Эмгэнэлийн үг

2018-10-01

Улаанбаатар хот дахь Ватиканы Католик Шашны Төлөөлөгчийн Газрын Тэргүүн, Апостолик Тэргүүн, Эрхэм хүндэт Хамба лам Вэнсэслао Падилла 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас зуурдаар нас нөгчлөө.

Монгол улс Ватиканы улстай дипломат харилцаа тогтоосны дараа, 1992 оны 7 дугаар сард католик Шашны тэргүүн, Пап лам II Иохан Паул гэгээнтний томилолтоор Вэнсэслао Падилла нь Монгол улсад томилогдон иржээ.

Эрхэм хүндэт Вэнсэслао Падилла нь 1949 онд Филиппин улсын Багио хотын Мэрихост Коллежийг, 1972-1976 онд Филиппин улсын Манила хотын Мэрихилл шашин судлалын дээд сургуулийг, 1984-1985 онд АНУ-ын Беркелейн шашин судлалын их сургуулийг тус тус дүүргэсэн гүн ухаанч, шашин судлаач, түүхч мэргэжилтэй ажээ.

Вэнсэслао Падилла 1976-1977 онд Филиппин улсын Мэрихиллийн шашин судлалын сургуульд багшилж байгаад, 1977 оноос Тайван улсад томилогдон 15 жил ажиллах хугацаандаа удирдан зохион байгуулах авъяас, үлгэрлэн дагуулах чанараараа өндөр үнэлэгдэж, 1986-1991 онд Тайван, Сингапур, Хонг Конг улсуудыг хариуцсан Зүүн Өмнөд Азийн Бүсийн Тэргүүнээр ажиллаж байлаа. 1992 оноос Монгол улс дахь Ватиканы Католик Шашны Төлөөлөгчийн Газрын Тэргүүнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хамба лам болсон байна. Монгол улсад ажиллаж амьдарсан 26 жил түүний хувьд нийгмийн хамгийн эмзэг бөгөөд хайр халамж дутагдсан мянга мянган Монгол хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө оюун бодол, зүрх сэтгэл, амьдралынхаа эрч хүчийг зориулан, сайн сайхан буянтай үйлсийг хийж бүтээсэн он жилүүд нь байсан юм.

Вэнсэслао Падиллагийн ажлын өндөр амжилтыг Монгол улсын Засгийн Газар, орон нутгийн байгууллагууд өндрөөр үнэлдэг бөгөөд 2001 онд Монгол Улсын Ерөнхий Сайдын “Энэрэнгүй үйлстэн” өргөмжлөл, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, Баянзүрх дүүргийн “Хүндэт иргэн” үнэмлэх тэмдэг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хүндэт Өргөмжлөл, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Өргөмжлөл, Монголын Хүүхэд Хөгжил сангийн Алтан Медаль, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Хүндэт Өргөмжлөл, Увс, Өвөрхангай, Дундговь аймгуудын Монголын Хөдөөг Хөгжүүлэх Нээлттэй Нийгэмлэгийн Диплом, Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий газрын Дурсамж, Тээврийн Прокурорын газрын Талархал, Монголын Тахир Дутуу Иргэдийн Холбооны болон Монголын Хүүхдийн Сагсан Бөмбөгийн Холбооны Талархал зэрэг олон олон гавъяа шагналуудаар шагнажээ.

Вэнсэслао Падилла нь Монголын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлж байгаа тусламж дэмжлэгийг зуучлах, хөрөнгө оруулахад Ватикан улс болон түүний хөрөнгө оруулагчид, бусад хандивлагч нарт Монгол улсын эдийн засаг, нийгмийн талаар бодитой мэдээллийг өгч, бодит дэмжлэгийг олж авахад чухал үүргийг гүйцэтгэж байжээ.

Тэрээр бидний хэдэн ах, эгч дүү нарт ядарч зүдэрсэн, өлсөж, цангасан, өвдөж зовсон хүмүүсийн төлөө өгөөмөр нинжин сэтгэлтэй байх, гэм буруутай нэгнийг уучилж өршөөн өнгөрөөдөг уужим тайван сэтгэлтэй байх, нийгмийн сайн сайхны төлөө үнэнч, шударга, хариуцлагатай байхыг зааж сургасан хамгийн ачлалтай нэгэн байсан юм. Тэрээр бидэнд бусдын төлөө сэтгэл зүрхээ хэрхэн чилээж болохыг өөрийнхөө үг, үйлдлээр мэдрүүлдэг байсан юм.

Бусдын “амьдралд хайрыг бэлэглэсэн” Эрхэм хүндэт Хамба лам Вэнсэслао таны гэгээн үйлс тань, хэнтэй ч, хэдийд ч нэг л зангаараа байдаг эгэл даруу дүр төрх тань, нөхөрсөг хөгжилтэй зан чанар тань, үргэлжид бусдын төлөө хэмээсэн өгөөмөр сэтгэл зүрх тань монголчууд бидний зүрх сэтгэлд мөнхөөс мөнхөд үлдэх болно.

Тэнгэрбурханы амар амгаланд тайван амгалан нойрсох болтугай.

УЛААНБААТАР ХОТ ВАТИКАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

ХАМТ ОЛОН НАЙЗ НӨХДӨӨС НЬ