Пап Францис: 2024 оны 1 сарын 3, Лхагва гарагийн Нийтийн бараалхал

2024-01-05

Пап Францис Лхагва гараг бүр олон нийтэд хандан сургаал номлол айлддаг. 2023 оны 1 дүгээр сарын 3, Лхагв гараг буюу шинэ оны анхны сургаал номлолдоо  "Гаж буруу ба эрдэм буян"  "Итгэлийн тэмцэл" талаар хүргэв. 

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

"Өнгөрсөн долоо хоногт бид гаж буруу ба эрдэм буяны сэдвийг эхлүүлсэн. Эдгээр нь Христэд итгэгч хүний итгэлийн тэмцэлд хамаатай. Үнэн хэрэгтээ Христэд итгэгчдийн итгэлийн амьдрал амар тайван, шугаман, дардан байдаггүй. Харин ч эсрэгээрээ энэ амьдрал итгэлээ хадгалах, бидэнд өгөгдсөн итгэлийн бэлгүүдийг баяжуулах байнгын зүтгэлийг биднээс шаарддаг. Христэд итгэгч хүн бүрийн Ариун угаалын ёслолоор хүлээн авдаг анхны тослолт анхилуун үнэргүй байдаг нь санамсаргүй зүйл биш. Энэ тослолт нь амьдрал бол тэмцэл гэдгийг бэлгэдэн тунхагладаг юм. Эрт дээр үед бөхийн тэмцээний өмнө бөхчүүдийн булчинг чангалж, биеийг нь өрсөлдөгчийнх нь гарт баригдахад хэцүү болгохын тулд бүрэн тосолдог байв. Христэд итгэгч ч амьдралын тэмцлээс хамгаалагдаагүй бөгөөд хичээх ёстой гэдгийг сонсогчийн тослолт нэн даруй тодорхой харуулдаг. Амьдрал бол дараалсан сорилт, уруу таталт учраас тэр бусад хүмүүсийн нэгэн адил дэвжээ рүү гарах ёстой болно.

Хүрээ хийдийн амьдралын эцэг болсон Агуу Энтони санваартан "Уруу таталтуудыг зайлуулчихвал хэн ч аврагдахгүй" хэмээх алдартай үгийг хэлсэн гэдэг. Гэгээнтнүүд бол сорилтод өртөөгүй хүмүүс биш. Харин амьдрал дээр хорон муугийн уруу таталт дахин дахин гарч ирдэг бөгөөд тэднийг илрүүлж, тэднээс татгалзах ёстой гэдгийг мэддэг хүмүүс байдаг. Бид бүгд муу бодол, түүнийг үйлдэх хүсэл, бусдын талаар муугаар ярих гэх мэт уруу таталтуудтай тулгардаг. Хүн бүр, бид бүгдээрээ сорилтод өртдөг. Бид тэдгээр уруу таталтуудад бууж өгөхгүй байхыг хичээх ёстой. Уруу таталттай тулгардаггүй хүн байвал бидэнд хэлээрэй! Учир нь энэ нь ер бусын зүйл байх болно! Бид бүгд соригддог бөгөөд тэр үедээ хэрхэн биеэ авч явахад суралцах ёстой болдог.

Өөрсдийгөө гэм нүгэлгүй хэмээн "зүв зүгээр", "Үгүй ээ, би сайн, надад тийм асуудал байхгүй" гэж хэлдэг олон хүн байдаг. Гэхдээ бидний хэн нь ч “зүгээр” биш. Хэрэв хэн нэгэн өөрийгөө зүгээр гэж бодож байвал тэр мөрөөдөж байгаа хэрэг. Хүн нэг бүрд өөрчлөх олон зүйл бий. Бид сонор сэрэмжтэй байх ёстой. Хүмүүс Эвлэрлийн сакраментыг хүртэхдээ, "Эцэг минь, би санахгүй байна, надад нүгэл байгаа эсэхийг мэдэхгүй байна..." гэж чин сэтгэлээсээ өчих нь бий. Гэхдээ энэ нь зүрх сэтгэл дотроо юу болж байгааг ухамсарлахгүй байна гэсэн үг юм. Бид бүгд гэм нүгэлтэй хүмүүс. Бид бүгдээрээ шүү. Багахан ухамсрын цэгнүүр, багахан ухаарал бидэнд тустай байдаг. Тэгэхгүй бол бид харанхуйд дасаж, сайн мууг ялгаж мэдэхгүй болсноос харанхуйд амьдрах эрсдэлд орно. Сүм дотор нүглээ мэдэж, түүндээ гашууддаг хүн үхсэн хүнийг амилуулдаг нэгнээс илүү агуу хэмээн Ниневегийн Исаак хэлсэн байдаг. Тэнгэрбурхан Эцэгийн хязгааргүй нигүүлслийн хувьд ямар ч нүгэл том биш гэсэн итгэлийг зүрх сэтгэлдээ хадгалж, өөрчлөгдөх шаардлагатай сул дорой нүгэлтнүүд гэдгээ хүлээн зөвшөөрөх ивээлийг бид бүгдээрээ Тэнгэрбурханаас гуйх ёстой. Энэ бол Есүсийн бидэнд өгсөн анхны сургаал билээ.

Бид үүнийг Сайн мэдээний эхний хуудаснуудаас, голчлон Мессиагийн Иордан голын усанд Ариун угаал хүртсэн түүхээс хардаг. Энэ үзэгдэлд бидний сэтгэлийг түгшээдэг зүйл бий. Есүс яагаад энэ ариусгалын ёслолд оролцох болов? Тэр бол Тэнгэрбурхан, Тэр бол төгс шүү дээ! Есүс ямар нүглийг наманчлах хэрэгтэй гэж? Түүнд гэм нүгэл үгүй! Баптисч Иохан хүртэл үүнд цочирдсон бөгөөд "Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролддог" (Матай 3:14). Гэвч Есүс бол Иоханы танилцуулснаас, хүмүүсийн төсөөлж байснаас тэс өөр Мессиа байлаа. Тэр уур хилэнт Тэнгэрбурханыг илэрхийлээгүй, Тэр хүмүүсийг шүүлтэд дуудаагүй. Харин ч эсрэгээрээ нүгэлтнүүдийн хамт дараалалд орж зогссон. Яагаад тэр вэ? Тийм ээ, Есүс нүгэлтнүүд бидэнтэй хамт байдаг. Тэр нүгэлтэн биш атлаа бидний дунд байдаг. Энэ үнэхээр сайхан. "Эцэг минь, надад олон нүгэл бий!" - "Гэхдээ Есүс чамтай хамт байгаа. Тэдний талаар яривал Тэр чамд тэднээс салахад тусална." Есүс биднийг хэзээ ч ганцаар орхидоггүй. Хэзээ ч шүү! Энэ талаар бодоорой. "Эцэг минь, би ноцтой хэрэг хийсэн!" - "Гэхдээ Есүс чамайг ойлгож, чамтай хамт явдаг. Тэр чиний нүглийг ойлгож, чамайг уучилдаг." Үүнийг хэзээ ч бүү март! Хамгийн сул дорой мөчид, биднийг нүгэл үйлдэх мөчид Есүс бидний хажууд байж биднийг эргэж босоход тусалдаг. Энэ нь тайвшралыг авчирдаг билээ. Есүс бидэнд тусалж, биднийг хамгаалж, нүглийн дараа дахин босгохын тулд бидний хажууд байдаг гэдэгт итгэх итгэлээ бид алдах ёсгүй. "Гэхдээ Эцэг минь, Есүс бүх зүйлийг уучилдаг гэж үнэн үү?" - "Үнэн. Тэр уучлахын тулд, аврахын тулд ирсэн. Есүс чамайг зүрх сэтгэлээ нээлттэй байлгаасай гэж хүсдэг. Тэр уучлахаа хэзээ ч мартдаггүй. Харин бид л уучлал гуйх чадамжаа алдах нь олонтоо. Уучлал гуйх чадамжаа сэргээцгээе. Хүн нэг бүрд уучлал гуйх олон шалтгаан бий. Бүгдээрээ энэ тухай дотроо бодож, үүний талаар Есүстэй өнөөдөр ярилцацгаая. Есүст: “Эзэн, энэ үнэн эсэхийг би мэдэхгүй ч, Та надаас нүүр буруулахгүй гэдэгт би итгэлтэй байна. Та намайг уучилна гэдэгт би итгэж байна. Эзэн минь, би гэм нүгэлтэй хүн ч гэсэн, Та надаас бүү нүүр буруулаач" гэж хэлээрэй. Өнөөдөр Есүст хандан "Эзэн минь, надаас бүү нүүр буруулаач" гэвэл сайхан залбирал болох болно.

Сайн мэдээний айлдалд Есүс Ариун угаал хүртсэн даруйдаа Сатанд соригдохын тулд цөл рүү хөтлөгдсөн тухай гардаг. Энэ тохиолдолд ч бидэнд асуулт гарч ирдэг: Тэнгэрбурханы Хүү яагаад соригдох ёстой байв? Энд ч бас Есүс Өөрийгөө сул дорой хүмүүний мөн чанартай хамт байдгаа харуулж, бидэнд агуу үлгэр жишээ үзүүлсэн юм. Элсэн цөлийн хуурай чулуун дунд Түүний даван туулсан сорилтууд нь шавь нар бидэнд өгсөн анхны зааварчилгаа нь байлаа. Тэр бидний тулгарах ёстой зүйлсийг үзэж туулсан. Амьдрал гэдэг сорилт, шалгалт, салаа зам, эсрэг тэсрэг үзэл, далд уруу таталт, зөрчилдөөнт санаануудаар дүүрэн. Зарим дуу хоолой ихээхэн үнэмшилтэй байх нь ч бий. Сатан Библийн үгсийг ашиглан Есүсийг сорьсон шүү дээ. Жинхэнэ аз жаргалд хүргэх замыг сонгохын тулд бид дотоод цэвэр тунгалаг байдлаа хадгалж, замдаа зогсохгүй байхыг хичээх ёстой.

Бид үргэлж эсрэг тэсрэг туйлуудын хооронд тээнэгэлзэж байдгаа санацгаая. Бардам зан даруу байдлыг сорьж; үзэн ядалт өгөөмөр сэтгэлийг эсэргүүцэж; уйтгар гуниг нь Сүнсний жинхэнэ баяр баясгаланд саад болж; хатуурсан зүрх нигүүлслээс татгалзаж байдаг. Христэд итгэгч нар үргэлж эдгээрийн дундах шугам дээр алхана. Тиймээс гаж буруу, эрдэм буяныг тунгаан бодох нь чухал юм. Энэ нь сайн муугийн хил хязгаар бүдгэрсэн нигилист соёлыг дийлэхэд бидэнд туслахын зэрэгцээ, хүн төрөлхтөн бусад амьтдаас ялгаатай нь үргэлж өөрсдийгөө давж, Тэнгэрбурханд өөрсдийгөө нээж, ариун байдалд хүрэх чадвартай гэдгийг сануулдаг билээ.

Итгэлийн тэмцэл нь өөрсдийг маань хүлж буй гаж буруу зуршлуудыг анхааралтай ажиглахад, Тэнгэрбурханы ивээлээр бидний дотор цэцэглэн хөгжиж, Ариун Сүнсний шинэчлэлийг авчирч чадах эрдэм буянууд руу биднийг тэмүүлэхэд хүргэдэг".

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод, ялангуяа Мальта, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст халуун мэндчилгээг дэвшүүлье. Саяхан Японд болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс, мөн Токиогийн нисэх онгоцны буудалд өчигдөр хоёр онгоц мөргөлдсөний улмаас хохирсон бүх хүнтэй би сэтгэлээрээ ойр байгаагаа дахин илэрхийлье. Би тэдний гэр бүлүүд болон онцгой байдлын ажилтнуудын төлөө залбирч байгаа. Та бүхэн болон танай гэр бүлийнхэнд Христ Мэндэлсний Баяр тохиож буй энэ үеийн баяр баясгаланг эрхэмлэн, бидний дунд амьдрахаар ирсэн Аврагчид залбирлаараа ойртохыг хүсэн ерөөе. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буян ба тэдгээрийн эсрэг гаж буруугийн талаарх хичээлээс бид Христэд итгэгчийн амьдралд нүглийг эсэргүүцэн, ариун байдлаар өсөхийн төлөөх байнгын тэмцэл явагддагийг харсан билээ. Өөрөө гэм нүгэлгүй Есүс бидэнд итгэлийн дахин төрөлт, санаа бодол, зүрхний өөрчлөлт болон Тэнгэрбурханы нигүүлсэл, ивээлд тууштай найдах хэрэгтэйг зааж өгөхийн тулд Иоханаас баптисм хүртэж, цөлд соригддог. Долоо хоног тутам эрдэм, гаж буруугийн талаар эргэцүүлэн бодож буй маань Эзэний үлгэр жишээг дуурайж, мэргэн ухаан, өөрсдийгөө ойлгох чадвараа хөгжүүлэхэд болон сайн мууг ялган танихад бидэнд туслах болтугай. Эрдмийг илүү сайн мэдэж түүнийг хэрэгжүүлэх тусмаа бид бүх сайн сайхан, жинхэнэ аз жаргал, мөнх амьдралын бүрэн дүүрэн байдлын эх сурвалж болсон Тэнгэрбурханд ойртохын баяр баясгаланг мэдрэх болтугай.