Пап Францис "Бид энэрэл нигүүлслийн элч байхаар дуудагдсан"

2023-11-29

Есүс Христ  бол Хаан

Өнөөдөр бол литургийн жилийн сүүлчийн ням гараг, бидний Эзэн, Орчлон ертөнцийн Хаан Есүс Христийн баярын өдөр. Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд эцсийн шүүлтийн талаар өгүүлсэн (Матай 25:31-46) бөгөөд шүүлт өгөөмөр сэтгэл дээр тулгуурлана хэмээжээ.

Тэнгэрлэг шалгуур  дэлхийн шалгуурын ялгаа 

Айлдал бидэнд ёслолын танхимд сүр жавхлант сэнтийдээ заларч буй “Хүний Хүү” Есүсийг (иш. 31) дүрслэн харуулсан. Бүх ард түмэн Түүний хөлд цугласан байх бөгөөд тэдний дотроос Хааны анд нөхөд болох “ерөөгдөгсөд” (иш. 34) тодхон харагдана. Гэвч ерөөгдөгсөд гэж хэн бэ? Эзэний мэлмийд тэдгээр найзууд нь юугаараа онцгой вэ? Энэ дэлхийн шалгуураар бол хаанд эд баялаг, эрх мэдлийг өгсөн, газар нутгийг эзлэн түрэмгийлж, тулалдаанд ялахад нь тусалсан, бусад эрх баригчдын дунд өөрийгөө агуу болгоход нь тусалсан, магадгүй сонины нүүр эсвэл олон нийтийн сүлжээгээр од болон харагдахад нь тусалсан хүмүүс түүний найзууд байх ёстой. Энэ дэлхийн шалгуураар бол хаан тийм хүмүүст "Намайг баян, алдартай, бусдын атаархал, айдсыг төрүүлсэн нэгэн болгосонд тань баярлалаа" гэж хэлэх ёстой.

Бусдад туслах 

Гэвч Есүс өөр хүмүүсийг буюу хамгийн сул дорой хүмүүст үйлчилсэн хүмүүсийг Өөрийн найзууд хэмээсэн.

Учир нь Хүний Хүү бол ядуусыг "ах дүүс" гэж дууддаг, өлссөн, цангасан, харь, өвчтэй, хоригдсон хүмүүстэй өөрийгөө адилтгаж, "Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг" гэж хэлдэг огт өөр Хаан билээ (иш. 40). Тэр бол өлсгөлөн, гэр оронгүй байдал, өвчин эмгэг, шоронгийн асуудалд мэдрэг Хаан (иш. 35-36).

Энэ бүх асуудал одоо ч бидний дунд бодитой байгаа нь харамсалтай. Өлсгөлөн, орон гэргүй, ихэвчлэн байгаа зүйлсээрээ л хувцасласан хүмүүс гудамжаар дүүрэн бий. Бид тэдэнтэй өдөр бүр таардаг. Мөн түүнчлэн сул дорой байдал, шоронгийн тухайд бид бүгд өвчтэй байх болон алдаа гаргаад үр дагаврыг нь амсах ямар байдгийг мэднэ.

Энэрэл нигүүлсэл

Ядуу хомс байдлын эдгээр хэлбэрүүдэд нүүр буруулах замаар биш, харин хоол унд, хувцас хунар өгөх, гэртээ оруулах, эргэж очих замаар; нэг үгээр тусламж хэрэгтэй хүмүүст ойр байж хайраар, үйлчлэлээр хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс бол "ерөөгдөгсөд" гэдгийг өнөөдрийн Сайн мэдээ бидэнд хэлж өглөө.

Учир нь өөрийгөө хүний Хүү хэмээн нэрлэсэн бидний Хаан Есүс хамгийн эмзэг эмэгтэй эрэгтэй хүмүүсээс хайрт ах эгч дүүсээ олж хардаг юм. Түүний "хааны шүүх хурал" зовж шаналж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс байгаа газарт өрнөдөг. Энэ бол манай Хааны "шүүх" юм.

Есүсийг Эзэн гэж үздэг, Түүний найзууд болох хүмүүс Түүний энэрэл, нигүүлсэл, өр зөөлөн сэтгэлээр өөрсдийгөө ялгаруулах учиртай. Эдгээр нь зүрх сэтгэлийг өөд татдаг бөгөөд амьдралд шархадсан хүмүүсийн шархнууд дээр анагаах тос мэт үйлчилдэг юм.

Тиймээс ахан дүүс ээ, өөрсдөөсөө ингэж асууцгаая. Жинхэнэ хаанчлал нигүүлсэлд оршдог гэдэгт бид итгэдэг үү? Бид хайрын хүч чадалд итгэдэг үү? Өгөөмөр сэтгэл хүнийг хаан мэт болгодог гэдэгт, энэ нь Христэд итгэгч байхын зайлшгүй шаардлага гэдэгт бид итгэдэг билүү? Эцэст нь “би Хааны найз мөн үү, өөрөөр хэлбэл замдаа тааралдсан зовлон зүдүүртэй хүмүүсийн хэрэгцээг хангахад биечлэн оролцдог уу?” хэмээх асуултыг асууцгаая.

Тэнгэр, газрын хатан хаан Мариа эх бидэнд ах дүүсийнхээ дорд нэгнээс Хаан Есүсийг олж харж, хайрлахад туслах болтугай.