“Гэгээн Венсент бүлгэм”-НҮТББ үйл ажиллагаа өргөжин тэлж “Хамтдаа найдацгаая” хүүхдийн төв болж шинэчлэгдлээ.

2023-09-21

“Гэгээн Венсент бүлгэм”-НҮТББ нь  зорилтот бүлгэмд чиглэсэн ОУ хүмүүнлэгийн байгууллага бөгөөд талийгч Фр.Ким Стефаногийн санаачлагаар 2006 онд анх Хан- Уул дүүрэг, Био дахь хогийн цэгт ажиллаж амьдардаг хүмүүсийн төлөө үйл ажиллгаа  явуулж иржээ. Улмаар Нисэх- Био орчимд оршин суудаг хүүхэд залуучуудын төлөө хичээлийн бус цагийг өнгөрүүлэх газрыг нээсэн байна. Хүүхдүүдэд зориулан гэрийн даалгавар хийх, хоол цайгаар үйлчлэх уг газрын үйл ажиллагаа өргөжин тэлж 2023 оны 9 сарын 16-ний өдөр “Хамтдаа найдацгаая” хүүхдийн төв болж шинэчлэгдлээ. Мөн уг бүлгэмийн шинэхэн салбар болох Био комбинатад шинэ байр баригдаж хүүхдүүдийн сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлэх, боловсролыг нь дэмжих зорилгоор “Шинэ Од” хүүхдийн төвийг байгууллаа. Уг хоёр төв нь хүүхдүүдийн сурах тав тухтай орчноор хангахын тулд сурах бичиг, уран зохиолын ном бүхий бяцхан номын сан, үдийн хоол болон хэрэгцээт сургалтуудыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар математик, монгол хэлний давтлага сургалт, талх нарийн боовны сургалт болон хэлний сургалт явагдаж өдөрт 2 ээлжийн 90-110 гаруй хүүхэд үйлчлүүлдэг байна. 2023 оны 9 сарын 16 өдөр Кардинал Жиоржио Маренго тус хоёр төвөөр зочлон үйл ажиллагаатай танилцан ажлын амжилт хүслээ.