Пасторал захидал 2025

Улаанбаатар дахь Апостолик Захиргааны эрхэм хүндэт ах, эгч дүүс, санваартнууд, сахилтан та нартаа хандан заншил ёсоор хэлэх үгээ бичдэг шашны хариуцлагатны захидал маань энэ удаад он гараад хүрч байна. Хэдий тийм боловч энэ захидал бүгдэд хүрээсэй хэмээн хүсч байгаа минь амьдарч буй цаг үеэ та бүхэнтэй хамт сайн мэдээний чиг хандлагаар эргэцүүлж бодохын тулд юм. Чухамдаа бидэнд уялдуулж болох шинэ эхлэл бий. Үнэндээ бид Цагаан сар тэмдэглэж байна. Яг энэ цаг мөчийг шинэ эхлэлийн цэг хэмээн үзэх олон ач тустай шинжийг энэхүү эртний монгол уламжлал агуулдаг билээ. Үүнээс гадна хаврын эхэн сараар Дөч хоногийн цаг улирал ч мөн эхэлж, жил бүрийн энэ үед бид амьдралаа гүн гүнзгий түвшинд шинэчлэх гэж мэрийдэг.
Энэхүү бодол эргэцүүлэл нь Жүбили буюу Ойн баярт ариун жилийн туршид шашны хариуцлагатны ажилд дэмжлэг болно гэсэн найдвараар энэ таатай цаг үедээ бидний өдөр тутмын хоол болсон Тэнгэрбурханы Үгээр замчлуулан амьдрахыг хүсэцгээе.
Маркийн бичсэний дагуу Сайн Мэдээний ариун айлдлаас:
Тэр өдрийн орой Есүс тэдэнд “Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал руу явцгаая” гэхэд тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. Их салхи босож, давлагаа завийг цохин, завь хэдийн усанд автжээ. Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” гэлээ. Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт “Чимээгүй, намд” гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. Тэр тэдэнд “Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байна вэ?” гэхэд тэд маш их айж, бие биедээ “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?” гэцгээв.
(Марк 4:35-41)
Есүсийн шавь нартаа уриалсан зүйл бол нуурын “нөгөө эрэг рүү гатлах” байсан. Галилын нуурыг гатлах тэрхүү үйл явц нь дэлхий дээрх эргэл мөргөл үйлдэж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүс бидний адал явдлын тод томруун зураглал байдаг билээ. Үнэндээ бидний амьдрал заримдаа тайван тогтуун ч бараг үргэлж ширүүн давлагаалж байдаг усыг туулах аялалтай адил. Энэ зүйрлэл хүн бүрийн хувьд ч, манай Католик шашны хувьд ч үнэн юм. 1992 онд Си Ай Си Эм-ийн анхны гурван томилогсод ирснээс хойш 33 жил өнгөрчээ. Тэнгэрбурханы төлөвлөгөө ухааршгүй ба цаглашгүй мэргэн ухаандаа Тэр биднийг үүний нэг хэсэг байлгахаар энэ дэлхийд мэндлэхээс маань ч өмнө сонгочихсон байдаг. Гэхдээ бас бодит орчин нөхцөл, хүмүүс, газар, цаг хугацаатай уялдсан тодорхой цаг мөчид Тэнгэрбурханы дуудлага илүү ойлгомжтой болдог.
«Тэнгэрбурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдэхгүй» (Марк 4:26-27). Маркийн Сайн Мэдээний айлдлын 4-р бүлгийн бидэнд ийнхүү сануулдагчлан хайрт хамба асан Венсеслао болон түүний хамтрагч ахан дүүс Гилберт Салес, Роберт Гусенс нартай хийсэн анхны уулзалтуудаас газарт цацагдсан үр мэт бидний замнал эхэлж, аажуухан өсөн ургасан.
Тэр өдөр шавь нарын үйлдсэний адил өнөөдөр бид Есүсийг “байгаагаар нь” өөрсдийн завиндаа суулгах дараагийн алхмаа хийхээр дуудагджээ. Бидний төсөөлж буй Есүс биш, магадгүй олон жилийн өмнө сайхан санагдаж байсан нь ч биш, харин өнөөдөр биднийг дуудаж байгаа бодит Есүсийг завиндаа суулгах юм. Тэр л бодит Есүсийн талаар бид өдөр бүр танин мэдэж, Түүнтэй хамт авралын түүхийн нэг хэсэг болон амьдарч байгаа билээ. Мөн сонголтууд олон янз байдгийг сануулахаар эрэгт бэхлэгдсэн өөр бусад завьнууд байх бөгөөд үндсэн сонголтоо хийх эрх чөлөө бидэнд үргэлж бий. Бид Есүсийг өөрсөдтэйгөө хамт авч явахыг, Түүнийг өдөр бүр таньж мэдэхийг, хүлээн авсан итгэл бишрэлээ байнга сэргээхийг хүсэж байна уу эсхүл өөр хэн нэгнийг дагахыг илүүд үзэж байна уу? Есүс биднийг албаддаггүй, Тэр биднийг урьдаг. Урихдаа яг хайр энэрлийн гуйланч мэт байдаг. Жүбили жилийн зорилго нь Есүсийг амьдралын завин дээр өөрсөдтэйгөө хамт авч явах үндсэн сонголтыг илүү ухамсартайгаар ахин хийх таатай нөхцөлийг өгөхөд оршино.
Амьдралын дүр зураг болох нуурыг гатлах явцад бүх зүйл шулуун дардан байдаггүй. Удалгүй шуурга ирнэ. Дээрээс биднийг сэгсчих салхи, доороос залгихыг хүссэн мэт ус. Есүсийг завин дээрээ авч явснаар бид огт айдас мэдрэхгүй, сэтгэлээр унахгүй, амьдралын зөрчилдөөнгүй амьдарна гэсэн үг биш юм. Католик шашинд Есүсийн шавь байх буюу Христэд итгэгч байх сонголт нь амьдралын ширүүн салхи биднийг ч мөн дайрахаас сэргийлж чадахгүй. Давлагаа бидний завийг ч, бусдын завийг хөмрүүлдэг, заримдаа бид живж байгаа юм шиг санагддаг... Хамба Венсеслао биднийг гэнэт орхин одсон тэр үед туулж байсан харанхуй үеэ бодоцгооё. Таван жилийн дараа фр. Ким ч мөн газар дэлхий дээрх эргэл мөргөлөө гэнэтийн байдлаар өндөрлөсөн. Тэр үед бид бүхэнд живж байгаа мэт санагдаж, тэдний үлгэр дуурайлаас сурч мэдсэн тэр л итгэл бишрэлээс өөр түшиг тулгуур байгаагүй. Цаашилбал бидний хүн нэг бүр асуудал бэрхшээл, өвчин эмгэг, сэтгэлийн хямралтай үеийг туулсан, магадгүй энэ цаг мөчид туулж байгаа. Бид бусадтай л адил хүмүүс юм.
Тэгвэл Есүс хаана байна вэ? Тэр энд бидэнтэй хамт, бүх хэсгээрээ усанд автаж буй яг тэрхүү завин дээр байна. Биднийг хамгийн ихээр хямрааж байгаа зүйл нь тэр унтаж байгаа явдал юм. Бид ч шавь нараас ялгаагүй зүйлийг хэлнэ: «бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?». Ус хүзүүгээр маань татах яг тийм хэцүү үед биднийг давлагаанаас ид шидийн байдлаар татан гаргаж, шууд аюулгүй газарт аваачих супер баатартай л болмоор байдаг. Гэтэл Есүс тэнд хамт байгаа, харин бид анзаардаггүй. Есүс унтаж байгаа тул асуудал бэрхшээлийг маань мэдээгүй байж магадгүй гэж бидэнд санагддаг. Бодит байдал дээр тэрээр завины хамгийн нам доод хэсгийг сонгож байрласан. Тэрээр өөрийгөө хүн болгож бидний нэг болсон бөгөөд ёроол хүртэл явж, биднийг ихээхэн шаналгадаг үхлийг ч хүртэл үзсэн. Тэрхүү нойр бол хожим загалмай дээрх түүний хөдөлгөөнгүй байдлын дүр төрх болон юунд ч үл ажрах түүний тайван амгалан байдал ба бидний сэтгэлд, эргэн тойронд маань шуурга ширүүсэх үед бидний доторх айдас түгшүүр, зовлон шаналлыг ялсан ялалтыг нь илтгэх тэмдэг юм.
Есүсийн хүчит дуу хоолой биднийг айдастайгаа нүүр тулахыг уриалдаг. Гагцхүү тийм байдлаар итгэл бишрэлийн зүрхэнд бид хүрнэ. Итгэл бишрэл амьдралын баталгаа биш, оршин байхуйн алив эрсдэл ба зөрчлөөс сэргийлэхгүй. Бид яг бусдын л адил ширүүн давлагаат усыг гаталж, живж буй мэт мэдэрч, салхинд сэгсрэгдэнэ. Гэвч Эзэнд хандан хашхирснаар Тэр тэнд бидэнтэй хамт байгаа бөгөөд үргэлж салхи болон далайг чимээгүй болгож, тайван байдлыг буцаан авчрах чадалтай гэдгийг бид анзаардаг. “Бид яагаад айгаад байна вэ?” Жүбили жилээр энэ асуултыг өөрсдөөсөө асуух ёстой юм. Итгэл бишрэлийг үйлдэл болгож чадахгүй болтол минь юу намайг хааж, юу намайг айлгаж байна вэ? Магадгүй би илүү залуу байхдаа Шашны санал болгосон аян замд урам зориг дүүрэн алхан орсон байх. Дараа нь амьдрал “таныг шалгаж” эхлэх ба хэрэв тэрхүү нахиалж байсан итгэл өсөөгүй, гүнзгийрээгүй бол танд тулгарах тасралтгүй сорилтонд хангалттай хариу өгч чадахгүй.
Жүбили жил бидэнд хамгийн гол зүйл рүүгээ буцах, итгэл бишрэлийн гүн гүнзгий талыг таньж мэдэх, Тэнгэрбурхантай болон бусадтай эвлэрэх боломжийг олгодог. Жүбили жилийн их өршөөлийн утга учир яг ийм байдаг: Эх ба Багш болсон Шашин нь бидэнд сэрэх, эрс өөрчлөгдөх аян замыг санал болгож, даруу хийгээд анхааралтайгаар нандигнан хадгалж байгаа эрдэнэсийг өргөн барьдаг. Гэрлийн охид хөвгүүд шиг ахин босохын тулд зарим гэмшлийн тогтсон жаягийг даган, шаардлагатай нөхцөлийг хангаснаар тусгай хишиг ивээл буюу гэм нүгэл, хорон муугийн хүлээснээс илүү гүн чөлөөлөгдөх хишиг ивээлийг хүлээн авч чадна. Ром руу хийх эргэл мөргөл ихэнх хүмүүсийн маань хувьд бараг боломжгүй боловч энэ нь уг хишиг ивээлийг хүртэх хэлбэрүүдийн зөвхөн нэг нь л юм. Шашны албан баримт бичгүүдээс чухамдаа Тэнгэрбурхан болон бие биетэйгээ бүрэн эвлэрэх энэ онцгой бэлгийг хүлээн авахад энэрэл нигүүлслийн үйлс түүнчлэн залбирлын болон шашны сургалтын арга хэмжээнүүдэд оролцох нь маш ихээр тус болдог гэдгийг уншиж болно. Бидэнд “Энэрэл нигүүлслийн өргөө” бэлэн байна. Үүний давуу талыг олон удаа хүртье. Тэнд очиж, хүнд бэрхийг туулан яваа хүмүүст хоол цайгаар үйлчлэх, халуун усны үйлчилгээнд туслах эсхүл анбулторт үзүүлэхэд нь тэдгээр хүмүүст хань бараа болоход цаг хугацаагаа багахан ч гэсэн зориулъя. Тавдугаар сард “Пасторал долоо хоног” хэмээх заншсан сургалт уулзалтаа хийх болно. Энэ ч мөн итгэлийн ухамсарт өсч, бидний дундах нэгдмэл холбоог нэмэгдүүлэх алдаж боломгүй завшаан юм. Апостолик Захиргааны зүгээс гаргасан эдгээр санаачилгад идэвхтэй оролцохын тулд сүмийн санваартнууд болон пасторал ажилчдаас мэдээлэл авч байхыг уриалъя.
Ер нь Эвлэрэл үндсэн ёслолын ангижруулалтыг хүлээн авах, Талархал магтаалын мөргөлд оролцох боломжийг илүү өргөнөөр санал болгодог шашны наманчлалын ёслолуудад орон зай өгөх нь маш чухал байх болно. Мөн Гэгээн Эцгийн төлөө залбирах нь Жүбили жилийн их өршөөлийг хүлээн авахад шаардлагатай нөхцөлүүдийн нэг байсаар ирсэн.
Гайхаж эмээсэн шавь нараас дараа нь “Тэр ер нь хэн бэ?” гэсэн асуулт урган гардаг. Энэ нь дэлхий рүү илгээгдэхээр Өөрт нь дуудагдаж, татагдан очицгоосон тэр л Есүсийг хэн болох талаар ахин шинээр сурч авах ёстойгоо шавь нар ойлгоцгоосон мэт. Итгэл бишрэл байнга сэргэн шинэчлэгдэж, өсөн хөгжиж байдаг. Хэзээ ч цэвэр оюун ухааны, тогтчихсон, хөдөлшгүй мэдээлэл биш. Харин амьдралын олон янзын үе шатаар хамт явж, түшиг тулгуур, хөтлөн дагуулагч байж, улирал улирлаар шинээр нахиалдаг билээ. Энэхүү Жүбили жил нь бидний хувьд Есүс үнэхээр хэн бэ гэдгийг өдөр өдрөөр таньж мэдэхэд туслах болтугай. Есүстэй амьдралдаа нэг удаа уулзаад Түүнийг дагахаар мэрийгээд дараа нь ямар ч саад бэрхшээлгүй гэхдээ бас үнэн баяр баясал ч үгүй үргэлж нэгэн хэвийн байх амьдралыг хүлээх нь хангалтгүй. Үүний оронд амьдралыг өөрчилсөн тэр уулзалтаа хэр утга учиртай, чухал болохыг өдөр бүр танин мэдэж, залбирлаар болон ахан дүүстээ үзүүлэх энэрэл хайраар тэжээх хэрэгтэй юм. Жүбили жил бидэнд итгэл бишрэлээ шинээр мэдэх замд тусалж чадна. Энэ жил хүн бүр итгэл бишрэлээ гүнзгийрүүлэн сэргээхийн төлөө биеэ дайчлах нь Монгол дахь Католик шашны бат бөх үндэс суурь, ахиц дэвшилд нэн чухал. Түүнчлэн Гэгээн Ширээт улсын зүгээс Монгол дахь Католик шашны өнөөг хүртэл туулсан замналд анхаарал хандуулж нутаг дэвсгэр дээрх бүтэц, зохион байгуулалтаа илүү тодорхой нарийвчилж, өргөн хүрээнд сайжруулахыг санал болгож ч магадгүй юм. Аль ч нөхцөлд бид амьдралын алив шалгуурын өмнө хүчин мөхөстөх тэдгээр өнгөц бодол сэдлүүдийг орхиж оронд нь гүн гүнзгийг ургуулж мэдлэг ойлголт, үнэний дагуу хамтдаа алхах нь чухал. Тэдгээр гүн гүнзгий бодол сэдлүүд нь Католик шашныг дагах замд шуудхан ирэх “ашиг тус” байхгүй юм шиг харагдах үед ч амьдралын шалгуурыг сөрөн зогсох чадалтай байдаг.
Эрхэм хүндэт ах, эгч, дүүс минь, Маркийн Сайн Мэдээний айлдлын энэ хэсгийг хамтдаа тунгаан бодох нь энэхүү Жүбили жилд бидний туулахаар дуудагдсан хувийн болон шашны аян замын үндсэн санааг өөрийн болгож эзэмшихэд тусална. Ширүүн нуурыг гатлах үйл явц бол эргэл мөргөл лүгээ адил оршин байхуйг сануулах хүчирхэг дүр зураглал юм. Уг аян замын гоо үзэсгэлэнт чанарыг ахин танихад мөн Есүс Христэд итгэх итгэлээс бидэнд ирдэг найдварын захиасыг айж эмээлгүй хуваалцахад нэг нэгэндээ тусалцгаая. Тэгж чадваас бид Пап Францисын сануулснаар жинхэнэ “итгэл найдварт эргэл мөргөлчид” болцгооно. Та бүгдэд ээ Жүбили буюу Ойн баярт ариун жилийн мэнд дэвшүүлье!
Кардинал Жоржо Маренго, I.M.C