Пап Францис "Залуучуудыг сүмийн амьдралын баяр баясгалантай гол дүрүүд байхыг уриалав"
Литургийн жилийн сүүлчийн ням гараг, бидний Эзэн, Орчлон ертөнцийн Хаан Есүс Христийн баярын өдөр тодорхой сүмүүд Дэлхийн залуучуудын өдрийг тэмдэглэдэг байна. Пап Францис залуучуудын өдрийн тухай "Өнөөдөр бид "Итгэл найдвараар баясахуй" сэдэвтэй 38 дахь Дэлхийн залуучуудын өдрийг тодорхой сүмүүдэд тэмдэглэж байна. Лиссабонд болсон Дэлхийн залуучуудын өдрийг үргэлжлүүлэн шашны хүрээнийхний зохион байгуулж буй санаачилгуудад оролцож буй хүмүүсийг би адисалъя.
Холодоморыг дурсав
“Тарчлан зовж буй Украин өчигдөр 90 жилийн өмнө олон сая Украйнчуудыг өлсөж үхэхэд хүргэсэн Зөвлөлтийн дэглэмийн геноцид болох Холодоморыг дурсан санасан. Тэдний гүн шарх эдгэхийн оронд улам бүр хөндөгдөн өвдсөөр байна” хэмээн үргэлжлүүлэн “Зөрчилдөөний улмаас хагаралдсан бүх ард түмний төлөө бүгдээрээ уйгагүй залбирцгаая. Учир нь залбирал бол үзэн ядалтын эргүүлгийг зогсоож, өшөө авалтын мөчлөгийг эвдэж, эвлэрлийн төсөөлөөгүй арга замыг нээж өгдөг энх тайвны хүч билээ” хэмээв.
Байлдаан түр зогсож байгаад Тэнгэрбурхандаа талархая
“Израил, Палестины хоорондын байлдаан түр зогсож, зарим барьцааны хүмүүсийг сулласанд Тэнгэрбурхандаа талархацгаая. Барьцааны хүмүүсийн гэр бүлийнхнийг бодож тэднийг бүгдийг нь аль болох хурдан суллахын төлөө залбирцгаая! Мөн Газад илүү их хүмүүнлэгийн тусламж очихын төлөө, энх тайванд хүрэх цорын ганц арга зам болох яриа хэлэлцээрийг эрхэмлэхийн төлөө залбирцгаая. Яриа хэлэлцээр хийхийг хүсэхгүй байгаа хүмүүс энх тайвныг хүсэхгүй байна гэсэн үг” хэмээжээ.
COP 28 хурлын тухай
Тун удахгүй Дубайд болох Уур амьсгалын бага хурал буюу COP 28 оролцох тухай тэрээр “Дайнаас гадна манай дэлхийд бас нэг том аюул заналхийлж байна. Энэ нь дэлхий дээрх амьдралыг, ялангуяа хойч үеийнхний амьдралыг эрсдэлд оруулж буй уур амьсгалын өөрчлөлтийн аюул юм. Энэ нь бүх зүйлийг амьдралын төлөө бүтээсэн Тэнгэрбурханы төлөвлөгөөнд харшилсан зүйл билээ” гэв.
Пап Францис уг хуралд оролцох анхны Пап бөгөөд “Бүх нийтийн гэр орноо хамгаалахын төлөө сэтгэл шулуудан залбирлаараа энэ аялалд надтай хамт байх бүх хүнд би талархлаа илэрхийлье” хэмээжээ.