ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АПОСТОЛИК АЙЛЧЛАЛ, Шашин хоорондын уулзалт

2023-09-03

Шашин хоорондын уулзалт

Хүн театр, Улаанбаатар хот, 2023 оны 9-р сарын 3

 

Хайрт ахан дүүс ээ, та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая! 

Хүн төрөлхтний нэг л харьяалал, шашин шүтлэгийн нэг л нийтлэг эрэл хайгуулын үүднээс Христэд итгэгчдийн ахын хувиар болон та бүхний ахын хувиар та нарт хандаж, ярихыг минь зөвшөөрнө үү. Шашин шүтлэгийг эрэлхийлэх хүсэл эгээрэлдээ хөтлөгдөн, тэнгэр өөд ширтэн харахдаа, хүн төрөлхтнийг дэлхийд аялж буй аянчин жинчдийн нэг л бүлгэм мэтээр зүйрлэж болно. Энэ өнцгөөс харвал, холоос ирсэн Тэнгэрбурханд итгэгч нэгэн, би «тэнгэр, газраас өөр юуг олж харалгүйгээр» тэнд аялж байсан хэмээн Монголын талаар батлан бичсэн нь үнэхээр утга учиртай байжээ (Гуилелмо де Рубрук, Монголд хийсэн аялал, XIII/3, Mилан 2014, 63). Энд, цэлмэг хөх тэнгэр, хөрст бор газартай, сүр жавхлант дэлхийг “тэвэрч” байгаа бөгөөд хүний амьдралын хоёр үндсэн хэмжүүрийг дүрсэлдэг: өрөөл бусадтай харилцах харилцаанд үндэслэсэн дэлхийн хэмжүүр, биднээс чанадад орших агуу Нэгнийг эрэн хайх эрэл хайгуулд түшиглэсэн тэнгэрийн хэмжүүр. Товчхондоо, эргэл мөргөлчид, аялагчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөрийг олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг.

Энэхүү чухал уулзалтын цаг мөчид миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай байна. Бид бүгдийн эргэцүүлэл, эрэлхийлэлд хувь нэмрээ оруулсан хүн бүрд чин сэтгэлээсээ талархъя. Бид бүгд нэгэн дээвэр дор хамтдаа цугласан нь өөрөө нэгийг өгүүлж байна: шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөр өөрсдийн гарал үүсэл, өвөрмөц онцлогоороо дамжуулан нийгмийн төлөөх сайн сайхны гайхалтай нөөц бололцоог бүрдүүлж байдаг. Хэрэв улс үндэстний удирдагчид бусадтай яриа хэлэлцээр хийх замыг сонговол олон ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг таслан зогсооход шийдвэрлэх хувь нэмэр оруулах болно.

Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь хамтдаа зэрэгцэн оршиж байсан өнө эртний аугаа их түүхтэй Монголын ард түмэн бидэнд хамтдаа байж, бие биеэ илүү их таньж мэдэж, бие биеэ баяжуулах боломжийг олгож байна. Эртний эзэнт гүрний нийслэл Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд хамтдаа зэрэгцэн оршиж, сайшаалтай эе найрыг гэрчлэн харуулдаг байсан тул тус хотын буянт туршлагыг дурсахад сайхан байна. Эе найр: би энэ үгийг Ази тивийн өвөрмөц өнгө аясаар онцлон тэмдэглэмээр байна. Энэ бол өөр өөр бодит байдлын хооронд тэдгээрийг ерөнхийлөхгүйгээр, ижилсүүлэхгүйгээр, харин тэдгээрийн ялгааг хүндэтгэсэн, нийтлэг амьдралын ашиг тусын тулд бий болсон онцгой харилцаа юм. Би ингэж асуумаар байна: хүн бүхний эе найрын төлөө ажиллахаар итгэгчдээс хэн нь Тэнгэрбурханд илүү ойр дуудагдсан бэ?

Ах эгч нар аа, бидний дэлхий дээрх бусад мөргөлчидтэй хэрхэн эе найртай байж, амьдарч буй газартаа эе найрыг хэрхэн түгээж байгаа эсэх нь бидний шашин шүтлэгийн нийгмийн үнэ цэнийн хэмжүүр болдог. Үнэн хэрэгтээ, хүн бүрийн амьдрал, тэр ч байтугай шашин шүтлэг бүр бусдыг эрхэмлэхүй үзэл (альтруизм) -ийн үндсэн дээр "өөрийгөө хэмжих" шаардлагатай байдаг: бусдыг эрхэмлэхүй нь хийсвэр үзэл биш, харин бодит юм, өөрөөр хэлбэл, анд нөхрөө эрж олох, бусадтай өгөөмөр хамтын ажиллагаатай байх нь бусдыг эрхэмлэхүй юм, учир нь «мэргэн хүн өгөхдөө баярладаг ба үүний төлөө л аз жаргалтай болдог» (The Dhammapada: The Buddha's Path of Wisdom, Шри Ланка 1985, n. 177; Үйлс 20-д дурдсан Есүсийн үгсийг харна уу: 35). Ассисийн Францисын Ариун Сүнсээр өдөөгдсөн залбирал ийн өгүүлдэг: "Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас би энэрэл хайрыг хүргэх болно. Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас би уучлал өршөөлийг хүргэх болно. Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас би эв нэгдлийг хүргэх болно." Бусдыг эрхэмлэхүй үзэл нь эе найрыг бий болгодог бөгөөд хаа нэгтээ эе найр байвал харилцан ойлголцол, хөгжил цэцэглэлт, гоо үзэсгэлэн байдаг. Үнэн хэрэгтээ эе найр нь гоо үзэсгэлэнгийн хамгийн тохиромжтой ижил утга байж болох юм. Харин эсрэгээрээ, бусдад хаалттай байх, өөрийн санаа бодлыг бусдад тулгах, хэт туйлширсан үзэл (фундаментализм), үзэл суртлын шахалт зэрэг нь ахан дүүсийн ёсыг эвдэж, хурцадмал байдлыг өдөөж, энх тайван, амар амгаланг алдагдуулж байдаг. Амьдралын гоо үзэсгэлэн бол эе найрыг эрхэмлэсний үр өгөөж юм: тэр бол нэгдэл бөгөөд эелдэг байдал, даруу сонсох байдлаар өсөн хөгжиж байдаг. Амьдралын гоо үзэсгэлэнг хүлээн авах нь цэвэр ариун зүрх сэтгэл юм, учир нь "Жинхэнэ гоо үзэсгэлэн эцсийн эцэст зүрхний цэвэр ариун байдалд оршдог" (M.K. GANDHI, Il mio credo, il mio pensiero, Ром 2019, 94).

Шашин шүтлэгүүд энэ эе найрыг дэлхийд бэлэглэхээр дуудагдсан билээ, учир нь, техникийн дэвшил нь хүн төрөлхтний хэвтээ тэнхлэгийн, дэлхийн хэмжүүрийг л үзсэнээрээ бидний төлөө бүтээсэн тэнгэрийг умартах эрсдэлд орж байна. Ах, эгч нар аа, бид өнөөдөр эртний мэргэн ухааны сургуулийн даруухан залгамжлагчдын нэг адилаар хамтдаа байна. Уулзах бүрдээ бид, богино хугацаанд орж ирэх ашиг хонжоо ба тав тухын төлөөх эрэл хайгуулаас болж, нэг бус удаа төөрөлдсөн хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд өвлөж авсан агуу их сайн сайхныг хуваалцах гэж оролддог билээ. Бид ихэнхдээ утасны үзүүрээс атгаж чадахгүй: учир нь газар дэлхийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдсөн бид ухралыг дэвшилтэй андуурдаг. Үүнийг маш олон шударга бус явдал, маш олон зөрчилдөөн, маш олон байгалийн гамшиг, маш олон хэлмэгдүүлэлт, маш олон хүний үрэлгэн байдал нотолж байдаг.

Энэ утгаараа, Ази тив нь асар их хуваалцах зүйлстэй бөгөөд энэ тивийн зүрхэнд орших Монгол Улс мэргэн ухааны агуу их өв соёлыг тээж хадгалж байдаг. Энд өргөн тархсан шашин шүтлэгүүдийг бий болгоход тэдгээр нь өөр өөрийн хувь нэмрийг оруулсан ба үүнийг олж нээж, үнэлж дүгнэхийг та бүхэнд уриалж байна. Би та бүхэнд энэхүү мэргэн ухааны их өвийн талаар дэлгэрүүлж дурдалгүйгээр, зөвхөн арван чанарыг дурдмаар байна. Эд барааны хойноос улайран хөөцөлдөх орчин дахь соёл уламжлалд хандах зөв хандлага; ахмад настанд үзүүлэх хүндэтгэл-өнөөдөр ахмад болон залуу үеийнхний хоорондын холбоо бидэнд хэчнээн их хэрэгтэй байгаа билээ! Дараа нь өөрсдийн дундын гэр орон болсон байгаль орчноо хайрлан хамгаалахуй, энэ бол өнөөдрийн асар их хэрэгцээ шаардлага мөн. Нэмж хэлэхэд, өнөөгийн ертөнцийн олон зовлонгийн ерөндөг болох анир гүм байдал, дотоод амьдралын үнэ цэнийг дурдмаар байна. Мөн энгийн зөв амьдралын хэв маяг; бусдад зочломтгой хандах ёсны үнэ цэнэ; эд хөрөнгийн барилдлагыг таслах чадвар; хүмүүсийн хоорондын харилцааны соёлоос үүдэлтэй эв нэгдэл; энгийн байдлыг эрхэмлэхүйг нэрлэмээр байна. Эцэст нь, хувь хүн болон бүх нийтийн сайн сайхныг тууштай эрэлхийлэх амьдралын бодит прагматик хандлагыг орхиж үл болно. Эдгээр нь Монгол Улсын даян дэлхийд санал болгож чадах мэргэн ухааны их өвийн зарим элемент юм.

Та бүхний ёс заншлын тухай ярих юм бол, энэ аялалд бэлтгэж байхдаа Монголын ард түмний олон мянган жилийн түүхээс улбаатай мэргэн ухааныг илчилсэн уламжлалт гэр сууц, энэ нь намайг хэрхэн гайхшруулж байсныг би өмнө ярьсан. Үнэн хэрэгтээ, монгол гэр бол хүний орон зайг бүрдүүлдэг: гэр бүлийн амьдрал дотор нь өрнөдөг халуун дулаан газар юм, монгол гэр бол олуулаа байсан ч өөр хэн нэгэнд орон зайг хэрхэн гаргахаа мэддэг найрсаг харилцаа, уулзалт, яриа хэлэлцээний газар юм. Монгол гэр бол Монголын өргөн уудам нутаг дэвсгэрт амархан танигдахуйц тодорхой лавлах цэг юм; монгол гэр бол замаа алдсан хүмүүсийн итгэл найдварын оч гэрэл юм: хаана гэр байна, тэнд амьдрал бий. Гэр бол найз нөхөд, хэн нэгэн аялагч, тэр ч байтугай танихгүй нэгэнд ч үргэлж нээлттэй байдаг, монголчууд өвлийн хүйтэнд тамир тэнхээгээ алдсан нэгнийг уур савссан халуун цайгаар, зуны халуунд цангаж ундаассан нэгнийг сэтгэл сэргээх шинэхэн айргаар дайлдаг. Энэ нь бас Христийн Сайн Мэдээг даруухнаар гэрчлэхээр гадны орноос ирсэн Католик шашин дэлгэрүүлэгчдийн туршлага юм, тэднийг монголчууд мөргөлчид, зочин хэмээн хүндэтгэн хүлээн авсан ба тэд соёлын энэ ертөнцөд өлмийн дээрээ гишгэлэн чимээгүйхэн бас гүн хүндэтгэлтэйгээр орж ирсэн.

Гэхдээ монгол гэр нь хүнийг багтаах орон зай болохын зэрэгцээ тэнгэрлэг оршихуйг нээлттэй байх гэсэн чухал хандлагыг бас илэрхийлдэг. Дээш сөхөгдөх тооно, тооноор орж ирэх гэрэл гэгээ нь гэрийн сүнслэг хэмжүүрийг илэрхийлдэг. Ийнхүү гэр нарны том цаг болж, гэрэл сүүдэр бие биеэ хөөж, өдөр шөнийн цагийг тэмдэглэдэг. Энд нэг сайхан сургаал бий: цаг хугацааны урсан өнгөрөх мэдрэхүй нь газар дэлхийн үйл хэргийн энгийн урсгалаас бус харин дээрээс, тэнгэрээс ирдэг. Жилийн тодорхой цаг мөчид дээрээс нэвчиж орж буй нар сарны туяа нь гэрийн хоймрыг гэрэлтүүлж, сүнслэг амьдралын чухлыг санагдуулж байдаг. Тиймээс тойрог орон зайд өрнөж буй хүмүүний зэрэгцэн оршихуй нь өөрийн босоо тэнхлэгийн хэмжүүр, чанад дахь мөн чанар ба сүнслэг сэтгэлийн дуудлага руугаа байнга чиглэгдэж байдаг.

Олон шашин шүтлэгийн төлөөлөөгчид бидний дэмжиж буй эвлэрэн нэгдсэн бөгөөд буянт хүн төрөлхтнийг тэнгэрт нээлттэй яруу сайхан эв нэгдлээр ийн бэлгэдэн илэрхийлж байдаг. Түүгээр нь шударга ёс ба амар амгалангийн төлөөх зүтгэлийг, түүнчлэн Тэнгэрбурхантай харилцах харилцаанаас өөрийн үүсэл гарал ба ид хүчийг олдог. Энд, эрхэм ах эгч нар аа, бидний үүрэг хариуцлага түүхийн энэ цаг үед, ялангуяа, өнөөдөр нэн өндөр байна, учир нь тунхаглаж буй сургаалаа бид амьдралаараа батлах ёстой; бидний бодит амьдрал сургаал номлолоо үгүйсгэж болохгүй, эс тэгвэл, бид дуулиан шуугианы эх үүсвэр болно. Тиймээс сүсэг бишрэлийг хүчирхийлэлтэй, ариун нандин байдлыг бусдад санаа бодлоо тулгах үйлдэлтэй, шашин шүтлэгийн зөв зам мөрийг шашны ямарваа урсгалтай андуурч, бас өөр хооронд нь хольж хутгаж болохгүй. Өнгөрсөнд тохиолдсон зовлон зүдгүүрийн дурсамж – ялангуяа, Буддын шашны бүлгэмийн тухай би бодож байна - тийм ээ, ийм дурсамж харанхуйн шархыг гэрлийн эх үүсвэр болгох, хүчирхийллийн мунхаглалыг амьдралын мэргэн ухаан болгох, сүйрүүлэгч мууг бүтээгч сайн болгон хувиргах хүчийг өгөх болтугай. Өөрсдийн номын багш нарынхаа урам зоригтой шавь нар, тэдний сургаал номлолын ухамсартай үйлчлэгчид болсон бид ийм замаар явах болтугай. Тиймийн тул аяллын найрсаг хамтрагчид болохын хувьд, бид тэдний сургаал номлолын гоо үзэсгэлэнг дагалдагч нартаа бэлэглэхэд нээлттэй байх болно. Тиймээ, Монгол Улс лугаа нэгэн адил ардчиллын үнэ цэнийг дээдэлдэг, олон ургалч үзэлтэй нийгэмд иргэний эрх баригчдаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шашны байгууллага бүр бусдын ухамсрыг хүндэтгэхдээ, бүх нийтийн сайн сайхны төлөө зүтгэхдээ өөрийн мөн чанарыг, өөрийн сүсэг бишрэлийг бэлэглэх эрхтэй, бас үүрэгтэй байдаг билээ.

Энэ утгаараа Католик шашин нь шашин шүтлэг хоорондын, Христийн нийт чуулгануудын болон олон соёлын яриа хэлэлцээнд тууштай итгэж, энэ замаар алхахыг хүсэж, баталж байна. Католик шашны итгэл бишрэл нь Есүс Христийн бодгалиар бие махбод болсон Тэнгэрбурхан болон хүн төрөлхтний хоорондох мөнхийн харилцан яриан дээр суурилдаг. "Үйлчлүүлэхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд" (Мк 10.45) энэ дэлхий ертөнцөд ирсэн Багшийнхаа эгэл даруу амьдралыг, үйлчлэлийн сүнсийг дагахдаа Католик шашин хүн болгонд, соёл иргэншил бүрд хүлээн авсан өөрийн эрдэнэсээсээ бэлэглэж байдаг бөгөөд бусад шашны юу бэлэглэж байгаа тухай сонсохдоо нээлттэй байдаг. Үнэн хэрэгтээ, аливаа яриа хэлэлцээ нь [сүсэг бишрэлийн] тунхаглалтай зөрчилддөггүй: яриа хэлэлцээ нь ялгаануудыг тэгшитгэдэггүй, харин тэдгээрийг ойлгоход тусалдаг, өвөрмөц байдлаар нь хадгалж, илэн далангүй, харилцан баяжуулах зорилгоор харьцуулах боломжийг олгодог. Тиймээс дэлхийд орших далд нууц нь Тэнгэрээс адислагдсан хүн төрөлхтөнд хамаардаг. Хүмүүн бид хүн бүрт ижил эрхэм чанарыг бэлэглэдэг нэгэн нийтлэг гарал үүсэлтэй, биднийг ивээж, гэрэлтүүлэх нэгэн тэнгэрийн дор орших учиртай, хамтдаа алхахаас өөр аргагүй нэгэн зам мөртэй.

Ах эгч нар аа, бидний өнөөдөр энд байгаа нь найдвар боломжтой байгаагийн шинж юм. Хэрүүл маргаан, зөрчил тэмцэлд автсан энэ дэлхий ертөнцөд энэ нь үл гүйцэлдэх зүйл мэт санагдаж болох юм; Гэсэн хэдий ч хамгийн агуу үйлс нууцаар, бараг үл үзэгдэх хэмжээсээр эхэлдэг. Газар шороонд нуугдаж буй жижиг үрээс том мод ургадаг. Мөн "Цэцгийн анхилуун үнэр салхиар зүг зүгт тархдаг бол буянт амьдралтай хүмүүний үнэр дөрвөн зүг, найман зовхис, дээр доор арван зүгт тархдаг" (The Dhammapada, n. 54-ийг үзнэ үү). Яриа хэлэлцээг өрнүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох бидний хамтын хүчин чармайлт дэмий хоосон биш гэсэн итгэл үнэмшил батжин бадрах болтугай. Найдвараа хөгжүүлцгээе! Философичийн хэлсэнчлэн: "Хүн бүр итгэж найдаж байсан зүйлийнхээ дагуу агуу байсан. Нэг нь боломжтой зүйлд найдаж байхдаа агуу байсан; өөр нэг нь мөнхийн зүйлд найдаж байсан; Харин боломжгүй зүйлд найдаж байсан хүн хамгийн агуу хүн байсан" (S.A. KIERKEGAARD, Fear and tremor, Милан 2021, 16). Бидний тэнгэрт өргөдөг залбирал, бидний дэлхий дээр амьдарч буй ахан дүүсийн холбоо итгэл найдварыг тэтгэн хөгжүүлэх болтугай; Энэ бол бидний шашин шүтлэгийн энгийн бөгөөд найдвартай гэрчлэл, хараа дээгүүр хамтдаа алхаж, хүн бүрийн хувьд орон гэрийнхээ халуун дулаан уур амьсгалыг хамгаалахаар дуудагдсан мөргөлчид лүгээ нэгэн адил нэг дэлхийд эв найртай амьдарч байгаагийн энгийн бөгөөд найдвартай гэрчлэл юм.

Гялайлаа та бүхэндээ!