Пап Францис: Ирж буй Хүүг нь гэрчлэх найдвартай дуу хоолой болохын төлөө хичээцгээе.

2023-12-13

Пап Францис  2023 оны 12 сарын 10, Ням гарагийн  АНЖЕЛУС-ын үеэр Айлдалд  “Цөлд хашхирагч нэгний дуу” хэмээн дүрсэлсэн Есүсийн замыг бэлтгэх Баптисч Иоханы тухай өгүүлж буй (Марк 1:1-8) Ирэлтийн цаг улирлын хоёр дахь ням гарагийн Сайн мэдээний айлдлын талаар гайхалтай эргэцүүлэмж хуваалцлаа.

 Тэрээр "Цөл бол харилцах хүн байхгүй хоосон газар билээ". "Тэнд ярих дуу хоолой байна гэдэг нь зөрчилдсөн дүр зураг мэт санагдана". "Гэвч Баптисч Иоханы амьдралд энэ хоёр хамтдаа байх аж" хэмээгээд цөл ба дуу хоолойн талаар сургаал номлолоо хүргэв.  

 Цөл

"Олон зууны өмнө Израил ард түмний очсон амласан нутаг буюу Иордан голын ойролцоо цөлд (Иошуа 3:1-17) Иохан тунхаглалаа эхэлдэг. Үүгээрээ Иохан Тэнгэрбурханыг сонсохын тулд Түүний дөчин жилийн турш ард түмнээ дагуулж, хамгаалж, сурган хүмүүжүүлсэн газар буюу цөлд буцаж очих ёстой гэж хэлж байх шиг санагдана. Цөл бол хэрэггүй зүйлсэд анхаарал хандуулах аргагүй, харин амьдрахын тулд зайлшгүй шаардлагатай зүйлс дээр л төвлөрөх ёстой болдог чимээгүй, нэн чухал зүйлсийн газар юм".

"Амьдралын замд гарахын тулд "илүү зүйлс" -ээс ангижрах хэрэгтэй болдгийг бид үргэлж санах хэрэгтэй".

Сайн сайхан амьдарна гэдэг нь хэрэггүй зүйлсээр амьдралаа дүүргэхийг биш, харин тэднээс салж, дотоод сэтгэл рүүгээ гүнзгий орж Тэнгэрбурханы хувьд жинхэнэ чухал зүйлээс зуурахыг хэлдэг.

"Бид чимээгүй байдал, залбирлаар дамжуулан Эцэгийн Үг болох Есүст орон зай гаргаж өгч байж л хоосон үг, ярианы бохирдлоос хэрхэн ангижрахаа мэдэх болно. Үг, эд зүйлсийн хэрэглээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс ангид чимээгүй байдал нь зөвхөн fioretti (орчуулагчийн тэмдэглэл: жижиг золиос, шийдвэр эсвэл сайн үйлийг Эзэн эсвэл Мариа эхэд өргөдөг Итали сүсэгтний амьдралын нийтлэг заншлыг хэлж байна) эсвэл эрдэм биш, харин Христэд итгэгчийн амьдралын чухал бүрдэл хэсэг юм".хэмээв

Дуу хоолой

"Дуу хоолой бол бидний бодож, зүрх сэтгэлдээ тээж байгаа зүйлээ илэрхийлэх хэрэгсэл. Ариун Сүнсний хэлснийг сонсон бидний дотор боловсорсон зүйлийг дуу хоолой илэрхийлдэг. Тиймээс дуу хоолой нь чимээгүй байдалтай ихээхэн холбоотой. Ахан дүүс ээ, чимээгүй байж мэддэггүй нэгэн сайн зүйл ярих нь юу л бол" хэмээгээд

"Харин чимээгүй байхад илүү анхаарах тусам үг илүү хүчтэй болдог"

гэв. Баптисч Иоханы дуу хоолой түүний үнэн туршлага, цэвэр зүрх сэтгэлтэй нь холбоотой байсан.

Миний өдрүүдэд чимээгүй байх орон зай бий юу?

Пап Францис үргэлжлүүлэн "Миний өдрүүдэд чимээгүй байх орон зай бий юу? Тэр нь хоосон, магадгүй дарамттай санагддаг орон зай юу? Эсвэл сонсох, залбирах, зүрх сэтгэлийг хамгаалах орон зай юу? Миний амьдрал илүүц зүйлсээс ангид байна уу, эсвэл тэдгээрээр дүүрэн байна уу?" гэх асуултуудыг өөрсдөөсөө суухыг уриалав. 

Тэрээр "бусад хүмүүс хэрэггүй зүйлсээс ангид чимээгүй байхыг болон сонсохыг эрхэмлэдэггүй байсан ч бид тэдгээрийг эрхэмлэцгээе" хэмээгээд 

"Чимээгүй Цэвэр Охин Мариа бидэнд цөлийг хайрлахад, ирж буй Хүүг нь гэрчлэх найдвартай дуу хоолой болоход туслах болтугай" 

хэмээн сургаалаа өндөрлөв.