Монгол дахь католик Шашин “Ариун бичээс нийгэмлэг” нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

2024-02-05

Монгол дахь католик шашны Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго, Ариун бичээс нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б. Баярмагнай нар өнөөдөр /2023.02.05/ өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Энэхүү олон талт хамтын ажиллагааны хүрээнд дэд каноны номуудыг эх хэлнээс нь монгол хэл рүү орчуулах цаашлаад католик Библийг бүрэн эхээр хэвлүүлэх ажлууд хийгдэх юм. Орчуулгын ажил 2023.03.01-эс албан ёсоор эхэлж 2026 онд дуусахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл амжилттай хийгдсэнээр монгол католик сүсэгтнүүд Тэнгэрбурханы Үгийг эх хэлээрээ унших боломж бүрдэнэ. Протестант Ариун Библи 66 номоос бүрддэг бол католик Библи 7 номоор илүү байдаг бөгөөд үүнийг дэд каноны номууд гэдэг.

АБН-ын гүйцэтгэх захирал Б. Баярмагнай төслийн талаар хэлэхдээ  

 Ариун бичээс нийгэмлэгийн хувьд монгол туургатан хүн бүрд Бурханы үгийг хүргэх алсын харааны хүрээнд католик шашинтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Илүү  7 номыг монгол католик итгэгч нарт зориулан хийх нь Ариун бичээс нийгэмлэгийн үүргүүдийг нэг билээ. Бид цаашлаад католик бүтэн библи хэвлэх ажилд хамтран ажиллахад бэлэн байгаа юм. Энэхүү төслүүд дээр хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Дуусах хүртэл та бүхний залбирал, дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна хэмээв.

Монгол дахь католик шашны Тэргүүн, Кардинал  Жиоржио Маренго төслийн талаар 

Ойрын жилүүдэд католик Библитэй болох ажил нэг алхмаар урагшилж буй тухай баярт мэдээг хуваалцахад баяртай байна.  Нийт католик сүсэгтнүүдийн хувьд Ариун Библи буюу Тэнгэрбурханы Үг бидний өдөр тутмын амьдралд маш чухал байр суурь эзэлдэг. Энэ нь 2000 жилийн түүхтэй Ариун Нандин Католик шашны хувьд өдөр бүр Тэнгэрбурханы Үгийг уншиж, тунгаан бодож цаашлаад шашны ёслолын үед залах, хүндэтгэх уламжлалтай байдаг. Дэд каноны номуудыг Еврей , Грек хэлнээс Монгол хэл орчуулах ажил эхэлж байгаад бид монгол дахь католик шашны хувьд туйлын баяртай байна хэмээв.

Монгол католик сүсэгтнүүдийн хувьд чухал өдөр тохиож байгаа төдийгүй энэхүү төслийг санаачилсан мөн хамтран ажиллаж буй хүмүүстээ гүнээ талархъя.