Синодын аялалын нээлтийг хийлээ.

2021-10-22

Хамба лам нарын Синод 2023

 “Зөвшилцлийн төлөөх Шашин:

Ариун нэгдэл, Хамтын оролцоо, Итгэлийн томилгоо”

Католик шашны тэргүүн Пап Францис нь энэ оны 10-р сарын 10-ны Ням гарагт католик сүсэгтнүүдийнхээ дунд нэгэн чухал аянг албан ёсоор дэлхий дахинаа зарлалаа.

 “Ватиканы II Дээд Хуралдаан”-аар (1962-1965) католик Шашинд шинэтгэлийн үйл явц өргөн далайцтай явагдсанаас хойш хамба лам нарын олон төрлийн “Синод”[1]-ыг зохион байгуулах болсон.

 Одоогийн энэхүү “Синод 2021-2023” нь шашны байгууллагын бүхий л бүтэц, захиргааны нэгж болон шашны тэргүүнээс энгийн сүсэгтэн хүртлэх өргөн царааг хамруулах зорилготой юм.

Хамба лам нарын Синодод бэлтгэх аян: 2021 оны 10-р сар – 2022 оны 8-р сар

Ямар учиртай аян бэ?

Уг аянг ирэх 2023 онд Ром хотод “Зөвшилцлийн төлөөх Шашин: Ариун нэгдэл, Хамтын оролцоо, Итгэлийн томилгоо” нэрээр зохион байгуулагдах Хамба лам нарын Синодын урьдчилсан бэлтгэл болгон хийж буй үйл ажиллагаа юм.

2015 оны 10-р сард 50 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хамба лам нарын Синод”-ын үеэр Пап Францис: “Бидний амьдран буй дэлхийд сөргөлдөөний нөхцөлд ч бид энэрэн хайрлах, харилцан үйлчлэх дуудлагатай байж, Шашин өөрийн томилгоог бүхий л түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх шаардлагатай” хэмээн тунхагласан билээ. Энэ нь Шашны томилгоондоо Тэнгэрбурханы хүмүүс бид бүгд харилцан хамтрахыг тодорхойлж буй хэрэг юм. Түүнчлэн тэрээр, “ариун угаал хүртсэн бүхэн бидэнд нэн тэргүүнд хэрэгцээтэй буй шашны болон нийгмийн өөрчлөлтөд бүрэн оролцоотой байх шаардлагатай. Энэхүү өөрчлөлт нь хувь хүний болоод хамтын хувьслыг авчирч, биднийг Тэнгэрбурханы адил аливааг ойлгон харахад чиглүүлнэ” хэмээжээ.

Иймд бэлтгэл аян нь дан ганц шашны төлөөлөгч эсвэл Шашны захиргааны нэгжийн бус орон нутгийн түвшинд хүртэл зохион байгуулагдах хэрэгцээтэй байгаа болно. Уг аян нь дараах зарчмын дагуу явагдана. Үүнд:

  • Ялгаж таних чадвартай байх /Discernment/[2] - “анхааралтай сонсох” замаар Ариун Сүнсээр жолоодуулах орон зайг бий болгох.
  • Хялбар дөхөм байх /Accessibility/ - материаллаг эх үүсвэрийн боломж, чадамжаа алдсан, нийгэм-эдийн засгийн байр суурь, боловсрол, хэл соёл, амьдран буй байршил зэргээс үл хамааран аль болох олон хүмүүсийг оролцоотой байлгах.
  • Соёлын ялгаатай байдлыг хүндэтгэх /Cultural awareness/ - олон талт ялгаа бүхий орон нутгийн нэгжүүдийг оролцуулах.
  • Шаардлагатай бүрэлдэхүүний оролцоог хангах /Inclusion/ - завсрын, хязгаарын хүмүүс болон “өөрийгөө оролцох хэрэгцээгүй” гэж үзэж буй хүмүүсийг ч хамруулахад хүчин чармайлт гаргах.

Тиймээс сүсэгтэн бид энэхүү аянаар дамжуулан хувь хүний амьдралын, итгэлийнхээ мөн чанараа тунгаах бодох, үр өгөөжийг нь амсан мэдрэх, түүндээ тэмүүлэх үйл явц хэмээн хүлээн авч болно. Хамтдаа алхдаг, харилцан зөвшилцлийн Шашин байхын тулд бид Тэнгэрбурханы үгийг хамтдаа сонсдог, харилцан нэгнээсээ суралцдаг, шашны томилгоондоо хамтын оролцоотой байх хэрэгтэй юм.

Аяны үе шатууд:

  1. Энэхүү аяны эхний шат нь шашны хүрээний түвшинд буюу хамба лам нар хариуцсан бүс нутагтаа өрнөх учиртай. Дэлхийн өнцөг булан бүрт 10-р сарын 17-нд нэг ижил өдөр албан ёсны нээлт нэгэн зэрэг хийгдсэн. Энэ шат нь 2021 оны 10-р сараас 2022 оны 8-р сар хүртэл үргэлжлэнэ. Үүний дүгнэлтийг түвшин бүрт нэгтгэн цуглуулах үйл явц болно.
  2. Дараа нь 2023 оны 3-р сараас өмнө улс болон тивийн хэмжээнд урьдчилсан хурал хийгдэнэ.
  3. Харин 10-р сард нь сүүлчийн шат буюу Хамба лам нарын Их хурал болно.

ЖИЧ: Монгол дахь католик шашны хувьд бусад улс орны хамт 10-р сарын 17-нд албан ёсны нээлтээ хийх боломжгүй байсан тул хамба лам Жиоржио Маренго нь 10-р сарын 20-нд хоёр дахь монгол гаралтай санваартан мэндэлсэн түүхэн баярт үйл явдлын Мөргөлөөр аянаа албан ёсоор нээсэн болно.

Аяны үйл явц:

Энэхүү аяны хүрээнд нэгдсэн журмаар Ватиканаас гарын авлага, удирдамж болон сэдэв (10 сэдэв) болон асуулгыг шашны хүрээнүүд (англи:diocese) дотооддоо харьяа сүм, байгууллагуудынхаа хамтран ярилцах, санал солилцон хуваалцах байдлаар арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Монголын нөхцөлд хараахан шашны хүрээ (англи: diocese) болж өргөжин тэлээгүй тул өнөөгийн статусын түвшинд зөвхөн Апостолик Захиргааны бүтэц дотроо аянг өрнүүлнэ.  

Уг аянтай зэрэгцэн Монгол дахь Католик Шашны 30 жилийн ой 2022 онд тохиож байгаа учраас энэхүү дэлхийн католик сүсэгтнүүдтэй мөн Паптай хамт эхэлсэн уг Синодын аян нь бидний хувьд өндөр ач холбогдолтой болж байгаа юм.

ЖИЧ: Ватиканы II Дээд Хуралдааны хэсэг бүрт “Adsumus Sancte Spiritus” залбирлаар эхэлдэг байжээ. Уг залбирал нь тэртээ 7-р зуунд Севилийн Гэгээн Изидор залбирснаас эхлэлтэй бөгөөд түүнээс хойш аливаа Зөвлөгөөн, Синод, Ассемблейн цугларалтуудад зуун зуун жилийн туршид ашигласаар иржээ.

Энэхүү аянд “Adsumus Sancte Spiritus” залбирлыг хялбаршуулсан хувилбараар ашиглахаар тогтсон болно.

 

Синодын залбирал

Аяа, Ариун Сүнс минь, өмнө Тань бид зогсож байна

(Adsumus Sancte Spiritus)

Ариун Сүнс минь,

Таны нэр алдраар бид хамтдаа цугларан, өмнө Тань зогсном. 

Биднийг чиглүүлэх нь гагц Та тул зүрх сэтгэлд минь тааваараа тухлан, бидний явах ёстой зам хийгээд түүгээр хэрхэн замнахыг зааж өгнө үү.

Бид сул дорой ба гэм нүгэлтэй. Биднээр үймээн самууныг бүү дэвэргээ.

Мунхаг харанхуй байдлаар биднийг буруу замд бүү хөтлүүл, үйлдлийг маань алагчлах сэтгэлд бүү автуулна уу.

Таны дотор бид нэгдлээ олж авбал зөвөөс болон үнэний замаас гажилгүй мөнх амьдрал руу хамтдаа аялах юм.

Энэ бүхнийг Эцэг ба Хүүгийн ариун нэгдэлд үүр мөнх оршиж газар бүрт, цаг ямагт ажилладаг Танаас бид гуйж байна. Амэн.

 


[1] Синод нь 1965 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамба лам нар Папд (Ромын хамба лам) түгээмэл Шашны сайн сайхны төлөөх үйлсэд туслахаар цуглардаг их хурал юм. Синод хэмээх үг нь syn-hodos (сүн-одос) орчуулбал “хамтдаа алхах” гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Синод бүрт Папын сонгосон сэдэв дээр анхаарлаа төвлөрүүлж, хэлэлцэн зөвшилцсөний дараа хамтдаа алхах урт хугацааны замаа тодорхойлдог. Сонсох, ялгаж таних ба оролцох нь Синодын шийдвэр гаргах жинхэнэ үйл явц бөгөөд хамтдаа алхдаг Шашны чухал шинж юм.

[2] Хүн бүрт шийдвэр гаргах хэрэгцээ байнга тулгардаг. Нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад сайн мууг ялгаж таних чадвар /Discernment/ хэрэгтэй. Ийм чадвартай байх боломжийг оюун ухаан ба ухамсар бүрдүүлдэг бөгөөд Ариун Сүнсний оролцоо маш чухал юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.synod.va/it.html