Ватиканы гадаад харилцааны Сайд, Ахлах Хамба лам, Эрхэм Паул Р. Галлагерын “Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь” хэмээх их баярт зориулсан номлол


Хайрт ахан дүүс нараа,
Юуны өмнө Улаанбаатар дахь Апостолик Захиргааны сүсэгтэн олон, санваартнууд, сахилт хүмүүс, түүнчлэн энд хүрэлцэн ирсэн бусад байгууллагын төлөөлөл та бүхэнд Пап Францис надад өөрийнх нь Апостолик Адислал болон ойр дотно сэтгэлийнх нь баталгааг өгөөмрөөр дамжуулахыг даалгасан болохыг дуулгаад түүний мэндчилгээг хүргэж байгааг минь болгооно уу.
- Сайн ба муугийн гарал үүсэл
Өнөөдөр бид Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь хэмээх их баярыг ёслон тэмдэглэж байна. Өнөөдрийн уншлага Тэнгэрбурхантай харилцсан хүний харилцааны түүхэн дэх хоёр чухал хэсгийг толилуулж, сайн ба муугийн талаарх гол асуултыг бидэнд ойлгуулан өгч байна.
Библийн Эхлэл номонд (3:9–15, 20) хүн төрөлхтний анхны "үгүй"-н тухай өгүүлдэг. Тэр бол хүн аливааг өөрийнхөөрөө үйлдэж, өөртөө найдахыг хүссэнээрээ Бүтээгчдээ бус өөртөө хандахыг сонгосон ухамсарт шийдвэр юм. Ийм байдлаар хүн аз жаргал нь Тэнгэрбурханы дур тааллыг хүлээн зөвшөөрч, Эзэний оршихуйд оршин байхаас хамаарна гэдгийг умартдаг. Үүнээс гадна хүн Тэнгэрбурханы нэгдлийн дур тааллыг үл тоомсорлосноор үнэндээ өөрийгөө алдаж, айж, нуугдаж мөн ойр хүмүүсээ буруутгаж эхэлдэг. («тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн» харьц. Эхлэл 3:10, 12). Тэнгэрбурхан няцаагдаж, гадна тавигдсан тохиолдолд сэтгэл түгшилт нэмдэгдэнэ, буруу бусад руу чиглэгдэнэ. Нигүүлсэнгүй Эцэгийн хувьд Тэнгэрбурхан хүнийг гэм нүглийнхээ үр дагаврыг амсаг гээд орхидоггүй харин түүнийг хайн "Чи хаана байна?" хэмээн асуудаг (9-р бадаг). Тэнгэрбурхан хүнээс "Түр зогс, нөхцөл байдлыг бодолц, чи хаана байна?" гэж асууж байх шиг. Энэ бол санаа зовсон эцэг эхийн алга болсон хүүхдээсээ асуух "Чи хаана байна?", "Чи юунд орооцолдсон бэ?" гэдэгтэй ижил асуулт юм. Ингэж Тэнгэрбурхан эхэлж гар сунгаж, замын дунд хүмүүстэй уулзаж, өөрийг нь орхисон хувийн сонголтоос нь үүдсэн шархуудыг анагаадаг.
Хоёр дахь гол зүйлийг өнөөдрийн Лукийн Сайн мэдээний айлдалд өгүүллээ (1:26–38). Тэнгэрбурхан бидэнтэй адил хүн болоод бидний дунд ирж байна. Энэ зүйл Мариагийн “тийм” гэсэн хариултаар дамжуулан биелэх боломжтой олсон. Тэнгэр элчийн хэл мэдээ хүргэж ирэхэд Мариагийн өгсөн “тийм” хариулт бол хүн төрөлхтний өнөөх анхны “үгүй” гэсэн хариултын яг эсрэг нь байсан. Нэгэн эмэгтэй эерэг хариултын ачаар Есүс хүн төрөлхтний зам дахь аяллаа эхлүүлсэн. Уг нь аялал нь Есүс Мариа Эхийнхээ хэвлийд амьдралынхаа эхний саруудыг өнгөрүүлснээр эхэлсэн. Есүс өөрийгөө шууд л нас биед хүрсэн, хүчирхэг байдлаар харуулалгүй хүний туулж өнгөрүүлдэг бүх замаар явсан. Тэр гэм нүглээс бусад бүх зүйл өөрийгөө бидэнтэй ижил болгосон. Энэ зорилгынхоо төлөө Тэрээр язгуурын гэм нүгэлгүй цор ганц бүтээл Мариаг сонгосон билээ.
Энэ нь Шашны Эцгүүдийн зааж сургаж, дамжуулсан Христийн шашны бүлгүүдийн итгэл. Тухайлбал Лионы Иреней гэгээнтэн "Евагийн дуулгаваргүй байдлын зангилаа Мариагийн дуулгавартай байдлаар тайлагдсан" гэж хэлсэн, (Тэрс үзлийн эсрэг 3.22.4), Гэгээн Жером санваартан "Үхэл Евагаар дамжин ирсэн, харин амьдрал Мариагаар дамжин ирсэн" (Захидлууд 22.21) гэж нэмж хэлсэн.
- Язгуурын гэм нүгэлгүй Бүрэлдэгч Монголд
Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн, бидний сэнтийд заларсан дүр төрхөөр гайхалтай харагдаж буй Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа өнөөдөр хайрт Монгол ахан дүүс та бүхний төлөө өөрийгөө зориулж байна. Өнөөдөр Мариагийн язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь их баярын өдөр, бидний ёслол төгөлдөр залсан дүр төрхөөр гайхалтай харагдах Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа бидэнд өөрийгөө өгч байна.
Төгс Жаргалт Эхийн энэ дүр төрх бидний сүнслэг байдалд тус дэм болохоор өгөгджээ. Ингэснээр ганцаардах эсвэл тусламж хэрэг болох цагт түүний үлгэр жишээнээс суралцаж, түүний оршихуйгаар хүч чадал авахыг сурч болно. Хэдэн жилийн өмнө Дархан Уул аймагт нэгэн эмээ хаягдал хогон дундаас өөрийнхөө болон өнөр өтгөн гэр бүлийнхээ амин зуулганд хэрэгтэй ямар нэгэн зүйлийг хайж байхдаа даавуунд ороосон үнэлж баршгүй энэ модон баримлыг олсныг би дуулсан. Үүнийг олсондоо гайхан баярласан Цэцэгээ эмээ “үзэсгэлэнтэй хатагтай”-г гэртээ авч иржээ. Дараа нь тэндээсээ баримлыг орон нутгийн сүмд аваачиж, эцэст нь энд Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд авч ирэн залж байна.
Энэ онцгой түүхээс бид юу сурч болох вэ? Төгс Хүчит Тэнгэрбурхан хүн төрөлхтөн бидний хир буртагтай холилдох хэмжээнд очтолоо өөрийгөө даруу байлгахыг дуртайяа сонгодог. Мариагийн "тийм" гэсэн өгөөмөр хариултаар дамжуулан Тэнгэрбурхан биднийг Түүний хайртай хүү охид байх тэрхүү хамгийн өндөр эрхэм үнэт чанарт нь хүргэн дээшлүүлэхээр Өөрөө өчүүхэн дорой хүн төрөлхтөн рүү доош буудаг. Тэр хүн төрөлхтөн бидний хир буртгаас айдаггүй, харин ч Тэр балчиг шавраас гайхалтай гоо үзэсгэлэнтэй болж ургах бадма лянхуа цэцэг Азийн олон соёлд эрхэм байдгийн адил энэ бүхнийг даван, бидэнд эр зоригийг бий болгоход ашигладаг. Мариа бол дэлгэрч буй гайхамшигт цэцэг бөгөөд бидэнд хишиг ивээлээрх амьдралын шинэлэг байдал, гоо үзэсгэлэнг авчирдаг.
Түүнчлэн Язгуурын гэм нүгэлгүй Бүрэлдэгчийн олдсон баримал хувь хүний гэрээс олон нийтэд шилжиж байгаа явдал нь өөрийн гэсэн утга учиртай. Бие биетэйгээ нэгдсэн нэгдлээр итгэл бишрэлийг амьд байлгадаг тул бид өөрсдийн дотор хаалттай хэвээр байж болохгүй. Энэ нэгдэл бол Пап лам Францисын хэлснээр “Бид нэг Шашны хувьд "ахан дүүсийнхээ тэмцэл, хүсэл тэмүүлэлтэй нэгдэх цаг үеийг ялган таньж, бие биенээ сонсож, хамтдаа урагшилна" (Хамба лам нарын Синодын нээлт, 2021 оны 10-р сарын 9) хэмээн хэлсэн.
- Төгс Жаргалт Цэвэр Охин Мариад өөрсдийгөө даатган тушаахуй
Хайрт ахан дүүс нараа, тэгвэл бид яах ёстой вэ?
Хүн нэг бүрт өөрийн гэсэн "тийм" ба "үгүй" болгоноор нь бичигдсэн бусдад өгүүлэх цагаатгалын өвөрмөц түүх байгаа бөгөөд бид Тэнгэрбурханы юу хүсч байгааг, бидний ухамсар юу тушааж байгааг ойлгохгүй мэт дүр эсгэж, амьдралын хамгийн гол гол асуултуудад сэтгэл гаргалгүй хайнга хариулж болохгүй. Ийм зүйл хийх нь биднийг Тэнгэрбурханаас холдуулж, дундыг баримтлагч руу хөтөлдөг. Харин Тэнгэрбурханд "за" гэсэн хариу үг шинэ түүхийг бүтээж, сайн мэдээний айлдлын жинхэнэ эсгэх хөрөнгө болгодог. Мариагийн адил Тэнгэрбурханы хэв маягт зүрх сэтгэлээ нээж, гуйвшгүй итгэл бишрэлийг нь даган дуурайж, Тэнгэрбурханы хайр энэрэлд итгэж, "Таны дур таалын дагуу надад биелэг" хэмээн итгэлтэйгээр хэлцгээе.
Хэдхэн хормын дараа бид Монгол хүмүүсийн горьдол найдвар, хүсэл эрмэлзэл, сэтгэл зовнил, баяр баясгалан, зовлон шаналал, сэтгэл ханамжийн түүхийг төлөөлөх сургуулийн дүрэмт хувцас, хуримын даашинз болон өөр бусад хувцаснаас бэлгэдэн толилуулж буй янз бүрийн даавууны хэсгээс бүрдсэн өнгө алагласан нөмрөгийг өргөх болно. Төгс Жаргалт Эхэд өөрсдийн бүх уналт бүтэлгүйтэл, цагаатгалын хэрэгцээг танилцуулж, бидний өргөх боломжтой бүх хэлтэрхийг тарьж ургуулахыг, тэдгээрийг өршөөнгүй хайр энэрэл, адислалын нөмрөгөнд сүлжин нэгтгэхийг гуйж байгаа чин сэтгэлийн өргөлийн тэмдэг байдлаар сүсэг бишрэлийн энэхүү өчгийг үйлдэж байна. Энэхүү тахимдуу хүлцлээр бид Мариагийн дэргэд байх хүслээ сэргээж, бидний сэтгэл зүрхэнд Христ мөнхөд хаанчлах болтугай хэмээн түүний зуучлалд бүгдийг даатгацгаая. Тиймээс, энэ ёслолын үеэр бид энэ Үндэстний материаллаг болоод оюун санааны сайн сайхны төлөө энэ залбирлаар нэгдье.
“Аврагчийн Эх Язгуурын гэм нүгэлгүй Цэвэр Охин минь ээ, өнөөдөр Монгол дахь Шашин танд өөрийгөө даатган тушааж байна. Таныг хүндлэн дээдэлж, тэнгэрлэг нөмрөг дор тань хуран цугларсан энэ хүмүүсийн залбирлыг хүлээн авна уу. Канагийн хурим найран дээр шивнэж байсан шигээ "Есүсийн хэлсэн бүхнийг хий" хэмээн хүн бүрийн зүрх сэтгэлд зөвлөхөө үргэлжлүүлнэ үү. Хүүхдүүдийг угтан авч, өвдсөн хүмүүсийн зовлон шаналлыг багасгаж, амьдралын замаа сонгож буй эрхэм Монгол залуусыг хүчирхэгжүүлж, тэднийг Тэнгэрбурханд онцгойлон зориулах сүнслэг дуудлагыг олж мэдрэхэд дэмжиж, гэр бүлүүдийг хамгаалж, сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн дотор эрхэм зорилгыг өдөөн бадрааж, бид бүгдийг Таны Хүү Есүс рүү удирдан зална уу”. Амэн.
Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедрал дахь Талархал магтаалын мөргөл,
Улаанбаатар хот, 2022.12.08