АРИУН ЭЦЭГ ФРАНЦИСИЙН 2023 оны Дөч хоногийн цаг улиралд зориулсан захиас үг

Хамт алхах Аялал
Хайрт ахан дүүс нар аа!
Матай, Марк, Лукын сайн мэдээний Айлдлууд бүгд Есүсийн хувиргалтын тухай өгүүлдэг. Өөрийг нь ойлгож чадаагүй шавь нартаа Эзэн ямар хариу үйлдэл үзүүлснийг бид тэндээс хардаг. Үүний өмнөхөн Эзэн болон Симон Петрийн хооронд жинхэнэ хагарал гарсан бөгөөд тэрээр Тэнгэрбурханы Хүү, Христ Есүст итгэдэг гэдгээ илэрхийлснийхээ дараа түүний тарчлал ба загалмайн таамаглалыг няцаасан. Тэр эргэж Петрт -Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Тэнгэрбурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ. (Mатай 16:23). Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон дүү Иохан нарыг дагуулан хэдүүлэхнээ өндөр ууланд гарчээ (Mатай 17:1).
Хувиргалтын тухай сайн мэдээний Айлдлыг жил бүрийн Дөч хоногийн цаг улирлын Хоёр дахь Ням гарагт тунхагладаг. Шашны ёслол үйлдэх энэхүү улирлын үеэр Эзэн биднийг өөр газар аваачдаг. Бидний энгийн амлалтууд биднийг ердийн газар, байнгын давтагддаг болон заримдаа уйтгартай хэвшилд байлгахад хүргэдэг ч Дөч хоногийн цаг улирлын үеэр бид Есүстэй хамт "өндөр ууланд" гарч, сүнслэг сахилга баттай байх тодорхой туршлага бүхий - өөрийгөө хязгаарлах – байдлыг Тэнгэрбурханы ариун хүмүүсийн хувьд хэрэгжүүлэхэд уригдаж байна.
Дөч хоногийн цаг улирлын гэмшил нь сүсэг бишрэлгүй байдал, загалмайн замд Есүсийг дагах бидний эсэргүүцлийг даван туулах хишиг ивээлээр баталгаажсан амлалт юм. Петр болон бусад шавь нар яг үүнийг хийх ёстой байсан. Багшийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, энэрэл хайраар урамшуулагдсан өөрийгөө бүрэн дүүрэн зориулах замаар гүйцэтгэсэн түүний авралын нууцыг бүрэн ойлгож, хүлээн авахын тулд бид түүнд өөрийгөө аваачиж, дундыг баримтлагч, ихэрхүү зангаасаа ангижруулахыг зөвшөөрөх ёстой. Бид уулын аялал шиг хичээл зүтгэл, золиослол, төвлөрөл шаарддаг өгсүүр замд гарах хэрэгтэй. Эдгээр шаардлагууд нь Шашны хувьд бидний хийхээр зорьж буй хамт алхах аялалд бас чухал юм. Дөч хоногийн цаг улирал ба хамт алхах туршлагын хоорондын хамаарлын талаар эргэцүүлэн бодох нь бидэнд маш их ашиг тустай байх болно.
Есүс ‘Табор’ уулан дээрх "их бясалгал"-даа өвөрмөц үйл явдлын гэрчээр сонгогдсон гурван шавиа дагуулан явдаг. Итгэл бишрэлийн бүхий л амьдралаа хуваалцдаг туршлага бидэнд байдгийн адил хишиг ивээлийн туршлагыг Тэр ганцаардмал бус хуваалцахыг хүсдэг. Учир нь бид хамтдаа Есүсийг дагадаг. Мөн бид хамтдаа цаг хугацааны мөргөлчин Шашны хувьд, Эзэн бидний дунд аялагч болгон тавьсан хүмүүстэй мөр зэрэгцэн алхаж, шашны ёслолын жил болон Дөч хоногийн цаг улирлыг үүний дотор туулдаг.
Есүс болон шавь нар нь Табор уул руу гарсантай адил бид нэг Багшийн шавийн хувьд ижил замаар хамтдаа явдаг тул бидний Дөч хоногийн цаг улирлын аялалыг "хамт алхах" гэж хэлж болно. Есүс бол өөрөө Зам гэдгийг бид мэднэ. Тиймээс ёслол үйлдэх аялал болон Синодын аялалын аль алинд нь Шашин Аврагч Христийн нууцад илүү гүн гүнзгий, бүрэн дүүрэн орохоос өөр юу ч хийдэггүй.
Ингээд бид оргилд нь хүрдэг. Сайн мэдээний Айлдалд Есүсийн тухай ийн өгүүлдэг “Тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болсон байлаа” (Mатай 17:2). Энэ бол аялалын зорилго болох "дээд уулзалт" юм. Дээш авирч байхынхаа төгсгөлд Есүстэй хамт уулын өндөрлөг дээр зогсохдоо Түүнийг ер бусын гэрэлд гялалзсан сүр жавхлангаар харах хишиг ивээлийг гурван шавь хүртсэн. Тэр гэрэл гаднаас ирээгүй харин Эзэнээс өөрөөс нь цацарсан. Энэхүү үзэгдлийн тэнгэрлэг гоо үзэсгэлэн нь шавь нарын Табор уул руу өгсөхөд хийсэн бүх хүчин чармайлтаас зүйрлэшгүй их. Ямар ч хэцүү бэрх уулын аялалын үеэр бид зам дээр хараагаа төвлөрүүлэх ёстой. Мөн төгсгөлд нээгдэх дүр зураг биднийг гайхшруулж, сүр жавхлангаараа шагнадаг. Тиймээс, синодын үйл явц нь ихэвчлэн хүнд хэцүү мэт санагдаж, заримдаа бид сэтгэлээр унаж болох ч эцэст нь биднийг хүлээж буй зүйл бол Тэнгэрбурханы таалал болон Түүний хаанчлалын үйлчлэл дэх бидний томилолтыг илүү сайн ойлгоход бидэнд туслах гайхалтай зүйл байх нь дамжиггүй. Хуулийн болоод Эш үзүүлэгчдийг илэрхийлсэн Мосе, Елиа нар хувирсан Есүсийн хамт гарч ирсэнээр Табор уулан дээрх шавь нарын туршлага улам их арвижсан. (Матай 17:3). Христийн шинэлэг байдал нь эртний гэрээ болон амлалтуудын биелэл. Энэ нь Тэнгэрбурханы ард түмэнтэй хийсэн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд үүний гүн утгыг илтгэдэг.
Үүний адилаар синодын аялал нь Шашны уламжлалаас улбаатай, нэгэн зэрэг шинэлэг зүйлд нээлттэй байдаг. Уламжлал бол шинэ замыг эрэлхийлэх, хөдөлгөөнгүй байдал, зохиомол туршилтын эсрэг сорилтуудаас зайлсхийх урам зоригийн эх үүсвэр юм. Дөч хоногийн цаг улирлын аялал болон Синодын (хамт алхах) аялал нь хувь хүний болон шашны аль алиныг өөрчлөх зорилготой. Энэ хоёр тохиолдолд өөрчлөлт нь Есүсийн Хувиргалтын загвартай, түүний дээгүүр өнгөрөхийн нууцын хишиг ивээлээр биелсэн. Энэхүү хувиргалт нь энэ жил бидний дотор бодит болохын тулд Есүстэй хамт ууланд гарах, зорилгодоо хүрэх үүднээс хоёр "зам"-ыг санал болгохыг хүсч байна. Эхнийх нь Есүсийн хувиргалтын талаар эргэцүүлэн бодох үед Тэнгэрбурхан Эцэг Табор уулан дээрх шавь нарт хандан хэлсэн тушаалтай холбоотой. Тийн ярьж байтал харагтун, гэрэлт үүл тэднийг бүрхэн авахад үүлнээс -Энэ бол Миний хайрт Хүү мөн. Түүнд Миний таалал оршдог. Түүнийг сонсогтун гэх дуу гарав (Mатай 17:5) Дөч хоногийн цаг улирал бол бидэнтэй ярьж буй түүнийг сонсдог хишиг ивээлийн цаг үе юм. Харин тэр бидэнтэй хэрхэн ярьдаг вэ? Эхлээд ёслол үйлдэхэд Шашны бидэнд санал болгодог Тэнгэрбурханы үгээр ярьдаг. Энэ үг сонсголгүй чихэнд бүү буугаасай. Хэрэв бид Талархал магтаалын мөргөлд үргэлж оролцох боломжгүй бол интернетийн тусламжтайгаар ч гэсэн библийн өдөр тутмын уншлагуудыг судалцгаая. Судраас гадна ахан дүүсээр дамжуулан, ялангуяа тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн нүүр царай, түүхээр дамжуулан Эзэн бидэнтэй ярьдаг. Синодын үйл явцад маш чухал ач холбогдолтой өөр нэг зүйлийг хэлье. Христийг сонсох нь ихэвчлэн Шашин дахь ахан дүүсээ сонсох байдлаар явагддаг. Зарим үе шатанд бие биенээ сонсох нь үндсэн зорилго боловч энэ нь хамт алхах Шашны арга барил, хэв маягт зайлшгүй шаардлагатай хэвээр байна.
Шавь нар үүнийг сонсоод нүүрээрээ унаж, ихэд айв. Есүс ирж тэдэнд гар хүрч -Бос, бүү ай гэлээ. Тэд толгойгоо өргөн харахад, Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй (Mатай 17:6-8). Энэ Дөч хоногийн цаг улирлын хоёр дахь санал энд байна. Үүнд: бодит байдал, үүний өдөр тутмын тэмцэл, хүндрэл бэрхшээл, зөрчилдөөнт зүйлстэй нүүр тулахаас айж, ер бусын үйл явдал, сэтгэл хөдөлгөсөн хиймэл хэрэгжүүлэлтээс бүрдсэн шашин шүтлэгт бүү хоргод. Есүсийн шавь нартаа үзүүлж буй гэрэл нь Амилалтын баярын сүр жавхланг хүлээж байгаа явдал бөгөөд бид “түүнийг ганцаараа дагадаг” бидний аяллын зорилго байх ёстой. Дөч хоногийн цаг улирал Амилалтын баяр руу хөтөлдөг: "их бясалгал" нь өөрөө төгсгөл биш, харин биднийг Эзэний тарчлалыг мэдэрч, итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайраар гатлуулж, улмаар амилалтад хүрэхэд бэлтгэх хэрэгсэл юм. Мөн хамт алхах аялалд Тэнгэрбурхан бидэнд нэгдлийн зарим хүчирхэг туршлагуудын хишиг ивээлийг хайрлах үед бид ирсэн хэмээн төсөөлж болохгүй. Учир нь тэнд ч Эзэн бидэнд: “Бос, бүү ай” гэж давтан хэлдэг. Тиймээс бид доош бууж, бидний мэдэрсэн хишиг ивээл биднийг бүлгэмийнхээ эгэл жирийн амьдралд “хамт алхах байдлын дархан” байхад хүчирхэгжүүлэх болтугай.
Хайрт ахан дүүс нар аа, Ариун Сүнс биднийг Есүсийн хамт дээш өгсөх энэхүү Дөч хоногийн цаг улиралд дэмжиж, урам хайрлах болтугай. Ингэснээр бид Түүний тэнгэрлэг сүр жавхланг мэдэрч, итгэл бишрэлээр бататгаж, ард түмний сүр жавхлан, үндэстнүүдийн гэрэл гэгээ Түүнтэй хамт тууштай аялах болно.
Ром, Гэгээн Иохан Латеран, 1-р сарын 25, Гэгээн Паулын Өөрчлөлтийн баяр