2025 оны Жүбили жилийн нээлт ба Кардинал Жоржо Маренгогийн номлол

2024-12-30

Католик шашин хорин таван жил тутам нэгэн ой тэмдэглэдэг бөгөөд үүнийг Жүбили жил гэж нэрлэдэг. Монгол хэлээр “Ойн баярт ариун жил” хэмээн хэлж болно. Уламжлалын дагуу 2025 онд тохиох Жүбили жилийг Пап Францис 2024 оны 12 сарын 24-ны өдөр Ватикан дахь Гэгээн Петрийн сүмийн ариун хаалгыг заншил ёсоор нээснээр албан ёсоор эхлүүлсэн юм. Мөн түүнчлэн 12 сарын 29-ны ням гарагт Катедрал бүрт тухайн газрын хамба нар Жүбили жилийн нээлтийн Талархал магтаалын мөргөлийг тусгай зан үйлийн дагуу тэмдэглэх тов зарлагдсан. Тийнхүү Монгол дахь Католик шашны тэргүүн Кардинал Жоржо Маренго 12 сарын 29-ны Ариун гэр бүлийн баярын өдөр Улаанбаатар дахь Петр, Паул гэгээнтнүүдийн Катедралд нийт сүсэгтнүүдийн хамт Жүбили жилийн нээлтийн мөргөлийг ёслон тэмдэглэлээ.

Тэрбээр номлолдоо Есүсийг олж чадалгүй сэтгэл зовнин хайж эцэст нь Түүнийг сүмээс олж буй Мариа, Иосеф нарын түүхээс жишээ татан тулгарах сорилт бэрхшээлүүдээр дамжуулан итгэл бишрэлийнхээ мөн чанар, учир шалтгааныг ахин олж нээхийг сануулж, Жүбили жилийн хишиг ивээлд нээлттэй хандаж сүнслэг шинэчлэлт хийхийн чухлыг онцлов. Мөн Монгол дахь Католик шашинд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагуудын төлөө залбирахаас гадна сүм дэх идэвх оролцоогоо сэргээхийг нийт сүсэгтнүүддээ уриаллаа.

Ариун гэр бүлийн баярын мөргөлд зориулсан номлол

2024 оны 12 сарын 29

Бидний дөнгөж сая сонссон айлдлын хуудсан дээр Назарын Ариун гэр бүлийн амьдралд тохиолдсон нэгэн онцгой үйл явдал гарлаа. Есүсийг 12 настай жаахан байхад иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяраар заншил ёсоор Иерусалим руу дагуулан явав. Харин Есүс баярын хөл хөдөлгөөн дунд Мариа, Иосеф нарыг анзааралгүй хоцрон үлджээ. Тийнхүү Мариа, Иосеф нар мөрөөр нь буцан явсан бөгөөд түүнийг олоход тэр сүмд, багш нарын дунд сууж байхыг үзээд ихэд гайхдаг. Түүний тэдэнд өгсөн хариулт нь бүр ч цочирдмоор бөгөөд ямар утгатай болохыг тэд ойлгоогүй. Гэсэн хэдий ч Мариа болсон зүйлийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалдаг. Яагаад Лукийн Сайн Мэдээ энэ үйл явдлыг өгүүлээд өөр бусдыг нь өгүүлээгүй юм бол? Энэ бол Есүсийн бага насны тухай бичигдсэн бидэнд байгаа цор ганц хэсэг юм. Яг л өнөөдөр бидний итгэл бишрэлийн замд ямар нэгэн чухал зүйлийг илтгэсэн гол цаг мөч байсан юм шиг.

Юуны өмнө, энэ өдрийг талийгаач хамба Венсеслао Падилла маань Монгол дахь Католик шашны тусгай баяраар сонгосныг эргэн санацгаая. Энэ улсад сайн мэдээг түгээсэн анхдагч тэрбээр биднийг Назарын Ариун гэр бүлд өөрсдийгөө даатгадаг Христэд итгэгчдийн нэгэн гэр бүл юм гэж бодох дуртай байсан. Түүний дурсгалыг хүндэтгэн, энэ айлдлын хэсгээс бидэнд өгч буй сургаалыг сонсохыг хүсч байна. Бид үүнийг ийн дүгнэж болно: илүү гүнзгий түвшинд Есүсийг ахин олохын тулд Түүнийг түр хугацаанд алдах. Энэ бол сэтгэлээ шаналган Есүсийг хайж байсан Мариа, Иосеф  нарын туршлага байв. Тэгээд түүнийг олоод зэмлэх шахам байдаг. Хариуд нь жаахан Есүсээс ийм үгсийг сонсдог: “Та нар яагаад намайг хайсан юм бэ?”

Энэ үндсэн асуулт дээр түр азная. Бид яагаад католик сүсэг бишрэлтэн болохыг сонгосон бэ? Юу энэ алхамыг хийхэд түлхэв? Мэдээж, Есүсийн ямар нэгэн зүйл биднийг татсан ба бид Түүнийг дагамаар санагдсан. Магадгүй нэг миссионерийн үлгэр жишээ эсвэл сүм дээрээ мэдэрсэн хүмүүнлэг агаад сүнслэг уур амьсгал эсвэл бидэнд таатай мэт санагдсан амьдралд тустай зарим давуу тал байсан байх. Гэвч амьдрал биднийг байнга сорьж, сонголтуудаа баталгаажуулахыг биднээс шаарддаг. Хэрэв бид зөвхөн ямар нэгэн материаллаг ашиг сонирхлын үүднээс Есүсийг дагахаар шийдсэн бол энэ нь хангалтгүй гэдгийг бид удахгүй ойлгоно. Амьдралын тайван бус байдалтай тулгарахад тэрхүү материаллаг ашиг сонирхол дангаар өгч чадахгүй ёс суртахуун ба оюун санааны жишиг болох гүн гүнзгий шалтгаан хэрэгтэй болдог.

Эсвэл энэ хооронд хүмүүс солигдож, Католик шашны гоо үзэсгэлэнг бидэнд нээж өгсөн өнөөх найз эсвэл өнөөх миссионер байхгүй болсон мөн одоо байгаа хүмүүст бид бага татагдаж байгаа байж магадгүй. За, тэгвэл одоо сонголтынхоо шалтгаан руу гүн гүнзгий орох цаг болжээ: Би яагаад Есүсийг дагаж байгаа вэ? Би яагаад сүмд ирж байгаа вэ? Хэсэг хугацаанд би Мариа, Иосеф нарын туулсан шиг бүрэн ойлголтгүй арга барилаар хандахдаа бүх хариулт “халаасанд байгаа”, итгэл бишрэлийг хувийн хэрэгцээнд нийцүүлэн удирдаж чадна гэж итгэж байсан. Хүүхэд байсан Есүс тэдэнтэй хамт амьдарч, бүх зүйл ердийн хэмнэлээр үргэлжилж байсан боловч чухам тэр үед Иерусалимаас буцаж яваа хүмүүсийн дунд Есүсийг олоогүй болохоор тэд ихэд айн түгшсэн. Эзэний тарчлал ба үхлийн гурван хоног шиг тэдний зовлон гурван хоног үргэлжилсэн. Харин Есүсийг эргүүлэн олохдоо тэд нэг алхамаар урагшлах, нэг алхамаар гүнзгийрэхэд уригдсан бөгөөд тухайн мөчид үүнийг ойлгохгүй байлаа. Айлдалд “Хэлсэн үгийг нь тэд ойлгосонгүй” гэж хэлдэг. Магадгүй бид ч мөн яг одоо юу болоод байгааг бүрэн ойлгоогүй байх боломжтой юм. Монгол дахь Католик шашин удахгүй 33 нас хүрнэ. Бидний эргэн тойрон дахь нийгэм толгой эргэх хурдаар өөрчлөгдөж байна. Бид өсч, гэр бүлүүдийн маань хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна ...

Тиймээс бид ч гэсэн өөрсдөөсөө “Яагаад Эзэнийг эрж хайх вэ?” гэж асуух цаг нь болсон. Магадгүй Эзэнийг хайсаар байна уу аль эсвэл хамтран ажилладаг миссионерууд маань бидний хүссэн шиг биш учраас бухимдан хэдэн жилийн өмнө хийсэн итгэл бишрэлийнхээ сонголтын үнэн зөв эсэхэд эргэлзэж эхлэн бараг үргэлж харилцааны шинжтэй байдаг асуудлуудад орооцолдон үлдсэн үү? 

Өнөөдөр Жүбили буюу ойн баярт ариун жилийн хишиг ивээлийн цаг хугацаа бидний өмнө нээгдэж байна. Хэрэв бид итгэл бишрэлийнхээ нэн чухал зүйлсийг дахин олж нээхээр эдгээр үндсэн асуултыг нухацтай авч үзэх боломж биш юм бол энэ нь юу байна гэж? Католик шашин 25 жил тутамд өөрсдийг маань тэтгэн амьдруулж буй хишиг ивээлийн эрдэнэсээ эргэн харах хэрэгцээг мэдэрдэг. Тэр нь Христийн бий болгосон цагаатгал аврал юм. Тийнхүү жинхэнэ Эх, Католик шашин нь дэлхий даяар тархсан хүүхдүүддээ хандаж, бүх зүйлийн утга учрыг дахин олж мэдэх ер бусын арга замуудыг санал болгодог: Жинхэнэ Тэнгэрбурхан, жинхэнэ хүн Есүс Христ бидэнд мөнх амьдралд хүрэх замыг нээсэн. Тэр бидний гэм нүглийг үүрч, биднийг чөлөөлж, хайраар өөрчлөгдсөн шинэ амьдралаар амьдарч, бусдын төлөө өөрийгөө зориулах чадвартай Тэнгэрбурханы хүүхдүүд болгосон.

Өөр үгээр хэлбэл, Католик шашин энэ Жүбили жилийг тохиолдуулан бидэнд оршдог найдварыг сануулж байна. “Найдвар биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Тэнгэрбурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг” (Ром 5 :5). Христ бол хаалга ба бид энэ тэмдэглэлт ёслолын эхэнд бэлгэдэлт байдлаар түүгээр дамжин өнгөрсөн. Тэр бол амьд ус, Ариун угаал хүртэх өдөр биднийг угааж, ялангуяа залбирлаар болон ахан дүүсээ гэсэн энэрэл хайраар тэжээх юм бол үргэлжлүүлэн зүрхэнд маань ундарсаар байдаг ус юм. Тэр бол гал, бататгал ёслолын үед биднийг бататгаж Амилсан Христийн гэрч байхаар дууддаг гал юм. Тэр бол талх, шинэ амьдралын найранд оролцогчид болгож, Эвхарист тэмдэглэх бүрт бидэнд өгөгддөг талх юм. Тэр бол Аврагч, гэм нүглийнхээ “шуудайг хоослохыг” хүсэх бүрт эвлэрлийн ёслолоор биднийг хүлээж байдаг авран гэтэлгэгч юм. Тэр бол гэрлэлтийн ёслолоор мөнхийн үнэнчээр бие биедээ өөрсдийгөө чөлөөтэй өгөхөөр шийдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүний хайрыг ерөөн адисладаг нэгэн. Тэр бол цор ганц үүрдийн санваартан, зарим хүмүүсийг зэмсгээ болгохын тулд сахил санваарын хэргэм хүртэх ёслолоор тэднийг өөртэй нэгтгэдэг санваартан юм. Тэр бол тэнгэрлэг эмч, өвчтөний тосон түрхлэг ёслолоор бидний зовлон шаналлыг хөнгөвчилдөг эмч юм.

Христэд итгэгчдийн хувьд бидэнд байгаа энэхүү агуу бэлгийг бүрэн дүүрнээр дахин олж мэдэхийн тулд Католик шашин энэ жил илүү олон хишиг ивээлийн арга замуудаар хангахаар төлөвлөж байна. Эдгээрийн нэг нь Ром дахь дээд сүмүүдийн хаалгаар итгэл бишрэлээр дамжин гарах итгэгчдийн эргэл мөргөл юм. Гэхдээ энэ нь зөвхөн нэг арга зам бөгөөд бидэнд байгаа арга хэрэгслүүдээс хамгийн чухал нь биш юм. Үнэндээ бид бүгд Ромд биечлэн очоогүй байсан ч Католик шашин “их өршөөл” хэмээн нэрлэдэг тэрхүү зүйлийг эвлэрэл ёслолоор дамжуулан олж авах боломж бий. Их өршөөл гэдэг нь “аль хэдийнээ уучлагдсан гэм нүгэлд оногдсон хугацаат ял шийтгэлээс Тэнгэрбурханы өмнө өршөөгдөхийг хэлдэг”. Түүнчлэн өөрсдийнхөө Катедралд ирж, Эвхаристад оролцож, наминчлал үйлдэж Ариун Эцэгийн санаа зорилгын дагуу залбирснаар Жүбили жилд тусгайлан зориулсан энэхүү хишиг ивээлийг хүлээн авч болно. Үүнээс гадна Апостолик Захиргаанаас зохион байгуулах бясалгал болон сургалтуудад хамрагдах, ялангуяа энэрэл нигүүлслийн үйлс нь өршөөлийн билигт хишгийг хүртэх арга замуудад тооцогддог. Энэ тал дээр сүмүүдэд энэхүү хишиг ивээлийн цаг хугацааг хамгийн үр өгөөжтэй байлгахын тулд хувийн хэрэгцээнд ашиглах сургалтын материал болон хэрэглэгдэхүүн бэлэн байлгах болно. 

Эцэст нь хэлэхэд, хайрт ах дүүс нар аа, Мариагаар дамжуулан энэ жилийн турш даган дуурайх зөв хандлагыг илэрхийлсэн айлдлын бичвэр рүүгээ эргэн орцгооё: итгэл бишрэлээр бүх юмыг зүрхэндээ нандигнан хадгалах. “Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв. Есүс өсөж байв...”. Ийнхүү Есүс бидний дотор ч өсөж, амьдралын бүхий л нөхцөл байдалд түшиглэх найдвартай найз болох болно. Ийм байдлаар юу юунаас илүүтэй бид өсөж, сүмийн хамт олныг байгуулахад биечлэн оролцох амлалт үүргээ шинэчлэнэ. Энэ бидэнд маш их хэрэгтэй байна!

Хүн бүр Жүбили буюу ойн баярт ариун жилийн хишиг ивээлийг хүртэж, түүнийгээ сүмийн хамт олны өсөлт хөгжлийн төлөөх үйлчлэлд оруулах болтугай. Монгол дахь Католик шашинд ариун бөгөөд хариуцлагтай сүсэг бишрэлтнүүд хэрэгтэй! Гомдол, маргаан, гашуун шүүмжлэлүүдээ хажуу тийш тавьж Христийн төлөө шийдвэр гаргаж, Католик шашны амьдралын төлөө хамгийн сайнаараа зүтгэцгээе. Залуучууд дундаас маань санваартны ариун болоод халуун сэтгэлийн дуудлага гарахын төлөө, энэ улсын эрэгтэй эмэгтэй сахилтнууд бий болохын төлөө, сүмийн хамт олны маань амьдралыг тэтгэх урам зоригт катекистуудтай байхын төлөө залбирцгаая. Хүн бүрийн хүсч буй сайн сайхан өөрчлөлт нь Католик шашны сургаалд даруу, дуулгавартай байдлаар хувь нэмрээ оруулснаар л бий болно. Бүгдэд нь Монгол дахь Католик шашны баяр болон Жүбили жилийн мэндийг хүргэе.

Кардинал Жоржо Маренго