Маттэо Риччигийн талаарх конференс амжилттай болж өндөрлөлөө

2025-02-23

Кардинал Жоржо Маренгогийн санаачилгаар соёл хоорондын харилцан ойлголцол, яриа ба сайн мэдээний томилогсдын ажил үйлсийн чухлыг онцолж урам зориг өгөх зорилготой "Маттэо Риччи ба Сюй Гуанчи нарын нөхөрлөлийн түүх. Хятад дахь Христийн шашны үүсэл" сэдэвтэй конференс 2025 оны 2 дугаар сарын 19-нд Антоон Мостаэрт Монгол Судлалын төвд 19:00 цагт амжилттай зохион байгуулагдлаа. 

Зочин илтгэгчээр Итали улсын иргэн, Католик шашны PIME институтын санваартан Жанни Кривеллер байлаа. Тэрээр гуч шахам жил Тайвань, Хонконг, Макао зэрэг хятадаар яригч улс орнуудад багшилж олон эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд урилгаар оролцдог судлаач эрдэмтэн хүн юм. Мөн Хонконг дахь Теологи, Философийн чиглэлийн Ариун Сүнс нэртэй санваартны сургуульд теологи, түүхээр лекц өгч байсан бөгөөд одоогоор Милан хотноо багшлахаас гадна Католик шашны сайн мэдээний илгээлтийг судалдаг судлаачдын олон улсын холбооны (IACM) ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. 

Санваартан Жанни Кривеллер илтгэлдээ сайн мэдээний томилогсдын хувьд анд нөхөрлөл бол маш чухал чанар гэдгийг цохон тэмдэглээд Матай Ричи болон Сюй Гуанчи хоёрын нөхөрлөлийг Хятадын Христийн шашны түүхэнд чухал үе шат болсныг эх сурвалжаар тайлбарлав. 

Тус илтгэлээс онцлоход:

  • Маттэо Риччи (1552-1610) Италид төрсөн ба Есүйт институтын санваартан, шинжлэх ухаанч, одон орон судлаач хүн байсан. Тэр Хятадад Мин гүрний үед Барууны шинжлэх ухааны мэдлэг болон Христийн шашны сургаалыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. 
  • Маттэо Риччигийн хувьд шинжлэх ухаан ба итгэл бишрэл хоорондоо үл зөрчилдөх бөгөөд шинжлэх ухааныг судлах нь Тэнгэрбурханы талаар таних мэдэх, ойлгох замд нээнэ хэмээн үздэг байсан. 
  • Inculturation гэдэг нь (Католик шашинд сүүлийн хэдэн арван жилд Христийн шашны сайн мэдээ болон тодорхой соёл хоорондын харилцааны үйл явцыг илэрхийлэхэд ашигладаг нэр томъёо) сайн мэдээг хүлээн авсан хүмүүс үүнийг амьдралдаа утга учиртай зүйл болгохыг хэлнэ. 
  • Ямар ч гоц суу хүн байлаа ч хэн нэгэн түүнд хэлэхгүй л бол Тэнгэрбурханыг мэдэж чадахгүй. Учир нь энэ бол мэдээ юм. Тиймээс сайн мэдээний төлөө томилогдон илгээгдсэн хүмүүсийн хийх зүйл бол номлох
  • Маттэо Риччигийн Хятадад үлдээсэн өв: Математикаас эхлээд одон орон судлалын мэдлэг, Хятад календарын алдаа засварлалт, газар тариалан, хөгжим, урлаг зэргийн хөгжилд хувь нэмэр оруулсан. Хятадын газрын зургийг засан сайжруулсан бөгөөд одоо ч түүний бичсэн газар зүйн нэршлүүдийг ашигладаг. Бээжингийн музейд Хятадын түүхэнд нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд Маттэо Риччи, Марко Поло нарын нэр багтсан байдаг. 
  • Маттео Риччигийн бичсэн номнуудаас тэр дундаа “The True Meaning of the Lord of Heaven” (1603) “Тэнгэрийн Эзэний үнэн утга учир” ном Хятадад байсан солонгос сэхээтнүүдийн анхаарлыг ихэд татаж, тэд хожим Солонгост буцан очиж өөрөө өөрсдөдөө Христийн сайн мэдээг дэлгэрүүлсэн сонирхолтой түүхтэй аж.

Конференсийн төгсгөлд кардинал Жоржо Маренго Монголд томилогдон ирсэн нийт санваартан, гэлэнмаа, эгэл хүмүүстээ хандан аливаа бүхний эхэнд Монголын ард түмнийг хайрлах хайр шүү гэдгийг хэллээ. Мөн тэрээр мэдэх зүйлсдээ хэзээ ч үл бардан энэхүү ард түмнийг улам бүр таньж мэдэхийг хичээнгүйлэхийг уриаллаа.

Эцэст нь конференсийг санаачилсан Кардинал Жоржо Маренго, илтгэгч санваартан Жанни Кривеллер, хөтлөн явуулсан санваартан Жэй Марк болон Антоон Мостаэрт төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.