Пап лам XVI Бенедикт 2022.12.31-ны өдөр 95 насандаа таалал төгслөө.

2023-01-01

Пап лам XVI Бенедикт” 2022 оны 12 сарын 31-ны өдөр 09:34 минутад Ватикан дахь Матер Эклешиа хийдэд таалал төгсч Ватикан болон дэлхий дэх Католик шашинд хүнд гарз тохиолоо.

Пап лам XVI Бенедикт, Кардинал Иосеф Ратцингер нь 1927 оны 4 сарын 16-ны өдөр Германы Марктл хотод төрсөн. Эцэг эхээс заяагдсан нэр нь Иосеф Алойс Ратцингер.Түүний аав Бавари мужийн тариаланчийн гэр бүлээс гаралтай цагдаагийн комиссар, ээж нь сийлбэрчний гэр бүлээс гаралтай тогооч мэргэжилтэй байжээ. Кардинал Иосефийн хүүхэд нас, өсвөр насны дурсамж Австри улсийн Зальцбург мужаас 30 килиметр холгүй Германы Траунштейн гэх жижиг тосгонд өнгөрсөн. Тэрээр энэ тосгоноо "Моцарт" гэж нэрлэдэг байжээ. Христийн шашны тухай мэдлэг болоод хувь хүний соёл төлөвшил нь Траунштейнээс эхлэлтэй байна. Түүний залуу нас тийм ч амар байгаагүй. Гэрээр олж авсан итгэл бишрэл, соёл боловсрол нь Нацистийн дарангуйллын хүнд хэцүү жилүүдтэй нүүр тулах бэлтгэл мэт байв. Тэрээр мөргөл эхлэхийн өмнө Нацистууд паришийн ахлах санваартанг нь хэрхэн зодож тамлаж байсныг өөрийн нүдээр харж байжээ. Чухамхүү хүнд хэцүү үеийн нөхцөл байдалд Христэд итгэх итгэл бишрэлийн үнэн хийгээд сайхныг олж мэдсэн байдаг. Тэрээр итгэл бишрэлийн гол цөмөө шашиндаа бат итгэлтэй, итгэл найдварыг тээж, сайн сайхныг гэрчилдэг гэр бүлээсээ олж хардаг байв. 

Санваартны амьдрал 

Тэрээр 1946-1951 онд Фра́йзингийн философи, теологийн дээд сургууль мөн Мюнхений их сургуульд теологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1951 оны 6-р сарын 29-ны өдөр санваартны сахил санваарын хэргэм хүртэж жилийн дараагаас Фра́йзингийн их сургуульд багшилж эхэлсэн. Түүний эрдэм мэдлэг, теологид оруулсан бодит хувьд нэмэр нь Германы Хамба лам нарын бага хурал болоод Олон улсын теологийн хороонд чухал албан тушаалд томилогдоход хүргэсэн. 

Хамба лам  

1977 оны 3 сарын 25-ны өдөр Пап лам VI Паул түүнийг Мюнхен болон Фра́йзинг мужийн ахлах хамба ламаар томилсон. 1977 оны 5 сарын 28нд Хамба ламын хэргэм хүртсэн. 1977 оны 6 сарын 27 болсон Кардиналуудын уулзалтын үед Пап лам VI Паул түүнийг кардиналаар томилсон. 

Тэргүүний албан тушаал 

1981 оны 11 сарын 25-ны өдөр Пап лам II Иохан Паул түүнийг "Итгэл бишрэлийн Сургаал номлолын төлөөх Ариун Нандин Хэлтэс"ийн Тэргүүн болоод "Папын Ариун Библийн Холбоо", "Олон Улсын Теологийн Холбоо"ны ерөнхийлөгчөөр тус тус томилож байжээ.

Пап лам 

Тэрбээр 2005 оны 4 сарын 19-ны өдөр Ватиканы Кардиналуудын хурлын 2 дахь өдөр 78 насандаа Католик шашны 265 дахь Пап ламаар сонгогдож XVI Бенедикт гэдэг нэрийг сонгосон ба Пап лам II Иохан Паулын залгамжлагч. 2013 оны 2 сарын 28-нд эрүүл мэндийн шалтгааны улмаас сэнтийнээс бууж Ариун Эцэг Францист шилжүүлж өгсөн.

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс төрийн удирдлагууд болон Христийн Шашны сүмүүд Ариун Эцэг Пап XVI Бенедикт нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлж, түүнийг Христийн Шашин хоорондын хэлцлийг тууштай баримталдаг, сайн теологич, хүнлэг энэрэнгүй хүн байсныг дурсан санаж байна.

2022 оны 1 сарын 2-ны 07:00 цагт Пап лам XVI Бенедиктийн шарилыг Гэгээн Петрийн их цогчин дуганд байрлуулсан. Түүнийг сүүлчийн замд үдэж хүндэтгэл үзүүлэх эхний өдөр 65,000 сүсэгтнүүд хүрэлцэн ирэв. Папыг сүүлчийн замд үдэх Талархал Магтаалын Мөргөл 2022 оны 1 сарын 5 өдөр болох ба Монгол дахь Католик Шашны Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго оршуулгын ёслолд оролцох болно.

Тэнгэрбурханы мөнхийн хаанчлалд амар тайван нойрсох болтугай. Амэн.