ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АПОСТОЛИК АЙЛЧЛАЛ, Хамба лам нар, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилтнууд болон шашны хариуцлагатны ажилчидтай хийх уулзалт

2023-09-02

Хайрт ахан дүүс ээ, та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая! 

Эрхэмсэг Хамба таны хэлсэн үгэнд баярлалаа, гэлэнмаа Салвиа, эцэг Петр Санжаажав болон Руфина та бүгдийн гэрчлэлд баярлалаа, энд хүрэлцэн ирсэн та бүгдэд, та бүхний сүсэг бишрэлд баярлалаа! Та бүгдтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Шашны амьдралыг сонгосон санваартан, гэлэнмаа бусад ахан дүүс та бүхнийг энэ нутагт ирэхэд, мөн эгэл сүсэгтнүүдийнхээ хамт Эзний болон бусдын төлөө өөрийгөө зориулахад түлхэц болгосон гол шалтгаан бол Сайн Мэдээ, түүний баяр баясал юм. Үүний төлөө Тэнгэрбурханыг ерөөе. Та бүгдтэй зарим нэг бодлоо хуваалцахад урам өгөх нэгэн сайхан магтаалын залбирал (Дуулал 34) –аас иш татъя: «Эзэн сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ!» (мөр 9).

“Амсацгаа, үзэцгээ”, учир нь, Эзэний баяр баясгалан, сайн сайхан байдал нь түр зуурын зүйл биш харин бидний дотор үлдэж, амьдралд амт нэмж, аливааг шинээр харуулдаг билээ. Руфина, үүнийг чи өөрийн гайхалтай гэрчлэлээр бидэнд хэлсэн. Тиймээс би энэ нутагт Сайн Мэдээг түгээхэд амьдралаа зориулсан тэр нүүр царай, түүний түүх дурсамжаар дүүрэн итгэлийн амтыг мэдрэхийг хүсч байна. Христэд итгэгчдийн шашны дуудлага ялангуяа тэдний энэ нутагт хэрхэн аж төрж буйг тодорхойлох нь бол Сайн Мэдээ, түүний төлөө амьдралаа зориулах явдал юм.

Энэ Кадетралыг босгосоноор барахгүй Монгол дахь Католик Шашны орчин цагийн анхдагч, анхны Апостолик тэргүүн хамба лам агсан Венслао Селга Падиллагаа дурсан санаж байна. Монголд Католик сүсэг бишрэл өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэлтэй бус харин маш эртнээс эхлэлтэй. Эхний мянган жилийн түүхэн хуудаснаа торгоны зам дагуу тархсан Сирийн уламжлалт Сайн Мэдээг дэлгэрүүлэгчдийн ул мөр тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба түүний дараагаар шашны элч төлөөлөгч нарын ихээхэн хүчин чармайлт гаргасан түүхүүд бий: XIII зууны дипломат элч төлөөлөгчдийг дурсахгүй байж болохгүй бөгөөд 1310 оны үед Монголын Их Юань гүрний асар уудам бүс нутгийг хариуцах төдийгүй Юань гүрний нийслэл Ханбалиг хотын анхны хамба ламаар Жованни да Монтекорвиног томилсон Папын үйл хэргийг хэрхэн мартах билээ. Тэрээр Дуулал ба Шинэ Гэрээг анх монгол хэлнээ хөрвүүлсэн хүн юм. 1992 онд СиАйСиЭм бүлгэмийн анхны шашин дэлгэрүүлэгч нар өнөөгийн Монгол улсад хүрэлцэн ирснээр Сайн Мэдээ, түүний төлөөх энэхүү агуу түүх ер бусын байдлаар дахин сэргэж, бусад шашны бүлгэмүүд, шашны хүрээний санваартангууд болон сайн дурын эгэл сүсэгтнүүд хүрэлцэн ирцгээсэн юм. Эдгээрийн дундаас идэвхи чармайлтаараа үлгэр дууриалал болсон Эцэг Стефано Ким Сон Хёныгоо /Padre Stephano Kim Seong-hyeon/ дурсмаар байна. Мөн түүнчлэн одоо бидэнтэй хамт байгаа Монгол дахь Сайн мэдээг дэлгэрүүлэгч олон үнэнч ахан дүүсээ санацгаая. Христийн төлөө амьдралаа зориулсны дараа тэд та нарын дотор болон та нараар дамжин үйлдсэн Эзэний сайн сайхан, гайхамшгийг үзэж, түүнийг амсаж байгаа билээ. 

Гэхдээ яагаад өөрийн амьдралыг Сайн Мэдээний төлөө зориулах ёстой гэж? Яагаад гэвэл, Дуулал 34 дүгээрт дурссанчлан, та бид Тэнгэрбурханы хайрын охь шимийг амьдралдаа амсаж, үнэрлэж. мэдэрсэн. Үнэндээ Тэнгэрбурхан Есүсээр өөрийгөө харагдахуйц, хүрч болохуйц, учирч болохуйц болгосон билээ. Тийм ээ, Есүс бол бүх ард түмэнд зориулагдсан сайн мэдээ. Тэрээр хүмүүний амьдралд сайн мэдээг хүргэж, соёл ба хувь хүний зүрх сэтгэлд “шивнэх"-ээ зогсоож чадахгүй Шашны тунхаглал юм.

Тэнгэрбурханы хайрын энэхүү гэрчлэл нь нүүр царайг хувиргаж, түүнийг гэрэлтүүлдэг цэвэр ариун гэрэл юм. Ахан дүүс ээ, Христэд итгэгчдийн амьдрал нь энэхүү нүүр царайг бишрэн харахаас төрдөг бөгөөд уг үйл явц [Тэнгэрбурханы] Үгээр, амьдралын Талхаар, бусдын царайгаар, ялангуяа сэтгэлдээ Есүсийг тээж явдаг ядуу хүнээр дамжин Эзэнтэй уулзах өдөр тутмын хайрын уулзалт болдог. Гэлэнмаа Силвиа, та өөрийн туршлагаар бидэнд энэ тухай сануулсанд баярлалаа!

Эрхэм санваартан, шашин дэлгэрүүлэгч, сахилт ахан дүүс болон шашны хариуцлагатны ажилчид та бүхэн Монголд байх энэ гучин нэгэн жилийн турш, олон төрлийн буянт үйл хэргийг амилуулсан үүний төлөө хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулсан ба Христийн сайн самари хүний нигүүлсэнгүй царайг тусгасан. Энгийн тусламжаас эхлээд боловсрол олгох хүртэл үүнээс цаашлаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, соёлыг түгээх зэрэг олон салбарт, олон хүнд хүрч үйлчилсэн, үүний үр шимийг хүртсэн хүмүүсийн хүндлэл, бишрэл нь та бүгдийн нэрийн хуудас юм. Хайрт монголын ард түмэндээ үр өгөөжтэй байх энэ замналаа үргэлжлүүлэхийг та бүхэнд уриалж байна.

Үүний зэрэгцээ Эзнийг “амсаж үзэх”- ийг мөн анхны харцнаас нь төрсөн бүх зүйл тэр агшин уруу үргэлж буцаж очихыг урьж байна. Эдгээрийг хийж үзэхгүйгээр, үнэн хэрэгтээ хүч чадал нь суларч, сүмийн үйл хэрэг нь хийх ёстой олон ажлаа хийж чадахгүй ядарч бухимдах эрсдэлд орно. Харин үүний оронд Христтэй хамт байж, Ариун судраас Түүнийг харж, Ариун авдарын өмнө Түүнийг чимээгүй бишрэн бясалгаж, тунгаан эргэцүүлбэл та үйлчилж буй хүмүүсийнхээ царайнаас Түүнийг таньж, дотоод баяр баясгаланг мэдрэх болно, энэ нь хүнд хэцүү үед ч таны зүрх сэтгэлд амар амгаланг авчирдаг. Ингэх нь цаг завгүй байснаас үүдэн анхаарал нь сарнисан хүмүүст бус ээдрээтэй амьдралын нугачаанд эрсдэл үүрэн зүдэрч буй нэгэнд хэрэгтэй. Бид Есүсийн амтыг мэдрэхийн тулд эх сурвалж болсон түүний нүүр царай, түүний оршихуй руу буцах хэрэгтэй: Тэр бол бидний эрдэнэ (Матай 13:44), түүний төлөө бүх зүйлээ зарцуулж болох үнэт сувд (Мт 13:45-46). Ази тивд нийтлэг-ариун нандин байдлын талаар хүчтэй мэдрэмжтэй, өргөн цар хүрээг хамарсан тод томруун шашны түүхтэй Монголын ахан дүүс, та бүгдээсээ энэхүү гэрчлэлийг хүсэн хүлээж байна, мөн та бүхэн жинхэнэ мөн чанарыг хэрхэн танихаа мэддэг.

Эзэн Есүс шавь нараараа улс төрийн үзэл санааг түгээлгэхийн тулд бус харин "Бидний Эцэг" болсон өөрийн Эцэгтээ очих тухай сайн мэдээг амьдралаараа гэрчлэхийн тулд тэднийг дэлхий даяар илгээсэн байдаг (Иохан 20:17), ингэснээр жинхэнэ ахан дүүсийн барилдлагыг бүх улс үндэстэнтэй бий болгодог. Энэ томилгооны үр дүнд бий болсон Шашин нь ямар нэгэн зэвсэггүй зөвхөн жинхэнэ итгэл дээр, Амилсан нэгний зэвсэггүй болгогч хүч буюу зэвсэггүйд суурилсан “ядуу даржин” Шашин юм. Энэ нь шархалсан хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх чадвартай “ядуу даржин” Шашин юм. Тийм ч учраас засгийн газрууд болон иргэний байгууллагууд Шашны сайн мэдээг түгээх үйлдлээс айх зүйлгүй, учир нь Шашинд улс төрийн зорилго байхгүй, харин бүх нийтийн сайн сайхныг дэмжих чадвартай Тэнгэрбурханы хайр ивээлийн даруухан хүч бас үнэн болон өршөөл нигүүлслийн Үгийг л зөвхөн мэддэг.

Энэхүү томилолтыг биелүүлэхийн тулд Христ Эзэн хүний биеийн эрхтнүүдээр төлөөлүүлэн өөрийн Шашныг бүрдүүлсэн. Христ бол Тэргүүн өөрөөр хэлбэл, Шашныг удирддаг толгой мөн. Түүнчлэн шинэ амьдралын тэмдэг болсон Шашны Ариун Ёслолуудаар дамжуулан Тэрээр өөрийн Сүнсийг Шашныхаа Биеийн дотор өөрөөр хэлбэл, бидний дотор хайрлаж байдаг. Шашны өвөрмөц дүр төрх ба үр шимийг бататгахын тулд Христ Эзэн санваартны хэргэмийг тогтоосон бөгөөд энэхүү хэргэм нь хонин сүргийнхээ төлөө амиа өгдөг Христ сайн Хоньчинтой нэгдэх дотно харилцааны шинж тэмдэгтэй билээ. Петр эцэг ламтан чи ч бас энэхүү томилолтыг биелүүлэхээр дуудагдсан: чи өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа! Ингэснээр Монгол дахь Тэнгэрбурханы ариун ард түмэн Ариун сүнсний төгс билгүүдийг басхүү эдэлж байдаг. Энэ өнцгөөс харвал, Хамба ламыг зүгээр нэг менежер биш харин ард түмнээ цуглуулж удирддаг Христ сайн Хоньчны амьд дүр төрх мөн гэж үзэхийг би та бүхнээсээ урьж байна: Учир нь, Хамба лам бол Христ доторх та бүхний ахан дүүсийн ёсыг тогтоож, өвөрмөц эрхэм өв соёлтой энэ үндэстэнд улам бүр суулгах томилолттой Эзэний элч нарын сүнсээр бялхсан шавь мөн. Тэгэхээр танай Хамба лам Кардинал цолтой болсон үйл явдал нь ойр дотно байдлыг илэрхийлдэг юм: та нар бүгд зөвхөн бие махбодын хувьд хол байгаа хэдий ч Петр гэгээнтний зүрх сэтгэлд нэн ойрхон байдаг; Үнэндээ Католик шашин та нартай, мөн танай бүх нийтийг хамарсан бүлгэмтэй нэн ойрхон байдаг бөгөөд Католик шашны энэ их эв нэгдлээр дамжуулан танай үнэн Католик бүлгэм нь дэлхий даяар тархан суурьшсан бүх ахан дүүсийн сайхан сэтгэлийг Монгол руу хандуулж байна.

Нэгдэл: би энэ үгийг онцлон тэмдэглэж байна. Шашныг цэвэр функциональ шалгуурын үндсэн дээр биш харин сүнслэг зарчмын үндсэн дээр дээр ойлгох хэрэгтэй. Учир нь, функциональ шалгуур ёсоор бол Хамба лам нь янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг олонхын зарчимд тулгуурлан зохицуулдаг, харин сүнслэг зарчим ёсоор Есүс Христ өөрийн сүнслэг бие буюу өөрийн Шашны дотор эв нэгдлийг бүрдүүлэхийн тулд Хамба ламын дүр төрхөд оршдог. Өөрөөр хэлбэл, Шашны доторх нэгдэл нь эмх журам, ёслол хүндлэлийн асуудал бус тэр тусмаа баг бүрдүүлэх сайн стратеги ч биш; Энэ бол Эзэнд итгэх итгэл, хайрын тухай бөгөөд түүнд үнэнч байх явдал юм. Тиймээс шашны бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь итгэл бишрэлийг тунхаглах, бас нутагшуулж, соёл заншилтай нийцүүлэх ач тустай аян зам дээрх эв нэгдлийг тогтоохдоо өөрийн Ард түмний дундах амьд Христийг төлөөлдөг Хамба ламтай нэгдэх нь чухал юм.

Эрхэм шашин дэлгэрүүлэгч нар аа, та бүхнийг яг энд Монголд өөрийн хайрыг гэрчлэхээр дуудсан Христэд өөрийгөө бүрэн зориулах ийм сайхан хишиг болсон гэдгийг “амсацгаа, үзэцгээ”. Эв нэгдлийн үрийг тарьж энэ замналаа үргэлжлүүлцгээ. Үүнийг илжигний нуруун дээр сууж Иерусалимд орж ирсэн, загалмай дээр хувцсаа тайлуулсан Эзэнийг дуурайж, энгийн даруу амьдарч хэрэгжүүлцгээ. Хүмүүст биечлэн анхаарал тавьж, тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байцгаа. Дэлхийн тав тухад бүү татагдацгаа, харин сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээнд тууштай байцгаа. Тиймээс анх түрүүнд энгийн даруу явдал ба ойр дотно байдал мөн түүнчлэн учирсан нүүр царай ба түүхүүд, бэрхшээлүүд ба санаа зовнилыг Есүст хүргэхээс бүү залхацгаа. Үүнийг зовж шаналж буй хүмүүсийн зүрх сэтгэлд цутгах учиртай итгэл найдварыг "Бүх тайтгарлын Тэнгэрбурхан"-аас (2 Кор 1:3) татаж авах чадвартай ба үйлчлэлийн ажилдаа тууштай байх чадалтай өдөр тутмын залбирлаараа хийцгээ.

Үнэндээ, Эзэнд ойр дотно болсон бол бидний дотор нэгэн үнэмшил илүү хүчтэй болдог бөгөөд үүнийг Дуулал 34 бидэнд цаг ямагт илэрхийлдэг: "ЭЗЭНээс эмээгчдэд юу ч дутагддаггүй […] ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн зүйлээр гачигдахгүй” (Дуулал 34 10-11). Мэдээжийн хэрэг, амьдралын тэнцвэргүй байдал, зөрчилдөөн, түгшүүртэй байдал нь итгэгчдээс бас хамаардаг, түүнчлэн хүмүүний амьдралын энэхүү зовлонт ачааг үүрэхээс шашин дэлгэрүүлэгчдийг бас чөлөөлдөггүй: Дууллыг дуулагч хорон муу санаатай хүмүүсийн болон муу явдлын тухай ярихаас айдаггүй, харин даруу хүмүүсийн хашхирах дууны өмнө “ЭЗЭН түүнийг тэр бүх зовлон зүдгүүрээс нь чөлөөлдөг”, учир нь "ЭЗЭН эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон байх агаад" мөн "Сүнсээрээ гэмшигчдийг авардаг" (Дуулал 34 18-19) – гэдгийг дуулдаг. Ийм учраас Католик шашин дэлхий даяарх ядуу, тарчиг бүх хүмүүстэй нэгдэн тэдний дуу хоолой нь болж, шударга бус явдлын өмнө дуугүй өнгөрдөггүй бөгөөд хүн бүрийн эрхэм чанарыг дэмжихэд даруухнаар өөрийгөө зориулдаг.

Хайрт ахан дүүс ээ, энэхүү шашин дэлгэрүүлэгч аян зам дээр найдвартай ивээгч та нарт бий. Энэ бол Манай тэнгэрлэг Эх. Түүнтэй танилцаад, би туйлын баяртай байсан! Тэрээр өөрийн сайхан сэтгэлийг, өөрийн эгэл даруу оршихуйг илтгэх нэгэн бодит тэмдгийг та бүхэнд өгөхийг хүссэн учир нь гэвэл, хогийн цэгээс олдсон энэхүү хөшөөг үлдээсэн: Язгуурын гэм нүгэлгүй Мариагийн дүрслэлтэй энэ үзэсгэлэнт баримал хогийн цэгээс гарч ирсэн: хог хаягдлаас Тэнгэрбурханы Ариун Эхийн цэвэр ариун байдлыг гаргахын тулд ямар нэгэн толбогүй, гэм нүглээс хамгаалагдсан Мариа нийгмийн хог хаягдалтай андуурагдахыг таалсан юм. Би сүүн далай шиг зүрхтэй ээж “сүүн далай эжий” хэмээх нэгэн сонирхолтой монгол уламжлалын талаар мэдсэн. "Монголын нууц товчоо"-д гэрийн тооноор орж ирсэн гэрэл домогт Алун гоо хатны хэвлийд үлддэг тухай гардаг. Та нар бас Цэвэр Охин Мариа эхээр дамжуулан Шашныхаа алхмуудыг өдөр бүр дээрээс ивээж байдаг тэнгэрлэг гэгээн гэрлийн үйлсийг тунгаан бодож болно.

Мариа Эх рүү харцаа өргөхдөө өчүүхэн жижиг байх нь асуудал биш, харин аливаа бүхний ундарга гэдгийг ойлгож, тайвширцгаа. Тийм ээ, Тэнгэрбурхан өчүүхэн бяцханыг хайрладаг бөгөөд өчүүхэн жижгээр дамжуулан агуу үйлсийг үйлдэхийг хүсэн таалдаг. Үүнийг Мариа гэрчилж байна (Лук 1, 48-49) Хайрт ахан дүүс ээ, та бүхэн цөөхөн тооноос, ирээгүй амжилтаас, үр дүнгүй байдлаас бүү айцгаа. Энэ нь Тэнгэрбурханы зам мөр биш. Мариаг харцгаа, Түүний өчүүхэн байдал нь тэнгэрээс уудам юм, Учир нь, тэрээр тэнгэр, тэнгэрүүдийн тэнгэр ч багтааж чадамгүй Нэгнийг өөртөө тээж байсан (1 Хаад 8, 27). Сайн мэдээг баяр баясгалантайгаар гэрчлэхээс ядардаггүй шатаж буй хайр, эрч хүсээр дүүрэн хичээл зүтгэлийг гуйн Түүнд өөрсдийгөө даатгацгаая. Урагшаа алхацгаа: Тэнгэрбурхан та нарт хайртай. Тэр таныг сонгосон ба танд итгэж байгаа. Би та бүгдтэй хамт, чин сэтгэлээсээ та бүхэнд хандаж хэлэхэд: баярлалаа. Та бүхний гэрчлэлд баярлалаа, Сайн Мэдээг түгээж, амьдралаа зориулж буйд тань баярлалаа. Залбирахдаа тууштай, буяны үйлсийг үйлдэхдээ бүтээлч бүтээмжтэй, эв нэгдлээр явахдаа тэвчээр тэсвэртэй, юм бүхэнд ба хүн бүхэнд хандахдаа баяр дүүрэн ба зөөлөн сэтгэлтэй үргэлжлүүлж явцгаа. Би та бүгдийг адисалж, санаж байх болно. Мөн миний төлөө залбирахаа бүү мартаацгаа.

Гялайлаа та бүхэндээ!