бүтээгдэхүүн, хувцасны цаана сургуульд сурахын оронд хүчээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд байгаа гэдгийг мэдсээр байж бид хэрхэн тайван амгалан байж чадах билээ? Худалдаж авсан бүтээгдэхүүн маань хаанаас ирсэн болохыг мэдэж байх нь чухал. Хэрэглээгээ ухамсарлах нь буруутай үйлдэлд хамтарч оролцохгүй байх анхны алхам юм. Ганц хүн их зүйлийг хийж чадахгүй гэж хэлэх хүмүүс бий. Ганц хүн хангалттай байж чадахгүй нь үнэн ч, олон дусал нийлээд далай болдог шүү дээ. Зөвхөн хувь хүмүүс гэлтгүй, компани байгууллагууд (үүнд шашны байгууллагууд хамаарна) өөрсдийн хариуцлагыг ухамсарлах ёстой. Тэд хүүхдийн хөдөлмөр ашигладаггүй, түүнийг дэмждэггүй компаниудад хөрөнгө оруулалтаа чиглүүлснээр эерэг өөрчлөлтийг авчирч чадна. Улсын болон олон улсын байгууллагууд аль хэдийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хууль, журам гаргасан ч, бид илүү хийхийг хийх боломжтой. Би энд байгаа сэтгүүлчдэд өөрсдийн үүргээ биелүүлэхийг уриалмаар байна. Сэтгүүлчид энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, шийдэл хайхад туслах боломжтой шүү дээ. Бүү ай. Үнэнийг дэлгэж, бузар үйлдлийг илчлэхээс бүү эмээ!

Хүүхдүүдийг хэтэрхий эрт том болоход хүргэж буй энэ бурангуй байдалтай эвлэрч чаддаггүй, хажуугаар нь зүгээр өнгөрдөггүй бүх хүнд талархал илэрхийлье. “Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг” хэмээх Есүсийн үгсийг бид хэзээ ч мартаж болохгүй (Матай 25:40). Эзэний усан үзмийн талбайд баяр баясгалантайгаар ажилласан Калькуттагийн Гэгээн Тереза хамгийн орхигдсон, хамгийн зовлон үзсэн бяцхан хөвгүүд, охидод ээж нь болсон билээ. Түүний зөөлөн хайр, анхааралтай харц биднийг үл үзэгдэх бяцхан үрсийг, мөлжлөгт өртөж боолчлогдсон хүүхдүүдийг олж харахад туслах болтугай. Учир нь хамгийн сул дорой нэгний аз жаргал бүх нийтийн энх тайвны үндэс болдог. Гэгээн Терезагийн хамт хүүхдүүдийн дуу хоолойг сонсоцгооё:

“Би тоглох аюулгүй орон зайг хүснэ.
Энэрэл хайрыг мэддэг хүний инээмсэглэлийг хүснэ.
Би хүүхэд байх эрхийг хүснэ,
дэлхий илүү сайхан болно хэмээх найдвар байхыг хүснэ.
Би өсөж хөгжих боломжийг хүснэ.
Энэ бүхэнд та надад туслах уу?” (Калькуттагийн Гэгээн Тереза)

Баярлалаа.

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Хүүхдүүдийн тухай цуврал айлдварынхаа хүрээнд өнөөдөр бид тэдний сайн сайхны тухай авч үзнэ. Есүс хүн бүрийг Тэнгэрбурханы хүүхэд хэмээн хайрладаг бөгөөд хамгийн өчүүхэн, эмзэг нэгнийг онцгойлон үздэг билээ. Тэдэнд үйлдсэн бүхий л зүйлийг Тэр Өөрт нь хийсэн гэж үздэг. Тиймээс хүүхдүүдийн хэрэгцээг хангах нь бидний хувьд ёс суртахууны чухал үүрэг мөн. Өнөөдөр ядуурлын улмаас маш олон хүүхэд хөдөлмөр эрхлэхээс аргагүй байдалд хүржээ. Бас зарим нь нүд үзүүрлэгдэж хүчирхийлэлд өртөн хар тамхи, гэмт бүлэглэлд татагдан орж байна. Хувь хүн, нийгэм аль аль нь үүний эсрэг бодитой арга хэмжээ авах ёстой. Жишээлбэл, бид хүүхдийн хөдөлмөрийг мөлждөг компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийж, ийм бизнест хөрөнгө оруулахаас татгалзах боломжтой. Хүүхдүүдийг хайрлаж, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан Гэгээн Тереза эхийн үлгэр жишээг дагацгаая. Ингэснээр хүүхдүүд ирээдүйн сайн сайхны найдвар болон өсөх болно. Та үүний төлөө өөрийн хувь нэмрээ оруулах уу?