"Дэлхийн шашны өдөр"-ийг тэмдэглэлээ.
Монголын Бахайн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг Дэлхийн шашны өдрийн 2024 оны арга хэмжээ “Өнөөгийн нийгэмд үнэнийг бие даан эрэлхийлэх чадавхыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ” сэдвийн хүрээнд 2024 оны 1 сарын 21 нд болж өндөрлөлөө.
Дэлхийн Шашны өдрийн эрхэм зорилго бол бүх шашин мөн чанараараа нийтлэг нэг гэдгийг харуулахын зэрэгцээ шашин шүтлэг хоорондын эв эеийг бий болгох, улс үндэстнүүдийн дунд эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршдог. Мөн жил бүр нийгэмд тулгамдаж буй асуудлаас сэдэв сонгон шашны төлөөлөгч нарыг урьж тухайн сэдвийг шашин тус бүр өөр өөрийн онол практикт юу гэж сургадаг тухай хуваалцдагаараа онцлогтой байна.
2024 оны 1 сарын 21 ний 25 дахь удаагийн арга хэмжээнд Индуизм, Иудаизм, Бурханы Буддын Шашин, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүд, Христийн Шашин, Бахай шүтлэг, Бөөгийн холбооны төлөөлөл нар болон НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, МУ суугаа элчин сайдууд, шашин, философийн эрдэмтэн судлаач нар гэх зэрэг олон хүндэт зочид оролцлоо.
Монгол дахь католик шашнаас Эрхэмсэг хүндэт Кардинал Жиоржио Маренго хүндэт зочноор уригдан үнэнийг ойлгох, үнэнийг эрэлхийлэгч байх тухай илтгэл тавьсан бол Христийн болон бусад шашин хоорондын харилцаа хариуцсан хорооны гишүүд шашны төлөөлөгч нарын хамт хүн төрөлхтний сайн сайхан, эв нэгдлийн төлөөх даатгал залбирлыг өргөлөө.