Фр.Энх Иосеф “Итгэж байгаа итгэл бишрэлийн үнэ цэнэ зарчмыг амьдрал дээрээ хэрэгжүүлэх нь нийгэмд шударга ёсыг бий болгох нэг арга юм”.



Дэлхийн Шашны Өдрийн 24 дэх уулзалт “Шударга ёс нийгмийн хөгжил дэвшлийн үндэс суурь болох нь” сэдвийн хүрээнд 2022 оны 1 сарын 15 ны Blue Sky зочид буудлын Кристал танхимд болж өндөрлөлөө.
Жил бүрийн 1 сарын 15-ийг 1950 онд анх Америкийн Бахай нийгэмлэгийн санаачилгаар Дэлхийг Шашны Өдөр хэмээн тэмдэглэж иржээ. Эдүгээ 100 гаруй орон энэхүү өдрийг өөр өөрсдийн арга барилаар тэмдэглэдэг байна. Монгол улсад Дэлхийн Шашны Өдрийг 1999 оноос хойш “Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулган”ас зохион байгуулж иржээ. Жил бүр нийгэмд тулгамдаж буй асуудлаас сэдэв сонгон шашны төлөөлөгч нарыг урьж тухайн сэдвийг шашин тус бүр өөр өөрийн онол практикт юу гэж сургадаг тухай хуваалцдагаараа онцлогтой байна.
Дэлхийн Шашны өдрийн эрхэм зорилго бол бүх шашин мөн чанараараа нийтлэг нэг гэдгийг харуулахын зэрэгцээ шашин шүтлэг хоорондын эв эеийг бий болгох, улс үндэстнүүдийн дунд эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршдог.
2022 оны 1 сарын 15 ны уулзалтанд Индуизм, Иудаизм, Бурханы Буддын Шашин, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүд, Католик Шашин, Бахай шүтлэг, Омото, Бөөгийн холбооны төлөөлөл нар болон НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Америкийн элчин сайдын улс төрийн хэлтсийн дарга Келли Базби болоод Жендерийн Үндэсний шинжээч, шашин, философи судлаач нар гэх зэрэг олон хүндэт зочид оролцлоо.
Монгол дахь католик шашнаас Фр. Энх Иосеф хүндэт зочноор уригдан Христийн шашин шударга ёсыг юу гэж үздэг тухай илтгэл тавилаа. Тэрээр: “Нийгмийн хөгжил дэвшилд шударга ёс урсах ус мэт байхгүй байх тохиолдолд нийгэм дотроосоо ялзарч эхэлдэг. Шударга ёсыг тогтооход шашны үүрэг юу байх вэ? Шашин олон сайхан онол сургаалыг хуваалцаж болох хэдий ч бодит амьдрал дээр шударга ёсыг бий болгоход хэрхэн нөлөөлж чадах вэ? Миний бодлоор зөв итгэл бишрэл нь хувь хүнд зөв чиг хандлага, зөв зарчим, ёс суртахуун, утга учир хийгээд үнэ цэнэ, зорилгыг өгдөг. Шашин бүр сайн сайхныг сургадаг. Нийгэмд шударга ёс тогтооход зөвхөн тогтоолцоог өөрчлөх хангалтгүй юм. Учир нь тогтолцоо болоод хууль дүрэм журмыг биелүүлэн хэрэгжүүлж буйгаа нь хувь хүн хүмүүс бид юм. Тиймээс хувь хүн бүр шударга ёсыг тогтооход оролцоно. Тэгвэл шашин нь хувь хүнд, харин зөв итгэл бишрэл нь нийгэмд зөв зарчим, зөв хандлага, зөв ёс суртахууныг өгдөг”...бид онолоор бус өөрсдийн итгэж байгаа итгэл бишрэлийн үнэ цэнэ зарчмыг амьдрал дээрээ хэрэгжүүлэх нь нийгэмд шударга ёсыг бий болгох нэг арга юм". Мөн Есүс Христ Ариун Библид шударга ёсны тухай юу гэж айлдсан тухай хуваалцлаа. “Үйлс үгүй итгэл үхмэл юм.”, “Тэнгэрбурханыг хайр гэж хэлсэн мөртлөө хажууд байгаа ахан дүүсээ хайрладаггүй нэгэн худалч юм".