Гандантэгчинлэн хийдийн төлөөлөгч нарыг Пап Францис хүлээн авч уулзлаа


Ариун Эцэг Францис МБШ Төв Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж болон бусад төлөөлөгчдийг 2025 оны 1-р сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Энэхүү чухал уулзалтыг Монгол дахь Католик шашны тэргүүн эрхэмсэг Кардинал Жоржо Маренго Ватиканы Шашин хоорондын яриа хэлэлцээний Папын яамтай хамтран Ватикан хотноо зохион байгуулжээ.
Гандантэгчинлэн хийд үүний талаар цахим хуудаснаа мэдээлэхдээ «Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлон, шудрага ёс ба иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээн байгуулахад шашны гүйцэтгэх үүргийг чухалчлав» гэсэн байна.