XXIII Иоханы товч намтар (1881-1963)

Мэндэлсэн түүх ба гэр бүл дэх анхны жилүүд
Анжело Жиусеппэ 1881 оны 11-р сарын 25-ны өглөө Итали улсын Бергамо мужийн Сотто ил Монте тосгонд 13 хүүхэдтэй ядуухан айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Түүний аавыг Баттиста Ронкалли харин ээжийг нь Марианна Маззола гэдэг байв. Тэрээр төрсөн анхны өдрөө л тухайн нутгийнхаа Гэгээн Мариа нэртэй католик сүмд ахлах ламтан Франциско Ребузинигээр Ариун угаал хүртэж загалмайлсан эцгээр нь авга ах гэр бүлийн ахлагч байсан Заверио Ронкалли болов. Анжело ядуу орчинд нэгэн энгийн тариаланч гэр бүлд өсч торнижээ. Гэр бүлийнх нь хамгийн том баялаг бол амгалан тайван байдлынх нь эх үүсвэр болж байсан бат итгэл, энэрэл хайр, Тэнгэрбурханы ивээлд туйлаас итгэх найдвар, өдөр тутмын хамтын залбирал байв. Ирээдүйн Пап ийнхүү гэр бүлийнхээ уур амьсгалаас олж мэдэрч эхэлсэн эдгээр эрдэм буянуудын үнэт цэнэтэй байдлыг үргэлж хүлээн зөвшөөрч мөн тэдгээрийг “бусдыг түшиж тулж, халуун дулаан элчийг өгч байдаг хамгийн үнэ цэнэтэй хамгийн чухал” зүйлүүд гэдгийг батлан хэлэх болдог.
1887 оноос 1890 он хүртэл бага сургуулийн эхний гурван ангийг дүүргэв. 1889 оны 2-р сарын 13-нд Бататгал үндсэн ёслолд орж 3-р сарын 31-нд анхны нэгдлийн ёслол нь болов.
Санваартны боловсрол
1892 онд 11 настай байхдаа Анжело дунд болон ахлах ангиа дүүргэхээр сүмийнхээ лам Франциско Ребуззини болон Иохан Морлани нар эдийн засгийн тусламж үзүүлсний ачаар Бергамо мужийнхаа лам нарыг бэлтгэх сургуульд элсэн орлоо. Энд түүний 1895 оноос эхлэн бичиж эхэлсэн “зүрх сэтгэлийн сэтгүүл” нэртэй өдрийн тэмдэглэлд нь олонтаа уншигддаг гэгээн болоход бүхнийг хичээл зүтгэлтэй хийх ёстой гэсэн шийдэмгий байдал нь төлөвшжээ. Авъяас чадвар болон суртахууны сайн үзүүлэлтээрээ Анжело 1901 онд тэтгэлгээр Ром руу Аполлинарэ[1] лам нарыг бэлтгэх ахлах оюутнуудын сургуульд суралцахаар явав. Орчин болон соёлын шинэ шилжилтийн уур амьсгал дунд Ромын лам нарыг бэлтгэх сургууль түүнд оюуны мэдлэгийг олгосон гэнэ. Тэрээр хэлэхдээ “бидний залуу насанд далавч хайрлаж өргөн цар хүрээгээр бодож сэтгэхэд минь урамшуулж байсан” хэмээжээ.
1901-02 онд тэрээр цэргийн албанд сайн дурын урьдчилан элсэгч болох хүсэлт гарган оров. Учир нь гэр бүлд нь газар тариалангийн ажилд нь авга ах нь хэрэгтэй байсан учраас ийнхүү авга ахынхаа өмнөөс өөрийгөө золиослон байж шийджээ.
Сахил санваарын хэргэм хүртсэн нь ба лам болсоны эхний жилүүд
1904 оны 8-р сарын 10 Анжело Ром хотын Монте Сантогийн[2] Гэгээн Мариа нэртэй сүмд санваартны хэргэм хүртжээ. Дараагийн өдөр нь анхны Мисагаа Гэгээн Петрийн дуганд Элч Петрийн бунханы дэргэд тэмдэглэж мөн тэр өдөр нь Пап Гэгээн Х Пио түүнийг хүлээн авч уулзсан байна. Зүрх сэтгэлийн сэтгүүл нэртэй тэмдэглэлдээ тэрээр энэхүү үйл явдлыг дурсахдаа:
“Пап над дээр хүрч ирээд эрхлэгч намайг танилцуулах үед тэр инээмсэглэн намайг сонсохоор бөхийлөө. Би түүний урд өвдөг сөгдөн байхдаа өглөө нь Гэгээн Петрийн булшин дээр Миса тэмдэглэх үеэрээ төрсөн хүсэл зоригоо богинохон ч гэсэн чадах чинээгээрээ тайлбарласандаа баяртай байлаа. Пап үргэлж бөхийсөн хэвээр байхын зэрэгцээ гараа толгойд минь хүргээстэй чигээрээ бараг л чихэнд минь ярьж байсан. Тэр надад -сайн байна, сайн байна хүү минь... надад сайхан санагдаж байна. Би Эзэнд таны эдгээр сайн санаануудыг ивээхийг болон таныг үнэхээр Түүний хайртай лам байгаасаа хэмээн залбирах болно. Тэгээд мөн таны бүхий л хүсэл зоригийг болон эдгээр өдрүүдэд таны баярыг хуваалцах бүх хүмүүсийг адислая хэмээн хэлсэн” гэж бичжээ.
1905 онд Бергамо мужийн хамба лам эрхэм хүндэт Жиакомо Радини Тедескигийн нарийн бичгээр сонгогдож мөн дараа жил нь лам нарыг бэлтгэх сургуулийн Түүх болон Шашны эрдэмтэд судлал заах ажилд томилогджээ.
Их дайны үеэрх цэргийн алба
1915 онд 5-р сарын 23-нд эрүүл мэндийн түрүүч цолоор албан ёсны цэрэг татлаганд ахин дуудагджээ. 1918 он хүртэл Бергамо дахь эмнэлгийн санваартан байдлаар цэргийн үйлчлэлийг хийсэн байна. Сайхан сэтгэл өөдрөг үзлээрээ тэр цэргүүдийг итгэл бишрэлд зоригжуулж тайтгаруулж чадаж байсан юм.
Үндэстний хэмжээн дэх анхны алба
1921 онд Итгэл бишрэлийн Түгээлтийн Ватиканы албаны төв Зөвлөлийн Италийг хариуцсан захирлаар Ромд дуудагдан ажилсанаар түүний гадаад улсуудад Шашин дэлгэрүүлэх ажил үйлсийг хайрлах сэтгэлийг улам дүүргэж өгсөн аж. Үүнд нь Гадаад дах Шашин дэлгэрүүлэх Ватиканы байгууллагын (PIME) ерөнхий удирдагч байсан Паоло Манна ламтан их нөлөөлсөн байна.
Түүнд “бүх дэлхийн төлөөх хамаг Шашин” нэртэй хөтөлбөр байсан бөгөөд түүнийг зууны Шашин дэлгэрүүлэлтийн агуу чиглүүлэгч нарын нэг байсан гэж үздэг.