Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суугаа Элчин сайд, Тэргүүн хамба лам Жиованни Гаспари-н албан айлчлал эхэллээ.

2024-09-03

Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суугаа Элчин сайд, Тэргүүн хамба лам Жиованни Гаспари 2024 оны 9 дүгээр сарын 2-9-ний хооронд Монгол Улсад албан айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ний 17 цагт Чингис Хаан ОУ онгоцны буудалд хүрэлцэн ирлээ.

Түүнийг 2024 оны 3 дугаар сарын 2-нд Пап Францис Гэгээн Ширээт Улсаас Монгол Улс, БНСУ-д хавсран суух Элчин сайдаар томилсон. Тэрээр Тэргүүн хамба лам Альфред Шеребын ажлыг залгамжилсан.  .

Товч намтар  
Тэргүүн хамба лам Жиованни Гаспари нь 1963 онд Италийн Пескара хотод мэндэлсэн. 1987 оны 7 дугаар сарын 4-нд Санваартны сахил санваарын хэргэм хүртсэн. Тэрээр Сүмийн хууль, Ёс суртахууны теологоор суралцаж мэргэшсэн. 2001 оны 7 дугаар сарын 1-с Гэгээн Ширээт Улсын Дипломат харилцааны хэлтэст ажиллаж эхэлсэн. Тэрээр Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын олон улстай харилцах хэлтэст Иран, Албани, Мексик, Литва зэрэг улсуудад Гэгээн Ширээт Улсын төлөөлөгчөөр ажиллаж байсан.

 2020 оны 9 дүгээр сарын 21-нд Пап Францис түүнийг Ангол болон Сан-Томе ба Принсипи улсуудад Гэгээн Ширээт Улсаас суух элчин сайдаар томилсон. 2020 оны 10 дугаар 17ний өдөр Хамба ламын сахил санваарын хэргэмийг Ром дахь Гэгээн Петрийн Катедралд Кардинал Пиетро Паролинаас хүртсэн. Тэрээр Англи, Испани,Франц хэлээр ярьдаг.

Тэрээр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 8-ний Ням гараг Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедралд Монгол дахь Католик ахан дүүсийн хамт Талархал магтаалын мөргөл тэмдэглэнэ.