Пап Францис Монгол дахь католик Шашинд хандан үг хэлжээ.

Бидний хамба лам Вэнсэслао Падилла энэ оны 3 сарын 9-17 хооронд Ром хотод “Ад лимина апостолорум” айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын үеээр Пап Францис Солонгосын болон Монголын хамба лам нарт хандан үг хэлсэнийг бүрэн эхээр нь монгол хэлнээ хөрвүүлэн та бүхэндээ хүргэж байна. Тэрээр яриандаа 2014 оны 8 сарын 10-17 хооронд Өмнөд Солонгост зохиогдсон Азийн залуучуудын өдөрлөгийн үеээр айлчилж 124 мартирууд буюу тарчлагчсдыг төгс жаргалтнууд болгох ёслолыг хийж байсан дурсамжаа хуваалцсан юм. Дашрамд дурьдахад уг залуучуудын өдөрлөгт Монголоос хамба ламаас гадна нийт 34 хүн оролцсон байгаа.
Ad limina apostolorum (Ад лимина апостолорум)
Энэ үг нь “Элч нарын босго руу” гэсэн утгатай латин үг ба дундад зууны үед Ром хотод байдаг Петр болон Паул Элч нарын бунхныг зорьсон эргэл мөргөлийг ийнхүү нэрлэж байжээ.
Орчин цагт энэ үг нь голдуу католик Шашны бүх хамба лам нарын таван жил тутамд Ром руу хийдэг айлчлалыг албан ёсоор нэрлэх болсон. Энэхүү айлчлалд Петр ба Паул Гэгээнтнүүдийн бунханд залбирах ба Пап ламтай биечлэн уулзах уулзалт багтсан байдаг.
“Ad Limina Apostolorum” айлчлалын үеэрх
Солонгосын хамба нарын чуулганы
эрхэм дээд хамба лам нарт хандан хэлсэн
Ариун Эцэг Францисын үг
Хайрт Ах дүүс болох Хамба нараа,
Петр ба Паул Гэгээнтнүүдийн бунхны өмнө залбирахаар мөн биднийг нэгтгэж байдаг нэгдлийн ба нөхөрлөлийн холбоогоо бэхжүүлэх зорилгоор та бүхний хийж байгаа Ад лимина апостолорум айлчлалын үеээр та бүхнийг хүлээн авч байгаа нь миний хувьд маш том баяр баясал юм.
Ахлам хамба лам Кимийн та бүхний болон Солонгос ба Монголын бүх сүмийн нэрийн өмнөөс хэлсэн халуун дулаан үгтэй мэндчилгээнд би талархаж байна. Өнөөдөр та бүхний энд байгаа явдал надад миний Солонгост сүүлд хийсэн айлчлалын аз жаргалтай дурсамжуудыг сануулж байна. Тэнд би намайг маш өгөөмөр байдлаар угтан авч, надтай өөрсдийн амьдралын баяр баясал болоод гуниг зовлонг хуваалцсан солонгос ард түмний сайхан сэтгэлийг мэдэрсэн. Танай эх нутагт хийсэн айлчлал цаашид миний хувьд дэлхийн католик Шашны төлөөх ажил үйлчлэлд минь урам зориг болон үргэлжилсээр байх болно.
Миний айлчлалын хугацаанд бид нарт Солонгос дахь католик Шашны амьдралын талаар ялангуяа Тэнгэрбурханы ард түмний ба нийгмийн үйлчлэлийн төлөөх хамбын ажил албын тухайд эргэцүүлэн бодох боломж гарсан. Өнөөдөр та бүхэнтэй айлчлалынхаа гурван шинж болох дурсамж, залуучууд ба ах эгч дүүсийнхээ итгэл бишрэлийг бэхжүүлэх үүрэг даалгавар гэсэн гурван зүйлийг онцлон тэрхүү эргэцүүлэмжээ үргэлжлүүлэхийг хүсч байна. Мөн энэхүү бодол эргэцүүлэлээ Монгол дахь католик сүмтэй хуваалцахыг хүсч байна. Уудам газар нутагт жижигхэн бүлэг хэдий ч энэ хамт олон бол Тэнгэрбурханы Хаант улсын биелэлийн амлалт болсон гичийн үртэй адил юм (харьц.Матай 13:31-32). Эдгээр эргэцүүлэмжүүд тэрхүү үрийн тууштай урган цэцэглэлтийг урамшуулж Монголын ард түмний итгэл бишрэлийн баялаг хөрсөнд шим тэжээл өгч чадах юм.
Миний хувьд Солонгос дахь айлчлалын хамгийн сайхан мөчүүдийн нэг нь Паул Юн Жи Чун ба түүний нөхөд болох тарчлагсдыг төгс жаргалтнууд болгох ёслолын арга хэмжээ байсан юм. Төгс жаргалтнуудын дунд тэднийг багтаахдаа Солонгос дахь католик Шашны нялх үед нь цутгасан тоолж барамгүй хишиг ивээлүүдийнх нь төлөө бид Тэнгэрбурханыг алдаршуулж мөн түүнчлэн Тэнгэрбурханы эдгээр бэлгүүдэд үнэнч хариуг өргөснийх нь төлөө тэдгээр төгс жаргалтнуудад бид талархсан билээ. Тэдний итгэл бишрэл Шашны үндсэн ёслолын амьдралаар бүрэн дүүрэн илэрхийлэгдэхээс өмнө эдгээр анхны солонгос итгэгчид зөвхөн Есүстэй байгаа хувийн харилцаагаа өсгөж байгаагүй юм. Тэд бас үүнийгээ нийгмийн байр суурь ангилалыг үл харгалзан бусдад авчирч байсан ба Эзэний анхны шавь нарын адил итгэл бишрэл ба энэрэл хайрын хамт олон болон амьдарсан (харьц.Үйлс 4:32). «Тэд маш том золиослолуудад бэлэн байсан ба тэднийг Христээс холдуулж болох бүхий л зүйлийг өөрсдөөсөө тайлахыг зөвшөөрсөн[...]: Христ тэдний хувьд жинхэнэ үнэт эрдэнэ нь байсан» (Сөүлд хийсэн Номлол, 2014 оны 8 сарын 16). Тэнгэрбурханыг болон хөршөө хайрлах тэдний хайр нь амиа өгөх эцсийн үйлдлээр Шашны үрт хөрсийг өөрсдийн цусаар услан төгс болсон.
Тэрхүү анхны бүлгэм та бүхэнд болон католик Шашин даяар итгэгч хүний амьдралын сайхан гэрчлэлийг үлдээжээ: «Тэдний үнэнийг эрэн хайсан шударга байдал, тэврэхээр сонгосон шашныхаа хамгийн дээд зарчимд хандсан үнэнч байдал мөн түүнээс гадна бусдад үзүүлсэн тэдний энэрэл хайр, эв санааны нэгдэл» (Ibidem). Тэдний үлгэр жишээ биднийг хүмүүстэй уулзах, буян үйлдэх ба өөрийгөө зориулах байдалд дуудан өөрсдийг маань үргэлж илүү үнэнч Христийн гэрчлэгч нар байлгаж чадах сургууль болдог. Тэдний зааж өгсөн хичээлүүдийг бидний цаг үед буюу техник болон мэдээллийн олон ахиц дэвшил гарсан хэдий ч хүмүүс улам бүр тусгаарлагдмал болж хамт олон бүлгүүд сул болсон энэ цагт хэрэгжүүлж болох юм. Тиймээс та бүхний шашны хүрээнд байгаа лам санваартнууд, сахилт хүмүүс, эгэл сүсэгтэн удирдагч нар хамтдаа ажиллах нь ямар чухал гээч. Та бүхэн париш, сургууль, үйл ажиллагааны төвүүдээ бидэнд хэрхэн хайрлахыг заадаг, хүн бүрийн сүр жавхланд бидний нүдийг нээдэг Эзэнтэй уулздаг мөн бие биентэйгээ ялангуяа хөгшид, ядуустай ба бидний дунд мартагдсан тэдгээр хүмүүстэй уулздаг жинхэнэ уулзалтын газар байлгахын тулд хамтран ажиллах нь их чухал. Есүстэй уулзаж бидний төлөөх түүний нигүүлслийг мэдрэх үедээ бид түүний авралын хүч чадалд үргэлж илүү итгэл үнэмшилтэй гэрч нар болж өөрсдийн хайр энэрлээ Түүний төлөө болон биднийг ерөөсөн тэдгээр бэлгүүдийн төлөө илүү амархан хуваалцах болдог. Энэрэл хайраар Тэнгэрбурханд ба бусдад өөрсдийгөө зориулсан амьд тахил болцгооё. (харьц. Ром 12: 1, 9-10).
Харин одоо би бодол санаагаа өвөг дээдсүүдийнхээ өвийг үргэлжлүүлэн авч явахыг хүсч байгаа та бүхний залуучууд дээр шилжүүлье. Тэд амьдралынхаа эхлэл дээр итгэл найдвар, амлалт болон боломжоор дүүрэн зогсож байна. Миний хувьд Азийн залуучуудын өдрөөр хуран цугласан Солонгос болон бүх Азийн залуучуудтай хамт байж тэдний Тэнгэрбурханд болон бусдад нээлттэй байдлыг мэдрэх нь баяр баясал болж байсан. Итгэл бишрэлийнхээ болон Шашин дахь амьдралынхаа баялагийг хуваалцахын тулд залуучуудыг сонсох мөн тэдэнд сонсох боломжыг өгөхөөр та бүхний шашны хүрээ, париш болон байгууллагууд тэднийг татан оруулцах шинэ арга замуудыг эрж байгаа гэдгийг би мэдэж байна. Бид залуучуудтай ярилцах үед тэд биднийг Есүс Христийн үнэнийг тодорхой тэдэнд ойлгогдох байдлаар хуваалцах шаардлагатай тулгаруулдаг. Мөн бидний итгэл бишрэл үнэнч байдлыг ч мөн сорьдог. Хэдийгээр бид өөрсдийнхөө тухай биш Христийг тунхагладаг боловч түүнд хүмүүсийг татагдуулах зорилгоор бид Тэнгэрбурханы ард түмэнд үлгэр жишээ байхаар дуудагдсан юм (харьц. 1 Петр 5, 3). Хэрвээ бидний амьдрал итгэл бишрэлийнхээ тусгал байж чадахгүй бол залуучууд биднийг болон Шашныг нэн даруй эмх цэгцэнд дуудна. Энэ тал дээр анхааран харж байгаа тэдний шударга зан байдал нь сүсэгтнүүдийг өдөр тутмын амьдралд итгэл бишрэлээ харуулан амьдрахад туслахаар хичээж байгаа үед бидэнд тусламж байж болно.
Та бүхэн өөрсдийн шашны хүрээнхээ амьдралын талаар эргэцүүлэн бодож, шашны хариуцлагатны төлөвлөгөөгөө боловсруулж, нягтлан харж байгаа энэ үед би та бүхэнд өөрсдийнхөө үйлчилж байгаа залуучуудыг ч мөн анхаарч санаарай хэмээн хүсэлт тавьж байна. «Илүү ариун, илүү шашин дэлгэрүүлэгч, илүү даруу Шашныг бүтээхийн төлөө мөн ядуу, ганцаардсан, өвчтэй, гадуурхагдсан хүмүүст үйлчлэхийг хичээн Тэнгэрбурханыг илүү хайрладаг, илүү дээдэлдэг Шашныг бий болгохын төлөө» явахдаа тэдгээр залуучуудыг хамтрагч адилаар харцгаана уу. (Солонгос, Хэми ордонд айлдсан номлол, 2014 он 8 сар 17). Тэдэнтэй ойрхон байж тэдэнд санаа зовдог гэдгээ харуул бас тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгоцгооно уу. Энэхүү ойр дотно байдал зөвхөн католик Шашны байгууллагууд, бүлгүүдийг бэхжүүлээд зогсохгүй тэднийг өөрсдийнх нь болон тэдний гэр бүлийнх нь нийгэм дэх өдөр тутмын амьдрал дахь асуудал бэрхшээлүүдийг ойлгоход туслах юм. Ийм байдлаар Сайн Мэдээ католик хамт олны ч, нийгмийн цогц хэсгийн ч амьдралд илүү гүн гүнзгий нэвтрэх юм. Та бүхний залуу хүмүүст үзүүлж буй үйлчлэлээр дамжуулан Шашин нь Эзэний биднийг тийм байхыг уриалдаг тэрхүү дэлхийн исгэхээр хийсэн хөрөнгө болох болно (харьц. Матай 13:33).
Та бүхэн өөрсдийн нутаг орныхоо сүмүүд рүү буцах бэлтгэлээ ханган байх зуур та бүхний үйлчлэлд урам зориг хайрлаж, шашин дэлгэрүүлэх ажил үйлсийг дэмжихээс гадна би та нараас ялангуяа энэ дэлхий дээр үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхээр ирсэн Христийн нэгэн адил үнэхээр үйлчлэгч нар байхыг гуйж байна (харьц. Матай 20:28). Бидний амьдрал бол бидний халамжинд итгэн найдсан сэтгэл бүрийн төлөө хэнийг ч үлдээхгүйгээр чөлөөтэйгээр зориулагдсан үйлчлэлийн амьдрал юм. «Христийг зарлан тунхаглана гэдэг нь Түүнд итгэдэг гэдгээ, түүнийг дагах нь зөвхөн үнэн зөв зүйл байгаад зогсохгүй бас үзэсгэлэнтэй тэр ч байтугай сорилтуудын дунд ч шинэ гялалзсан баяр баясгалантай амьдралаар дүүргэх чадалтай гэдгийг харуулна гэсэн үг юм» (Evangelii gaudium, Сайн Мэдээний баяр баясал д.167).
Энэхүү үйлчлэлийн сэтгэлээр та бүхэн бие биенийхээ болон бусдын төлөө уйгагүй байж чадна. Өөрсдийнхөө харилцан хамтын ажиллагаа болон ах дүүсийн түшиг тулгуураар Солонгос болон Монголд байгаа сүмээ бэхжүүлэхээс гадна Христийг тунхаглахад үргэлж илүү урагштай байцгаах болно. Мөн түүнчлэн лам нартайгаа ойр дотно байгаарай. Тэдэнд зөвхөн даалгавар өгөх болон урамшуулахаас гадна тэдний саад бэрхшээлд, тэдний баяр жаргалд хань болдог жинхэнэ аавууд байгаарай. Эрэгтэй эмэгтэй сахилт хүмүүстэйгээ мөн ойрхон байна уу. Тэдгээр хүмүүс нийгэмд шинэ тэнгэр, шинэ газрын нүдэнд үзэгдэх тэмдгийг бэлэглэдэг учраас өргөлийн амьдрал нь Шашны амьдралыг өдөр бүр баялагжуулж түшин тулж байдаг (харьц.Илчлэлт 21:1-2). Эзэний усан үзмийн талбайд ажиллаж буй эдгээр ажилчидтай, бүх эгэл сүсэгтнүүдийн хамт та бүхэн өвөг дээдсийнхээ өв уламжлалын суурин дээр энэ бүхнийг босгож мөн Солонгос болон Монголд католик Шашны холбоо нэгдэл ба шашин дэлгэрүүлэлтийг илүү гүн гүнзгий, утга бүхий болгохын тулд Түүнд зохистой өргөлийг барьж чадна.
Би өөрийн сайшааж буйгаа онцгойлон Тэнгэрбурханы Хаант улсыг байгуулахад гаргаж байгаа хичээл зүтгэл бүрийнх нь төлөө Монголд байгаа католик ахан дүүсийн нэгдэлд илэрхийлэхийг хүсч байна. Тэдгээр ахан дүүс итгэл бишрэлээрээ ноцсон мөн Ариун Сүнсний ариусгах хүч тэдний дотор ажиллаж шашин дэлгэрүүлэгч шавь болгож байдаг гэдэгт үргэлж итгэл дүүрэн хэвээр байх болтугай. (Evangelii gaudium, Сайн Мэдээний баяр баясал д.119).
Хайрт ахан дүүс болох Хамба лам нараа, Солонгосын болон Монголын итгэгч хамт олны тууштай гэрчлэлд ахин талархаж байгаагаа илэрхийлэн та бүхэнд өөрийн байнгын залбирлаа болон сэтгэлээрээ ойрхон байхаа амлаж байна. Шашны Эх Мариагийн зуучлалд та бүхнийг даатгахын сацуу өөрийн зүгээс Папын адислалыг та бүхэнд болон та бүхний халамжинд итгэж даалгасан тэдгээр бүх хүмүүст дуртайяа хүргэж байна.