Ойдовын Батгэрэлээс гүн эмгэнэл илэрхийллээ

2018-09-30

Хамгийн их шүтэн бишэрч, даган дуурайж, хайрлаж хүндлэж явсан эрхэм хүмүүн маань өнгөрөгч өдөр зуурдаар таалал төгсөж, энэ ертөнцөөс биднийгээ орхин одлоо. Тэр эрхэм хүмүүн маань бидний хайртай Хамба лам Вэнсэслао Падилла. Түүнд дээд тэнгэрийн орон болох бурханы дэргэд очихоос өөр газар, өөр сонголт байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Тэр цагаасаа хэтэрхий эрт тэнгэрийн орныг зорьж орхисон ч, хүний ертөнцөд түүний хийсэн бүтээсэн бүхэн мөнхөд үлдэх болно.

Ойдов хэмээх гэр бүлийн хувьд энэхүү гайхамшигтай бурханы элчтэй анх учирснаас хойш бидний амьдралын маань 26 жил өнгөрчээ. Энэ 26 жил түүний хувьд энэ Монголын нийгмийн хамгийн эмзэг бөгөөд төр засгийн хараа, хайр халамжаас орхигдсон мянга мянган монгол хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө оюун бодол, зүрх сэтгэл, амьдралынхаа эрч хүчийг зориулсан, сайн сайхан буянт үйлсийг хийж бүтээсэн он жилүүд нь байсан юм. Тэрээр бидний хэдэн ах, эгч дүү нарт ядарч зүдэрсэн, өлсөж, цангасан, өвдөж зовсон хүмүүсийн төлөө өгөөмөр нинжин сэтгэлтэй байх, гэм буруутай нэгнийг уучилж өршөөн өнгөрөөдөг уужим тайван сэтгэлтэй байх, нийгмийн сайн сайхны төлөө үнэнч, шударга, хариуцлагатай байхыг зааж сургасан хамгийн ачлалтай нэгэн байсан юм. Тэрээр бидэнд бусдын төлөө сэтгэл зүрхээ хэрхэн чилээж болохыг өөрийнхөө үг, үйлдлээр мэдрүүлж сургаж өгсөн юм.

Одоогоос нэг жил гаруйн өмнө түүний хийж бүтээснийг нэгтгэн харуулсан “АМЬДРАЛ БОЛ ХАЙР” хэмээх MNC телевизийн сувгийн сайхан нэвтрүүлэг гарсныг үзэж байлаа. Тэрээр харийн Монгол орныг минь зорьж ирээд, эцсийн мөч хүртлээ бүх сэтгэл зүрх, эрч хүчээ Монголын нийгмийн сайн сайхны төлөө зориулж, ядарч зүдэрч, зовсон монгол хүмүүсийн амьдралд ХАЙР-ыг мэдрүүлж, ядарч зүдэрч, зовсон монгол хүмүүсийн амьдралд ҮНЭ ЦЭНЭТЭЙ ӨӨРЧЛӨЛТ-ийг бий болгож чадсан нэгэн юм.

Цаг мөч өнгөрөх тусам энэ хорвоод хүн болж төрсөн бүхий л хүмүүст зөрчиж болохгүй туйлын үнэн гэж байдгийг улам бүр мэдэрч, тэр л хорвоогийн жам гэгчтэй улам бүр нүүр тулж байгаагаа хүү чинь мэдэрч байна. Туйлын үнэн гээчийн өмнө өөрийгөө ямар ч хүч чадалгүй болохоо ойлгох тусам сэтгэл зүрх маань улам л хоосорч сарних юм. Эрхэм Вэнси, та энэ хорвоог залуугаар орхисон эцэг эхээс минь хойш бидний сэтгэлийн өмөг түшиг болж байжээ. Энэ хоёрхон хоногийн дотор таныг ямар их үгүйлж санана вэ. Гэхдээ сэтгэл минь бас намайг тайтгаруулж байгаа. Юу гэвэл Та тэр газарт очоод аль хэдийн аав ээж хоёрыг минь олж уулзаж чадсан байх. Тэгээд бидний хэрхэн аж төрж, ажиллаж амьдарч байгааг минь нөгөө л элгэмсэг хөгжилтэй дүр төрхөө гарган лавтайяа бахархан ярьж өгч байгаа байх гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Тэдний маань сэтгэлийг амар амгалан байлгах гэж таны хамгийн эхэнд хийх үйлдэл тань гэдэгт эргэлзэхгүй байна.

Бусдын “амьдралд хайрыг бэлэглэсэн” таны гэгээн үйлс тань, хэнтэй ч, хэдийд ч нэг зангаараа байдаг эгэл даруу дүр төрх тань, нөхөрсөг хөгжилтэй зан чанар тань, үргэлжид бусдын төлөө хэмээсэн өгөөмөр сэтгэл зүрх тань бидний зүрх сэтгэлд мөнхөд үлдэх болно.

Та минь Тэнгэрбурханы хайрын ивээлд багтаж, бурханы хайр энэрэл, амар амгалангийн дэргэд үүрд байгаарай.

 

Гүн эмгэнэл илэрхийлсэн Ойдовын Батгэрэл