Монгол дахь ромын католик Шашны тэргүүнээр Марэнго Жиоржо томилогдож хамба ламын хэргэм зэрэг хүртэхээр боллоо.

2020-07-07

Пап Францис 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монголд 17 жилийн турш ажиллаж амьдарч нийгмийн сайн сайхны төлөө зүтгэн яваа санваартан Жиоржио Маренгог Монгол дахь ромын католик Шашны тэргүүнээр томилсон билээ. Италийн Турин хотын унаган хүү Жиоржио Маренго нь бага залуугаасаа сурлага, спорт, скаутын хөдөлгөөнд идэвхитэй нэгэн байсан төдийгүй Милан хотод философи сурч, Ром хотод теологийн чиглэлээр магистр болон докторын зэрэг хамгаалжээ. 
Өвөрхангай аймгийн Арвайхээр хот бол Жиоржио Маренго санваартны хоёр дахь нутаг гэмээр сэтгэлээ өгсөн газар нь билээ. Тэрээр энэ нутагт суурьшин ажиллах хугацаандаа нийгэм соёлын олон үйлс санаачлан явуулсан байдгаас дурьдвал нэгэн цагт ялгаатай олон сүм хийд харилцан эв найрамдалтай зэрэгцэн оршиж байсан түүхтэй Монголын эртний нийслэл Хархорин хотноо санаачлан байгуулсан шашин хоорондын харилцааны төв болох "Найрамдлын өргөө" юм.
Түүнчлэн таньж мэдэх үйлийн хамгийн дээд хэлбэр нь бусдыг хүндэтгэх юм гэсэн санааг өөрийн номондоо онцолсон байдаг нь түүний Монголын ард түмэн, түүх соёл, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй хандаж ирсэнийх нь тайлбар гэж хэлж болно.
Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Италийн Турин хотод хамба ламын хэргэм зэрэг хүртэснээр Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан Венсеслао Падиллагийн их үйлсийг үргэлжлүүлэн авч явах дараагийн хамба лам болох болно. Ийнхүү бүх амь амьдралаа Монголын төлөө зориулахаар сэтгэл шулуудан ирж байгаа Жиоржио Маренгог Монголын ард түмэн бид халуун сэтгэлээр тосон авъя. Мөн 8-р сарын 8-нд тохиох энэхүү чухал үйл явдал болон түүний цаашдын ажил үйлсийн төлөө залбирахыг та бүхэндээ уриалж байна.