Ватиканаас 2018 оны Буддын шашны Бесак баярт зориулан илгээсэн захидал

2018-09-11

Пап ламын Шашин хоорондын харилцан яриа хариуцсан зөвлөл

2018 оны Бесак баярт зориулсан захидал

Христийн болон Буддын шашинт сүсэгтнүүд: Хамтдаа авлигатай тэмцэх ба сэргийлэх нь

 

Эрхэм хүндэт Буддын шашинт найз нөхөд минь

Пап ламын Шашин хоорондын Харилцан яриа хариуцсан Зөвлөлийн нэрийн өмнөөс Бурхан багшийн их дүйчин өдөр Бесак баярыг тохиолдуулан та бүхэндээ халуун мэндчилгээг болон сайн сайхныг хүссэн залбиралт ерөөлийг өргөн дэвшүүлье. Энэхүү баяр та бүгдэд, та бүхний гэр бүл болон дэлхий даяар суугаа сүсэг бишрэл нэгт ахан дүүсийн тань нэгдэлд баяр баясгалан, энх тайванг авчрах болтугай.

Олон нийтийн ч, хувийн ч салбарт гарах болсон хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлээ урвуулан ашиглах авлига хэмээх үзэгдэл нь өнөөгийн дэлхийд газар авсан ичгүүрт хэрэг болчихоод байгаа тул Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 12-р сарын 9-ний өдрийг Олон улсын Авлигын эсрэг Өдөр болгон зарласан. Авлигын үзэгдлүүд улам өргөн тархаж байгаа тул төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, дэлхийн ард иргэд энэ бохир гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд хамтдаа нэгдэж байна. Шашны удирдагчдын хувьд ч мөн хууль ёсоо дагадаг, ил тод байдлыг хангасан соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой билээ.

Пап Францисын 2018 оны 2-р сарын залбирлын зорилго нь “Авлигад “үгүй” гэж хэл” байсан. Тэрбээр “авлигын гэм нүгэл”-ийг буруушаахдаа авлига нь дэлхийн бүх хэсэгт улс төрчид, бизнесийн эзэд болон шашны албан тушаалтнуудын дунд гарч байгааг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн эцсийн дүнд авлига өгч байгаа нь ядуу нэгэн юм гэдгийг сануулсан. Пап лам “Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог” (Матай 20:26) гэсэн Есүсийн шавь нартаа айлдсан үгийг сануулж “авлигаас гарах ганц л зам […] бол үйлчлэл. Учир нь авлига бардам, ихэрхүү байдлаас үүсдэг. Харин үйлчлэл бол даруу болгодог бөгөөд энэ нь яг бусдын төлөө гэсэн даруу энэрэлд оршдог” болохыг онцолсон (Өглөөний бясалгал, 2014.6.16).

Буддын шашинт эрхэм найзууд минь, та бүхэн авлигыг харахдаа зовлонг үүсгэж эрүүл бус нийгмийг бүрдүүлдэг хор хөнөөлтэй сэтгэл санааны байдал хэмээн авч үздэг. Та бүхэн хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө устгагдах ёстой байгаа нийгэмд нүүрлэсэн энэхүү зовлонгийн эх үүсвэрээр гурван хорыг буюу шунал, үзэн ядалт ба төөрөгдөл эсвэл мунхаглалыг нэрлэдэг. “Би эс өгсөнийг авахаас цээрлэх сургаалыг мөрдөхөөр хичээж амьдарна” гэсэн Буддын шашны хоёрдугаар сургаал нь Буддын шашинтнуудад тэдний эзэмшилд орж ирж байгаа зүйлс үнэхээр тэдэнд зориулагдсан эсэхийг ялган танихыг заадаг. Хэрэв тийм зүйлс бусдаас хууль бус замаар ирсэн байвал үүнийг авах нь зөв зүйтэй биш байх болно. Буддын шашны сургаал болон амьдралд авлигыг хүлээн зөвшөөрдөггүй төдийгүй мөн түүнчлэн авлигад автсан хүмүүсийн оюун санаа, зорилго, зуршил, зан үйлийн эрүүл бус байдлыг ч өөрчлөхийг зорьдог.

Хэдийгээр манай хоёр шашин хоёулаа авлигын бузар мууг хатуугаар буруушаан үздэг боловч бидний зарим сүсэгтнүүд авлигын үйл ажиллагаанд оролцож энэ нь муу засаглал, хээл хахуульд автсан корпорац, үндэстний эд баялагын тонуулд хүргэж байгааг бид гунигтайгаар хүлээн зөвшөөрч байгаа. Авлига нь амьдралд эрсдэл авчирч байна. Үүнд эдийн засгийн бууралт, цөөн хөрөнгө оруулалт, инфляци, ханшын уналт, татвараас зайлсхийлэлт, тэгш бус байдал, чанаргүй боловсрол, дэд бүтцийн асуудал, хүрээлэн буй орчны доройтол хамаарна. Түүнчлэн хувь хүмүүс болон нийгмийн бүлгүүдийн эрүүл аюулгүй байдалд заналхийлдэг. Чадваргүй хээл хахуульд автсан улс төрчид, хүчингүй хууль тогтоомж, томоохон хээл хахуулийг шалган байцааж чаддаггүй зэрэг нь ард түмнийг бухимдуулж байна.

Чимээгүй байдал авлигад арга хэмжээ авч чадахгүй бас сайн сайхан үзэл санаанууд хэрэгжүүлэгдэхгүй л бол хангалтгүй тиймээс авлигыг арилгахын тулд ийм хэрэгжүүлэлт шаардлагатай гэж бид үздэг. Буддын болон Христийн сүсэгтнүүд бид тус тусынхаа ёс суртахууны сургаал номлолд үндэслэн авлигын үндсэн шалтгааныг арилгах, байгаа газарт нь таслан зогсоох замаар авлигаас сэргийлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Үүний төлөө хүчин чармайлт гаргахдаа бидний өгөх гол хувь нэмэр бол тус бүрийн сүсэгтнүүддээ ёс суртахууны шулуун шударга хариуцлагатай байдлаа дээшлүүлэхэд нь урам зориг өгөх юм. Бидний энэхүү нийтлэг үүрэг даалгаварт авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг олж илрүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгэмтэй хамтран ажиллах багтана. Түүнчлэн олон нийтэд авлигын талаарх мэдлэг олгох, үндэсний хөрөнгийг тонож байгаа төрийн албан хаагчдыг тэдний гарал үүсэл, шашин шүтлэг, улс төрийн байдал эсвэл харъяаллаас нь үл хамааран үйлдэлд нь хариуцлагатай болгох, бүх хүмүүст ялангуяа улс төрчид, төрийн албан хаагчдад санхүүгийн дээд түвшний шулуун шударга байдлыг сурган номлож мөн сэдэлжүүлэх, авлигын улмаас хулгайлагдсан эд хөрөнгийг нөхөн авах хууль ёсны үйл явцад болон энэ гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхэд уриалах, илүү эмэгтэйчүүдийг улс төрийн ажилд оролцоход дэмжих, хууль бус үйл ажиллагаанд оролцсон төрийн албан газарт итгэл хүлээлгэхээс татгалзах, сайн засаглал, шударга ёсыг дээдэлсэн зарчимд суурилсан ил тод бүгдэд хүрч ажилладаг байгууллагуудыг нэвтрүүлэх зэрэг хамаарна.

Эрхэм хүндэт найз нөхдөө, бид шударга үнэнч амьдралаар дамжуулан гэр бүлдээ төдийгүй нийгэм, улс төр, иргэний болон шашны байгууллагуудын дунд авлигаас чөлөөт орчинг бий болгох үйлсэд өөрсдийгөө идэвхитэй зориулах болтугай. Энэхүү сэтгэлээр бид дахин та бүхэндээ Бесак баярын амар тайван баяр баяслыг хүсэн ерөөе!

 

Кардинал Жан-Луис Тауран

Ерөнхийлөгч

 

       + Мигель Анхел Аюусо Гисот, MCCJ
          Нарийн бичиг