Энэрэл нигүүлслийн Баярт Жилд зориулан хэлсэн үг

2015-12-23

Нигүүлсэнгүй нүүр царай Энэрэл нигүүлслийн онцгой ойн баярт жилийн албан захидал

 

Тэнгэрбурханы үйлчлэгчдийн үйлчлэгч

Ромын Хамба лам

Францис

Энэхүү захиаг унших хүн бүрт талархал, энэрэл нигүүлсэл ба амар тайванг дэвшүүлье

 

1. Есүс Христ бол Эцэгийн энэрэл нигүүслийн нүүр царай юм. Энэ өгүүлбэрийн дотор Христийн итгэлийн далд нууц хураангуйлагдаж байгаа мэт. Энэрэл нигүүлсэл нь Назарын Есүсийн дотор амьд бөгөөд нүдэнд үзэгдэх болж оргилдоо хүрч чадсан юм. «Энэрэл нигүүлслээр өгөөмөр баян» (Еф 2:4) Эцэг Мосед «Тэнгэрбурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» (Гэт 34:6) хэмээн өөрийн нэрээ илчилсний дараагаар Тэрээр олон арга замаар, түүхийн олон үйл явдлуудаар өөрийн тэнгэрлэг мөн чанараа таниулахаа зогсоогоогүй юм. «Харин цаг нь болоход» (Гал 4:4), түүний авралын төлөвлөгөөний дагуу бүх зүйл бэлэн болсон үед Тэрээр бидэнд өөрийн энэрэл хайраа тодорхой хэлбэрээр илчлэхийн тулд Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн цорын ганц Хүүгээ илгээсэн юм. Хэн Түүнийг харна Эцэгийг харна (харьц. Иох 14:9). Назарын Есүс өөрийн үг, үйлдлээрээ болон бүхий л бодгаль биеэрээ [1] Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг илчилсэн юм. 

2. Бид энэрэл нигүүслийн нууцыг байнга тунгаан бясалгах хэрэгтэй. Энэ бол баяр баясал, дотоод амар амгалан болоод энх тайвны шавхагдашгүй эх булаг юм. Бидний аврал үүнээс хамаардаг. Энэрэл нигүүсэл: энэ үг нь Ариун Гурвалын нууцыг илчилдэг. Энэрэл нигүүлсэл: бидэнтэй уулзахаар ирдэг Тэнгэрбурханы үндсэн бөгөөд дээд үйлдэл юм. Энэрэл нигүүлсэл: амьдралынхаа зам мөрд уулзаж байгаа ах дүүгээ чинь сэтгэлийн нүдээр харах хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг байгалиас заяасан хууль юм. Энэрэл нигүүсэл бол Тэнгэрбурхан ба хүнийг холбодог гүүр юм. Учир нь бид хэдийгээр гэмтэй ч үүрд мөнхөд хайрлагдана гэсэн итгэл найдварт зүрх сэтгэлийг маань нээдэг юм.

3. Бид өөрсдөө Эцэгийн их үйлсийн нөлөө бүхий тэмдгүүд болохын тулд энэрэл нигүүлсэл дээр хараагаа төвлөрүүлэхээр ахиад илүү хүчтэйгээр дуудагдаж байгаа цаг үеүүд бий. Тийм учраас би Шашны хувьд сүсэгтнүүдийн гэрчлэлийг илүү хүчтэй, үр нөлөө бүхий болгох тохиромжтой цаг үе Энэрэл Нигүүлслийн Онцгой Ой-г зарласан юм.

Ариун Жилийг 2015 оны 12 сарын 8-нд язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь баяр ёслолоор нээх болно. Шашны ёслолын энэхүү баяр нь хүн төрөлхтөний түүхийн эхнээс одоог хүртэлх Тэнгэрбурханы их үйлсийг сануулдаг. Адам болон Евагийн гэм нүглийн дараа Тэнгэрбурхан хүн төрөлхтөнг ганцааранг нь ад чөтгөрийн уруу таталтанд үлдээхийг хүсээгүй. Тиймээс Тэнгэрбурхан хайр дотор ариун бөгөөд гэм зэмгүй (харьц. Еф 1:4) Мариаг хүн төрөлхтөний Аврагчийн Эх болоосой хэмээн бодож хүссэн юм. Гэм нүглийн ноцтой байдлын өмнө Тэнгэрбурхан өршөөл дүүрэн хариулдаг. Энэрэл нигүүлсэл бол ямар ч гэм нүглээс үргэлж хамгийн агуу нь байх бөгөөд хэн ч өршөөнгүй Тэнгэрбурханы энэрэл хайранд хязгаар тавьж чадахгүй. Би язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн нь баярын өдөр Ариун дааман хаалгыг нээхдээ баяртай байх болно. Тэр өдөр Ариун дааман хаалга нь түүгээр орох хэн бүхэнд тайтгаруулж, уучилж, итгэл найдвар бэлэглэдэг Тэнгэрбурханы энэрэл хайрыг мэдэрч болох Энэрэл нигүүлслийн дааман хаалга байх болно.

Дараагийн ням гараг буюу ирэлтийн цаг улирлын гурав дахь ням гарагт Ром хотын Катедрал болох Латеран дахь Иохан гэгээнтний сүмд Ариун дааман хаалга нээгдэх юм. Дараах долоо хоногуудад Папын бусад дээд сүмүүдэд Ариун дааман хаалга нээгдэх болно. Тэрхүү ням гарагтаа би Ариун Жилийн туршид яг адил Энэрэл нигүүлслийн дааман хаалгыг өөрөө засан тохинох эрх бүхий Шашин бүрт[1] сүсэгтнүүдийн төлөө эх сүм нь байдаг Кадетралд эсвэл өөр нэгэн сүмд эсвэл утга учиртай сүмд нээх болно. Хамба ламын шийдвэрийн дагуу мөн энэхүү дааман хаалга нь эргэл мөргөлчид байнга зүрх сэтгэлдээ хишиг ивээлийг хүртэж эрс өөрчлөлтийн замаа олдог газрууд болох Ариун шүтээний газруудад нээгдэх боломжтой. Тэгэхээр энэхүү Ариун Жилийг хишиг ивээл ба сүнслэг байдлын шинэчлэлтийн онцгой цаг мөч байдлаар өнгөрүүлэхэд өөрөө засан тохинох Шашин бүр нь шууд хамтран оролцож байгаа юм. Ийнхүү Ойн баярт жил нь бүх дэлхийн католик Шашны нэгдлийн нүдэнд харагдах тэмдэг байдлаар Ромд болон дээрх бусад сүмүүдэд тэмдэглэгдэх болно.

4. Би 12 сарын 8 өдрийг сонгосон учир нь энэ өдөр манай Шашны одоо цагийн түүхэнд гүн утга учиртай юм. Үнэндээ Ватиканы II Дээд Хуралдааны хаалтын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан би энэхүү Ариун дааман хаалгыг нээж байгаа юм. Шашин нь тэрхүү үйл явдлыг илүү амьд байлгах хэрэгтэйгээ ойлгож байна. Дээд Хуралдаанд хуран цугласан лам санваартнууд өөрсдийн цаг үеийн хүмүүст Тэнгэрбурханы тухай ойлгомжтой арга замаар ярих шаардлагатай гэдгийг жинхэнэ Ариун Сүнсний үлээлт байдлаар хүчтэй ойлгож мэдэрсэн юм. Хэтэрхий удаан хугацаанд Шашныг тусгай цайз хэрэм болгож байсан ханануудыг нурааж Сайн Мэдээний Айлдлыг шинэ арга замаар тунхаглах цаг ирсэн байсан юм. Сайн Мэдээ үүрд тунхаглалтын нэгэн шинэ үе шат. Бүх Христийн сүсэгтнүүдийн хувьд итгэл бишрэлээ илүү идэвхи сонирхолтой, итгэл үнэмшилтэйгээр тунхаглах шинэ үүрэгт ажил байсан. Шашин нь дэлхий дээр Эцэгийн энэрэл хайрын амьд тэмдэг байх үүрэг хариуцлагаа ойлгож байсан.

Би Иохан XXIII гэгээнтний Хоёрдугаар Дээд Хуралдааны нээлтэн дээр бидний дагах ёстой жимийг чиглүүлэхээр хэлж байсан утга учир бүхий үгсийг санаж байна: «Одоо Христийн Сүйт бүсгүй хатуу чанга гараар зэмлэхээс энэрэл нигүүлсийн илаарьшуулах их тусыг үзүүлэхийг сонгож байна ... Католик Шашин нь энэхүү Дээд Хуралдааны явцад католикийн үнэний бамбараа өндөрт босгоод бүгдэд энэрэнгүй эх гэдгээ түүнээс салсан хүүхдүүддээ эелдэг тэвчээртэй ханддаг, тэдэн рүү энэрэл нигүүлсэл болоод сайхан сэтгэлээр хөтлөгддөг гэдгээ үзүүлэхийг хүсч байна» [2]. Дээд Хуралдааныг хаах үед төгс жаргалт Паул VI мөн ижил зүйлийг хэлж байсан юм: «Бид Дээд Хуралдааны үндсэн чиг хандлага нь энэрэл хайр гэдгийг цохон хэлэхийг хүсч байна ... Сайн санаат самаританы түүх энэхүү Дээд Хуралдааны сүнслэг санааны үлгэр дууриал байсан ... Хайр хүндэл ба бишрэл бахадлын давалгаа Дээд Хуралдаанаас орчин цагийн дэлхий рүү урсан гарсан. Алдаанууд буруушаагдах нь зөв. Энэрэл хайр үнэнийг ч мөн шаарддаг. Гэхдээ хүн нэг бүрийн төлөө зөвхөн зөвлөгөө, хайр хүндлэлийг чухалчилсан. Бурууг оношлон бухимдахын оронд зоригжуулан засах, муугаар таамаглахын оронд дэлхийн одоо цагт зориулсан Дээд Хуралдаанаас гарсан итгэл агуулсан үгс байгаа юм. Орчин үеийн дэлхийн үнэ цэнэтэй зүйлс зөвхөн хүндлэгдэх бус дээдлэн бишрэгдэж ололт амжилтууд нь батжин бэхжүүлэгдэж хүсэл эрмэлзлэл нь ариусгагдаж адислагдсан ... Бид өөр нэгэн зүйлийг тодруулан хэлэх ёстой. Энэхүү баялаг сургаал номлол нь ганц зүйл рүү чиглэсэн юм. Энэ бол хүмүүнд үйлчлэх. Хүний байгаа байдал, дутагдалтай тал болон хэрэгцээ шаардлага бүрт нь хүрч үйлчлэх» [3].

Бид Ариун дааман хаалгаар Шашны хүлээн авсан чинээгээрээ бүх зүйл рүү чиглэсэн эдгээр талархлын ба биднийг хүлээж байгаа даалгаврынхаа төлөөх хариуцлагын сэтгэл өвөртлөн эргэл мөргөлд маань түшиг болохоо үргэлжлүүлэх амилсан Эзэний хүч чадал биднийг дагадаг гэсэн дүүрэн найдвартайгаар дамжин гарах болно [4].

5. Ойн баярт жил 2016 оны 11 сарын 20 Бидний Эзэн Есүс Христ Ертөнцийн Хаан баяр ёслолоор өндөрлөх болно. Тэр өдөр Ариун дааман хаалгыг хааж энэхүү хишиг ивээлийн онцгой цаг хугацааг болгоосных нь төлөө бид Ариун Гурвалд талархсан сэтгэл дүүрэн байх болно. Угтах ирээдүйд бүгдийн ажил хөдөлмөрөөр байгуулах бүтээлч түүхийн төлөө өглөөний шүүдэр адил Эзэн энэрэл нигүүлслээ цалгиахын тулд бид Шашны амьдрал, хамаг хүн төрөлхтөн, хязгааргүй огторгуйг Христийн ноён мэдэлд даатгах болно. Ирэх жилүүд хүн нэг бүрт Тэнгэрбурханы сайхан сэтгэл ба хайр энэрлийг авчрах уулзалтуудын төлөө энэрэл нигүүлсийг өөртэй уусан шингээсэн жилүүд байгаасаа гэж би хүсч байна. Бүх хүмүүст, итгэгч хүмүүс ба хол байгаа хүмүүст хэдийнээ бидний дунд байгаа Тэнгэрбурханы Хаанчлалын тэмдэг адил энэрэл нигүүлслийн гавар түрхлэг хүрэх болтугай.

6. «Энэрэл нигүүлсэл бол Тэнгэрбурханы уг байдал ба Тэрээр онцгойлон үүгээр дамжуулан төгс хүчирхэг байдлаа харуулдаг» [5]. Томас гэгээнтний үгс тэнгэрлэг энэрэл нигүүлсэл нь огтоосоо сул ноомойн шинж байдал биш харин ч Тэнгэрбурханы төгс хүчирхэг байдлын чанар юм гэдгийг харуулж байна. Тийм учраас шашны ёслолын дотор дараах хураахуй хэмээх эртний даатгал залбирал байдаг: «Аяа, Тэнгэрбурхан минь, Та уучлал ба өршөөл үзүүлэхдээ агуу үнэн чанараа харуулдаг билээ» [6]. Тэнгэрбурхан хүн төрөлхтөний түүхэнд үүрд бидний дунд оршин байгч, бидэнтэй ойрхон, биднийг ивээгч, ариун, нигүүлсэнгүй нэгэн байх болно.

“Тэсвэр тэвчээр ба энэрэл нигүүлсэл” энэ хоёр үг ихэвчлэн Хуучин Гэрээс дээр Тэнгэрбурханы мөн чанарыг дүрслэхээр зэрэгцээ явдаг үгс. Түүний нигүүлсэнгүй оршин байдлыг шийтгэл ба сүйрлийн дээр түүний сайхан сэтгэл ноёлж байсан түүхэнд үзүүлсэн олон үйлдлээс бодитой харьцуулалтыг олж харж болно. Дууллууд голчлон энэхүү тэнгэрлэг үйлдлийн агуу байдлыг илтгэдэг: «Тэр чиний бүх гэм бурууг уучилж, Чиний бүх өвчнийг илааршуулдаг. Тэр чиний амийг мөхлөөс аварч, Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг» (Дуу 103:3-4). Мөн  илүү тодорхой байдлаар өөр нэгэн Дуулал энэрэл нигүүлслийг бодит шинж тэмдгүүдийг нотлож байгаа: «Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж Өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг. Эзэн хоригдлуудыг чөлөөлдөг юм. Эзэн сохор хүнд хараа оруулдаг. Эзэн сөхрөгчдийг босгодог. Эзэн зөв шударга хүмүүсийг хайрладаг. Эзэн харийн хүмүүсийг хамгаалдаг.Тэрээр эцэггүй ба бэлэвснийг тэтгэдэг, Харин хорон муу хүний замд хөндөлддөг» (Дуу 146:7-9). Эцэст нь Дууллыг бичигчийн өөр нэг илэрхийлэл: «Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог … Эзэн зовогсдыг түшдэг. Тэр хорон муу хүнийг газарт унагадаг» (Дуу 147:3, 6). Товчхондоо Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл бол хийсвэр санаа биш, харин Тэрээр энгэр цээжнээсээ үр хүүхдээ гэсэн эцэг ба эхийн байдлаар энэрэл хайраа илчилж байгаа бодит зүйл. Үнэхээр “дотоод гүнээс” ирэх хайр гэж хэлэх хэрэгтэй байх. Өрөвч нинжин сэтгэл, өршөөл уучлалыг үзүүлж байгаа явдал нь гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж байдлаар дотроос түрэн гардаг

7. “Түүний энэрэл нигүүлсэл мөнхийнх юм”: энэ бол Тэнгэрбурханы илчлэлтийн түүхийг өгүүлдэг Дуулал 136-н бадаг бүрт давтагддаг. Энэрэл нигүүлслийн хүчээр Хуучин Гэрээсийн бүх үйл явдлууд авралын гүн утга агуулж байгаа юм. Энэрэл нигүүлсэл нь Израильтай холбоотой Тэнгэрбурханы түүхийг авралын түүх болгож байна. Дуулал дээрх шиг “Түүний хайр энэрэл мөнхийнх юм” гэж байнга давтах нь орон зай цаг хугацааны тойргийг хэсэгчлэн таслан бүх зүйлийг энэрэл хайрын мөнхийн нууцанд оруулахыг хүссэн бололтой. Энэ нь зөвхөн түүхэнд биш харин хүн мөнхөд Эцэгийн энэрэл нигүүлслийн харц доор үргэлж байхыг илтгэн хэлэхийг хүссэн юм шиг. Израилийн ард түмэн “Аугаа Халел” хэмээн нэрлэгдэж ирсэн энэхүү Дууллыг хамгийн чухал шашны ёслолт баярууддаа оруулсан байдаг нь санаандгүй хэрэг биш юм.

Есүс тарчлалтын өмнө энэхүү энэрэл нигүүлслийн Дууллаар залбирсан юм. Үүнийг сударч Матай «магтуу дуулсаныхаа дараа» (26:30) Есүс шавь нарын хамтаар Чидун уул руу гарцгаасан гэж хэлэх үедээ батлан харуулдаг. Есүс өөрийнх нь болон түүний Дээгүүр Өнгөрөлтийн золиосын үүрдийн дурсахуй болох Эвхаристыг байгуулж байх үедээ энэрэл нигүүлслийн гэгээн гэрлээр энэхүү Илчлэлтийн дээд үйлдлийг бэлгэдэн тогтоосон юм. Энэрэл нигүүлслийн замаар харвал Есүс өөрийн тарчлалт ба үхэлдээ загалмай дээр гүйцэтгэгдэх энэрэл хайрын аугаа нууцын ухамсараар хандсан. Есүс өөрөө энэхүү Дууллаар залбирсан гэдгийг мэдэх нь Христийн сүсэгтэн бидний хувьд энэ Дууллыг илүү чухал болгож байгаа төдийгүй “Түүний энэрэл нигүүлсэл мөнхийнх юм” гэсэн дахилтыг өдөр тутмын магтаалын залбирлаар хүлээн авах шаардлагатай болгож байна.

8. Бидний хараа Есүс дээр, түүний нигүүлсэнгүй нүүр царайн дээр тогтсон үед Ариун Гурвалын энэрэл хайрыг тосон авах боломжтой. Эцэгээс хүлээн авсан Есүсийн томилолт бол тэнгэрлэг энэрэл хайрыг бүрэн бүтнээр нь илчлэх байсан. «Тэнгэрбурхан бол хайр» (1Ио 4:8,16) хэмээн Ариун Сударт бүхэлд нь анхны бөгөөд цор ганц удаа сударч Иохан баталсан байдаг. Энэхүү хайр хэдийнээ Есүсийн амьдралаар харагдахуйц ба хүрч болохуйц болсон. Түүний хүмүүн чанар нь юу юунаас илүү үнэгүйгээр өгдөг хайр байдаг. Түүнд хандсан хүмүүст үзүүлсэн түүний харилцаанууд цор ганц ба давтагдашгүй ямар нэгэн зүйлийг харуулж байдаг.  Тэрээр ялангуяа нүгэлтнүүд, ядууст, гадуурхагсдад, өвчтэй болон зовж шаналж буй хүмүүсийн өмнө хийдэг байсан үйлдлүүд нь энэрэл нигүүлслийг заан сургахын төлөө байсан юм. Түүний доторх юм бүхэн нь энэрэл нигүүлслийн тухай өгүүлдэг. Түүний дотор нинжин сэтгэлээр дутсан нэг ч зүйл байхгүй.

Есүс өөрийг нь даган явж байсан цугласан ардын ядарч туйлдан, замаа алдан төөрсөн байсныг хараад тэднийг ихэд өрөвдөн энэрэн хайрлажээ (харьц. Мт 9:36). Энэхүү өрөвч хайрын жолоодлогоор Түүн дээр авчирсан өвчтэй хүмүүсийг эдгээсэн (харьц. Матай 14:14) ба цөөхөн талх загасаар цугласан түмэнг цатгасан юм (харьц. Мт 15:37). Эдгээр бүх нөхцөл байдалд Есүсийг хөдөлгөж байсан нь түүнтэй уулзсан хүмүүсийн зүрх сэтгэлийг уншиж тэдний жинхэнэ хэрэгцээнд нь хариулж байсан уг энэрэл нигүүлсэл л байсан юм. Наимийн бэлэвсэн эхнэр нас барсан хүүгээ оршуулахаар Есүсийн өмнө ирэхэд шаналан гашуудаж буй эхийг харан маш ихээр өрөвдөн хайрлаж, түүний хүүг үхлээс амилуулсан юм (харьц. Лк 7:15). Герасийн бузар сүнстэй хүнийг чөлөөлснийхөө дараа Есүс түүнд томилолт өгсөн юм: «Гэртээ, өрөөндөө оч. Эзэн чамд хичнээн ихийг үйлдэж, чамд хэрхэн өршөөлөө үзүүлзнийг тэдэнд мэдэгд» (Мк 5:19). Матайн дуудлага ч мөн энэрэл нигүүлслийн зүг чиглэж байсан. Есүс татвар хураагчдын газрыг өнгөрөн дайрахдаа Матай руу анхааралтай харсан юм. Энэ харц тэр эрийн гэм нүглүүдийг уучилсан энэрэл нигүүлслээр дүүрэн харц байсан ба шавь нарынхаа шахалтыг дийлэн нүгэлтэн, татвар хураагч түүнийг арван хоёр шавийнхаа нэг болгохоор сонгосон. Хүндэт Беда гэгээнтэн энэхүү Сайн Мэдээний үйл явдлыг тайлбарлан бичихдээ Есүс Матайг нигүүлсэнгүй хайраар харж түүнийг сонгосон гэсэн байдаг: miserando atque eligendo (утгачилбал: түүнийг энэрэн нигүүлсэж сонгосон) [7]. Энэ үг надад үргэлж хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг тул би өөрийн уриагаа болгосон юм.

9. Энэрэл нигүүлсэлд зориулагдсан сургаалт зүйрлэлүүдэд Есүс гэм нүглийг хэлтрүүлж энэрэл нигүүлсэл өрөвч сэтгэлээр татгалзалтыг дийлэхээс нааш бууж өгдөггүй Эцэгийнхтэй адил Тэнгэрбурханы мөн чанарыг илчилдэг юм. Бид төөрсөн хонь, алдагдсан зоос, хоёр хүүтэй аавын тухай (харьц. Лк 15:1-32) гардаг гурван сургаалт зүйрлэлийг мэдэх билээ. Эдгээр сургаалт зүйрлэлд Тэнгэрбурханыг ялангуяа уучилж өршөөх үедээ баяр баяслаар дүүрэн байдгаар үргэлж харуулсан байдаг. Эдгээр сургаалт зүйрлэлийн дотор энэрэл нигүүлсэл бол хайраар зүрх сэтгэлийг дүүргэж өршөөлөөр тайтгаруулан бүхнийг ялан дийлэгч хүч гэсэн утгаар харуулдаг тул тэдгээрийн дотор бид Айлдлын ба бидний итгэл бишрэлийн гол цөмийг олж харж болно.

Өөр бусад сургаалт зүйрлэлүүдэд бидний Христийн сүсэгтний амьдралд маш чухал сургаалуудыг хэлсэн байдаг. Петр хэдэн удаа уучлах хэрэгтэй талаар Есүсээс асуухад Есүс хариуд нь «Би чамд долоон удаа бус дал дахин долоо удаа уучил гэж хэлье» (Мт 18:22) гэсэн байдаг. Тэрээр цааш үргэлжлүүлэн “Өршөөлгүй зарц” хэмээх сургаалт зүйрлэл хэлсэн юм. Эзэндээ өрөө төлүүлэхээр дуудагдсан зарц сөхрөн унаж түүнээс өршөөлийг гуйдаг. Эзэн нь түүнийг өрөвдөн өрийг нь хэлтрүүлжээ. Гэвч тэрээр өөрт нь өртэй анд болох нэгэн зарцтай уулзан өрөө нэхсэнд анд болох тэр зарц нь түүний өмнө сөхрөн өршөөл гуйжээ. Гэвч тэрээр түүний саналыг үл зөвшөөрч өөрийн анд болох зарцаа өрөө төлтөл нь шоронд хаяв. Үүнийг сонссон түүний Эзэн түүнд хэлэхдээ «Би чамайг өршөөсний адил чи ч бас анд чинь болох тэр зарцыг өршөөх ёстой байсан бус уу?» (Мт 18:33). Есүс эцэст нь «түүнчлэн та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрхнээсээ эс уучлах аваас тэнгэрлэг Эцэг минь ч та нарт мөн тэгж хандах болно» (Мт 18:35) хэмээн хэлсэн юм.

Энэхүү сургаалт зүйрлэл бидний хүн нэг бүрийн төлөө гүн гүнзгий сургаалийг агуулж байна. Есүс энэрэл нигүүлсэл бол зөвхөн Эцэгийн их үйл биш харин түүний жинхэнэ хүүхдүүд хэн болохыг илтгэх шалгуур болж байгаа гэдгийг батлан хэлж өгч байна. Товчхондоо бид энэрэл нигүүлслээр амьдрахаар дуудагдсан. Учир нь бидэнд эхлээд энэрэл нигүүлслийг үзүүлсэн. Гомдол бухимдлыг уучлах нь нигүүлсэнгүй хайрын ил тод илэрхийлэл болж байгаа бөгөөд Христийн сүсэгтэн бидний хувьд зайлсхийлж боломгүй үүрэг хариуцлага юм. Олон удаа уучилна гэдэг хэцүү байх нь мэдээж. Уучлал бол зүрх сэтгэлийн амар амгаланг олохын тулд бидний сулхан гар дээр тавьсан зэмсэг юм. Уур хилэн, хүчирхийлэл, өшөө хонзоноо гарган зайлуулах нь баяр хөөртэй амьдрахын шаардлагатай нөхцөлүүд юм. Тиймээс элчийн сургамжийг хүлээн авцгаая: «Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг» (Еф 4:26). Онцгойлон энэрэл нигүүлслийг амьдралын туйлын зорилго ба бидний итгэл бишрэлийн үнэмшим байдлын шалгуур болгон тогтоосон Есүсийн үгийг сонсоцгооё: «Энэрэнгүй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд өршөөл энэрлийг хүртэх болно» (Мт 5:7). Энэ бол бидний Ариун Жилдээ онцгойлон суурилах ёстой жаргалангийн номлол юм.

Бидний харсанаар Ариун Судар дахь энэрэл нигүүлсэл хэмээх үг бидний төлөөх Тэнгэрбурханы үйл хөдлөлийг заах түлхүүр үг болж байна. Тэрээр өөрийнхөө энэрэл хайрыг батлан харуулахдаа өөртэй хязгаар тавьдаггүй ба харин Тэр үүнийгээ харагдахуйц, хүрч болохуйц болгосон юм. Энэрэл хайр хэзээ ч хий хоосон үг байж болохгүй. Хайр нь мөн чанарынхаа хувьд бодит амьдрал буюу өдөр тутмын үйл хөдлөлд харагдаж байдаг санаа бодол, зан ааш, харилцаанууд. Тэнгэрбурханы энэрэл нигүүлсэл бол бидний төлөөх түүний хариуцлага юм. Тэрээр хариуцлагатай гэдгээ мэддэг. Өөрөөр хэлбэл бидний сайн сайхан болон биднийг аз жаргалтай, дүүрэн баяр баясал, амар амгалантай байхыг харахыг хүсдэг юм. Христийн сүсэгтнүүдийн энэрэл нигүүлсэл ч мөн үүнтэй адил байх учиртай. Эцэг хэрхэн хайрладаг шиг хүүхдүүд нь ч мөн тийн хайрлана. Тэр хэрхэн нигүүлсэнгүй байдаг шиг бид ч мөн бие биедээ нигүүлсэнгүй байхаар дуудагдсан.

10. Энэрэл нигүүлсэл бол Шашны амьдралын тулгуур суурь юм. Шашны хариуцлагатны бүх үйл хэрэг ууч сэтгэлээр дугтуйлагдан итгэгчид рүү хаяглагдах учиртай. Өршөөл нигүүлсэлгүйгээр дэлхийд ямар ч тунхаглал ба гэрчлэл гэж байхгүй. Өрөвч энэрэнгүй хайрын замаар дамжин Шашинд итгэх итгэл үнэмшил ирнэ.

Шашин нь «өршөөл үзүүлэх зах хязгааргүй хүслээр амьдардаг юм» [8]. Магадгүй удаан хугацааны турш өршөөл энэрлийн зам руу чиглүүлж түүгээр амьдрахаа мартсан байж болох юм. Нэг талаасаа зөвхөн шударга ёсонд үргэлж төвлөрдөг нь сорилт болдог. Харин энэ шударга ёс бол зайлшгүй шаардлагатай эхний алхам болохоос дуусгавар биш юм гэдгийг мартдаг. Гэтэл Шашин нь илүү өндөр, илүү утга агуулга бүхий зорилгод хүрэхийн төлөө үүнээс цааш явах хэрэгтэй юм. Нөгөө талаасаа уучлах нь бидний соёлд улам бүр багасаж байгааг харах болсон нь гунигтай. Энэ уучлал хэмээх үг нь ч өөрөө зарим тохиолдолд алга болж байгаа мэт байна. Уучлалын гэрчлэлгүйгээр ямартаа ч алс цөлд амьдарч байгаа юм шиг зөвхөн үржил шимгүй, үр удамгүй амьдрал л үлдэнэ. Шашны хувьд уучлалын баярт тунхаглалд эзэн нь байх цаг мөч шинээр ирлээ. Энэ бол ахан дүүсийнхээ сул тал, хүндрэл бэрхшээлийг хамтран үүрэлцэх нэн чухал шаардлагандаа буцан очих цаг юм. Уучлал бол шинэ амьдралд ахин сэргээх, ирээдүйг итгэл найдвартай харах, урам зоригтой болгох хүч юм.

11. Иохан Паул II гэгээнтний тухайн үедээ таамаглагдаагүй агаад олон түмэн гайхан хүлээн авч байсан гарчиг бүхий “Энэрэл нигүүлслээр өгөөмөр баян” хэмээх хоёрдахь түгмэл захидлаараа хайрласан агуу сургаалийг мартаж болохгүй юм. Үүнээс онцгойлон хоёр өгүүлбэрийг сануулахыг хүсч байна. Нэгдүгээрт ариун Пап өнөөгийн бидний соёлд энэрэл нигүүлслийн сэдэв мартагдаж байгааг ажигласан юм: «Орчин үеийн сэтгэлгээ нь магадгүй өнгөрсөн цагийн хүнийхээс ч илүү нигүүлсэнгүй Тэнгэрбурханы эсрэг байгаад зогсохгүй энэрэл нигүүлсэл гэсэн тухайн санааг амьдралаас салган үзэж мөн хүний зүрх сэтгэлээс арилгах хандлагатай болж байгаа мэт байна. Энэрэл нигүүлсэл гэсэн үг, түүний утга агуулга нь шинжлэх ухааны ба техникийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд түүхэнд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр газар дэлхийд эзэн суусан түүнийг захирсан (харьц. Эх 1:28) хүнийг тавгүйтүүлж байна. Энэ дэлхий дээрх эрх мэдлийг заримдаа нэг талаас нь өнгөцхөн ойлгож энэрэл нигүүлсэлд зай үлдээхгүй байх шиг ... Тиймээс Шашны болон дэлхийн орчин цагийн нөхцөл байдалд итгэл бишрэлийн амьд мэдрэмжээр хөтлүүлсэн олон хувь хүмүүс, олон бүлэг хүмүүс Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг хэнээр ч шаардуулахгүйгээр өөрсдөө илэрхийлж байна» [9].

Үүнээс гадна Иохан Паул II гэгээнтэн өнөөгийн дэлхийд энэрэл нигүүлслийг тунхаглах, гэрчлэх яаралтай шаардлагыг ийнхүү өдөөж байсан юм. « Энэхүү шаардлагыг өнөөгийн нийгмийн дийлэнхийн үзэж байгаагаар маш их аюулаар заналхийлэгдэж байгаа хүний ба хүн төрөлхтөнийг харсан бүхий л зүйлийн төлөө энэрэл хайр үүрэгдэж байна. Христийн далд нууц ... намайг уг нууцын дотор илчлэгдсэн Тэнгэрбурханы энэрэнгүй хайр болох энэрэл нигүүлслийг зарлан тунхаглахыг албадаж байна. Энэ намайг мөн уг энэрэл нигүүлсэлд эргүүлэн дуудаж Шашны ба дэлхийн түүхийн энэхүү хүнд шүүмжлэлтэй цаг үеэс гуйхад хүргэж байна» [10]. Түүний хэлсэн энэхүү үг одоо ч үнэн ба энэхүү Ариун Жилд ахин үргэлжлүүлэх гавъяатай юм. Түүний үгийг шинээр хүлээн авцгаая: «Шашин нь Бүтээгчийн ба Аврагчийн хамгийн гайхалтай шинж чанар болох энэрэл нигүүлслийг илэрхийлэх мөн тунхаглах үедээ, Аврагчийн энэрэл нигүүлслийн эх булагтай хүмүүсийг ойрхон авчрах үедээ жинхэнэ амьдралаар амьдардаг ба уг энэрэл нигүүлслийг өөртэй хадгалж мөн түгээж байдаг билээ» [11].

12. Хүн бүрийн зүрх сэтгэл, оюун ухаанд хүрэх ёстой Сайн Мэдээний цохилох зүрх болсон Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг зарлах нь Шашны томилолт юм. Христийн сүйт бүсгүй нь хэнийг ч ялгахгүйгээр ханддаг Тэнгэрбурханы Хүүгийн хандлагыг баримталдаг байх ёстой. Өнөөгийн бидний цагт, Шашин нь шинээр Сайн Мэдээ тунхаглах ажилд шамдан орсон энэ цаг үед энэрэл нигүүлслийн сэдэв нь шинэ идэвхи сонирхлоор, шинэчлэгдсэн шашны хариуцлагатны үйл хэргээр ахин авч хэлэгдэх шаардлагатай болж байна. Шашныг болон түүний зарлан тунхаглаж байгаа зүйлийн итгэл үнэмшилтэй байдлыг тодорхойлох нь тэрээр энэрэл нигүүлслээр амьдарч хүмүүсээрээ гэрчлэн харуулж байгаа эсэхээс хамаарна. Хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрч тэднийг Эцэг рүү буцах замыг олох хүслийг ноцоохын тулд Шашны хэл яриа, үйлдэл бүхэн нь энэрэл нигүүлслийг дамжуулдаг байх учиртай.

Шашны эхний үнэн бол Христийн энэрэл хайр. Уучлал цаашлаад өөрийгөө өргөх байдалд авчирдаг энэхүү энэрэл хайрын үйлчлэгч ба хүмүүсийн дунд дамжуулагч нь Шашин өөрөө болдог. Үүнээс улбаалан Шашин байгаа газар Эцэгийн энэрэл нигүүлсэл тодорхой харагдах учиртай. Бидний хорооллын сүм, бидний бүлгэм, нийгэмлэг, хөдөлгөөнүүд дунд буюу цөөн үгээр хэлбэл Христийн сүсэгтнүүд байгаа хаа газар хэн ч энэрэл нигүүлслийн баян бүрдийг олж чаддаг байх учиртай. 

13. Энэхүү Ойн Жилийг Эзэний үгийн гэгээн гэрлээр амьдрахыг хүсэцгээе: Эцэг шигээ өршөөнгүй байя. Сударч маань «Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай» (Лк 6:36)  хэмээн хэлж байгаа Есүсийн сургаалийг эргэн сануулж байна. Энэ сургаал нь баяр баясал хийгээд амар тайвнаар баян байдаг шигээ мөн хичээл зүтгэл шаардсан амьдралын төлөвлөгөө байдаг. Есүсийн энэхүү хүсэлт нь түүний дуу хоолойг сонсогчдод хандсан байгаа (харьц. Лк 6:27). Тиймээс энэрэл нигүүлслийг үзүүлэх хүч чадалтай байхын тулд бид хамгийн эхлээд Тэнгэрбурханы Үгийг сонсох хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл бидэнд хандсан Эзэний Үгийг тунгаан бясалгах чимээгүй цагийн үнэ цэнийг ахин олж авахыг хэлж байгаа юм. Ийм замаар Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг бясалгах боломжтой төдийгүй үүнийгээ амьдралынхаа хэв маяг болгон авах юм.

14. Эргэл мөргөл хэмээх зан үйл нь Ариун Жилд онцгой байр суурь эзэлж байгаа. Учир нь энэ нь хүн бүр өөрийн амьдралдаа гүйцэлдүүлэх ёстой аян замыг илтгэсэн бэлгэдэл юм. Амьдрал өөрөө эргэл мөргөл ба хүн байх нь хүссэн зорилго хүртэлх замаа туулан яваа viator аялагч, эргэл мөргөлч юм. Хүн бүр Ром хот дахь Ариун Хаалганд хүрэх эсвэл өөр ямар нэгэн газарт хүрч очих эргэл мөргөлийг бололцооныхоо дагуу үйлдэх ёстой. Энэ нь энэрэл нигүүлсэл ч мөн адил хүрэх ёстой зорилго бөгөөд хичээл зүтгэл золиослол шаарддаг гэдгийг харуулсан тэмдэг болох болно. Энэхүү эргэл мөргөл бидний сүнслэг сэтгэлийн эрс өөрчлөлтийг дэмжиж тэтгээсэй. Ариун Хаалгын босгыг даван орсноор бид Тэнгэрбурханы энэрэл нигүүлслээр тэврүүлэх ба Эцэг бидэнд ханддаг шиг бусдад нигүүлсэнгүй байхад өөрсдийгөө зориулах болно.

Эзэн Есүс зорилгодоо хүрэхийн тулд хийж байгаа эргэл мөргөлийн үе шатуудыг бидэнд хэлж өгч байна: «Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл та нар мөн уучлагдана. Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээгээр та нар хариуд нь хэмжигдэх болно» (Лк 6:37-38). Нэгдүгээрт бүү шүү мөн бүү ялла гэж бид нараас гуйж байна. Хэрэв Тэнгэрбурханы шүүлтэнд орохыг хүсэхгүй байгаа л бол хэн ч өөрийн ах дүүгийнхээ шүүгч нь болох хэрэггүй. Хүмүүс шүүхдээ өнгөц байдлыг харж зогсдог бол Тэнгэрбурхан Эцэг сэтгэлийг гүнийг хардаг. Хүмүүс атаархал өш хонзондоо хөтлөгдсөн үедээ хичнээн муу зүйл үйлдэнэ вэ! Ах дүүгээ байхгүйд нь муулах нь түүнийг сайнаар харах боломжгүй болгож, нэр төрийг нь гутаан хов живний бай болгон үлдээж байгаа хэрэг юм. Бүү шүү, бүү ялла гэсэн нь эерэг утгаар хүн бүрт байдаг сайн зүйлийг нь олж харж мөн бидний хязгаарлагдмал шүүлт болон бүгдийг мэднэ гэж боддог бардамналаас болж тэрээр зовж шаналж болохгүйг мэддэг байхыг хэлж байгаа юм. Гэхдээ энэрэл нигүүлслийг илэрхийлэхэд энэ ч бас хангалтгүй юм. Есүс мөн уучлахыг, бэлэглэхийг асуусан. Тэнгэрбурханаас эхэлж уучлалыг хүлээн авсан нь бид учраас бид өөрсдөө уучлалын зэвсэг байх хэрэгтэй. Мөн Тэнгэрбурхан маш уужим сэтгэлээр бидний дээр хишиг ивээлээ хайрладагийг санаад бид бусдын өмнө өгөөмөр байх хэрэгтэй.

Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай гэдэг нь тэгэхээр Ариун Жилийн “уриа” болж байгаа юм. Энэрэл нигүүлслээр бид Тэнгэрбурхан биднийг хэрхэн хайрладагийг биеэр мэдрэх боломжтой. Тэрээр үргэлж сайн дураараа юуг ч хариуд нь гуйхгүйгээр өөрийгөө бүрэн дүүрнээр өргөдөг. Бид Түүнийг дуудах үед Тэр бидэнд туслахаар ирдэг. «Тэнгэрбурхан намайг аврахаар соёрхооч! Эзэн надад туслахаар хурдлаач!» (Дуу 70:2). Шашны өдөр тутмын даатгал залбирал эдгээр үгсээр эхэлдэг нь юутай сайхан. Гуйж байгаа тусламж маань аль хэдийнээ бидний төлөө үзүүлж байгаа Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийн эхний алхам болдог. Тэрээр бидний амьдралын мөхөс байдлаас аврахаар ирдэг. Тэнгэрбурханы тусламж нь бид өөрсдийнхөө дунд байгаа түүний оршихуйг болон ойр дотно байдлыг хүлээн авахыг хэлж байгаа юм. Өдөр өдрөөр түүний өр өвдөхүйг мэдэрснээр бид ч мөн адил бүх хүмүүст өрөвч энэрэнгүй нэгэн болж чадна.

15. Энэхүү Ариун Жилд бид өнөөгийн дэлхийн эмгэнэлтэйгээр үүсгээд байгаа нийгмийн хаягдан амьдарч байгаа хэн бүхэн рүү зүрх сэтгэлээ нээн амьдарч үзэх боломжтой юм. Хичнээн эмзэг, зовлонтой нөхцөл байдлууд өнөөгийн дэлхийд оршино вэ! Хичнээн шарх тэдгээр ямар ч дуу хоолойгүй болсон маш олон хүмүүсийн биед үлдэнэ вэ! Тэдний хашгираан хайхрамжгүй баячуудын улмаас замхаран алга болсон юм. Энэ Ойн Баярт жилд Шашин нь эдгээр шархуудыг тайтгарлын тосоор тослож энэрэл нигүүлслээр боолт тавьж эв нэгдэл ба анхаарал халамжаар эмчлэхээр урьд өмнөхөөсөө илүүтэйгээр дуудагдах болно. Бид үл тоомсорлосон хайхрамжгүй байдалд, зүрх сэтгэлийг мэдрэмжгүй болгож шинэ зүйлийг олж нээхэд саад болдог байнгын зуршилд, сүйтгэж байдаг ичгүүр сонжуургүй байдалд унахгүй байя. Дэлхийн гай зовлон болон хүний сүр хүчээ булаалгуулсан олон ах дүүсийнхээ шархыг олж харахын тулд нүдээ нээж мөн тэдний тусламжийн дуу хоолойг сонсох ёстой хүмүүс гэдгээ мэдэрцгээе. Бидний гар тэдний гарыг бариад, өөрсдийнхөө бараа бололт, нөхөрлөл, ахан дүүсийн холбоогоор дамжин ирэх халуун дуулан илчийг тэдэнд мэдрүүлэхийн тулд тэднийг өөрсөд рүүгээ ойртуулцгаая. Тэдний хашгираан бидний хашгираан болж хамтдаа хоёр нүүрт ба амин хувиа бодсон байдлыг нуухын тулд хэмжээлшгүйгээр байнга ноёрхон захирч байгаа үл тоомсорлосон байдлын хаалтыг бутарган унагая.

Миний амьд хүсэл бол сүсэгтэн ард түмэн маань Ойн Баярт жилийн туршид бие махбодийн болон оюун санааны энэрэл нигүүлслийн тухай эргэцүүлээсэй гэсэн хүсэл юм. Ядуурлын эмгэнэлт үйл явдлын өмнө ихэвчлэн нойрмог байдаг ухамсраа сэрээх болон ядуус тэнгэрлэг энэрэл нигүүлслийн давуу эрхтэй хүмүүс байдаг Айлдлын зүрхэнд үргэлж улам илүү нэвтрэх нэг арга зам байж болно. Есүсийн номлол нь бид түүний шавийн байдлаар амьдарч байгаа эсэхийг ойлгож чадахын тулд бидэнд эдгээр энэрэл нигүүлслийн үйлийг танилцуулдаг. Бие махбодийн энэрэл нигүүлсэл гэж юу болохыг олж мэдье: өлссөнийг хооллох, цангасныг ундаалах, мөр нүцгэнийг хувцаслах, гэр оронгүйг орогнуулах, өвдсөнийг асрах, хоригдлыг эргэх, үхсэнийг оршуулах. Мөн оюун санааны энэрэл нигүүлслийг мартахгүй байцгаая: эргэлзэгчид зөвлөх, мунхагийг сэнхрүүлэх, нүгэлтнийг засан авах, шаналагчийг тайтгаруулах, зовиурыг хүлцэх, бурууд зөвт хандах, үхэгсэд ба үлдэгсдийн төлөө залбирах. 

Бид Эзэний үгнээс зугтаж чадахгүй юм. Учир нь эдгээр үгийн дагуу бид шүүгдэх болно.  Бид өлссөн нэгэнд идэх хоол цангасан нэгэнд уух юм өгсөн билүү. Бид гэр оронгүй нэгнийг урин оруулж хувцасгүй нэгнийг хувцасласан билүү. Бид өвдсөн, хоригдсон хүмүүстэй хамт байх цагийг гаргасан билүү (харьц. Мт 25:31-45).

Үүнээс гадна бид мөн айдас түгшүүрт унагадаг гол төлөв ганцаардлын үндэс болдог эргэлзээнээс гарахад тусалсан уу, сая сая хүмүүсийг ядуурлаас татан гаргахын тулд ялангуяа шаардлагатай тусламжаас хол байгаа хүүхдүүдийн амсан амьдарч байгаа тэрхүү үл тоосон байдлыг ялан дийлсэн хүмүүс байж чадсан уу, ганцаардсан гунигтай нэгний дэргэд нь байсан уу, биднийг гомдоосон нэгнийг уучилсан уу, хүчирхийлэл авчирдаг дайсагнал үзэн ядалтын ямар ч хэлбэрээс бид татгалзаж чадсан уу, бидэнд маш тэвчээртэй ханддаг Тэнгэрбурханы үлгэр жишээнд тэвчээртэй байсан уу, эцэст нь ах эгч дүүсээ Тэнгэрбурхандаа даатган залбирсан уу үгүй юу гэдгээр шүүгдэх болно. Эдгээр “ахан дүүсийн маань дорд” нэгний дотор Христ өөрөө байгаа юм. Түүний махан бие биднээр хүлээн авагдаж, биднээр хүрүүлж, асран сувилуулахын тулд зовсон, шархдсан, сульдсан, цөлөгдсөн, хүчгүй болсон биеэр ахин нүдэнд харагдахаар болж байна. Загалмайн Иохан гэгээнтнийг үгийг мартахгүй байя: «Амьдралынхаа орой бид хайранд шүүгдэх болно». [12]

16. Лукийн Айлдлаас энэ Ойн баярт жилийг итгэл бишрэлээр өнгөрүүлэх өөр нэгэн чухал талыг харж болно. Сударч өгүүлэхдээ Есүс нэгэн амралтын өдөр Назарт хүрч ирсэн ба заншсан ёсоороо синагогт оров. Түүнийг Судар уншиулахаар мөн түүнийг тайлбарлуулахаар дуудлаа. Уншсан хэсэг нь зөнч Исаиагийн бичсэн дараах хэсэг байжээ: «Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст Сайн Мэдээг хүргэхийн тулд Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу Эзэний тааламжит /энэрэл нигүүлслийн/ жилийг тунхаглахын тулд болой» (61:1-2). “Энэрэл нигүүлслийн жил” энэ бол Эзэнээр тунхаглагдсаныхаа хэрээр бидний өнгөрөөхийг хүсэж байгаа жил юм. Зөнчийн хэлсэн үгэнд цангинаж байгаа Есүсийн томилолтын баялагийг энэ Ариун Жил нь өөртэй авч яваа юм. Энэ бол ядууст тайтгарлыг авчрах үг ба үйлдэл, орчин үеийн шинэ боолчлолуудын хоригдогсод болсон хэн бүхэнд эрх чөлөөг тунхаглах, өөр дээрээ төвлөрсөний улмаас ерөөсөө харж чадахгүй байгаа нэгэнд хараа олгох мөн тусгаарлагдсан хэн бүхэнд хүний сүр хүчийг эргүүлэх олгох юм. Христийн сүсэгтнүүд гэрчлэлээрээ өргөхөөр дуудагдсан итгэл бишрэлийн хариултаар Есүсийн сургаал номлол дахин нэг удаа нүдэнд харагдахуйц болж байна. «өршөөгч нь баяртайгаар үйлд» (Ром 12:8) гэсэн Элчийн үг энэ замын турш биднийг дагалдах болтугай.

17. Ойн баярт жилийн Дөч хоногт цаг улирлыг Тэнгэрбурханы энэрэл нигүүлслийг тэмдэглэх ба мэдрэх хүчтэй цаг хугацаа байдлаар илүү эрчимтэй өнгөрөөх учиртай юм. Дөч хоногт цаг улирлуудын долоо хоногуудад Эцэгийн энэрэнгүй нүүр царайг таньж мэдэхийн тулд Ариун Судрын олон хуудсуудыг бясалгах боломжтой. Зөнч Микагийн үгийг бид мөн давтан хэлж болно: Эзэн, Та бол гэмт үйлдлийг хэлтрүүлдэг, нигүүлслийг хайрлагч, уур хилэнгээ мөнхөд үл хадгалж, биднийг дахин өрөвдөж, хилэнцийг маань хөл доороо дэвсэлж бүх нүглийг нь тэнгисийн гүн рүү хаядаг Тэнгэрбурхан билээ (Харьц. 7:18-19).

Зөнч Исаиагийн хуудсуудыг мөн энэхүү залбирал, мацаг барих, буяны үйл хийх цаг улиралд илүү бодитойгоор бясалгаж болно. «Гэм буруугийн хүлгийг мултлан буулганы оосрыг тайлж, дарлагдагсдыг чөлөөлөөд аливаа буулгыг эвдэхийн тулд би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу? Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд Эзэний алдар чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад Эзэн хариулж, чамайг хашхирахад Тэр «би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол, өлсөгчдөд өөрийгөө өгч, зовогсдын сэтгэлийг цатгавал, гэрэл чинь харанхуйд мандаж, бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. Эзэн чамайг ямагт удирдан ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, ширгэшгүй устай урсгал мэт байх болно» (58:6-11).

Дөч хоногт цаг улирлын IV ням гарагийн өмнөх баасан, бямба гарагуудад тэмдэглэгдэх “Эзэний төлөө 24 цаг”-н санаачлага нь шашны хүрээнүүдэд дэлгэрч эхлэх хэрэгтэй юм. Олон хүмүүс Эвлэрлийн үндсэн ёслолд ойртож байна тэдний дундаас мөн л уг ёслолоор Эзэнд буцан очих, залбиралд шимтсэн цаг мөчөөр амьдрах, амьдралынхаа утга учрыг олж нээхээр аян замаа ахин олж байгаа олон залуу хүмүүс байдаг. Эвлэрлийн үндсэн ёслолоор бид энэрэл нигүүлслийн агуу сүр хүчийг гараараа хүртдэг тул энэхүү үндсэн ёслол Шашны амьдралд голлох байр эзлэх чухал. Гэмшигч бүрд энэ нь жинхэнэ дотоод амар амгалангийн эх булаг байх болно.