2024 оны Дөч хоногт цаг улиралд зориулсан Ариун Эцэг Пап Францисын айлдвар

Тэнгэрбурхан биднийг цөл дундуур эрх чөлөө рүү хөтөлдөг
Эрхэм ахан дүүс ээ!
Тэнгэрбурхан Өөрийгөө илчлэхдээ ямагт эрх чөлөөний тухай үгсийг бидэнд захиас болгон хэлдэг билээ. “Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Тэнгэрбурхан ЭЗЭН байна.” (Гэтлэл 20:2). Энэ бол Синай уулан дээр Мосед өгөгдсөн Арван бошгийн эхний үгс. Үүнийг сонссон хүмүүс Тэнгэрбурхан ямар гэтлэлийн талаар ярьж буйг сайн мэдэж байлаа. Боолчлогдож байсан үеийнхээ хүнд хэцүү туршлагыг тэд мартаагүй байв. Цөлд байхдаа тэд эрх чөлөөнд хүрэх зам болох "Арван үг"-ийг хүлээн авсан. Ард түмнээ төлөвшүүлэх гэсэн Тэнгэрбурханы агуу хайрыг онцлон тэмдэглэхийн тулд бид тэдгээрийг "тушаал" гэж нэрлэдэг билээ. Эрх чөлөөний дуудлага хүмүүс биднээс ихийг шаарддаг. Түүнд шууд хариулахад хэцүү. Эрх чөлөө аян замын явцад төлөвших учиртай. Цөлд Египетийг санан дурсаж Эзэн, Мосе нарын эсрэг гомдоллож байсан Израилчуудын адилаар өдгөө Тэнгэрбурханы ард түмэн болсон бид ч гэсэн өнгөрсөндөө үлдээх учиртай дарангуй боолчлолоос зууралдах нь бий. Ийм зүйл үнэхээр болдог гэдгийг бид хүрэх ёстой амласан нутаг гэж үгүй, цөл шиг санагдах амьдралд найдвар алдан тэнүүчилж явах үедээ ойлгодог. Зөнч Хосеагийн хэлсний дагуу цөлийг анхны хайртайгаа учирсан газар болгож чадах (Хосеа 2:16-17) хишиг ивээл Дөч хоногт цаг улирлаар бидэнд өгөгддөг. Тэнгэрбурхан ард түмнээ төлөвшүүлдэг. Тэр бидэнд боолчлолыг ардаа орхин, үхлээс амьдралд хүрэх Алгаслын баярыг тэмдэглэх боломжийг олгодог юм. Эзэн сүйт залуугийн адилаар бидний зүрх сэтгэлд хайрын үгсийг шивнэж биднийг дахин Өөртөө татдаг билээ.
Боолчлолыг гэтлэн эрх чөлөөнд хүрэх аян зам хийсвэр биш. Хэрэв бид Дөч хоногт цаг улирлыг тодорхой маягаар тэмдэглэн өнгөрөөе гэвэл нэн түрүүнд нүдээ нээн бодит байдлыг харах алхмыг хийх хэрэгтэй. Гал дүрэлзэх бутны дундаас Мосег дуудахдаа Эзэн биднийг хардаг, мөн хамгийн чухал нь биднийг сонсдог Тэнгэрбурхан гэдгээ шууд илэрхийлсэн билээ. “Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.” (Гэтлэл 3:7-8). Өнөөдөр ч дарангуйлагдсан олон ахан дүүгийн маань хашхираан тэнгэрт тулж байна. Бид тэдний хашхирааныг сонсож байна уу? Тэдний хашхираанд сэтгэл зовж байна уу? Сэтгэл хөдөлж байна уу? Эдгээр асуултуудыг өөрсдөөсөө асууцгаая. Өдгөө маш олон зүйл биднийг бие биеэсээ холдоход хүргэж, анхнаасаа байсан ахан дүүсийн холбоог үгүйсгэж байна.
Лампедуса хотод айлчлах үеэрээ би дэлхий дахинд дэлгэрсэн тоомсоргүй хандлагыг эсэргүүцэн "Чи хаа байна вэ?" (Эхлэл 3:9) мөн "Чиний дүү хаана байна?" (Эхлэл 4:9) гэх хоёр асуултыг асуусан. Энэ хоёр асуулт улам бүр хурцаар тавигдаж байна. Эдгээр асуултуудыг дахин сонсоод, өөрсдийгөө Фараоны мэдэл дор байсаар байгаагаа ухаарвал Дөч хоногт цаг улиралд хийх зүйлс маань тодорхой болно. Фараоны дэглэм биднийг эцээж, тоомсоргүй болгож байна. Түүний дэглэм доорх өсөлт хөгжил биднийг талцуулан хагаралдуулж, ирээдүйг маань үгүй хийдэг. Өдгөө дэлхий, агаар ус бохирдсоноос гадна сүнснүүд маань ч мөн бохирджээ. Ариун угаал чөлөөлөгдөх үйл явцыг маань эхлүүлсэн нь үнэн ч бидний дотор боолчлолыг хүсэх тайлбарлахын аргагүй хүсэл байсаар байдаг. Танил болсон зүйлсийнхээ аюулгүй байдалд татагдах нь эрх чөлөөнд хүрэхэд маань саад болдог.
Гэтлэлийн түүхэнд Тэнгэрбурхан хүмүүсээ харж, сэтгэл нь хөдөлж, тэдэнд эрх чөлөөг авчирдаг гэдэг нь чухал ач холбогдолтой. Израилчууд ийм зүйлийг Түүнээс гуйгаагүй. Фараон хүмүүсийн мөрөөдлийг боомилж, тэнгэр өөд харахад саад болдог бөгөөд хүний эрхэм чанарыг уландаа гишгэн, үнэн харилцаа холбоог үгүйсгэсэн энэ ертөнц хэзээ ч өөрчлөгдөхгүй мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Тэр бүх зүйлийг өөрийн хяналтад оруулсан байна. Бүгдээрээ өөрсдөөсөө: Би шинэ ертөнцийг хүсэж байна уу? Би хуучин зүйлстэй эвлэрч, буулт хийхээ зогсооход бэлэн үү? хэмээн асууцгаая. Олон хамба лам болон энх тайван, шударга ёсны төлөө ажилладаг хүмүүсийн гэрчлэл хүмүүний мөрөөдлийг болон тэнгэрт хүрч Тэнгэрбурханы зүрх сэтгэлийг хөдөлгөх хүчтэй чимээгүй хашхирааныг боомилж буй найдварын хомсдолтой тэмцэх ёстой гэх бодлыг маань улам бүр бэхжүүлсэн. Энэхүү "найдварын хомсдол" нь элсэн цөлд Израилчуудад боолчлолыг санагалзуулж урагш явахад нь саад болж байсан бодлоос өөрцгүй юм. Хүн төрөлхтөн өдгөө бүх хүний эрхэм чанарыг баталгаажуулж, бүгд элэг нэгтэйгээр эвлэлдэж чадахуйц шинжлэх ухаан, техник, соёл, хууль эрх зүйн хөгжлийн түвшинд хүрсэн атлаа тэгш бус байдал, зөрчилдөөний харанхуйд тэмтчин алхсаар байгаагаас үзвэл гэтлэлийн үйл явц тасалдаж болдог гэдгийг бид харж байна.
Гэхдээ Тэнгэрбурхан биднээс залхаагүй. Түүний бидэнд, “Би бол чамайг боолчлолын гэрээс, Египетийн нутгаас гаргасан чиний Тэнгэрбурхан ЭЗЭН байна” (Гэтлэл 20:2) хэмээн сануулдаг Дөч хоногт цаг улирлыг угтан авцгаая. Дөч хоногт цаг улирал бол өөрчлөлтийн улирал, чөлөөлөлтийн цаг юм. Есүс өөрөө эрх чөлөөтэйгөөр соригдохын тулд Сүнсээр цөл рүү хөтлөгдсөнийг бид жил бүрийн Дөч хоногт цаг улирлын эхний ням гарагт дурсан санадаг. Махбод болсон Хүү дөчин өдрийн турш бидний өмнө, мөн бидэнтэй хамт зогсох болно. Фараоноос ялгаатай нь Тэнгэрбурхан хүмүүсийг албат зарц нараа болгох бус, харин хөвгүүд, охидоо болгохыг хүсдэг. Цөл бол эрх чөлөө маань боолчлолд дахин орохгүй байх хувийн шийдвэр болон төлөвшдөг газар. Дөч хоногт цаг улирлын үеэр бид шударга ёсны шинэ шалгуурыг, мөн өмнө нь явж үзээгүй замаар хамт урагшлах хүмүүсийг олдог.
Гэвч энэ бүхэн тэмцэл дагуулдаг гэдгийг Гэтлэл ном болон цөл дэх Есүсийн сорилтууд бидэнд тодорхой харуулсан. “Хайрт Хүү минь Чи билээ” (Марк 1:11), “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй” (Гэтлэл 20:3) хэмээн айлддаг Тэнгэрбурханы дуу хоолой дайсан болон дайсны худал хуурмагийн эсрэг байдаг. Фараоноос ч илүү айх ёстой зүйл бол бидний өөрсдөдөө зориулж бүтээсэн шүтээнүүд юм. Бид тэднийг бидний дотроос ярьж буй Түүний дуу хоолой гэж андуурдаг. Бүхнийг захирах, хүн болгонд хүндлэгдэх, бусад хүнийг ноёрхох гэсэн эдгээр худал хуурмагууд хэчнээн сэтгэл татам байдгийг хүн бүр мэднэ. Олон ч хүн энэ замаар явсан. Бид мөнгө, тодорхой төсөл, санаа зорилго, албан тушаал, уламжлал, тэр ч байтугай хэн нэгэн хүнээс зуурах гээд байдаг талтай. Тэдгээр нь биднийг урагшлуулахын оронд хөшөөж орхидог. Тэнгэрбурхантай учрах учралын оронд тэд зөрчилдөөнийг үүсгэдэг. Гэхдээ худал хуурмагт бууж өгөөгүй жижиг, даруу хүмүүс буюу шинэ хүн төрөлхтөн бий. Шүтээнүүдэд үйлчилдэг хүмүүс шүтээн шигээ хэлгүй, сохор, дүлий, хөдөлгөөнгүй болдог бол, сүнсэндээ ядуу хүмүүс нээлттэй бөгөөд бэлэн байдаг. (Дуулал 114:4) Тэд дэлхийг эдгээж, тэтгэж байдаг сайн сайхны чимээгүй хүч юм.
Бид үйлдэл хийх цаг ирж байна. Дөч хоногт цаг улирлын хүрээнд үйлдэл хийх гэдэг нь түр азнах гэсэн утгыг ч илэрхийлж болдог. Залбирах үедээ түр азнан Тэнгэрбурханы үгийг хүлээн авах, шархадсан ахан дүүгээ хараад Самари хүний нэгэн адил түр азнан зогсох. Тэнгэрбурханыг хайрлах болон хөршөө хайрлах хайр нь угтаа нэг юм. Өөр бурхадгүй байх гэдэг нь Тэнгэрбурханы оршихуйд, хөршийнхөө бие махбодод түр саатах гэсэн үг юм. Ийм учраас залбирал, өглөг, мацаг барилт нь хоорондоо уялдаа холбоогүй гурван үйлдэл биш, харин бидний сэтгэлийг хүндрүүлдэг шүтээнүүдээс болон дасал болсон зүйлсийн шоронгоос чөлөөлж нээлттэй, хоосон болгодог нэгэн хөдөлгөөн юм. Үүний дараа хатангиршиж тусгаарлагдсан зүрх сэргэдэг. Тэгвэл, удаашрах ба зогсох хэрэгтэй. Дөч хоногт цаг улирал бидэнд амьдралыг эргэцүүлэх шинэ боломжийг өгөх бөгөөд тэрхүү эргэцүүлэл бидэнд шинэ эрч хүчийг өгөх болно. Тэнгэрбурхантай хамт байхдаа хүмүүс бие биеэ илүү мэдэрч, ахан дүүс болцгоодог. Нэг нэгнээ аюул заналхийлэл, дайснууд гэж харахын оронд хамтрагчид, нэг замаар явж буй хүмүүс хэмээн харж эхэлдэг. Энэ л Тэнгэрбурханы мөрөөдөл бөгөөд боолчлолыг орхисны дараа хүмүүсийн хүрэх учиртай амласан нутаг юм.
Католик шашны ойрын жилүүдэд дахин нээн хөгжүүлж буй синод хуралдаанууд Дөч хоногт цаг улирлыг өнөө үеийн чиг хандлагын эсрэг жижиг, том шийдвэрүүдийг хамтдаа гаргах үе болохыг харуулсан. Тэрхүү шийдвэрүүд нь хувь хүн болон бүлгүүдийн өдөр тутмын амьдралыг, тухайлбал, эд юмсыг олж авах, Тэнгэрбурханы бүтээлд анхаарал тавих, үл анзаарагдаж, үл тоомсорлогдсон хүмүүсийг хамруулах арга замууд зэргийг өөрчлөх чадвартай. Христэд итгэгч бүлгэм бүр гишүүддээ амьдралын хэв маяг, нийгэмд оршин байгаа байдал болон нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрээ эргэцүүлэн бодох цагийг олгохыг би хүсэж байна. Бидний гэмшил Есүсийн санааг ихээр зовоож байсан гэмшлийн хэлбэртэй төстэй байвал тун харамсалтай. "Чи мацаг барихдаа хоёр нүүртнүүд шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа бусдад харуулахын тулд царайгаа барайлгадаг" (Матай 6:16) хэмээх Түүний үг бидэнд ч зориулагдсан билээ. Та бүхэн хамгийн жижиг, хамгийн ойрхон хүмүүсээсээ эхлээд бусад хүмүүст баяр баясгалантай төрхөө харуулж, тэдэнд эрх чөлөөг болон бүх юмсыг шинэ болгодог хайрыг мэдрүүлээрэй. Үүнийг Христийн шашинтай бүлэг бүр хийж болно шүү дээ.
Энэ Дөч хоногт цаг улирлын үеэр бид өөрчлөгдөхийн хэрээр түгшүүрт автсан хүн төрөлхтөн бүтээлч байдлын тэсрэлт, шинэ найдварын гялбааг анзаарах болно. Өнгөрсөн зун Лиссабонд залуучуудтай уулзахдаа хэлсэн үгээ энд давтан хэлэхийг минь зөвшөөрнө үү. “Хайлтаа үргэлжлүүл. Эрсдэлд бэлэн бай. Энэ цаг мөчид бид асар их эрсдэлтэй тулгарч, маш олон хүний зовлонт гуйлтуудыг сонсож байна. Үнэндээ бид дэлхийн гуравдугаар дайны нэгээхэн хэсгийг туулж байна. Гэсэн хэдий ч бүгдээрээ үхэхээр шаналж буй ертөнцийг биш, харин төрж буй ертөнцийг олж харах зоригтой байя. Түүх төгсөж буй биш, харин түүхийн нэгэн шинэ бүлэг эхэлж байгааг харах зоригтой байцгаая. Ингэж бодох эр зориг бидэнд хэрэгтэй” (2023 оны 8 сарын 3–ны өдөр Их сургуулийн оюутнуудад хандаж хэлсэн үг). Боолчлолоос гарч өөрчлөгдсөн зүрх сэтгэл ийм л эр зоригтой байдаг. Итгэл, хайр хоёр найдвар гэх бяцхан хүүхдийн гараас хөтлөн явдаг. Тэд түүнд алхахыг зааж өгөхийн зэрэгцээ найдвар тэднийг урагшлуулдаг билээ.[1]
Би та бүхнийг болон Дөч хоногт цаг улирлын аян замыг тань адисалж байна.
Ром хот, Гэгээн Иохан Латераны сүм. 2023 оны 12 сарын 3, Ирэлтийн цаг улирлын эхний Ням гараг.
Францис
[1] Cf. CH. PÉGUY, The Portico of the Mystery of the Second Virtue.