Сүнслэг ахуйгаа тунгаан нягтлах бясалгал болно.
Өөрийн сүнслэг ахуйгаа тунгаан бясалгахын утга учир юу вэ?
Өөрийн сүнслэг ахуйгаа тунгаан нягтлах дасгал нь сүсэгтнүүд хийгээд мишионаруудын Тэнгэрбурхантай харилцах сүнслэг харилцааг сэргээх гол зорилготой юм. Ийм төрлийн бясалгалын үед чимээгүй байдлыг эрхэмлэх нь чухал байдаг. Учир хүн өөрийн дотоод сэтгэл болон Ариун судраар дамжуулан Тэнгэрбурханы дуу хоолой сонсох орчныг бүрдүүлж өгөх нь бясалгалын гол утга учир байдаг.
Бясалгалыг хэн удирдах вэ?
Сүсэгтнүүдийнхээ сүнслэг байдлыг дэмжин тэтгэх үүднээс эрхэмсэг хүндэт Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар есүйт санваартан Жиан Паул Хернандез Монголд айлчлан ирж сүнслэг ахуйгаа тунгаан нягтлах дасгалыг удирдан явуулах болно
Католик шашны 480 гаруй жилийн түүхтэй Есүйт ордерийн гишүүд соёл боловсрол, эрдэм судалгааны чиглэлээр ажилладаг. Мөн эмнэлгийн байгууллага, сүм хийдэд үйлчилж, нийгэм болон хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэхээс гадна Христийн тодотголтой нийт сүм чуулганы найрсаг харилцаа холбоог хөхүүлэн дэмждэг. Үүнээс гадна Есүс Христийн сургаалаар замнахад туслах сүнслэг сэтгэлийн дасгалууд хөтлөн явуулдаг гэдгээрээ олонд танигдсан билээ.
Тэгвэл Монголдоо анх удаа Есүйт ордерийн уламжлал ёсоор есүйт санваартнаар удирдуулсан сүнслэг сэтгэлийн дасгалд оролцох ховор завшаан католик сүсэгтнүүдэд маань тохиож байна.
Хэзээ хаана болох вэ?
Энэхүү бясалгал нь өөрийн сүнслэг амьдралд шинэ туршлага шинэ сэргэлтийг хүсэж буй хүн бүхэнд нээлттэй бөгөөд 2024 оны 9 сарын 16-20 ний өдрүүдэд Хандгайт дахь Намуухан хүнгэнэх дуу бясалгалын газар болно. Сүсэгтнүүд өөрийн харьяа сүмүүдэд бүртгүүлэх ба сүмээс нэгдсэн нэрсийг 2024 оны 8 сарын 15-ний дотор хүлээн авна.
Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88468020 болон Имэйл: pastoralbarimtbichig@gmail.com- руу хандана уу.