ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АПОСТОЛИК АЙЛЧЛАЛ, Сайн үйлстнүүдтэй хийх уулзалт, “Энэрэл нигүүлслийн өргөө”-ний нээлтийн ёслол

2023-09-04

Сайн үйлстнүүдтэй хийх уулзалт

“Энэрэл нигүүлслийн өргөө”-ний нээлтийн ёслол

Улаанбаатар хот, 2023 оны 9-р сарын 4

 

 

Хайрт ахан дүүс ээ, та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая! 

Намайг хүндэтгэн угтан авч, дуугаа дуулж, бүжгээ бүжин, мэндчилгээ дэвшүүлж, итгэлийн гэрчлэлээ өгсөнд тань чин зүрхний талархлаа илэрхийлье! "Намайг өлсөж байхад чи надад хоол өгсөн, намайг цангаж байхад чи надад ус өгсөн" (Maтай 25:35) хэмээсэн Есүсийн үгээр сайтар дүгнэн хэлж болно гэж бодож байна. Ийнхүү Эзэнийг энэ дэлхийд байгаа гэдгийг таньж мэдэх шалгуурыг болон Эцсийн шүүлтийн мөчид Хаанчлалын эцсийн баяр баясгаланг олж авах нөхцөлийг Тэр бидэнд санал болгож байна.

Католик шашин үүсэн бий болсон анхны мөчөөсөө эхлэн энэхүү үнэнийг нухацтай авч үзэж, өөрийн мөн чанарыг энэрэл буян мөн хэмээж, үйлсээрээ харуулсаар ирсэн билээ. Христийн шашны aнхны бүлгэм Есүсийн үгсийг амьдралд хэрэгжүүлэхээр, нэгдэл, ёслол, үйлчлэл, гэрчлэл гэсэн дөрвөн багана дээр босгон байгуулсан Шашныг төрүүлэх олон санаачилгын талаар дурсан бичсэн Үйлс номын өгүүлэлүүдийн тухай миний бие бодолхийлж байна.

Тэр цагаас хойш олон зуун жил өнгөрсөн ч гэсэн, Монгол дахь Католик шашин эрт цагийн тэрхүү уур амьсгалаар ажиллаж амьдарч байгааг харахад үнэхээр гайхалтай сайхан байна: монголын католик итгэлтнүүд хэдийгээр цөөхүүлээ ч гэсэн тооноо тулж, багтаамж бүхий тав тухтай орон зайг бүрдүүлдэг том гэрүүдийн дөрвөн баганатай адилаар, ахан дүүсийн эв нэгдэлд нэгдэж, даатгал залбиралаа өргөж, зовж зүдэрсэн хүн төрөлхтний төлөөх үйлчлэлээ харамгүй зориулж, өөрсдийн итгэл бишрэлийг үйлс болгон, гэрчлэлээр амьдрахыг хичээж байна.

Ингээд та бүхний цогцлоон босгосон, өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа энэ байрыг баяр баясгалантайгаар адислан ерөөхөөр би ирлээ. Бусдын төлөө анхаарал халамж тавьж байгаа үйлдлээрээ Христийн итгэгчид өөрсдийгөө таниулж мэдүүлдэг тодорхой илэрхийлэл бий; учир нь хаана бусдыг хүлээн авах чадвар, бусдад зочломтгой хандах ёс, өөрсдийгөө бусдад нээх чадвар байна, тэнд Христийн анхилуун үнэрийг үнэрлэж болно (2 Кор 2:15). Хөршийнхөө эрүүл мэнд, анхдагч хэрэгцээ, төлөвшил, соёлынх нь төлөө өөрийн амьдралыг зориулах нь анхнаасаа л Тэнгэрбурханы ард түмний амьд хэсэг болох монгол сүсэгтнүүдэд хамаарна. Тиймээс ч ерээд онд анхны шашин дэлгэрүүлэгчид Улаанбаатар хотод ирээд, “энэрэл буяны үйлсийн төлөөх дуудлагыг” шууд мэдэрч, өнчин хүүхдүүд, орон гэргүй хүмүүс, өвчин зовлонтой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, орон шоронгийн хүмүүс болон тэднийг хүлээж авахыг хүссэн бүх хүмүүст үйлчлэлээ үзүүлсэн байна.

Өнөөдөр тэр үндэс томрон томорсоор, мөчир салаа бүр нь үр жимсээ өгсөн том мод болсныг харцгааж байна: Монгол улсад ажиллаж амьдарч буй Католик шашны нийгэмлэгийн санваартан төлөөллүүд олон тооны энэрэл буяны ажлын сайхан санаачилгуудыг урт хугацааны төсөл болгон хөгжүүлэн хэрэгжүүлж, иргэний эрх баригчид болон иргэдийн талархлыг хүлээгээд байна. Нөгөөтэйгүүр, тухайн үед улс төрийн шилжилтийн эмзэг үе таарч, ядуурал газар авч байсан нийгмийн олон онцгой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд Монголын төр Католик шашин дэлгэрүүлэгчдээс тусламж хүссэн билээ. Олон орны шашин дэлгэрүүлэгчид дээр дурдсан нийгмийн төслүүдэд өөр өөрсдийн мэдлэг, туршлага, нөөц бололцоо, юун түрүүнд ахан дүүгийн хайр сэтгэлээ зориулсан бөгөөд өнөөдөр ч Монголын нийгэмд үйлчлэлээ үзүүлсээр байна. Шашин дэлгэрүүлэгчид болон энэ олон сайн үйлсийг дэмжин, гар бие оролцдог бүх хүнд чин сэтгэлээсээ талархлаа “grazie” илэрхийлье.

Энэрэл нигүүлслийн өргөө нь амьдралын аливаа бэрхшээлийг даван туулахын тулд тэмцэж буй ахан дүүстээ дэмжлэгийн гараа сунгаж, олон төрлийн буяны үйл ажиллагааг хэрэгжүүлэх халуун цэг байх болно. Таныг энд хүлээн авч, таныг энд сонсож, таныг энд ойлгох нэг төрлийн орон гэр тань байх болно.. Энэхүү шинэ санаачилга нь Католик шашны янз бүрийн байгууллагуудын дэмжлэгийг авч байгаа бусад олон төрлийн санаачилгат ажлуудын урьд өмнө хэзээ ч байгаагүй шинэ хувилбар юм: Монгол Улс дахь Католик шашин нь энэхүү шинэ санаачлагаараа дамжуулан энэрэл буяны ажил үйлсээ, нэг талаар, шашин дэлгэрүүлэгч бүхий л салбаруудын хамтын ажиллагаагаар, нөгөө талаар, Католик шашны төлөөлөгчийн газрын тамгалагдсан орон нутгийн онцгой шинж чанараар урагшлуулах болно. Та бүхний сонгосон Энэрэл нигүүлслийн өргөө хэмээх нэр надад үнэхээр таалагдаж байна. Энэ хоёр үг хүн бүрийн зүрх сэтгэлийг хөдөлгөдөг эрхэм дээд хайрыг мэдрэх боломжийг өгөх орон гэр байхаар дуудагдсан Католик шашныг тодорхойлж байна: ахан дүүс та биднийг Өөрийн амьдралд байлгахыг хүсдэг Эцэгийн эелдэг бөгөөд халамжит хайр шингэсэн орон гэрийг тодорхойлж байна. Иймээс энэхүү ажил бодит биелэлээ олоход та бүхэн, шашны байгууллага идэвхтэй хамтарч, боловсон хүчин, нөөц бололцоогоо дайчилж чадна гэдэгт найдаж байна.

Учир нь, энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд сайн дурын ажил зайлшгүй шаардлагатай, өөрөөр хэлбэл, тусламж шаардлагатай хүмүүст өөрийн хүслээр сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй үзүүлдэг цэвэр үйлчлэл юм: үүнийг санхүүгийн нөхөн олговор эсвэл хувь хүний ямарваа нэг хариу харсан үйлдэл дээр биш, харин хөршөө хайрлах цэвэр хайраар үйлддэг. Энэ бол Есүсийн бидэнд "Та нар үнэ төлбөргүй хүлээн авснаа, үнэ төлбөргүй өг" (Матай 10:8) хэмээн айлдсанчлан, бидэнд заасан үйлчлэлийн хэв маяг юм. Ингэж үйлчилснээр, бооцоогоо алдаж, хожигдсон мэт санагдах боловч хэрэв та сайн дурын ажилд биечлэн оролцож байгаа бол хариу нэхэлгүйгээр, өгсөн зүйлээ дэмий үрээгүй болохоо олж мэднэ: харин ч эсрэгээрээ цаг зав, эрч хүчээ зориулдаг хүмүүст асар их баялаг хуримтлагддаг. Үнэн хэрэгтээ, үнэ төлбөр нэхэлгүй өгөх нь сэтгэлийг гэрэлтүүлж, зүрхний шархыг эдгээж, биднийг Тэнгэрбурханд ойртуулж, баяр баясгалангийн эх үүсвэрийг нээж, зүрх сэтгэлийг залуу байлгадаг. Залуусаар дүүрэн Монгол Улсад сайн дурын ажилд өөрийгөө зориулах нь хувь хүний болон нийгмийн өсөлтийн шийдвэрлэх арга зам байж болох юм.

Амьдралын түвшин өндөр, өндөр технологитой нийгэмд ч гэсэн бусдыг хайрлахад цаг хугацаа, ур чадвар, нөөц бололцоогоо дайчлан ажилладаг сайн дурынхан байдаггүйсэн бол нийгмийн хамгааллын тогтолцоо нь дангаараа иргэдэд бүх үйлчилгээг үзүүлэхэд хангалтгүй нь бодит үнэн юм. Улс орнуудын жинхэнэ хөгжил дэвшил нь үнэндээ эдийн засгийн баялаг, зэр зэвсгийн хуурмаг хүчинд хэр их хөрөнгө оруулалт хийж байгаагаар хэмжигддэггүй, харин ард түмнийхээ эрүүл мэнд, соёл боловсрол, тогтвортой өсөлтийг хангах чадвараар хэмжигддэг билээ. Энэхүү нигүүлслийн өргөөнд та бүхэн сайн үйлсийн төлөөх хүсэл эрмэлзлээ хөгжүүлэх, зүрх сэтгэлээ дасгалжуулах үргэлжид нээлттэй байх "биеийн тамирын заал"-тай боллоо. Тиймээс өөрийгөө умартан, бусдад зориулах сайн дурын ажилд оролцох өгөөмөр агуу сэтгэлтэй Монголын нийт иргэдээ зоригжуулан, зүрх сэтгэлээ дасгалжуулахыг уриалж байна.

Эцэст нь, би зарим нэг "домог" болсон ойлголтуудыг үгүйсгэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, зөвхөн хөрөнгө чинээтэй хүмүүс сайн дурын ажил хийх боломжтой гэх бодлыг үгүйсгэж байна. Бодит байдал дээр эсрэгээрээ байдаг буюу сайн зүйлийг хийхийн тулд баян байх албагүй, үнэндээ эгэл жирийн хүмүүс л цаг хугацаа, мэдлэг боловсрол, зүрх сэтгэлээ бусдыг халамжлахад зориулдаг. Хоёр дахь үгүйсгэх домог бол нийгэмд үйлчлэх үйлсэд асар их үүрэг хүлээдгээрээ дэлхийд нэгэнт танигдсан Католик шашин өөрийн итгэл бишрэлд хүмүүсийг татахын тулд үүнийг хийдэг, өөрөөр хэлбэл бусдад санаа тавих нэрээр хүмүүсийг янз бүрээр “өөрийн талд” хүчээр татдаг гэх бодлыг үгүйсгэж байна. Үгүй ээ, Христийн итгэгчид тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг таньж, зовлон зүдгүүрийг нь арилгах, хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь, итгэгчид Тэнгэрбурханы Хүү Есүс болон Тэнгэрбурханы хүү эсвэл охин байхаар дуудагдсан хүн бүрийн эрхэм чанарыг тэдгээр хүмүүсээс олж хардаг.

Энэрэл нигүүлслийн өргөөнд шашин шүтлэг үл харгалзан янз бүрийн "шашин шүтлэгтэй" хүмүүс, тэр байтугай үл итгэгчид ч гэсэн орон нутгийн католик шашинт хүмүүстэй нэгдэж, хүнлэг сэтгэлийн үүднээс ахан дүүсээ энэрэн нигүүлсэхүйд тусалдаг газар байгаасай хэмээн төсөөлөхдөө би дуртай байна. Энэхүү мөрөөдлийг биелүүлэхийн тулд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг хүмүүс, төрийн албан хаагчид энэхүү хүмүүнлэгийн санаачилгыг дэмжиж, нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллах нь чухал юм. Ингэснээр төрөөс зохих ёсоор хамгаалж, дэмжих боломжтой ахан дүүсийн хамгийн сайхан нөхөрлөлийн шинж тэмдэг байх болно. Эцэст нь, гурав дахь үгүйсгэх ёстой домог бол зөвхөн эдийн засгийн арга хэрэгслээр дамжуулан халамжлах цорын ганц арга зам нь цалинтай ажилтнуудыг ашиглан, томоохон бүтцэд хөрөнгө оруулалт хийх явдал юм. Мэдээжийн хэрэг, энэрэл буяны үйлс нь мэргэжлийн ур чадвар шаарддаг, гэвч энэрэл буяны санаачилгууд нь бизнес болж хувирах ёсгүй, харин тусламж хэрэгтэй хүмүүсийг сонсох, энэрэн нигүүсэх чадвартай хүмүүсийг ямар ч нөхөн олговоргүйгээр оролцуулдаг буяны ажлын шинэлэг байдлыг хадгалах ёстой.

Өөрөөр хэлбэл, сайныг хийхэд зайлшгүй шаардлагатай зүйл бол бусдын төлөө хамгийн сайн сайхныг эрэлхийлэхээр сэтгэл шулуудсан сайхан зүрх сэтгэлтэй байх юм. Цалин хөлс горилж, аливаа ашгийг тооцоолон оролцох нь жинхэнэ хайр биш юм: зөвхөн хайр л амиа бодох үзлийг ялан дийлдэг, дэлхийг урагшлуулан чиглүүлдэг. Үүнтэй холбогдуулан би Калкута хотын Тереза гэгээнтний тухай нэгэн явдлыг эргэн дурсмаар байна. Түүнийг өвчтөний эхүүн үнэртэй шархыг цэвэрлэж байхыг харсан нэгэн сэтгүүлч "Таны хийж байгаа зүйл сайхан байна, гэхдээ би хувьдаа үүнийг сая доллар өгсөн ч хийхгүй" гэж хэлэхэд, Тереза эх хариуд нь инээмсэглэн байж "Сая доллараар би ч бас хийхгүй. Би үүнийг Тэнгэрбурханы хайрын төлөө хийж байна!" хэмээсэн гэдэг. Энэхүү өгөөмөр байдал нь Энэрэл нигүүлслийн өргөөний нэмүү үнэ цэнэ байгаасай хэмээн би залбирч байна. Та бүхний хийсэн болон хийх бүх сайн үйлсийн төлөө чин сэтгэлээсээ талархан, та бүхнийг адислан ерөөе. Та бүхнийг бас миний төлөө залбирахыг хүсье.