Христийн мэндэлсэн баярын үдшийн мөргөлийн номлол

2022-12-28

Фото зургийг авсан Давааням Дэлгэржаргал

Христийн мэндэлсэн баярын үдшийн мөргөлийн номлол

2022 оны 12 сарын 24

Катедралд

Христмас буюу Христийн мэндэлсэн баярын өдөр ирлээ. Бид үүнийг хүлээсэн, бэлтгэсэн, төсөөлсөн. Харин одоо тэр өдөр нь болж байна. “Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:11). Жил бүрийн Христмасын шөнө Лукийн Сайн мэдээний ариун айлдлаас сонсдог энэ хэсэг нь биднийг хоёр мянган жилийн өмнөх рүү аваачин тэр бодит үнэн байдалд биечлэн оролцохыг урьдаг.

Өнөөдрийн сонссон хэсэг нь өөртэй дор хаяж гурван үзэгдлийг агуулдаг. Нэгдүгээрх нь болсон үйл явдлуудын яг орон зай ба цаг хугацааны хүрээг тодотгож өгсөн байдалтай байна. Тухайлбал Цезарь Август, Куирин гэсэн эрх баригчдын нэрс, Сир, Галил, Назар, Бетлехем гэсэн газар нутгийн нэрс дурьдагдсан ба эхний таван бадагт “тооллого/тооллого хийх” гэсэн үг дөрвөөс багагүй удаа давтагдаж тэр ч байтугай “газар бүрт” хэмээн хамрах өргөн орон зайг илтгэсэн байдаг. Тийм ээ, Тэнгэрбурханы Хүү үнэхээр түүхэнд нэвтрэхийг хүссэн болохыг хүн амын тооллогын тухай хуулинд дуулгавартай байгаагаас нь ойлгох бөгөөд нийгмийн дүрэм журмын дагуух жил тутмын тайлан мэдээнд Өөрийгөө бүртгүүлж бусдын адил нэгэн болж хүмүүсийн тооллогонд Өөрийгөө үзүүлэхийг таалсан. Лук гэгээнтэн бидэнд “Энэ бүхэн үнэн! Бидний Аврагч гэдгээр нь мэдэх Есүс нь тодорхой ард түмний дунд, тодорхой цаг хугацаанд мэндэлсэн, бүртгэлд бүртгэгдсэн хүмүүстэй холилдон хүмүүн бидний түүхэнд нэвтрэн оржээ” гэдгийг хэлэхийг хүсчээ. Бидний энэхүү Христмас баяраар тэмдэглэж байгаа зүйл нь хэн нэгэн онцгой гэгээрсэн хүний философийн үзэл санааны эхлэл биш эсвэл аль нэг бүлэг хүмүүсийн нийтийн мэдрэмжээс гарсан ёс суртахууны сургаал биш юм. Энэ бол урьд хожид байгаагүй хамгийн төгс, цэвэр ариун эмэгтэйн онгон хэвлийгээс төрж тийм ч тухтай орчин нөхцөл байгаагүйн улмаас малын тэвшинд хэвтүүлэхээс өөр аргагүй болсон нэгэн хүүгийн түүхийг тэмдэглэж байгаа юм.

Хоёр дахь үзэгдэл нь биднийг шууд энэ бүхэн “хэрхэн яаж” болов гэдэг рүү авчирч байна. “Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:6-7). Тийм ээ, чухам тэрхүү хэрхэн яаж гэдэгт бүтээгч ба амьдрал хайрлагч Тэнгэрбурханы тодорхой сонголт нь бичээстэй байдаг. Тэр Хүү дэндүү түгшүүртэй, тэр бүү хэл тааламжгүй орчин нөхцөлд, гэр бүлийнхээ төлөвлөгөөг өөрчлөн байж бусад юмсаар ядуу тарчиг, баталгаагүй байдлын дунд мэндэлсэн билээ. Аврагч маань бидэн дээр ингэж л ирсэн. Түүний энэ сонголт биднийг хүссэнээр нь байгаагүй өнөөдрийн төлөө хэр олон удаа гомдоллож, бүх зүйл төлөвлөсний дагуу явагдах ёстой гэсэн хүлээлтээ биелээгүй тохиолдолд сэтгэл дундуур явдаг талаараа эсвэл дайн дажин, ялгаварлан гадуурхалт гэх мэт өөрсдийн маань сонгоогүй үнэндээ эвлэршгүй нөхцөл байдлуудыг бодоход хүргэдэг. Эдгээр нөхцөл байдал Тэнгэрбурханаас хол байлгадаг юм шиг бидэнд санагддаг ч Тэнгэрбурхан ийм хүнд нөхцөл байдлуудыг сонгосон нь бидэнтэй хэр ойрхон гэдгийг үзүүлэхийн тулд, бүрэн дүүрэнг олоход хамгийн тохиромжтой нөхцөл бүрдэхийг хүлээх шаардлагагүй гэдгийг ойлгуулахын тулд болой. Учир нь Тэр Өөрийн оршихуйгаараа биднийг баян болгохын тулд бидний ядуу байдлыг сонгосон бидэнтэй хамт буй Тэнгэрбурхан буюу Иммануел юм.

Гурав дахь үзэгдэл зарим хоньчид болон тэнгэр элч нарын тэнгэрлэг шүүх бүрэлдэхүүнийг харуулдаг. Тэдгээр хоньчид Тэнгэрбурханы бие махбод болсон агуу нууцын гэрч болохоор сонгогдсон бол харин энэ бүх үйл явдал нь Тэнгэрбурханы төлөвлөгөөний бүрэн биелэл юм гэдгийг илэрхийлэн өөрсдийнхөө тамгыг тамгалж байгаа нь тэнгэр элч нар юм. Энэхүү гурав дахь үзэгдэл нь ийм ичмээр байдалтай мэндэлж байгаад цочирдолгүй байх урилга ("Бүү айгтун") ба бүх хүн төрөлхтөнд дуулгахаар зориулагдсан баяр хөөрийн мэдээ байдаг ("би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа"). Өнөөдрийн тэнгэр элч нараас гадна Шашны дотор тусгай илгээлттэй үйлчилгээ үзүүлж байгаа тэдгээр бүх хүмүүс бол сайн мэдээ дэлгэрүүлэгч нар юм. Тэрхүү шөнийн тухай зарлан тунхаглалт үл тасалдсан гэрчлэлийн хоёр мянган жилд түшиглэн үндсэн ёслолуудын хүчин чадал ба гэгээнтнүүдийн гэгээн гэрэл дотор үйлдлээ үзүүлэн Шашны зүрхэнд оршдог. Бид ч мөн Бетлехемийн хоньчдын адил малын саравч руу гүйн очиж тэр тэмдгийг бясалган харахад уригдсан билээ. "Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ". (Лук 2:12).

Хайрт ахан дүүс нараа, энэхүү Сайн мэдээний үгийн хүчин чадал бидэнд хүрэхийг өөрсдөдөө болгооё. Түүхэнд өөрсдийгөө зангуудаж түүхийн мөрөөр анхааралтай алхъя. Энэ бол Христийн мэндэлсэн баярыг түүхэн үйл явдал байдлаар жил бүр тэмдэглэхийн утга учир юм. Тэр түүхэн үйл явдалд бидний анхаарал шаардлагатай болохоор мэндлэлтийн үйл явдлыг харуулсан чимэглэл эсвэл жүжигчилсэн тоглолтыг байлгадаг байх. Би Монгол дахь католик сүсэгтэн олон та бүхнийг энэ эрүүл уламжлалыг гэр бүлдээ нэвтрүүлээрэй хэмээн урья. Гэртээ хамтдаа малын саравч бэлтгэх нь хүүхэд хөгшид гээд бүгдийг эдгээр баяр жаргалтай өдрүүдийн уур амьсгалд ороход тус болно. Шинэ жилийн зөвхөн материаллаг хандлаганд авталгүй, Христийн мэндэлсэн баярын үнэн утга учирыг эргэн олж нээе. Хоёр мянган жилийн өмнөх тэр шөнөөс хойш бүх зүйл бүр сул дорой, аюултай нөхцөл хүртэл утга учиртай болсон. Дөнгөж мэндэлсэн нялх хүүгийн урд даруугаар ширтэн бясалгацгаая. Тэр бол Эзэн, Аврагч ба Бетлехемд малын саравчинд мэндэлснээрээ бидэнд ядуу тарчиг ба сул дорой байдлаас бүү ай харин тэр бүхнийг Түүний гарт тавихын тулд сайн, муу өдрүүдийнхээ дотор Түүнийг оруулна уу хэмээн хэлж байна. Итгэл бишрэлээс ирдэг үнэн тайтгарлыг олохын тулд малын саравчны урд хэсэг хором зогсоод энэ Ариун гэр бүлд зовлон жаргалаа хэлцгээе.

Хэрэв бид үүнийг хийвэл энх тайвны бэлэг буюу дайн, хагарал, аюул заналхийлэл, нийгмийн хурцадмал байдалд нэрвэгдсэн дэлхийн удаан хүлээсэн амар амгаланг амсаж тэр бүү хэл Монголд ч гэсэн мэдрэх болно. Есүсийн мэндлэлттэй холбоотой анхны бэлэг бол тэнгэр элч нарын тунхагласан ёсоор энх тайвны бэлэг юм. Өнөөдөр Христийн мэндэлсний баярыг хүйтэнд, гэрэл цахилгаангүй эсвэл хоол хүнсгүй, эсвэл сүм хийдээс хол, байшингийн хонгилд бөмбөгдөлтийн дор тэмдэглэхээс өөр аргагүй болсон хүмүүсийг бодъё. Шашин өөрийн итгэл бишрэлээ чөлөөтэй тунхаглаж чадахгүй, Христэд итгэгчид шударга бус хуулиар хавчигдаж байгаа бодит үнэн рүү зүрх сэтгэлээ хандуулцгаая. Өнөөдөр Бетлехемд мэндэлсэн тэр Хүү бол Энх тайвны Ханхүү бөгөөд тэрээр биднийг бүх хүч чадлаараа эвлэрэл ба уучлалыг дэмжих замаар энх тайвны төлөөлөгч нар болохыг ятгадаг бөгөөд биднээс илүү зовлон зүдгүүр амсаж байгаа итгэл бишрэл доторх ах эгч дүүсээ мартахгүй байхыг гуйж байна.

Хэрэв тэр шөнө энэ ертөнцийнх биш баяр хөөрийн нэгэн цоорхой нээгдсэн юм бол тэр цоорхой одоо Эзэний туйлын даруу хэлбэрээр ирдэг Эвхарист бүрээр нээгдсээр байгаа. Тодруулбал тэр шөнийн хувьд малын саравчинд даавуунд өлгийдүүлсэн хүү тэмдэг болж байсан бол өнөөдөр мөн үргэлжид Цагаатгагч өөрөө үнэн оршихуйгаараа байдаг Эвхаристын аравнайлсан талх тэмдэг болж байна. Эрхэм Монголын ард түмэн мөнх тэнгэр бүрэн нээгдсэн ба бидний хүн нэг бүрт боломжтой. Тэнгэрбурханы Ариун Шашин энэ нууцыг Монголд гучин жилийн турш үргэлжлүүлэн тунхаглаад байна. Христ мэндэлсний баярыг гуч дахь удаагаа Улаанбаатар төдийгүй энэ эрхэмсэг Монгол орны өөр бусад газарт тэмдэглэж байгаадаа Эзэнд талархахын зэрэгцээ талийгаач хамба лам Венсеслао Падиллагийн золиослол болон "Үлэмж баяр хөөр: Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ" (Лук 2:11) гэх Сайн мэдээний жолоодлогоор та бүхний төлөө гэсэн энэрэл хайраараа өөрсдийгөө зориулсан, зориулсаар ч байгаа бусад бүх шашин дэлгэрүүлэгч нарыг дурсан санацгаая. Та бүгдэд Христийн мэндэлсэн баярын мэнд хүргэе!