Мариагийн Цэвэр Ариун Зүрхэнд даатган зориулах зан үйл - хамба лам нарт

2022-03-29

Мариагийн Цэвэр Ариун Зүрхэнд даатган зориулах зан үйл

Петр гэгээнтний Дунхан сүм  

2022 оны 3-р сарын 25  

           Тэнгэрбурханы Эх, бидний Ээж Мариа минь ээ, энэ сорилтын цаг үед бид танд хандаж байна. Бидний Ээжийн хувьд та биднийг хайрладаг, биднийг мэддэг билээ. Бидний ямар ч сэтгэлийн зовлон танаас нууц биш байдаг. Нигүүлслийн Эх минь, бид таны анхаарал халамж, амар тайван оршихуйг хэр олон удаа мэдэрсэн билээ! Та биднийг Энхийн Жонон Есүс рүү хөтлөхөө хэзээ ч зогсоож байгаагүй билээ.  

            Гэсэн хэдий ч бид энх тайван, амар амгалангаас холджээ. Өнгөрсөн зууны эмгэнэлт явдлууд, дэлхийн хоёрдугаар дайнд амиа алдсан сая сая хүмүүсийн золиослолоос сургамж авснаа бид мартжээ. Бид үндэстнүүдийн хамтын нийгэмлэгийн хувьд амлалтаа үл тоомсорлосон. Бид ард түмний энх тайвны төлөөх мөрөөдөл, залуусын итгэл найдвараас урвасан. Бид шуналаар өвчилж, зөвхөн өөрийн улс үндэстэн болон тэдний эрх ашгийг бодож, хайхрамжгүй болж, хувиа хичээсэн хэрэгцээ, өөрсдийн асуудалд баригджээ. Бид Тэнгэрбурханыг үл тоомсорлож, хуурмаг зүйлдээ сэтгэл хангалуун байж, омголон дээрэлхүү, зэрлэг балмад болж, гэм зэмгүй амьдралыг дарж, зэр зэвсэг нөөцлөхийг сонгож байна. Бид хөршийнхөө хамгаалагч, хамт олныхоо үйлчлэгч байхаа больжээ. Бид газар дэлхийн цэцэрлэгийг дайнаар сүйтгэж, биднийг ахан дүүс байлгахыг хүсдэг тэнгэрлэг Эцэгийнхээ зүрх сэтгэлийг гэм нүглээрээ шархлуулжээ. Бид өөрөөсөө бусад хүмүүст, бусад зүйлсэд хайхрамжгүй ханддаг болжээ. Харин одоо “Эзэн минь, биднийгээ уучилж өршөөнө үү!” хэмээн ичгүүртэйгээр бид хашхирч байна.

            Ариун гэгээн Эх минь, бидний гэм нүглийн зовлон дунд, бидний тэмцэл болоод сул дорой байдлын дунд, хорон муу болон дайны шударга бусын нууц дунд Тэнгэрбурхан биднийг хэзээ ч орхидоггүй, харин энэрэл хайраар онцлон харж, уучилж өршөөхөд бэлэн байж, шинэ амьдрал руу өргөж босгоно гэдгийг та бидэнд сануулдаг. Тэр Таныг бидэнд өгч, Цэвэр Ариун Зүрхийг тань Шашны болон хүн төрөлхтний төлөөх хоргодох газар болгосон.  Тэнгэрбурханы хишиг ивээлт тааллаар та үргэлж бидэнтэй байдаг. Түүхэн дэх хамгийн хүнд хэцүү мөчүүдэд ч мөн адил та хайраар хөтлөхөөр тэнд байдаг.

            Бид одоо танд хандаж, таны зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж байна. Бид таны хайрладаг хүүхдүүд билээ. Эрин зуун бүрт та өөрийгөө бидэнд таниулж, өөрчлөлтөд дууддаг. Энэ харанхуй цагт бидэнд тусалж, тайвшралыг хайрлана уу. “Би энд байхгүй байна уу, би чиний Эх биш гэж үү?” хэмээн бидэнд дахин нэг хэлнэ үү. Та бидний зүрх сэтгэл, цаг үеийн зангилааг тайлж чадна. Танд бид итгэж байна. Ялангуяа сорилтын үеүдэд бидний гуйлтыг сонсохгүй байхгүй, бидэнд тусална гэдэгт бид итгэлтэй байна.  

            Та Галилын Кана хотод Есүсийн хамт зуучлан, тэрээр өөрийн анхны тэмдгийг үйлдсэн. Хурим найрын баяр баясгаланг хадгалахын тулд "Тэд дарсгүй болов" гэж та түүнд хэлсэн (Иохан 2:3). Одоо Ээж минь, тэдгээр үгс, залбирлыг давтан хэлж өгнө үү. Учир нь бидний цаг үед горьдол найдварын дарс дуусч, баяр баясгалан зугтаж, ахан дүүсийн барилдлага суларчээ. Бид хүнлэг чанарыг умартаж, энх тайвны билигт хишгийг үгүй хийжээ. Бид зүрх сэтгэлээ хүчирхийлэл болон сүйтгэх чанарт нээжээ. Таны эх хүний тусламж бидэнд ямар их хэрэгтэй байна вэ!

            Тиймээс Ээж минь, бидний даатгал залбирлыг сонсоно уу.

Далайн Од минь, биднийг дайны шуурганд сүйрэхийг бүү зөвшөөрөөч.  

Шинэ Гэрээний авдар минь, эвлэрлийн төслүүд болоод замуудыг хөхүүлэн дэмжиж өгнө үү.

Тэнгэрийн Хатан минь, Тэнгэрбурханы амар амгаланг дэлхий дахинаа сэргээж өгнө үү.

Үзэн ядалт, өс хонзонгийн цангааг үгүй хийж, уучлал өршөөлийг бидэнд зааж сургана уу.

Биднийг дайнаас чөлөөлж, дэлхий ертөнцийг маань цөмийн зэвсгийн аюулаас хамгаалж хайрлана уу.  

Сарнайн Хатан минь, залбирах болон хайрлах шаардлагыг маань ойлгуулж өгнө үү.

Хүн төрөлхтний Гэр бүлийн Хатан минь, ахан дүүсийн барилдлагат замыг харуулж өгнө үү.

Энх тайвны хатан минь, манай дэлхий ертөнцийн энх тайвныг хадгалж өгнө үү.

           Ээж ээ, таны харамсал гашуудлын гуйлт бидний хатуурсан сэтгэлийг зөөллөх болтугай. Бидний төлөө урсгасан нулимс тань үзэн ядалтаар гандаж хатсан энэхүү хөндийг цэцэглүүлэх болтугай. Зэвсэгт аянгын дунд таны залбирал бидний үзэл бодлыг энх тайван руу эргүүлэх болтугай. Тэсрэх бөмбөгний борооноос зугтаж, зовж шаналж байгаа тэдгээр хүмүүсийг эх таны сэтгэл тайтгаруулах болтугай. Эх орон, газар нутаг, орон гэрээ орхин явахад хүрсэн тэдгээр хүмүүсийг таны эх хүний тэврэлт тайвшруулах болтугай. Таны харамсал гашуудлын сэтгэл зүрх биднийг өрөвдөх сэтгэлд хөтөлж, биднийг үүд хаалгаа нээхэд болон шархадсан, орхигдсон ахан дүүс нартаа халамж анхаарал тавихад урам зориг өгөх болтугай.

            Тэнгэрбурханы Ариун Эх минь ээ, таныг загалмайн дор зогсож байхад Есүс хажууд тань байгаа шавийг хараад "Энэ бол таны хүү" гэж хэлсэн (Иохан 19:26). Ингэснээр тэр хүн нэг бүрийг танд даатгасан. Тэрээр шавьдаа буюу бид бүгдэд "Энэ бол чиний ээж" гэж хэлсэн (Иохан 19:27). Ээж Мариа минь ээ, бид таныг өөрсдийн амьдралдаа, өөрсдийн түүхэндээ угтан авахыг хүсч байна. Энэ цагт ядарч цуцсан, айж түгшсэн хүн төрөлхтөн таны хамт загалмайн дор зогсож, танд өөрийгөө даатгаж, танаар уламжлан өөрийгөө Христэд зориулах хэрэгтэй байна. Дайн, өлсгөлөн, шударга бус байдал, ядууралд өртсөн бүх ард түмний төлөө таны зүрх сэтгэл өрөвдөн цохилж байгаа  энэ үед таныг агуу их хайраар эрхэмлэн хүндэлдэг Украйн, Оросын ард түмэн одоо танд хандаж байна.

            Тиймээс Тэнгэрбурханы Эх, бидний Ээж минь ээ, бид Шашин болоод бүх хүн төрөлхтнийг, ялангуяа Орос, Украйн улс орнуудыг Цэвэр Ариун Зүрхэнд тань даатган залбирч байна. Бидний итгэл үнэмшил, энэрэл хайраар үйлдэж буй энэ үйлдлийг хүлээн авна уу. Дайн дажинг төгсгөл болгож, энх тайвныг дэлхий даяар түгээж хайрлана уу. Таны зүрх сэтгэлээс урган гарсан “Фиат” Энхийн Жононд түүхийн хаалгыг нээж өгсөн. Таны зүрх сэтгэлээр энх тайван дахин сэргэнэ гэдэгт бид итгэж байна. Бид танд бүхий л хүн төрөлхтний гэр бүлийн ирээдүйг, хүн бүрийн хэрэгцээ болон хүлээлтийг, дэлхий ертөнцийн түгшүүр ба горьдол найдварыг даатган өргөж байна.

            Таны зуучлалт даатгал залбирлаар уламжлан Тэнгэрбурханы нигүүлсэл газар дэлхийд цутгаж, энх тайвны хэмнэл бидний өдрүүдийг гийгүүлэх болтугай. Ариун Сүнс буусан "Фиат"-ын Манай Хатагтай буюу “Тийм болтугай” хэмээн хэлсэн Мариа Тэнгэрбурханаас ирэх зохицон нийцэхүйг бидний дунд сэргээх болтугай. Бидний “горьдол найдварын амьд булаг” болох Та бидний зүрх сэтгэлийн хатуу байдлыг дэвтээх болтугай. Таны хэвлийд Есүс бие махбодыг олсончлон бид нөхөрлөлөөр өсөн дэвшихэд тусална уу. Манай дэлхийн гудамжаар нэгэнтээ алхаж байсан та биднийг энх тайвны замд хөтлөн залж өгнө үү. Амэн.