Эцгийн зүрх сэтгэлээр - Patris Corde

2021-03-19

ЭЛЧ НАРЫН ЭРХ МЭДЭЛ ДЭЭР СУУРИЛАН БИЧСЭН ЗАХИДАЛ

 

PATRIS CORDE

ЭЦГИЙН ЗҮРХ СЭТГЭЛ

 

АРИУН ЭЦЭГ ПАП ФРАНЦИС

 

БҮХ ДЭЛХИЙН КАТОЛИК ШАШНЫ ИВЭЭГЧ ХЭМЭЭН

ИОСЕФ ГЭГЭЭНТНИЙГ ЗАРЛАН ТУНХАГЛАСНЫ

150 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ.

 

Эцгийн ЗҮРХ СЭТГЭЛЭЭР: Сайн мэдээний дөрвөн айлдлын бүгдэд нь «Иосефийн хүү» хэмээн дурдагдсан Есүсийг Иосеф тийнхүү эцгийн зүрх сэтгэлээр хайрлажээ. [1]

Иосефийн дүрийг онцолсон сударч Матай, Лук нар түүний тухай бидэнд маш бага зүйлийг өгүүлдэг ч энэ нь Иосефийг ямар эцэг байсныг бахдаж Тэнгэрлэг өмөглөлөөр түүнд хариуцуулсан томилолтыг ойлгоход хангалттай байдаг.

Тэрээр эгэл даруу мужаанчин (харьц. Мт 13,55), Мариагийн сүйт залуу (харьц. Мт 1,18; Лк 1,27) байсныг бид мэднэ. Тэрээр хуулиас (харьц. Лк 2,22.27.39) гадна дөрвөн удаагийн зүүдээр дамжуулан (харьц. Мт 1,20; 2,13.19.22) түүнд илчлэгдсэн Тэнгэрбурханы дур тааллыг даган биелүүлэхэд үргэлж бэлэн «зөвт хүн» (Мт 1,19) байсныг мэднэ. Мөн тэр Назараас Бетлехем рүү хийсэн урт хүнд аяллын дараа нэгэн малын жүчээнд Мэссиа мэндлэхийг харсан. Учир нь «тэднийг хоноглуулах өрөө байсангүй» (Лк 2,7). Тус тусынхаа хувьд Изриаль түмэн болон харь үндэстнүүдийн төлөөлөл болсон хоньчид ба гурван Мэргэдийн бишрэн шүтэхийг харсан гэрч байсан.

«Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд» (Мт 1,21) хэмээн тэнгэрэлчээр илчлэгдсэн нэрээр нэрлэгдсэн Есүсийн хууль ёсны эцэг байх зориг түүнд байжээ. Бидний мэдэж авснаар Эхлэл номонд Адамын үйлдсэн шиг (харьц. 2,19-20) эрт үед хүмүүсийн дунд хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд нэр өгөх нь тухайн нэрийн эзэнтэй холбоо хамааралтай боллоо гэсэн утгатай байдаг.   

Есүсийг мэндэлснээс хойш дөч хоногийн дараа Сүмд Иосеф эх Мариагийн хамт Есүс хүүг Эзэнд өргөсөн ба Есүс, Мариа нарын өмнө Симеоны хэлсэн эш үзүүлэлтийг гайхан сонссон (харьц. Лк 2,22-35). Есүсийг Херодоос хамгаалахын тулд Египетэд харь хүн   болж амьдарсан (харьц. Мт 2,13-18). Эх орондоо буцан ирж өөрийн хот Бетлехемээс, Сүм сүндэрлэсэн Иерусалимаас хол “ямар ч эш үзүүлэгч гарахгүй”, “ямар нэгэн сайн зүйл хэзээ ч ирэхгүй” (харьц. Иох 7,52; 1,46) гэгдэж байсан газар болох Галил аймаг дахь Назарын нэгэн жижиг, үл анзаарагдах тосгонд нууцлаг байдлаар амьдарсан. Иерусалимд эргэл мөргөл хийж байх яг тэр үед нь арван хоёр настай Есүс алга болж тэрээр Мариагийн хамт түүнийг санаа зовон хайсны эцэст нь түүнийг Сүмд хуулийн багш нартай хэлэлцэж байхад нь олдог (харьц. Лк 2,41-50).

Пап лам нарын албан ёсны сургаал номлолд Тэнгэрбурханы Эх Мариагийн дараагаар эр нөхөр Иосеф шиг тийм олон удаа дурдагдсан нэг ч гэгээнтэн байдаггүй билээ. Надаас өмнөх пап ламууд аварлын түүхэнд эзлэх түүний гол үүргийг тод томруун үнэлэхийн тулд Сайн мэдээний айлдлуудаар дамжуулан бидэнд ирсэн хязгаарлагдмал мэдээлэлд багтах утга санааг гүн эргэцүүлсэн байдаг. Төгс жаргалт хэмээн өргөмжлөгдсөн Пап IX Пио түүнийг «Католик Шашны Ивээгч» [2] хэмээн тунхагласан. Бишрэлт Пап XII Пио түүнийг “Ажилчдын Ивээгч” [3] гэж танилцуулсан бол Пап II Иохан Паулд «Цагаатгагчын Хамгаалагч» [4] хэмээсэн. Ард түмэн түүнийг «сайн үхлийг ивээгч» [5] хэмээн дууддаг.  

Энэ удаа 1870 оны арван хоёрдугаар сарын 8-нд Төгс жаргалт IX Пио католик Шашны Ивээгчийг зарлан тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “зүрхнийхээ бялхамаар ам ярьдаг” (харьц. Мт 12,34) гэж Есүс хэлсний адил би мөн тийнхүү хүний туулдаг амьдралтай маш ойрхон энэхүү ер бусын дүрийн тухайд зарим хувийн бодол эргэцүүллээ хуваалцахыг хүсч байна. Энэхүү хүсэл маань цар тахлын эдгээр саруудад улам бүр нэмэгдсэн юм. Бидэнд тохиолдоод буй хямралын дунд байхдаа «бидний амьдрал бол эгэл жирийн хүмүүсийн хүчээр өргөн тэтгэгдэж байдаг. Ихэвчлэн мартагдчихаад байдаг тэдгээр хүмүүс сонин сэтгүүлийн гарчигт дурсагддаггүй, алдартай шоунд уригддаггүй ч гэлээ огтхон ч эргэлзээгүйгээр тэдгээр хүмүүс энэ хүнд өдрүүдэд бидний түүхийг шийдэх үйл явдлуудыг бичилцэж байгаа. Эмч нар, сувилагчид, дэлгүүрийн ажилчид, үйлчлэгчид, асрагч нар, тээвэрлэгчид, хууль хүчнийхэн, сайн дурынхан, санваартнууд, сахилт хүмүүс гээд хэн ч ганцаар өөрийгөө аварч чадахгүй гэдгийг ойлгосон маш олон хүмүүс бий. […] Хэчнээн олон хүн өдөр бүр тэвчээрээр хандаж, итгэл найдварыг өгч, сандралын үрийг биш хариуцлагын үрийг тарихад анхаарч байна.  Хэчнээн олон аав ээж, өвөө эмээ, багш нар зовхи өөд байж, залбиралд үлгэрлэн, нөхцөл байдалд дадал хэвшлээ тохируулан өдөр тутмын энгийн арга замуудаар бидний хүүхдүүдэд энэ хямралыг хэрхэн даван туулахыг харуулж байна. Хэчнээн олон хүн бусдын сайн сайхны төлөө зуучлан залбирч, өөрийгөө зориулж байна» [6] гэдгийг бид мэдэрч чадсан. Хүн бүр энэхүү үл анзаарагдсан эр болох Иосеф гэгээнтнээс эгэл жирийн, хэрсүү, нууцлагдмал оршихуйгаас гадна хүнд бэрх цагт холбон зуучлагч, түшиг тулгуур ба хөтөч нэгнийг олж мэдэх боломжтой. Иосеф гэгээнтэн бидэнд авралын түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн мөртлөө нүднээс далд, сүүдэрт байдаг тэдгээр бүх хүмүүсийг сануулж байдаг. Тэдгээр бүх хүмүүсийн гавьяаг нь үнэлж талархал илэрхийлье.

1. Хайрт эцэг

Иосеф гэгээнтний агуу байдал нь түүний Мариагийн нөхөр, Есүсийн эцэг болсонд оршдог. Ийм байдлаар тэрээр гэгээнтэн Иохан Хризостомын хэлдгээр «авралын бүх төлөвлөгөөнд үйлчилсэн». [7]

VI Паул гэгээнтний цохон тэмдэглэснээр бол Иосеф эцэг хүн гэдгээ дараах зүйлүүдээр бодитоор илэрхийлсэн. Тэрээр «Иосеф амьдарлаа бие махбоджилтын нууц ба үүний авралын зорилгын төлөө нэгэн золиослолт үйлчилгээ болгосон. Тэрээр ажил амьдралаараа тэдний төлөө өөрийгөө бүрэн зориулахад Ариун Гэр бүл доторх өөрийн хууль ёсны эрх мэдлээ ашигласан. Гэр бүлийн хайранд дуудагдсан хүний дуудлагаа тэрбээр бие сэтгэл, бүх авьяас чадварын хүний чадал давсан өргөл рүү болон гэрт нь өсөн торних Мессиад үйлчлэх хайр руу хөрвүүлсэн». [8]

Тийнхүү Иосеф гэгээнтэн нь авралын түүхэнд үзүүлсэн үүрэг оролцоогоороо Христэд итгэгч түмэнд үргэлж хайрлагдсан эцэг хүн юм. Үүний илрэл болж дэлхий даяар түүний нэрэмжит олон сүм хийдүүд байдаг. Олон шашны институтууд, ах дүүсийн хамтын бүлгэмүүд ба шашны бүлгүүд түүний сүнслэг байдлаас сэдэл авч нэрээр нь хүртэл өөрсдийгөө нэрлэсэн байдаг. Хэдэн зууны өмнөөс түүний хүндэтгэлд зориулсан олон янзын ариун ёс заншлууд байсаар байна. Олон гэгээнтнүүд Иосефт чин сэтгэлээсээ төвлөрч байсны дотроос Авила нутгийн Терезаг дурдаж болох бөгөөд Тереза байнга түүнд хандаж гуйсан бүх ивээлүүдээ хүлээн авах байдлаар түүнийг өмгөөлөгч ба зуучлагчаан болгосон. Үүнээс гадна уг гэгээнтэн өөрийн туршлагаас урамшин бусдад мөн тийм байхыг санал болгож байв. [9]

Залбирлын ном болгонд Иосеф гэгээнтэнд хандсан залбирал байдаг. Тусгай залбирлуудыг лхагва гараг бүрт хэлдгээс гадна нэн ялангуяа уламжлал ёсоор Иосефийн нэрэмжит гуравдугаар сарын турш залбирдаг. [10]

Иосеф гэгээнтэнд итгэх ард түмний итгэлийг “Иосефт хандаарай (латинаар Ite ad Ioseph)” гэсэн хэллэгээс харж болно. Уг хэллэг нь Египетэд их өлсгөлөн нүүрлэх үед ард түмэн нь Фараонаасаа талх тариа нэхсэнд Фараон хариуд нь «Иосеф дээр очицгоо, түүний та нарт хэлснийг үйлд» (Эх 41,55) гэсэн түүхтэй холбоотой. Фараон энэ үед Иокавын хүү буюу атаа жөтөөний улмаас ах нартаа худалдагдсан (харьц. Эх 37,11-28) ба Библид өгүүлсний дагуу хожмоо Египетийн хааны төлөөлөгч болсон Иосефийг хэлж байсан (харьц. Эх 41,41-44).

Иосеф гэгээнтэн нь эш үзүүлэгч Натанаар Давидад өгсөн амлалтын дагуу үр удмаас нь Есүс мэндлэх байсан (харьц. 2 Сам 7) Давидын удам (харьц. Мт 1,16.20) ба Назарын Мариагийн нөхөр болохынхоо хувьд Хуучин ба Шинэ гэрээний холбогч болдог.

2. Өрөвч зөөлөн, хайр дүүрэн эцэг

Өдрөөс өдөрт Есүсийн «мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Тэнгэрбурханы хийгээд хүмүүсийн таалал түүнд байлаа» (Лк 2,52). Үүнийг Иосеф харсан. Эзэн Израильд хэрхэн хандсан шиг тэр ч мөн Есүст “гараас нь хөтлөн алхахыг заасан. Есүсийн хувьд Иосеф бол бяцхан хүүгээ энгэртээ өргөдөг, хооллохын тулд өмнө нь бөхийж байсан аав нь байв” (харьц. Хос 11,3-4).

Есүс Иосефоос Тэнгэрбурханы өрөвч зөөлөн байдлыг олж харсан: «Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил Эзэн Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг» (Ду 103,13).

Иосеф синагогт байхдаа Дуулал залбирлын үеэр Израилийн Тэнгэрбурхан бол бүгдэд сайн «түүний өршөөл бүтээл бүхнийх нь дээр байна» гэж (Ду 145,9) өрөвч зөөлөн Тэнгэрбурхан [11] гэдгийг мэдээж олж сонссон.

«Найдварын дээд найдвараар» (Рм 4,18) бидний сул дорой байдлаар дамжин авралын түүх биеллээ олсон билээ. Тэнгэрбурхан зөвхөн бидний сайн ба хүчирхэг талуудад найдан хариуцлага өгдөг гэж бид ер нь боддог. Гэтэл үнэндээ Түүний төлөвлөгөөний дийлэнх нь бидний хүчин мөхөс талуудыг үл харгалзан хэрэгждэг. Энэ л зүйл Паул гэгээнтнийг дараах үгийг хэлэхэд хүргэсэн: «Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж. Үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би Эзэнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан» (2 Ко 12,7-9).

Хэрэв энэ нь хүн төрөлхтөний авралын төлөвлөгөөг харах нэг өнцөг юм бол бид өөрсдийн хүчин мөхөс байдлаа маш өрөвч зөөлнөөр хүлээн авахад суралцах ёстой болж байна. [12]

Муу ёрын сүнс биднийг сул дорой байдлаа сөргөөр буруушаан харахад хүргэдэг байхад Ариун Сүнс тэрхүү байдлыг өрөвч хайраар гэрэлд авчирдаг. Бидний доторх сул талд хүрэх шилдэг зам нь өрөвч зөөлөн байдал. Бусдыг хуруугаараа чичлэх, шүүмжлэх нь ихэнхдээ өөрсдийн дотор байгаа ижил сул дорой, ижил хүчин мөхөс байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаан шинж байдаг. Зөвхөн өрөвч зөөлөн байдал л Буруутгагчын ажлаас (харьц. Илч 12,10) аврах болно. Ийм учраас онцгойлон үнэнг ба өрөвч зөөлөн байдлыг амсан мэдэрч байдаг Эвлэрэл үндсэн ёслолоор дамжуулан Тэнгэрбурханы Энэрэл нигүүлсэлтэй уулзах нь нэн чухал. Хачирхалтай нь бас муу ёрын сүнс ч бидэнд үнэнийг хэлж чадна. Хэрэв тэгсэн бол энэ нь биднийг буруутгахын тулд байдаг. Гэхдээ бид Тэнгэрбурханаас ирдэг үнэн бол буруутгадаг биш харин биднийг хүлээн авч, дэмнэж, уучилдаг гэдгийг мэднэ. Энэ үнэн өөрийгөө бидэнд харуулахдаа үргэлж сургаалт зүйрлэлд гардаг нигүүлсэнгүй Эцэг шиг байдаг (харьц. Лк 15,11-32). Энэ үнэн бидэнтэй уулзахаар гарч ирдэг, бидэнд сүр хүчийг эргүүлэн өгдөг, буцаан хөл дээр минь босгодог, «энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо» (бадаг. 24) гэж хэлж буй тэрхүү эцэг шиг бидний төлөө баяр найр хийдэг.

Мөн Иосефийн айдсаар дамжуулан Тэнгэрбурханы дур таалал, түүний түүх, түүний төлөвлөгөө хэрэгжсэн. Тийнхүү Иосеф бидэнд Тэнгэрбурхан бидний айдас, сул дорой ба хүчин мөхөс шинжээр дамжуулан ажиллах боломжтой гэдэгт итгэх нь Түүнд итгэх итгэл бишрэлийн нэгэн хэсэг гэдгийг заан сургаж байдаг. Тэрээр мөн амьдралын салхи шуурганд Эзэнд завиныхаа жолоодлогыг өгөхөөс айх учиргүйг зааж өгч байна. Заримдаа бид бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хүсдэг ч Тэнгэрбурхан үргэлж илүү том дүр зургаар хардаг.

3. Дуулгавартай эцэг

Тэнгэрбурхан Мариад илчилсний адил Иосефт ч бас зүүдээр нь дамжуулан өөрийн төлөвлөгөөнүүдээ илчилсэн. Библид болон эрт цагт амьдарч байсан хүн ардын дунд зүүд нь Тэнгэрбурхан дур тааллаа харуулах замуудынх нь нэг юм гэж үздэг байв. [13]

Мариагийн учир битүүлгээр бие давхар болсон явдалд ихэд айсан Иосеф «түүнийг олны шившиг болгохыг», үл хүсэн [14] оронд нь «түүнээс нууцаар салах» (Мт 1,19) бодолтой байсан. Эхний удаа зүүдэнд нь тэнгэрэлч ирж түүнд тулгарсан хүнд мухардалтыг шийдэхэд тусладаг. «Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэрээр нэгэн Хүү төрүүлж, Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи Түүний нэрийг Есүс хэмээн дууд» (Мт 1,20-21). Түүний хариу ч шуудхан байсан «Иосеф нойрноос сэрж, Эзэний тэнгэрэлчийн тушааснаар эхнэрээ авсан ч түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв» (Мт 1,24). Дуулгавартай байдлын тусламжтайгаар тэрбээр хэцүү нөхцөлөө ялан гарч мөн Мариаг хамгаалсан байдаг.

Хоёр дахь удаа зүүдэнд нь тэнгэрэлч Иосефт «Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна» (Мт 2,13) гэж тушаадаг. Иосеф өмнөө учрах бэрхшээлүүдээ бодон дуулгавартай байхаас тээнэгэлзсэнгүй. «Иосеф босоод, шөнөөр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хөдөллөө. Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв» (Мт 2,14-15).

Египетэд байхдаа Иосеф тэнгэрэлчээс нутаг буцах амлалтыг итгэл тавин тэвчээртэйгээр хүлээж байв. Гурав дахь удаагаа тэнгэрэлч Иосефийн зүүдэнд үзэгдэж түүнд хүүхдийн амийг хайгчид үхсэн болохыг дуулгаад хүүхдийг эхтэй нь авч Израиль нутаг руу буцахыг зарлигдав (харьц. Мт 2,19-20). Энэ удаа Иосеф мөн л цааргалалгүй дуулгавартай байсан. «Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв» (Мт 2,21).

Гэтэл буцах замд нь «Эцэг Херодынхоо оронд Иудейг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь (дөрөв дахь) Тэнгэрбурхан сэрэмжлүүлснээр Галил хавь уруу тэр явлаа. Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. Назарынх гэж Тэр дуудагдах болно» гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ» (Мт 2,22-23).

Иосефийг Цезарь Августын зарлигаар төрөлх хотдоо хүн амын тооллогонд бүртгүүлэхээр Назараас Бетлехем орох урт болоод бэрх аялалтай нүүр туулсныг сударч Лук өөрийн зүгээсээ онцолжээ. Яг энэ үеэр Есүс мэндэлсэн ба (харьц 2,1-7) Есүс бусад хүүхдийн нэгэн адил эзэнт гүрний бүртгэлд бүртгэгдсэн юм.

Лук гэгээнтэн Есүсийн эцэг эхийг хуулийн бүх заалтыг ёсчлон биелүүлдэг хүмүүс байсан гэдэгт онцгойлон анхаардаг. Тухайлбал Есүсийг хозлуулах ёс, амаржсаны дараах Мариагийн цэвэрших өдрүүдийн ёс, ууган хүүгээ Эзэнд өргөх ёс (харьц. 2,21-24). [15]

Тэнгэрэлчийн Хэл мэдээ хүргэлтийн үед Мариа үйлдсэн шиг, Гетсеманид Есүсийн үйлдсэн шиг Иосеф ямар ч нөхцөлд орсон “тийн болтугай (латинаар Fiat)” хэмээн хэлж мэддэг байсан.

Иосеф өрхийн тэргүүн байх үүргийнхээ хүрээнд Тэнгэрбурханы хуулийн дагуу (харьц. Гэт 20,12) эцэг эхийнхээ үгэнд дуулгавартай байхыг Есүст заав (харьц. Лк 2,51).

Назарт нууцлагдмал амьдрах хугацаанд Есүс Иосефийн дор Эцэгийн дур тааллыг үйлдэхийг сурч авчээ. Энэ дур таалал бол түүний өдөр тутмын талх байв (харьц. Иох 4,34). Есүс Гетсеманид өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн хүнд мөчид хүртэл өөрийн бус Эцэгийн дур тааллыг үйлдэхийг илүүд үзсэн [16] ба «Үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв» (Фил 2,8). Тийм учраас Еврэйчүүдэд бичсэн захидлын зохиолч Есүс «зовсон зүйлсээсээ дуулгаварт суралцсан» (Ев 5,8) хэмээн дурдсан байдаг.

Энэ бүх үйл явдлаас дүгнэхэд Иосефийг «эцэг хүний үүргээрээ дамжуулан шууд Есүст өөрт нь болон түүний томилолтонд үйлчлүүлэхээр Тэнгэрбурхан дуудсан. Яг ийм замаар тэрээр Цагаатгалын агуу нууцад цаг хугацаагаараа бүрэн хамтран ажилласан бөгөөд түүнийг үнэхээр авралын албан үйлчлэгч гэж хэлнэ». [17]

4. Найрсаг эцэг

Иосеф Мариаг болзол нөхцөлгүйгээр хүлээн авсан. Тэр тэнгэрэлчийн үгэнд найдсан. «Иосефийн зүрх сэтгэлийн агуу байдал нь хуулиас сурч мэдсэнийхээ дагуу түүний энэрэл хайранд захирагддаг чанар байв. Харин өнөөдөр эмэгтэйчүүд рүү чиглэсэн сэтгэлзүйн, үгэн болон бие махбодын хүчирхийлэл илт харагдах бидний ертөнцөд Иосеф бол бусдад хүндэтгэлтэй мэдрэмжтэй ханддаг эр хүний дүр төрхийг төлөөлөн харуулж байна. Иосеф бүх зүйлийг бүрэн тодорхой мэдээгүй байсан мөртлөө Мариагийн эрхэм чанар, амьдралыг хамгаалахаар шийдсэн. Хэрхэн зөв үйлдэл хийх түүний тээнэгэлзээнд Тэнгэрбурхан оролцон ухамсарыг нь гийгүүлж сонголт хийхэд нь тусладаг». [18]

Амьдралд олон удаа ямар утгатайг нь ойлгохгүй зүйлс тохиох нь бий. Бидний эхний хариу үйлдэл ихэнхдээ гомдол ба эсэргүүцэл байдаг. Иосеф ар араасаа өрнөх үйл явдлуудад орон зай гаргаж, тэрхүү үйл явдлууд нууцлаг харагдаж байсан ч хүлээн авч, хариуцлагаа үүрч, өөрийн түүхийн нэг хэсэг болгон нэгтгэхийн тулд хувийн санаануудаа хойш тавьсан. Хэрэв бид өөрсдийн түүхтэйгээ эвлэрэхгүй бол хүлээлттэй байсан зүйлсдээ болон хожим нь гонсойх сэтгэлдээ үргэлж барьцаалагдан үлдсээр нэг алхам ч урагшлах боломжгүй байдалд хүрнэ.

Иосефийн бидэнд харуулдаг сүнслэг байдал бол ямар нэгэн тайлбараар явдаг зам биш харин хүлээн зөвшөөрдөг зам юм. Зөвхөн энэхүү хүлээн зөвшөөрөх, эвлэрэх замын үр дүнд илүү өргөн царааны түүх, гүн гүнзгий утга учрын цухасаас харж эхэлнэ. Иовт тохиолдолж буй бүх хорон мууг эсэргүүцэхийг эхнэр нь шахаж байсанд Иов эхнэртээ «Сайныг Тэнгэрбурханаас хүлээн авсан бид, мууг хүлээн авах ёсгүй юу?» (Иов 2,10) хэмээн дүрэлзэн хариулах цуурайг бид хэдийн сонссон шүү дээ.

Иосеф мэдээж идэвх санаачлагагүй эр байгаагүй харин ч зоригтой, тууштай, санаачлагатай нэгэн байжээ. Хүлээн зөвшөөрч чаддаг байдал нь Ариун Сүнснээс ирдэг хүчин чадлын билигт хишиг амьдралд илэрч буй хэлбэр юм. Эзэн л зөвхөн амьдралыг зөрчил, бухимдал, харамсалтай нь тэр л байгаагаар хүлээн авах хүчийг өгч чадна.

Бидний дунд Есүс ирсэн нь Эцэгийн өгсөн бэлэг бөгөөд үүний шалтгаан нь хүн бүр өөрийн түүхээ гүнд нь хүртэл ухаж ойлгоогүй байлаа ч тэрхүү бодит түүхтэйгээ эвлэрээсэй гэснийх юм.

«Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн» (Мт 1,20) гэж Тэнгэрбурхан Иосефт хэлсэн шиг энэ үг бидэнд мөн “Бүү эмээгтүн” гэж давтан хэлэх шиг. Бидэнд хэрэгтэй зүйл бол хэдийгээр сонгоогүй ч оршин байгаа тэдгээр зүйлс дээрх уур хилэн ба гомдлоо хойш тавих. Ингэхдээ тэдгээрийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөх бус горьдол найдвар дүүрэн хүчээр байгаагаар нь зай гарган өгөх юм. Амьдралыг ийм байдлаар хүлээн авах нь биднийг нэгэн нууцлаг утганд хөтөлдөг. Хэрэв бид Сайн мэдээний айлдлын дагуу амьдрах зоригтой байж чадвал хүн бүрийн амьдрал гайхамшигтайгаар дахин эхлэх болно. Хэдийн бүх зүйл буруу болсон юм шиг санагдах эсвэл зарим зүйлийг засах боломжгүй мэт байх нь хамаагүй. Тэнгэрбурхан хадан завсраас цэцэг нахиалуулж чадна. Зүрх сэтгэл маань биднийг буруушаан байлаа ч Тэрээр «бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг» (1 Иох 3,20).

Энд байгаа юмсыг огт орхидоггүй Христийн шашинт реализм ахин нэг удаа илт болж байна. Бодит байдал нь өөрийн хялбарлашгүй ба тайлбарлашгүй онцлогоор дамжуулан энэ амьдралын гэрэл сүүдэртэй талуудын утга учрыг таниулдаг.

Тийм ч учраас элч Паулыг «Тэнгэрбурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг» (Рм 8,28) хэмээн хэлэхэд хүргэсэн байх. Энэ үгэн дээр нэмж Августин гэгээнтэн «хорон муу гэж дуудагдсан тэр зүйл ч гэсэн (etiam illud quod malum dicitur)» [19] хэмээн хэлсэн байдаг. Энэ бүх талаас нь харвал итгэл бишрэл бол баяртай гунигтай аль ч үйл явдалд утга учрыг өгдөг. 

Итгэнэ гэдгийг таатай, хялбар шийдэл олох гэсэн утгаар хэзээ ч бодож болохгүй. Христийн заасан итгэл бишрэл бол Иосефоос харагддаг итгэл бишрэл юм. Иосеф үнэн бодит байдлыг хялбарчлах арга зам хайлгүйгээр “нүдээ нээн” нүүр тулсан бөгөөд үүний төлөө өөрийн биеэрээ хариуцлага хүлээн авсан.

Иосефийн хүлээн авах хандлага нь биднийг бусдыг ялгалгүй байгаагаар нь хүлээн авдаг байхад урьж байна. Ингэхдээ мөхөс хүмүүсийг онцгойлон анхаарах юм. Учир нь Тэнгэрбурхан мөхөс хүнийг сонгодог (харьц. 1 Ко 1,27), «өнчидийн эцэг нь, бэлэвсний өмгөөлөгч» (Ду 68,5) бөгөөд харь үндэстнийг энэрэн хайрлахыг зарлигддаг.[20] Би хувьдаа Есүс алдагдсан хүү ба өршөөнгүй эцгийн тухай сургаалт зүйрлэлдээ (харьц. Лк 15,11-32) Иосефийн эдгээр хандлагуудаас санаа авсан байх гэж төсөөлөх дуртай.

5. Бүтээлч зоригтой эцэг

Үнэн дотоод эдгэрэл бүрийн эхний шат нь хувийн түүхээ хүлээн зөвшөөрч амьдралдаа сонгоогүй зүйлүүдийг ч хүртэл дотроо хүлээн авах байдаг. Үүн дээр нэмэгдэх өөр нэгэн чухал шинж бол бүтээлч зориг. Энэ шинж ялангуяа хүнд нөхцөл байдал тулгарах үед гарч ирдэг. Хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарвал бид бууж өгөх, холдох юм уу аль эсвэл ямар нэгэн байдлаар өртдөг. Заримдаа тэдгээр саад бэрхшээлүүд л өөрсдийн маань мэдээгүй явсан дотоод нөөцийг гадагш гаргаж ирэх нь бий.

Сайн мэдээний айлдлаас Есүсийн бага насны тухай уншиж байхдаа бид өөрсдөөсөө олон удаа яагаад Тэнгэрбурхан илүү шууд ба тодорхой арга хэлбэрээр ирээгүй юм бол оо гэж асуудаг. Гэсэн хэдий ч Тэнгэрбурхан үйл явдал ба хүмүүсээр дамжуулан үйлддэг. Тэнгэрбурхан Иосефийг цагаатгалын түүхийн эхлэл хэсгийг удирдан хөтлүүлэхээр сонгосон. Тэр бол Тэнгэрбурхан Хүүхдийг болон ээжийг нь хамгаалахад оролцсон үнэн “гайхамшиг”. Бетлехемд хүрч очоод Мариад нярайлах орон байр олдохгүй байсан тул малын жүчээг аль болох дэлхийд ирж буй Тэнгэрбурханы Хүүг угтан авахуйц газар болгохоор цэгцэлж бэлтгэсэн (харьц. Лк 2,6-7) энэхүү эрийн бүтээлч зоригт итгэн найдах замаар Тэнгэрбурхан ажилласан. Хүүхдийг хороохыг хүссэн Херодын аюулын өмнө Иосеф зүүдэндээ Хүүхдийг хамгаалах сэрэмжлүүлгийг авч шөнийн түнэр харанхуйд Египет рүү дүрвэх арга хэмжээ авсан (харьц. Мт 2,13-14).

Эдгээр түүхийг өнгөц уншихад дэлхий ертөнц хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн өршөөлд захирагдах мэт сэтгэгдэл төрж болох ч дэлхийд ноёрхогчдын ааг омог ба хүчирхийллийг үл харгалзан Тэнгэрбурханд үргэлж авралын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга зам байдгийг харуулахад Айлдлын “сайн мэдээ” оршдог. Үүний нэгэн адил заримдаа бидний амьдрал хүчтэй эрх мэдэлтнүүдийн эрхшээлд байгаа мэт байлаа ч Айлдал бидэнд юу чухлыг хэлж өгч байна. Тэр нь Тэнгэрлэг өмөглөлд үргэлж итгэмжтэй хандах замаар асуудлыг боломж руу хөрвүүлж чадсан Назарын мужаанчины бүтээлч зоригийг бид харуулсан тохиолдолд Тэнгэрбурхан үргэлж бидний аврах арга замыг олдог тухай юм.

Хэрэв зарим үед Тэнгэрбурхан бидэнд туслахгүй мэт санагдахад тэр нь биднийг орхисон гэсэн утга биш харин бидэнд буюу бидний төлөвлөж, санаачилж, олж чадах зүйлд итгэдэг гэсэн үг.

Мөн саа өвчтэй найзаа Есүстэй уулзуулахаар дээврээр түүнийг дэвсгэртэй нь оруулж байгаа найзуудаас ийм зориг харагддаг (харьц. Лк 5,17-26). Эдгээр найзуудын зоримог ба тууштай байдлыг саад бэрхшээл зогсоож чадаагүй юм. Тэд Есүс өвчтөнийг эдгээнэ гэдэгт бат итгэлтэй байсан бөгөөд «хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч, дээврээр тэр хүнийг дэвсгэртэй нь доош буулгаж, Есүсийн өмнө, яг төвд нь тавив. Итгэлийг нь харсан Есүс “Анд минь, нүгэл чинь уучлагдсан”» (бадаг. 19-20). Есүс өөрт нь өвчтэй найзыгаа авчрахыг хичээсэн тэдгээр хүмүүст байсан бүтээлч итгэл бишрэлийг таньсан.  

Мариа, Иосеф ба Хүүхэд нар Египетэд хэр удаан байсан талаарх цаг хугацааны мэдээллийг Айлдал өгдөггүй. Мэдээж тэдэнд хооллож ундлах, гэр оронтой бас ажилтай болох шаардлага гарсан байгаа. Энэ тухай Айлдалд бичигдээгүй мэдээллийг өөрсдөө дүүргэхэд тийм ч их төсөөлөл шаардлагагүй болов уу. Тэр Ариун гэр бүл бусад бүх гэр бүлийн адил, өнөөдөр ч зовлон зүдгүүр ба өлсгөлөнгөөс болж амь амьдралаа эрсдэлд оруулан байгаа бидний цагаачлагч ах дүүс нарын адил бодит бэрхшээлүүдтэй нүүр тулах ёстой болсон. Энэ утгаараа Иосеф гэгээнтэн бол үнэхээр л дайн байлдаан, үзэн ядалт, хавчлага, ядуурлын улмаас төрөлх нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бүх хүмүүсийн тусгай ивээгч гэдэгт би итгэнэ.

Айлдалд Иосефийн дүр гардаг адал явдал бүхний төгсгөлд түүнийг босоод Хүүхдээ, ээжийг нь аваад Тэнгэрбурханы түүнд тушаасныг биелүүллээ гэж хэлдэг (харьц. Мт 1,24; 2,14.21). Үнэхээр ч Есүс болон түүний ээж нь бидний итгэл бишрэлийн хамгийн үнэт эрдэнэ юм. [21]

Авралын төлөвлөгөөнд «итгэл бишрэлийн эргэл мөргөлөө урагш үргэлжлүүлэн, загалмай хүртэл Хүүтэй нэгдмэл байдлаа үнэнчээр хадгалсан» Мариагаас Хүүг салгах боломжгүй. [22]

Нууцлаг байдлаар бидний хариуцлага, халамж, хамгаалалд итгэн хариуцуулсан Есүс ба Мариаг бид бүх хүчээрээ хамгаалж байгаа эсэхээ өөрсдөөсөө үргэлж асуух шаардлагатай. Төгс хүчит Нэгэний Хүү дэлхийд ирэхдээ маш хүчин мөхөс нөхцөл байдлыг сонгосон бөгөөд өөртэй Иосефоор хамгаалуулах, асруулах, өсгүүлэх хэрэгцээг бий болгосон. Тэнгэрбурхан Иосефт итгэсний адил Мариа ч түүнд итгэсэн бөгөөд түүнээс өөрийг нь авран хамгаалаад зогсохгүй Хүүхдийнх нь хамт үргэлж өмөглөх тийм эрийг олж харсан.

Ийм утгаараа Иосеф гэгээнтэн Шашны Хамгаалагч байхгүй байхын аргагүй юм. Учир нь Шашин бол Христийн Биеийн үргэлжлэл байхаас гадна Шашны эх хүний шинжээс Мариагийн тусгал харагддаг. [23] Иосеф Шашныг үргэлжлүүлэн хамгаалснаар Хүүхэд ба эхийг нь үргэлжлүүлэн хамгаалж байгаа ба бид ч мөн Шашныг хайрласнаараа Хүүхэд ба ээжийг үргэлжлүүлэн хайрлана.

Энэ Хүү бол дараа нь «Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг» (Mт 25,40) гэж хэлэх Нэгэн юм. Үүнээс улбаалан гачигдалтай хүн, ядуу тарчиг хүн, зовж шаналсан хүн, үхэж буй хүн, харь хүн, хоригдол хүн, өвчтэй хүн бүр Иосефийн үргэлжлүүлэн хамгаалж буй “Хүүхэд” юм. Энэ л Иосеф гэгээнтэн яагаад орон гэргүй, дутагдаж гачигдсан, гашуудсан, ядуу тарчиг ба үхэж буй хүмүүсийн хамгаалагч хэмээн дуудагдах болсон шалтгаан. Энэ л Шашин яагаад хамгийн хүч султай хүмүүсийг нэн тэргүүнд хайрлахгүй байхын аргагүйн шалтгаан юм. Учир нь Есүс тэдгээр хүмүүс дээр онцгой анхаарал тогтоож Өөрийгөө тэднээр төлөөлүүлсэн. Иосефоос бид дараах халамж ба хариуцлагыг суралцаж болно. Үүнд Хүүхэд ба ээжийг нь хайрлах, Үндсэн ёслолуудыг болон энэрэл буян, Шашин болон ядуу тарчиг хүмүүсийг хайрлах хайр юм. Дурдагдсан эдгээр үнэн байдал тус бүр үргэлж Хүүхэд ба түүний ээж байдаг.

6. Ажилч хичээнгүй эцэг

Иосеф гэгээнтний нэг шинж нь түүний ажил хөдөлмөртэй холбоотой байдал юм. Түүний энэ талыг Пап XIII Леоны бичсэн Шинэ зүйлийн тухай (латинаар la Rerum novarum) хэмээх гарчигтай нийгмийн асуудлаарх анхны түгмэл захидал тод томруун харуулж өгсөн. Иосеф бол гэр бүлээ тэжээхийн тулд үнэнч шударгаар ажиллаж буй мужаанчин байсан. Есүс түүнээс өөрийн ажил хөдөлмөрийн үр шим болсон талхыг идэх нь ямар үнэ цэнэтэй, эрхэм чанартай мөн баяр баясгалантай болохыг сурсан.

Ажил эрхлэлт буцаад нийгмийн хурц асуудал болохоос гадна арваад жилийн турш тодорхой хэмжээнд хөгжил цэцэглэлттэй байсан улс орнуудын дунд ч ажилгүйдлийн түвшин дээд хэмжээндээ хүрч байгаа одоогийн энэ цаг үед ухамсараа дээшлүүлэн хүний эрхэм чанарыг дээдэлсэн ажил хөдөлмөртэй байхын утгыг ойлгох хэрэгцээтэй. Үүнд бидэнд үлгэрлэгч ивээгч Иосеф гэгээнтэн байна.

Ажил хөдөлмөр нь нийгэмдээ, ах дүүсдээ үйлчлэх замаар авралын ажилд оролцох хэрэгсэл төдийгүй Тэнгэрийн хаанчлалыг түргэвчлэх, өөрийн чадамж ба чансаагаа хөгжүүлэх боломж болно. Ажил хөдөлмөр бол өөрсдийгөө төдийгүй нэн ялангуяа гэр бүл буюу нийгмийн анхдагч эсийг бүтээх боломж болдог. Ажил байхгүй тэр гэр бүлд бэрхшээл, хүндрэл, хагарал тэр ч байтугай салах хэмжээний хүртэл аюул томоор нүүрлэдэг. Хүн бүр нийтээрэй зохистой орлоготой байх боломжын төлөө бид хичээхгүй юм бол хүний сүр хүчийн эрхэм чанарын талаар ярих нь ямар хэрэг байна?

Ямараас үл хамааран ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс Тэнгэрбурхантай хамтран ажиллаж буй хэрэг бөгөөд аль нэг байдлаар биднийг тойрон хүрээлэх дэлхийн бүтээгч болдог. Бидний цаг үед тулгараад буй эдийн засгийн, нийгэм соёл ба оюун санааны хямралыг багтаасан энэхүү том хямрал нь бүх хүний хувьд буцаад шинэчлэгдсэн “хэвийн горим”-ын эхлэлийг тавихын тулд ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдол, хэрэгцээ шаардлагатай талыг олж мэдэх нэгэн дуудлага байх боломжтой. Иосеф гэгээнтний ажил Тэнгэрбурхан өөрөө хүн болоод ирэхдээ ажиллаж хөдөлмөрлөхөөс татгалзаагүй юм шүү гэдгийг бидэнд ахин сануулдаг. Олон ах эгч дүүст минь цохилт үзүүлсэн энэ ажилгүйдэл сүүлийн хугацаанд Ковид-19 цар тахлаас шалтгаалан улам бүр ихэссэн. Энэ зүйл биднийг тэргүүнд зорьсон зүйлээ эргэн харах дуудлага юм. Ажил олдохгүй нэг ч залуу хүн, нэг ч хүн, нэг ч гэр бүл байх ёсгүй шүү гэсэн бат итгэл үнэмшлээ харуулж болох арга замуудаа ажилчин Иосефоос гуйн залбирцгаая.

7. Сүүдэрт орших эцэг

Польш зохиолч Ян Добрачиньский (Jan Dobraczyński) Эцэгийн сүүдэр [24] нэртэй номондоо Иосеф гэгээнтний амьдралыг роман хэлбэрээр бичсэн байдаг. Уг зохиолч Иосефийг тодорхойлохдоо сүүдрээр төсөөлөн дүрсэлжээ. Иосефийн Есүстэй харилцах харилцааг тэнгэр дэх Эцэгийн газар дээрх сүүдэр гэж хэлнэ. Тэрээр Есүсийг хайрлан хамгаалж алхам бүрт нь хамт байхын тулд хэзээ ч түүнээс холдоогүй. Мосе Израильд юу гэж сануулсныг саная: «Тэнгэрбурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл явсан бүх замын чинь туршид хэрхэн үүрч дүүрч ирснийг та нар цөлд үзсэн» (Дх 1,31). Ийм байдлаар Иосеф бүх амьдралаараа эцэг хүний үүргээ гүйцэтгэсэн байна. [25]

Эцэг мэт төрдөггүй харин эцэг хүн болж төлөвшдөг. Орчлонд хүүхэд авчирснаараа амархан эцэг болохгүй. Харин тэр хүүхдийг халамжлах хариуцлага үүрснээрээ эцэг болно. Эр хүн өөр хэн нэгний амьдралд хариуцлага хүлээх бүрт ямар нэгэн байдлаар тэр хүний хувьд эцэг нь болдог.

Өнөөгийн нийгэмд хүүхдүүд ихэвчлэн эцэггүй өнчин мэт байна. Өнөөдөр Шашинд бас эцгүүд хэрэгтэй. Паул гэгээнтний Коринтынхонд хандаж «та нар Христ дор тоо томшгүй сургагчидтай байлаа ч эцэг болох нь олонгүй» (1 Кор 4,15) гэсэн нь үргэлж бүх цаг үеийнхэнд хамаатай бөгөөд санваартан болон хамба лам бүр Паул элчийн хамтаар «Учир нь би Христ Есүс дор сайнмэдээгээр та нарыг төрүүлсэн» (адил.) гээд нэмж хэлж чаддаг байх ёстой. Мөн түүнчлэн Паул «Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна» (4,19) гэж Галатынханд хандаж хэлсэн.

Эцэг болохуй гэдэг хүүхдээ амьдралын туршлагад, бодит үнэн байдалд хөл тавихад хөтлөх гэсэн утгатай болохоос түүнийг барьж хүлэх, хорих, өмчлөхийг хэлэхгүй. Үүний оронд түүнийг өөрөө шийдвэр гаргах, эрх чөлөөгөө эдлэх, шинэ боломжуудыг эрж хайх чадвартай болгохыг хэлнэ. Магадгүй ийм шалтгаанаар уламжлал ёсоор Иосефийг “туйлын журамт” гэж нэрлэдэг байх. Энэ нь энгийн хайрлаж хүндэлсэн нэр биш харин өмчлөхийн эсрэг хандлагын товчлол билээ. Журамт байдал гэж амьдралын бүхий л хүрээнд өмчлөлтөөс эрх чөлөөтэй байх явдал юм. Журамт хайр бол үнэн хайр. Өмчлөхийг хүсдэг хайр эцэстээ аюултай. Ийм хайр хорьж, боомилж, зовоодог. Тэнгэрбурхан өөрөө хүнийг эрх чөлөөтэй үлдээн түүнийг журамт хайраар хайрласан. Тэр ч байтугай хүнийг алдах болон Түүний эсрэг байх эрх чөлөөтэй байлгадаг. Хайрын логик нь үргэлж эрх чөлөөний логик байдаг бөгөөд Иосеф ер бусын эрх чөлөөг олгон хэрхэн хайрлахаа мэддэг байсан. Тэр хэзээ ч өөрийгөө төвд тавиагүй. Тэр өөртэй төвлөрөлгүй Мариа ба Есүсийн амьдралыг гол төвөө болгосон.

Иосефийн аз жаргал өөрийгөө золиослох логикт бус харин өөрийгөө өргөн барих логикт оршино. Тиймээс энэ эрээс бид бухимдлыг олж харахгүй зөвхөн итгэмжит байдлыг л харна. Түүний тэвчээртэй нам гүм байдал нь гомдоллож байгаа хэрэг бус үргэлж итгэмжит байдлынх бодит үйлдэл. Дэлхийд эцэг хүмүүс хэрэгтэй байна. Харин эздээс, өөрийн хоосныг дүүргэхийн тулд бусдыг өмч болгон ашиглахыг хүсдэг хэн бүхнээс татгалзаж байна. Эрх мэдлийг эзэрхийлэлтэй, үйлчилгээг бялдуучлалтай, санал солилцохыг дарлалтай, буяны үйлсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, хүчийг сөнөөхтэй андуурдаг хүмүүсээс татгалзаж байна. Өөрийгөө зориулах сэтгэлээс төрсөн үнэн дуудлага бүр эгэл золиосын төлөвшил байдаг. Санваартны болон сахилт амьдралд ч гэсэн ийм төлөвшил шаардагддаг. Гэрлэлт эсвэл ганц бие журамт амьдарлын аль ч дуудлагатай бай өөрийгөө зориулах төлөвшилд хүрээгүй цагт тэр дуудлага золиослолын логиктоо л гацах төдийгүй өөрөө энэрэл хайрын гоо үзэсгэлэн ба баяр баясгаланг илтгэсэн тэмдэг болон орших байтал аз жаргалгүй байдал, уйтгар гуниг ба цөхрөлийг харуулах эрсдэл бий.

Хүүхдүүдийнхээ амьдралыг өмнөөс нь бүтээх сорилтоос татгалзахаа мэддэг эцэг болохуй нь онцгой бөгөөд цоо шинийг урин залах өргөн уудам орон зайг цаг ямагт нээдэг. Хүүхэд бүр цор ганц нууцыг өөртэй тээн явдаг бөгөөд тэр зүйл зөвхөн хүүхдийнхээ эрх чөлөөг хүндэлдэг эцэг хүний тусламжаар л илчлэгдэн гарч ирнэ. Өөрөөр хэлбэл хүүхдээ бие даасан ба амьдралын харгуй замд ганцаар алхаж чаддаг болсныг хараад өөрөө “хэрэггүй” болох тэр үед, яг л Иосеф шиг Хүүхдийг өөрийнх нь эзэмшил биш харин халамж анхааралд нь итгэн хариуцуулсан шүү гэдгийг үргэлж мэддэг эцэг болсон үед өөрийгөө хамгийн сайн эцэг сурган хүмүүжүүлэгч гэдгээ ойлгодог эцэг байх. Эцэст нь Есүс бидэнд «Газар дээр хэн нэгнийг эцгээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бөгөөд тэнгэрт буй» (Мт 23,9) гэдгийг ойлгуулахыг хүссэн байх.

Эцэг байхуйг бид хэзээ ч эзэмшилтэй холбон ойлгож болохгүй бөгөөд үнэндээ үүнээс агуу эцгийн оршихуйг сануулсан “тэмдэг” юм гэдгийг байнга санаж явах ёстой. Өөр үгээр хэлбэл бид бүгд Иосефтой адилхан «муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг» (Мт 5,45) тэнгэр дэх цор ганц Эцэгийн сүүдэр юм.  Мөн Түүний Хүүг дагадаг сүүдэр юм.

 

* * *

«Бос. Хүүхдийг эхтэй нь авч» (Мт 2,13) гэж Тэнгэрбурхан Иосефт хэлжээ.

Эл захидлын зорилго нь энэхүү агуу гэгээнтнээс зуучлалт даатгал залбирлыг хүсэж, түүний эрдэм буян ба шургуу байдлыг даган дуурайх, түүнийг хайрлах хайраа өсөн нэмэгдүүлэхийн тулд юм.

Чухамдаа гэгээнтнүүдийн яг оногдсон томилолт нь бид тэднээс гайхамшиг ба хишиг ивээлийг олж авахдаа бус Тэнгэрбурханы өмнө бидний төлөө зуучлан залбирах байдаг. Яг Абрахам [26], Мосегийн [27] үйлдсэн шиг. Бидний «ганц зууч» (1 Тм 2,5), Эцэгийн өмнө бидний «өмгөөлөгч» (1 Иох 2,1), бидний «төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг» (Евр 7,25; харьц. Рм 8,34) Есүсийн үйлддэг шиг. 

Гэгээнтнүүд бүх сүсэгтнүүдэд «ариун гэгээн байдалд болон өөрийн төгс байдалдаа хүрэхэд» [28] тусладаг. Тэдгээр хүмүүсийн амьдрал Айлдлын дагуу амьдрах боломжтойг харуулах нэгэн бодит нотолгоо юм.

Есүс «Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу» (Мт 11,29) гэж хэлсэнээс гадна гэгээнтнүүд ч бас дуурайлал авах амьдралын үлгэр жишээнүүд юм. Үүнийг Паул гэгээнтэн «Намайг дуурайгсад бай!» (1 Кор 4,16) гэсэн үгээрээ маш тодорхой хэлдэг [29]. Харин Иосеф гэгээнтэн утга бүхий өөрийн нам гүм байдлаараа бидэнд хэлдэг.

Тэдгээр олон эрэгтэй эмэгтэй гэгээнтнүүдийн үлгэр жишээний өмнө Августин гэгээнтэн өөрөөсөө «Тэдний чадсан зүйлийг би чадахгүй гэж үү?» гэсэн асууж байжээ. Тиймээс тэр «Аяа хэчнээн хуучин, хэчнээн шинэ Гоо үзэсгэлэн минь. Таныгаа би оройтож хайрлажээ!» [30] гэж чангаар хэлээд гэмшил өөрчлөлтийн эргэлт буцалтгүй замыг эхлүүлсэн байдаг.  

Орхигдуулж болохгүй нэг зүйл нь бидний гэмшил өөрчлөлт буюу Иосеф гэгээнтнээс гуйн хүсэх хамгаас дээд хишиг ивээл юм.

 

Иосеф гэгээнтэнд хандах даатгал залбирал:

The original prayer of St. Joseph

 

Амар сайн уу, Аврагчийг сахин хамгаалагч аа !

Аяа, Төгс жаргалт Мариагийн эрхэм нөхөр өө !

Амин ганц Хүүгээ Тэнгэрбурхан танд даатгасан билээ.

Амин хайрын итгэлээ Мариа танд даатгасан билээ.

Аав тантай хамт Есүс Христ хүмүүн болсон ажээ.

Hail, Guarding of the redeemer,

spouse of the Blessed Virgin Mary.

To you God entrusted his only Son;

In you Mary placed her trust;

With you Christ became man.

 

Аяа, Төгс жаргалт Иосеф оо !

Аав мэт өөрийгөө бидэнд харуулснаараа

Амьдралын зам мөрөөр та биднийг чиглүүлнэ үү.

Амин хишиг, өршөөл нигүүлсэл, эр зоригийг бидний төлөө гуйснаараа

Аливаа хорин муугаас та биднийг хамгаална уу. Амэн.

Blessed Joseph, to us too,

show yourself a father

And guide us in the path of life.

Obtain for us grace, mercy and courage,

And defend us from every evil. Amen.

Пап болсныхоо наймдугаар жил, Эзэний жил 2020 он, Цэвэр Охин Мариагийн язгуурын гэм нүгэлгүй үр тогтолт их баяр,

12-р сарын 8-ны өдөр Ром хотноо Латераны Иохан гэгээнтний дээд сүм

Францис

[1] Лк 4,22; Иох 6,42; харьц. Мт 13,55; Мт 6,3.

[2] S. RITUUM CONGREGATIO, Quemadmodum Deus (1870 оны арван хоёдугаар сарын 8): ASS 6 (1870-71), 194.

[3] Харьц. ACLI -д хандаж хэлсэн үг, Ажилчин Иосеф гэгээнтний их баярын өдөр