Пап Францисын айчлалын талаар хэвлэлийн бага хурал хийв.

2023-08-29

8-р сарын 29-ны мягмар гарагт Ватиканд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Гэгээн Ширээт Улсын Хэвлэл мэдээллийн албаны дарга Маттео Бруни 8-р сарын 31-нээс 9-р сарын 4-ний хооронд Ромын Пап Францисын Монголд Улсад хийх апостолик айлчлалын хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа. Монгол Улсад хийх энэхүү айлчлал Ариун Эцэгийн гадаад улсад хийж буй 43 дахь апостолик айлчлал болно.

Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын гол цөм нь 1500 орчим католик сүсэгтнүүдтэй хийх уулзалт болохыг дурьдаад 13-р зуунаас эхлэлтэй хоёр улсын харилцаа 1992 онд дипломат харилцаа тогтоож, анхны шашин дэлгэрүүлэгчдийг Монгол Улсад ирэхийг урьсанаас хойш 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж буйг онцлолоо.

Айлчлалын үеэр Степпе Аренад зохион байгуулах талархал магтаалын мөргөлд Монгол улс дахь католик шашны сүсэгтнүүдээс гадна Орос, Хятад, Тайланд, Казахстан, Киргиз, Азербайжан, Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас мөн сүсэгтнүүд оролцоно.

Ням гарагт "Хүн" театрт болох Шашин хоорондын уулзалтад бөө мөргөл, шинтоизм, буддизм, ислам, иудаизм, индуизм болон бусад шашны шашны төлөөлөгчид оролцох ба энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмнийг олон арван жилийн турш тодорхойлж ирсэн энх тайвнаар зэрэгцэн орших хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болохыг Хэвлэл мэдээллийн албаны дарга Бруни онцлон тэмдэглэв. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид ажиглагчаар оролцоно.

Сэтгүүлчдийн зүгээс Пап Францисыг Буддын шашны удирдагчид, тэр дундаа шинээр тодорсон 10-р Богдтой ганцаарчилсан уулзалт хийх эсэх, мөн мөргөлийн дараа Орос, Хятадаас хүрэлцэн ирсэн Христэд итгэгчидтэй хувийн уулзалт хийх талаар тодруулав. Одоогоор ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөөгүй болохыг мэдэгдээд энх тайвныг бэхжүүлэх шашин хоорондын уулзалтад Буддын шашинтнуудаас гадна Монгол Улс дахь бусад бүх шашны төлөөлөгчид мөн оролцоно гэдгийг дахин тэмдэглэлээ.

Папын айлчлал хөрш зэргэлдээх Хятад улстай ямар нэгэн байдлаар холбоотой эсэх талаарх асуултад Хэвлэлийн албаны дарга Бруни хариулахдаа Ромын Пап 8-р сарын 27-ны ням гарагт олон нийтэд хэлсэн үгэндээ энэ талаар тодорхой өгүүлсэн болохыг тайлбарлаад, тус айлчлал нь Монголын ард түмэнтэй ойртон танилцах айлчлал байх болно гэсэн үгийг эш татлаа.

Эх сурвалж: Гэгээн Ширээт Улсын Хэвлэл мэдээллийн алба