Хамба лам нарын Их Хурлаас Тэнгэрбурханы ард түмэнд илгээсэн захидал: “Шашин бүх хүнийг сонсох ёстой”

2023-11-10

Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Ерөнхий бөгөөд Энгийн Хуралдааны оролцогч нар нь  "Их Хурал" гэх үгээр тодорхойлогдсон шашин дэлгэрүүлэлтийн нэгдлийн хөдөлгөөнд бодитойгоор оролцох боломж бололцоог хүн бүрд олгоно гэдэгт найдаж байгаа тухай, өнгөрсөн долоо хоногуудын ажлын тайлан, мөн өөрсдийн туршлагад талархаж буйгаа илэрхийлсэн агуулга бүхий “Тэнгэрбурханы Ард түмэнд” гэх захидлыг илгээжээ.

Хамба лам нарын Их хурлын 
XVI дугаар Хуралдаанаас
Тэнгэрбурханы ард түмэнд 
илгээж буй захидал 

Хүндэт ахан дүүс нараа 

Хамба лам нарын Их хурлын XVI дугаар Ерөнхий бөгөөд Энгийн Хуралдааны анхны чуулган өндөрлөж байгаатай холбогдуулан баялаг сайхан туршлагыг бий болгосон эдгээр өдрүүдийн төлөө бид та бүхэнтэй хамт Тэнгэрбурханд талархал өргөе. Бид эдгээр ивээлтэй цаг үеийг та бүхэнтэй нэгдэх нэгдэл дотор өнгөрүүллээ. Та бүхний даатгал залбирал, хүсэл эрмэлзэл, асуулт тодруулга, айх эмээхүй бид бүхэнд их дэмжлэг болж байлаа. Хоёр жилийн өмнө Пап Францисын санаачилгаар Ариун Сүнсний удирдлага дор Есүс Христийг дагахад зүтгэж буй шашин дэлгэрүүлэгч шавь бид “хамт алхах”-ын тулд хэнийг ч ялгаварлан орхилгүйгээр Тэнгэрбурханы бүх ард түмэнд нээлттэй сонсохуй, ялгаж танихуйн урт аян замыг эхлүүлсэн.


9 дүгээр сарын 30-аас хойш Ром хотод цугларсан чуулган бол энэхүү аяны чухал үе шат нь байв. Олон талаараа энэ нь урд хожид тохиолдож байгаагүй туршлага байлаа. Пап Францисын урилгаар анх удаа Ариун угаалынхаа үүднээс эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт нэг адил ширээнд уригдаж, санал солилцох үед төдийгүй, Хамба лам нарын Их Хуралдааны санал хураах үйл явцад оролцоход уригдсан. Бид хамтдаа сүнслэг дуудлага, авьяас билиг, үйлчилгээний уялдаагаар Тэнгэрбурханы Үг болон бусдын туршлагыг анхааралтай сонссон. Бид Ариун Сүнс дотор харилцан ярих арга барилаар дамжуулан  тив бүр дэх бүлгэмийнхээ ядуурал ба баялгийн тухай эгэл даруухнаар хуваалцаж, Ариун Сүнс өнөөгийн Шашинд юу хэлж байгааг ялган танихыг эрмэлзсэн. Түүнчлэн Дорнын Христийн Шашны уламжлалт болон Латин уламжлалт Шашин хоорондын харилцан солилцоог хөгжүүлэхийн чухлыг мэдэрсэн. Бусад Шашин, Шашинлаг бүлгэмүүдээс төлөөлөн оролцсон ахан дүүсийн оролцоо бидний яриа хэлэлцүүлгийг баяжуулж өгсөн. 


XVI дугаар Хуралдаан нь дэлхийн хямралын хүнд нөхцөл байдал дунд явагдаж, оролцогчдын зарим нь дайн болж буй орноос ирсэн нь дэлхийн зовлон шарх, дуулиан шуугиан, тэгш бус байдал бидний зүрх сэтгэлд өвдөлттэй цуурайтаж, ажил үйлсэд хүнд мэдрэмжийг төрүүлсэн. Бид ядуурал, хээл хахуулын золиос болж цагаачлалын аюулт замд хөтлөгдөн буй ахан дүүсийг марталгүйгээр үхлийн хүчирхийлэлд автсан хохирогчдын төлөө залбирлаа. Бид дэлхийн өнцөг булан бүрд шударга ёс, энх тайвны төлөө зүтгэж буй эрэгтэй эмэгтэй хүмүүстэй эв санааны нэгдэлтэй, тууштай байхаа амлаж байлаа.  


Бид Ариун Эцэгийн урилгаар Ариун Сүнс дотор бие биетэйгээ нэгдэх хүсэл эрмэлзэл хийгээд харилцан бие биеэ сонсох чадвараа хөгжүүлэхийн төлөө анир чимээгүй байдалд утга учиртай орон зайг зориулав. Христийн Шашин Хоорондын үдшийн нээлтийн үед эв нэгдлийн төлөөх цангаа нь цовдлуулсан Христийг тунгаах аниргүй бясалгааны дотор хэрхэн ихэсдэгийг мэдэрсэн. Үнэн хэрэгтээ загалмай бол “тэд бүгдээрээ нэг байх” (Иох 17:21)-ын тулд шавь нараа Эцэгтээ даатгасан дэлхийн авралын төлөө өөрийгөө өргөн барьсан ганц тэр нэгнийх юм. Чуулганы эхэн үед Пап Францис Христийн Амилалтаар төрүүлсэн горьдол найдвар дотор бат нэгтгэгдсэн бид дэлхийн уйлах дуу, ядуусын орилох дуу улам нэмэгдэж буй эх дэлхийг Түүнд даатгасан: Laudate Deum!” (“Тэнгэрбурханаа магтъя!”), гэдгийг бидэнд сануулж байсан. 

Өдөр ирэх тусам шашны хариуцлагатны болон шашин дэлгэрүүлэлтэнд өөрчлөлтийн хойшлуулшгүй хэрэгцээ шаардагдаж байгааг бид мэдэрсэн. Учир нь Шашны дуудлага нь өөрийгөө төв байлгах бус Тэнгэрбурханы ертөнцөд хайрласан хязгааргүй хайрын үйлчлэлд байлгаж, Сайн мэдээг түгээхэд оршино. Харьц (Иох 3:16). Гэгээн Петрийн талбайн ойролцоох орон гэргүй хүмүүсээс Их Хуралдааныг тохиолдуулан Шашнаас ямар хүлээлттэй байгааг асуухад тэд "Хайр!" гэж хариулсан.   Пап Францис 10 сарын 15-ий үд дунд "Нялх хүүхэд Есүсийн Тереза"-ийн захиаснаас иш татан чуулганд хандан энэхүү энэрэл хайр бол Гурваллаг, Эвхаристын энэрэл хайр хийгээд Шашны халуун зүрх байх ёстой гэж уриалсан. Бидний мэдэрсэн эр зориг ба дотоод эрх чөлөө “Итгэл үнэмшил”-ээс төрөн гарч, үүгээр бид санал нийлэх ба санал зөрөлдөх, хүсэл эрмэлзэл ба асуулт хариултыг даруухнаар, эрх чөлөөтэй илэрхийлдэг гэдгийг ойлгосон.  


Харин одоо? 2024 оны 10-р сард болох хоёр дахь чуулганы өмнөх саруудад  "Их Хурал" гэх үгээр тодорхойлогдсон шашин дэлгэрүүлэлтийн нэгдлийн хөдөлгөөнд бодитойгоор оролцох боломж бололцоог хүн бүрд олгоно гэж найдаж байна. Энэ нь үзэл суртлын тухай бус, харин апостолик уламжлалд үндэслэгдсэн туршлагын тухай үйл явц юм. Чуулганы эхэнд Пап Францис бидэнд “хэрэв бид Их Хурал -ын мөн чанар болох хүн бүрийн бодит оролцоог дэвшүүлсэн шашны туршлагыг хэрэгжүүлэхгүй бол нэгдэл ба шашны дэлгэрүүлэлт хийсвэр утгатай зүйл мэт үлдэх эрсдэлтэй байх болно” гэж сануулсан. (2021 оны 9 дүгээр сарын 9). Олон асуулт, олон тулгамдсан асуудал байдаг: Нэгдүгээр чуулганы дүгнэлт бидний хэлэлцсэн зүйлсийг онцлон тэмдэглэх, нээлттэй асуултуудыг тодруулах, цаашид бидний ажил хэрхэн урагшлахыг заах болно.


Шашин өөрийн ялгаж танихуйн үйл явцыг дэвшлүүлэхийн тулд хамгийн ядуу хүмүүсээс эхлээд бүх хүнийг яахын аргагүй сонсох хэрэгтэй. Тиймээс түүнд магтаалын зам болсон өөрчлөлтийн зам хэрэгтэй юм. “Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв”. (Лүк 10:21)!.  Энэ нь нийгэмд мөн Шашинд гадуурхагдаж дуу хоолойгоо хүргэх эрхээ хязгаарлуулсан хүмүүсийг сонсох; арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрээр хохирогчдыг сонсох, нэн ялангуяа зарим нутагт соёл нь халдлагад өртсөн уугуул үндэстнүүдийг сонсоход оршдог. Хамгийн гол нь энэ цаг үеийн Шашин, өөрчлөлтийн сэтгэлийн үүднээс, шатлал бүхий бүтцийнхээ гишүүдийн хүчирхийлэлд автсан хохирогчдыг сонсох үүрэгтэй бөгөөд ийм зүйл дахин давтагдахгүй байх нөхцөлийг баттай тогтоохын төлөө бодитоор, бүтэцтэйгээр өөрийгөө зориулах хэрэгтэй.


Шашин ариун угаалын дуудлагын үүднээс ариун байхаар дуудагдсан эрэгтэй эмэгтэй эгэл сүсэгтнүүдийг сонсох хэрэгтэй: олон нөхцөл байдалд Сайн Мэдээний Айлдлыг анхны тунхаглагчид болох шашны сургалтын багш нарын гэрчлэлийг сонсох хэрэгтэй; хүүхдүүдийн энгийн эрч хүчтэй байдал, залуучуудын урам зориг, тэдний асуулт тэдний хүсэлтийг сонсох хэрэгтэй; ахмад настнуудын мөрөөдөл, мэргэн ухаан  дурсамжийг сонсох хэрэгтэй. Шашин гэр бүлүүдийг, боловсролын талаарх тэдний асуудлыг болон Христийн төлөөх тэдний өнөөгийн дэлхий ертөнцөд үзүүлсэн гэрчлэлийг сонсох хэрэгтэй. Түүнчлэн Шашин эгэл сүсэгтний үйлчлэлд өөрийгөө зориулах хүсэлтэй төдийгүй бүтцүүдийг бий болгох тухай ялгаж таних ба шийдвэр гаргах үйл явцад оролцох эрмэлзэлтэй хүмүүсийн дуу хоолойг сонсох хэрэгтэй.
Цаашдаа Их Хурал дахь ялгаж таних үйл явцыг гүнзгийлүүлэхийн тулд Шашин сахил санваарын хэргэмийн үйлчлэгч нарын үг ба туршлагыг илүү ихээр цуглуулах хэрэгтэй. Үүнд: Шашны бүхэл биеийн амьдралд зайлшгүй хэрэгтэй үндсэн ёслолын үйлчлэгчид,  хамба лам нарын үндсэн хамтран зүтгэгчид болсон лам санваартнууд; хамгийн эмзэг хүмүүний төлөөх бүхэл Шашны анхаарал халамжийг илэрхийлдэг үйлчлэл бүхий тахилч нар юм. Түүнчлэн Шашин Ариун Сүнсний дуудлагыг сонор сэрэмжтэй сахиулагчид болох сахилтнуудын бүлгэмийн амьдралын зөнчийн дуу хоолойг өөрөөсөө асуудаг байх хэрэгтэй. Мөн католик итгэл бишрэлийг хуваалцдаггүй ч чин үнэнийг эрэлхийлэгч нарт анхаарал тавих хэрэгтэй учир нь “хүн бүрд Дээгүүр өнгөрөх нууцтай холбогдох боломж бололцоог олгодог” ” (Баяр баясгалан ба горьдол найдвар 22) Ариун Сүнс тэдний дотор оршин байдаг бас ажилладаг.


Бид амьдарч буй дэлхийдээ сөргөлдөөний нөхцөлд ч энэрэн хайрлах, хайрлан үйлчлэх дуудлагатай байдаг боловч Сайн мэдээ түгээх томилолтынхоо бүх цар хүрээ доторх хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Шашнаас шаардана. Гуравдагч мянган дахь Шашнаас Тэнгэрбурхан Их Хурал-ын уг чанар буюу хамт алхах байдлын аян замыг хүлээж байна. (Пап Францис, 2015 10 сарын 17). Бид дуудлагад хариу өгөхөөс айх хэрэггүй. Шашны Эх, Мариа бидний эргэл мөргөлд дагалдаж байна. Мариа баяр баясгалан уй гашуу дотор Хүүгээ бидэнд харуулж, Түүнд итгэхэд бид нарыг уриалан дуудаг. Учир нь Христ бол бидний цорын ганц горьдол найдвар билээ. 


2023 оны 10 сарын 25, Ватикан хот,

Эх сурвалж:https://www.vaticannews.va/en/vatican-city/news/2023-10/letter-to-the-people-of-god.html