Гэлэнмаа Иренэ Стефан

Гэлэнмаа Иренэ Стефан
1891 оны 8-р сарын 22-нд Итали улсын Брешиа аймгийн Анфо хэмээх үзэсгэлэнтэй нутагт итгэл бишрэл, залбирлаар баян Стефанийн гэр бүлд Мерчедэ мэндэлжээ. Үзэсгэлэнтэй, соёлтой, тун өгөөмөр болж өсөн амьдрал бол Есүсийн хайр энэрэлд өргөх бэлэг байх ёстой гэдгийг мөн Түүнийг бусдад авчрах нь хамгийн том даалгавар гэдгийг эрт мэдэж авчээ.
18 нас хүрээгүй байхад нь түүний эх нь хүндээр өвдөв. Мерчедэ түүнээс тэрээр хэрхэн хамгийн бага дүү нарынхаа “ээж” нь болж чадах тухай “сүүлийн захиасууд” – г хүлээн авав. Ээжийнхээ таалал төгссөний дараа тэрээр нүдэндээ нулимстай хайртай хүмүүсийнхээ төлөө чадвар эрч хүчээ илүү зарцуулах хэрэгтэй болсон. Гэвч маш багаасаа эхэлсэн париш дахь үйлчлэлээ орхисонгүй. Өдөр бүр Миса, сарнайн эрхэн залбирал, ядууст туслах үйлс байдаг байв. Мөн хүмүүс Есүсийг таньж мэдэн түүнийг хайрладаг түүнчлэн түүний хишиг ивээлээр амьдардаг байхад тэрээр анхааран гэр бүлүүдтэй байнга уулздаг байжээ.
Тэнгэрбурханаас хол байгаа хүмүүсийн эрс өөрчлөлтийн төлөө тэрээр Тэнгэрбурханд маш олон залбирал болон золиослол өргөж байв. Зүрх сэтгэлээрээ, паришийн ажил үйлсээрээ шашин дэлгэрүүлэгч байсан түүний париш лам Мерчедэгийн хөтөч байсан юм. Тэрээр Есүс Христэд татагдаж амьдралдаа нэгэн агуу төлөвлөгөөтэй хүн болж төлөвшжээ. Энэ нь тэр шашин дэлгэрүүлэгч болж амьдралаа “зөвхөн Христ”-ийн төлөө зориулах байжээ.
Бүхнээ Түүний төлөө
1911 оны 6-р сарын 19-нд Мерчедэс Стефани ийнхүү гэрээ, гэр бүлээ, хайртай аавыгаа, нуураа орхин явлаа. Тэрээр сахил хүртэхээр Турин хотод байрлах Консолатагийн шашин дэлгэрүүлэгч нарын байгууллага дээр очиж дараа нь Африкийг зорьсон байна.
Туринд угтаж авсан хүн нь уг байгууллагын үндэслэгч төгс жаргалт болсон Алламано байжээ. Чимээгүй байдал, хичээл, залбирлаар (ба золиослол) өнгөрсөн гурван жилийн сургалтыг хүлээн авав. Байгууллагын үндэслэгч эцэг Алламаногийн хайрласан нэрийг авч гэлэнмаа Иренэ болов. 1914 оны 1-р сарын 29-нд гэлэнмаа Иренэ сахилтны амлалтуудыг өргөв. Тэрээр амьдралынхаа зорилгыг товчоор илэрхийлэхдээ дараах үгийг хэлсэн байдаг.
“Зөвхөн Есүс, бүхнийг Есүстэй. Юу ч надаас биш. Бүх юм Есүсийнх. Юу ч минийх биш. Бүх юм Есүсийн төлөө. Юу ч миний төлөө биш”.
Энэ бол Түүнд өөрийгөө бүрмөсөн зориулж байгаа явдал юм.
1914 оны 12-р сарын 28-нд 23 нас гарч яваа гэлэнмаа Иренэ мөн л Алламаногийн зүрх сэтгэлээс төрөн гарсан Консолатагийн анхны шашин дэлгэрүүлэгч нарын 1902 оноос хойш ажиллаж байсан нутаг болох Кени улсыг зорилоо. Тэрээр бага насандаа мөрөөдөж байсан хүмүүстэйгээ уулзаж зөвхөн нэг л бодлоор тэдний төлөө бүх юм нь болж байв.
“Хэрэв мянган амьтай байсан бол түүнийгээ бүгдийг нь Есүсийн төлөө, Түүнийг хайрлахын төлөө мөн Түүгээр хайрлуулахын төлөө, бусад хүмүүсийг Түүнд өөрчлөхийн төлөө өргөх байсан”
Сайн Мэдээ тунхаглах үйлсэд өөрийгөө зориулна гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу аль болох хурдан дадлага хийхээр Кени улсын төв өндөрлөгт орших Ниэри хотод анхны гараагаа эхлэжээ. Гэвч дэлхийн 1-р дайны гай гамшиг Англи болон Германы эрхшээлд байсан орнуудыг ч тойрсонгүй. Европын хоёр хүчний сөргөлдөөн дунд Кени болон Танганик /одоогийн Танзани/ улсын хооронд аюултай хагарал мөргөлдөөн болжээ.
1916 оны 8-р сараас 1919 оны 1-р сар хүртэл гэлэнмаа Иренэ явуулын эмнэлэгүүдийн талбар дээр сувилагч хийж байжээ. Өдөрт 24 цагийн турш тэрээр өвчтөнүүд болон хүнд шархадагсдыг асарахад зарцуулж, шөнө бүрийн дуудлага бүрт болон өөрийн цагаа нэр нь үл мэдэгдэх зовж шаналсан хүмүүст үйлчлэхэд зориулахад бэлэн байдаг байв. Тэр тэднийг загалмайд цовдлогдсон Есүс буюу сүйт залуугийн адил харж асардаг байжээ.
“Хүмүүсийг аврах”
Эм тариа, хоол хүнс хамгийн ихээр дутаж байгаа газар тэрээр өөрийн буяны ажил үйлсээ улам өндөржүүлнэ. Нүүр рүү нь хоолоо нулимсан хүмүүсийг хүртэл хайрлаж тэдэн рүү инээмсэглэдэг байжээ. Шархагсдын хажууд сөгдөн сууж үхэжсэн онгорхой шархнаас нь өт хорхойг нь авч хаян, тэдний төлөө хоол хүнсний эрэлд гарах эсвэл тэдний төлөө өөрийнхөө ноогдсон хүнснээс татгалздаг байсан. Алдааны улмаас шийтгүүлэх ёстой цэргүүдийг зодуураас хамгаалж тэднийг орогнуулдаг байв. Түүн шиг амар тайванд өөрийгөө зориулж чадахгүй эмч нар, дарга цэрэг, тэр нутгийн хүмүүс цагаан арьстай, залуухан, үзэсгэлэнтэй, хүн бүрийг хайрлаж чаддаг түүнийг хараад бишрэн гайхаж нулимс хүртэл дуслуулж байсан гэдэг. Тэд түүнийг “тэр жирийн нэг эмэгтэй биш ээ, тэр бол тэнгэр элч” гэдэг байжээ.
Үйлчлэлийнхээ туршид гэлэнмаа Иренэ хүн төрөлхтөний цорын ганц Аврагч Есүсийн тухай ярин зөвхөн Тэр л амьдралыг ариун болгож төгсгөлгүй баяр жаргалын төлөөх Тэнгэрийн үүдийг нээж чадна хэмээн тайлбарладаг байв. Үүнийгээ маш баатарлагаар тунхагладаг байсан тул олон хүмүүс түүнд Ариун угаал хүртэхийг хүсэж байгаагаа уламжилдаг байжээ. Тэрээр тэдгээр хүмүүст Сайн Мэдээний чухал үнэ цэнүүд, амьдралаа өөрчлөх шаардлагын тухай тайлбарлан тэднийг агуу үйлсэд бэлтгэдэг байв. Есүсийг мэдүүлж Түүнийг хайрлуулж, улам олон хөөрхийлөлтэй хүмүүсийг Түүнд ойртуулж, Тэнгэрбурханы хүүхдүүд ба католик Шашин дахь ахан дүүс болгох нь төрсөн нутаг Анфогоос чухам энэ хол газар ирсэн түүний зорилго юм. Үүнээс өөрөөр тэрээр гэрээ орхин гарахгүй байх байсан.
Түүний баатарлаг явдлуудыг тоолж үл барам. Нэгэн өдөр Атэймбо гэх залуу үхэж байхыг харжээ. Гэхдээ тэрээр түүнийг хараахан Ариун угаалд бэлтгэгдээгүй гэж үзжээ. Маргааш өдөр нь эмнэлэг дээр буцан ирээд түүнийг бусад үхсэн хүмүүсийн хамт далайн цэвэрлэгээ хийгдэх газар болох эрэг рүү хаягдсан гэдгийг олж мэдлээ. Тэр шууд л түүнийг хайхаар явав. Овоолсон цогцоснуудын дотроос түүнийг сүүлийн амьсгалтай байхад нь олов. Түүнийг эмнэлэгт авчраад асраад сүүлд нь Ариун угаал хүртээжээ. “Яагаад үүнийг түүнд хийсэн юм бэ?” гэсэн асуултанд тэр “Би түүний сүнсийг бодож байсан юм. Сүнснүүдийг ямар ч л байсан аврах хэрэгтэй” гэж хариулсан байна.
“Энэрэн нигүүлсэнгүй Эх”
Дайны төгсгөлд Ниэри хотод түр суурьшаж тухайн газар нутгийн анхны дуудлага хүлээн авсан хүмүүсийнхээ сургалтанд санаа тавьж, залбирал болон бясалгалаар өөрийгөө ч мөн дүүргэж авахаар болов. Дараа нь 1920 оны 5-р сарын 25-наас маш бага католик сүсэгтнүүдтэй ба бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагатай газар болох Гэконди руу шашин дэлгэрүүлэгчээр явлаа. Гэлэнмаа Иренэ бат бөх нэг хос гутлаа өмсөөд (үргэлж өөрөөсөө салгадаггүй) Тэнгэрбурханы Хүү газар дэлхийд ирээд хүн бүрийн мөнхийн авралын төлөө загалмайд нас барсан гэдгийг бүгдэд дуулгахаар Сайн Мэдээний эргэл мөргөлийн замдаа гартаа сарнайн эрхтэй инээмсэглэсэн царайгаар алхаж эхлэв. Есүсийг зарлан тунхаглаж хүмүүсийг аврахын тулд километр тутамд аюул, дээрэмчид, араатнуудтай тулгарч байв.
Юун түрүүнд эхлээд сургуульд багшаар ажиллав. Тэнд хүмүүсийг Сайн Мэдээг хүлээн авч авралд хүрэхэд дөхөм болгох суурь үндсүүдийг заах зорилготой байв. “Зөвхөн Есүс”-ийн төлөө тэр янз бүрийн хүнд бэрх, басамжлал, зовлонг хүлцэнгүйгээр хүлээн авсан. Сайн Мэдээг шууд тунхаглан бүхий л хэлбэрээр шашны сургалтын багш болж байсан. Түүний байнгын залбирлын үр шимээр, Эзэнд өргөсөн хайраар, бидний Хатагтайд зогсолтгүй өргөх сарнайн залбирлаар хүмүүс ар араасаа өөрчлөгдсөөр байлаа. Түүнийг аль хэдийнээ мэддэг болсон хүмүүс хэрэгцээ гарах бүртээ түүн дээр ирдэг болсон ба гэлэнмаа Иренэг энэрэнгүй эх буюу “Ниата” гэж дууддаг болов.
1930 онд шашин дэлгэрүүлэх ажил үйлслийн маш том хэрэгцээ шаардлагын өмнө гэлэнмаа Иренэ амьдралаа Тэнгэрбурханд өргөсөн юм. Учир нь Есүс хэлэхдээ “нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй” (Иохан 15:13) гэсэн.
Гекондид тахал дэгдсэн ба тэрээр хамгийн эхэнд дайчлагдлаа. Хоёр долоо хоногийн дараа түүний гар дээр амьсгал хураасан нэгэн өвчтөнийг асарч байх хугацаандаа тэр өвчин тусжээ. Түүний асарч байсан хүн нь түүнийг сургуулиас гаргахын тулд түүний эсрэг зүйлсийг хийж байсан гэдэг. Гэвч энэ нь чухал байгаагүй юм. Гэлэнмаа Иренэ түүнийг эмчлэхээр гүйн очсон. Учир нь Есүс ингэж хийх байсан.
1930 оны 10-р сарын 31 тэрээр 39 насандаа амьсгал хураасан юм.
Залбирал
Өө Эзэн, бидний Эцэг минь. Та өөрийн хайр энэрлийн хаанчлалыг байгуулахын тулд эрин бүрт сул дорой бүтээлүүдээ өөртэйгээ хамтран ажиллахад дууддаг билээ. Бидэнд гэлэнмаа Иренэгийн авралын сайн мэдээний зарлан тунхаглалтын төлөө гал шиг дүрэлзсэн хүчин чармайлтыг бэлэглээч. Зовлон, шударга бус байдал, хэрэгцээ бүрт тайтгарлыг авчрахын тулд түүний туулсан няцашгүй замыг Та санана уу. Түүний зуучлалаар дамжуулан Танд даатгаж байгаа хүмүүсийн төлөөх бидний залбирлыг маань хүлээн авна уу. Бидний хэрэгцээний төлөө болон газар дээрх таны үйлчлэгчийг мөн алдаршуулах өөрийн таалалаа үзүүлнэ үү. Үүнийг бид түүгээр хайрлагдаж, шашин дэлгэрүүлэх ажил үйлсээр түүний үнэнч үйлчлэлийг хүлээн авсан Есүс Христээр дамжуулан гуйж байна. Амэн.