Пап Францис: 2024 оны 1 сарын 17, Лхагва гарагийн Нийтийн бараалхал

2024-01-19

Пап Францис 2023 оны 1 сарын 17, Лхагва гарагийн Нийтийн бараалхалд Гаж буруу, эрдэм буяны талаарх сэдвээ үргэлжлүүлэн  "Гаж буруу ба эрдэм буян" "Хүсэл тачаал" сэдвээр сургаал хүргэлээ.

Ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Бүгдээрээ өнөөдрийн шашны сургалтыг сайн сонсоцгооё. Сургалтын дараа бид циркийн үзүүлбэр үзэх болно. Гаж буруу, эрдэм буяны талаарх сэдвээ үргэлжлүүлцгээе. Хүмүүний зүрхний үүдэн дээр гэтэн байдаг хоёр дахь “чөтгөр” буюу гаж буруу бол тачаал гэдгийг эрт үеийн санваартнууд бидэнд заасан билээ. Грек хэлээр тачаалыг porneia гэж нэрлэдэг. Ховдоглол нь хоолонд шунахыг хэлдэг бол энэхүү хоёр дахь гаж буруу нь өөр хүнд ‘шунахыг’ хэлдэг. Энэ бол ялангуяа бэлгийн харьцааны хүрээнд хүмүүсийн хооронд үүсдэг хортой холбоо юм.

Христийн шашинд бэлгийн инстинктийг буруушаадаггүй гэдгийг анхаараарай. Инстинктэд буруу зүйл үгүй. Библийн "Соломоны дуун" ном бол хоёр амрагийн хайрын тухай өгүүлсэн гайхалтай шүлэг шүү дээ. Гэвч хүний амьдралын нэгэн үзэсгэлэнт хэмжээс болсон дотно харилцаа, хайр нь аюулаас ангид биш юм. Энэ асуудлыг Гэгээн Паул Коринтчуудад бичсэн анхны захидалдаа аль хэдийн хөнджээ. Тэр "Харийнхны дунд ч байдаггүй садар самуун та нарын дунд байдаг нь дуулдлаа" гэж бичсэн (1 Коринт 5:1). Зарим Христэд итгэгч бэлгийн харилцаанд эрүүл бусаар хандаж байсныг элч Паул зэмлэсэн байдаг.

Гэхдээ хүн төрөлхтний хайр дурлалын туршлагыг авч үзэцгээе. Энд маш олон шинээр гэрлэсэн хосууд байна. Та бүхэн энэ тухай ярьж чадна. Хайр дурлал гэх тэрхүү нууцлаг зүйл яагаад тохиолддогийг, яагаад тэр хүмүүсийн амьдралд тийм хүчтэй туршлага болдгийг хэн ч мэдэхгүй. Нэг хүн нөгөөдөө дурлах нь гэнэт л болдог зүйл. Энэ бол оршихуйн хамгийн гайхам үзэгдлүүдийн нэг. Радиогоор сонсогддог ихэнх дуу гэрэлтсэн хайр, үргэлж эрж хайдаг хэр нь хэзээ ч хүрч чаддаггүй хайр, баяр баясгалангаар дүүрэн хайр эсвэл нулимс урстал шаналгадаг хайрын тухай байдаг.

Гаж буруугаар бохирдоогүй дурлал бол хамгийн ариун мэдрэмжүүдийн нэг билээ. Дурласан хүн өгөөмөр болж, бэлэг өгөх дуртай, захидал, шүлэг бичдэг нэгэн болдог. Тэр дурласан хүндээ бүрэн төвлөрч өөрийгөө бодохоо больдог. Энэ үнэхээр сайхан. Хэрэв та дурласан хүнээс "Яагаад тэр хүнийг хайрлаж байгаа юм бэ?" гэж асуувал тэр юу гэж хариулахаа мэддэггүй. Олон талаараа түүний хайр ямар нэг шалтгаангүй, болзолгүй байдаг. Маш хүчтэй тэрхүү дурлал бас жаахан гэнэн байдаг талтай. Амрагууд бие биеэ бүрэн мэддэггүй бөгөөд нөгөө хүнээ туйлын сайн хэмээн харах хандлагатай байдаг. Тэд үр дагаврыг нь сайн ойлголгүйгээр амлалт өгөхөд бэлэн байдаг. Гэвч гайхамшиг ихтэй энэ "цэцэрлэг" хорон муугаас хамгаалагдаагүй билээ. Түүнийг хүсэл тачаалын чөтгөр бузарлаж орхидог. Энэхүү гаж буруу нь дор хаяж хоёр шалтгааны улмаас тун ч жигшүүртэй юм.

Нэгдүгээрт, тэр хүмүүсийн хоорондын харилцааг сүйтгэдэг. Харамсалтай нь үүнийг нотлохын тулд өдөр тутмын мэдээг харахад л хангалттай. Хамгийн сайхнаар эхэлсэн харилцаануудаас хэчнээн нь нөгөө хүнээ эзэмших гэсэн, хүндлэл, хязгаар үгүй хортой харилцаа болон хувирдаг бол? Тэдний хайранд журамт байдал дутагдсан. Журамт байдлыг бэлгийн харилцаанд орохгүй байхтай андуурч болохгүй л дээ. Журамт байдал бол түүнээс өөр. Журамт байдал гэдэг нь нөгөө хүнээ эзэмших хүсэлгүй байхыг хэлдэг. Хайрлана гэдэг нөгөө хүнээ хүндлэх, түүний аз жаргалыг эрэлхийлэх, түүний оронд өөрийгөө тавьж үзэх сэтгэлийг төлөвшүүлэх, мөн өөрөөсөө өөр бие, сэтгэл зүй, сүнсийг таньж мэдэж, түүний гоо үзэсгэлэнг эргэцүүлэх явдал билээ. Энэ бол хайр бөгөөд, хайр үзэсгэлэнтэй. Харин тачаал энэ бүгдээр тохуурхдаг. Тачаал тонож дээрэмдэж, яаран хэрэглэдэг. Тачаал нөгөө хүнийхээ үгийг биш, харин зөвхөн өөрийн хэрэгцээ, таашаалыг л чих тавин сонсдог. Тачаал нэг нэгнээ таних үйл явцыг уйтгартай хэмээн шүүнэ. Өөрсдийн оршихуйг мэргэн ухаанаар чиглүүлэхийн тулд логик, эрмэлзэл, мэдрэмжээ хослуулах хэрэгтэй ч тачаал тэгэхийг хүсдэггүй. Хүсэл тачаалдаа автсан нэгэн зам товчлох аргыг л эрэлхийлдэг. Тэр хайранд хүрэх замыг аажмаар, тэвчээртэйгээр туулах ёстойг ойлгодоггүй. Ийм зам уйтгартай биш, харин ч хайрын харилцааг аз жаргалтай болгох боломжийг өгдөг юм.

Хүсэл тачаал аюултай байдгийн өөр нэг шалтгаан бий. Хүмүүний мэдэрч болох бүх таашаалын дундаас хурьцал үйлдэх нь хүчтэй таашаалыг өгдөг. Хурьцал бүх мэдрэхүйг, бие махбод болон сэтгэцийн аль алийг нь хамардаг нь сайхан. Гэвч түүнийг тэвчээрээр сахилгажуулж, түүнийг хайрын бүжиг болгон хувиргах хосын харилцааны хүрээнд үйлдэхгүй бол хүний эрх чөлөөг боомилсон гинж болж хувирдаг юм. Тэнгэрбурханы бэлэг болох бэлгийн таашаалыг порнограф гэмтээж орхидог. Хосын харилцаагүйгээр бэлгийн ханамж авах нь янз бүрийн донтолтыг үүсгэж болно. Өөрийгөө нөгөө хүндээ өгөх замаар бид зүрх сэтгэл, санаа бодол, бие махбодын цэвэр ариун хайрыг хамгаалах ёстой. Дотно харилцааны гоо үзэсгэлэн үүнд оршдог билээ.

Хүсэл тачаал болон бусдыг "эд зүйл мэт үзэхийн" эсрэг тэмцэлд ялалт байгуулахын тулд насан туршдаа хичээх хэрэгтэй байж болно. Гэхдээ энэ тулааны шагнал хамгийн чухал нь. Учир нь энэ нь нэг нэгнээ ашиглах бус, харин хайрлах зорилгоор Тэнгэрбурханы бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гоо сайхан хайрыг хадгалж буй хэрэг. Тэрхүү гоо сайхан хайр биднийг адал явдлууд эрэлхийлэхээс илүү хамтдаа нэгэн түүхийг бүтээх нь дээр гэдэгт итгэхэд хүргэдэг юм. Дэлхийд Дон Жуанууд олон бий. Гэвч адал явдал хайснаас хамтдаа түүх бүтээсэн нь дээр. Эзэмдэхийн чөтгөрт мэхийснээс энхрий зөөлөн байдлыг хөгжүүлсэн нь дээр. Жинхэнэ хайр нөгөө хүнээ эзэмдэх гэдэггүй, харин өөрөө өөрийгөө өгдөг билээ. Нөгөө хүнээ эзэгнэхээс илүү түүнд үйлчилсэн нь дээр. Учир нь хайр байхгүй бол амьдрал гунигаар дүүрэн, ганцаардмал байх болно.

УРИАЛГА

Би Иракийн Курдистаны өөртөө засах орны нийслэл Эрбил хотын дүүрэгт пуужингийн довтолгоонд өртсөн энгийн иргэд болон амь үрэгдэгсэдтэй хамт байгаагаа илэрхийлье. Хөршүүдийн сайн харилцаа ийм үйлдлээр бус харин харилцан яриа, хамтын ажиллагааны үр дүнд л бий болдог. Ойрх Дорнодын хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс, мөн дайны бусад хувилбараас зайлсхийхийг би хүн бүрээс хүсэж байна.

Тусгай мэндчилгээ

Маргааш Христэд итгэгчдийн эв нэгдлийн төлөөх залбирлын долоо хоног эхэлнэ. Энэ жилийн залбирал "Чи Тэнгэрбурхан Эзэнээ … мөн хөршөө өөрийн адил хайрла" (Лук 10:27) гэсэн сэдэвтэй. Христэд итгэгч нар бүрэн нэгдэж, бүх хүмүүст, ялангуяа хамгийн эмзэг давхаргын хүмүүст дуу нэгтэйгээр хайрын тухай гэрчлэхийн төлөө залбирахыг би та бүхнээс хүсэж байна.

Итали хэлтэй мөргөлч нартай би халуун дотноор мэндчилье. Ялангуяа Беллиззи, FederCasa групп, Ром дахь IX Пио-Ла Салле институт болон Highlands сургуулийн сүсэгтнүүдэд мэндчилгээ дэвшүүлж байна.

Эцэст нь хэлэхэд, залуучууд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд, шинээр гэрлэсэн хосууд үргэлж миний бодолд байдаг. Өнөөдөр бид хүрээ хийдийн амьдралыг үндэслэгчдийн нэг Гэгээн Энтони Аббот санваартныг дурсаж буй. Түүний үлгэр жишээ Сайн мэдээний айлдлыг бүхэлд нь хүлээн авахад та бүхнийг урамшуулах болтугай.

Дайнтай байгаа улс орнууд болох Украин, Палестин, Израил, мөн Газын зурваст маш ихээр зовж шаналж буй хүмүүсийг бид мартаж болохгүй. Дайны олон олон хохирогчдын төлөө бүгдээрээ залбирцгаая. Дайн үргэлж сүйрэл авчирдаг. Дайн хайрын бус, харин үзэн ядалтын үрийг тарьдаг. Дайн бол хүний жинхэнэ ялагдал. Дайнд зовж шаналж буй хүмүүсийн төлөө залбирцгаая.

Та бүгдийг Тэнгэрбурхан ивээг!

Мэдээллийн эх текст: Католик шашны төлөөлөгчийн газар

Зураг эх сурвалж Luxuria (Lust), Wikipedia