Хамба лам Марэнго Жиоржогийн намтар

2020-08-06

Марэнго Жиоржо нь 1974 онд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Түүнийг 3 настай байх үед гэр бүл нь Турин хот руу шилжин тэндээ суурьших болсон байна. Эцэг эхийн халамж анхааралд өсөн торних хугацаандаа тэрээр скаут, спорт, сүмийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгэн байв. Түүний эцгийг Силвио, эхийг Лаура, эгчийг Мариакиара гэдэг ба Есүйт байгууллагын харъяа боловсролын институтэд багшаар ажилладаг. Жиоржог санваартан болсоны дараахан удалгүй эцэг нь таалал төгсжээ. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа тэрбээр Консолата шашин дэлгэрүүлэгч санваартнуудын байгууллагад элсэн суралцсан. Ром хотод теологи суралцсаны дараа 2001 онд санваартны сахил санваарын хэргэм хүртсэн. Байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны хүмүүсийн нэгээр сонгогдож 2003 онд байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад ахан дүүсийнхээ хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн нэгэн жижиг сүмийн санваартнаар үйлчилж байсан. 2016 онд Ром хотод шашны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Үүнийхээ дараахан шашин хоорондын харилцаа болон соёлын судалгааны нэгэн жижиг төвийг Хархорин хотод санаачлан ажиллуулж эхэлсэн. Үүнийхээ зэрэгцээ Папын дэргэдэх шашин хоорондын харилцааны зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан монсиньор Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар хот дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цолтой хамба ламаар томилсон.