Шашин дэлгэрүүлэгч нарын Ирэлтийн цаг улирлын бясалгал боллоо.

2022-12-14

Шашин дэлгэрүүлэгч нарын 2022 оны Ирэлтийн цаг улирлын бясалгал 12 дугаар сарын 7 ны өдөр Апостолик Захиргааны төв оффис дээр болж өнгөрлөө.

Энэ удаагийн бясалгалд “Төв Азийн Хамба лам нарын бага хурлын тэргүүн, “Алмати хотын хамба лам” Хосе Луис Мумбиэла Сьерра хүрэлцэн ирж “Ирэлтийн улирал”ын тухай сонирхолтой эргэцүүлэмж яриа өгсөн нь онцлог байлаа. Хамба лам Хосе Луис Мумбиэла Сьерра нь Испани үндэстэн бөгөөд 1995 оны 6 дугаар сарын 25ны өдөр санваартны сахил хүртэж, 1998 онд Казакстан улсаас шашин дэлгэрүүлэх ажлаа анх эхлүүлсэн. Казакстаны Караганда хотын санваартан бэлтгэх сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2011 оны 3 дугаар сарын 5ны өдөр Пап лам асан XVI Бенедикт  түүнийг хамба ламын хэргэм зэрэгт томилж, 2011 оны 5 дугаар сарын 8ны өдөр Хамба ламын сахил санваарын хэргэм хүртжээ.

Тэрээр итгэл бишрэлийн нэн чухал дөрвөн зүйлс болох: итгэл бишрэл, амар амгалан,  баяр баясгалан, горьдол найдварын тухай онцлон ярилаа. Хамба лам Хосе Луис Мумбиэла Сьерра 12 дугаар сарын 8ны өдөр болох “Тэнгэрлэг Эх Мариа” Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд залж, нөмрөг өмсүүлэх ёслолд оролцохоор уригдан 12 дугаар сарын 5ны өдөр Монголд айлчлан ирсэн билээ.

Шашны төлөө сэтгэл зүрх, амь амьдралаа зориулан Тэнгэрбурханы онцгой дуудлагын дагуу амьдарч буй шашин дэлгэрүүлэгч нартаа удахгүй болох Христийн мэндэлсний баярын мэндийг дэвшүүлж, Эзэний ивээл дүүрэн байх болтугай хэмээн ерөөе.